Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/49

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Б.Б,       

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,             

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ийн Б-д холбогдох 2428000860071 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Биеийн байцаалт:   

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр хүүхдийн паркийн дөрвөн замын уулзвар хэсэгт “Жем Трейд” ХХК-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Hyundai Mighty” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Х.Буийн эзэмшлийн ... улсын дугаартай “Subaru Sambar” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэн Ж.Ба-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хүүхдийн паркийн хажуу уулзвар дээр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 40 минутын үед найз Баг Улаанбаатар хотын автобусанд хүргэж өгөх гээд явж байх замдаа гэнэт машины хойд хэсэг рүү машин мөргөөд миний унаж явсан машин өнхөрч, зогсож байсан машиныг мөргөж зогссон. Тэгээд миний амьжиргаа цагаан буюу ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл маань хажуу талаараа хэвтэж байхад машины урд шилийг хэдэн залуучууд татаад бид хоёрыг машинаас гаргасан. Тэгээд шууд эмнэлэг рүү машинд суугаад явсан. Осол хийсэн хүн залуу хүн байсан ба цагдаа иртэл байж байна гээд үлдсэн... Тухайн үед надтай цуг явж байсан найз Багийн баруун гарын шуу хэсэг нь хугарсан. Харин миний гуяны дотор талын зузаан мах хэсэгт үрүүл цохиж хөхөрсөн байсан... Миний машины хохирлын үнэлгээ хийлгэсэн байсан. Тухайн машинаа би 2023 оны 06 дугаар сард 8 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тийм болохоор машины хохирлыг барагдуулах юм бол ямар нэгэн санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 23-25 дахь тал/      

Иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймаг дахь “Жем трейд” ХХК-нд 2019 оноос өнөөдрийг хүртэл нягтлан бодогч ажилтай... Манай Өмнөговь аймаг дахь “Жем трейд” ХХК-ийн жолооч Б.Б-д ямар нэгэн гэмтэл учраагүй ба “Hyundai mighty 2” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хүүхдийн паркийн хажуу уулзвар дээр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 40 минутын үед найз Буээр Улаанбаатар хотын автобусанд суухаар хүргүүлж явж байхдаа гэрлэн дохион дээр зөрчсөн машин гэнэт машины хойд хэсэг рүү мөргөсөн. Тэгээд машин гарах болоод хүнээр татуулаад шууд эмнэлэг рүү явсан... Миний баруун гар бугуй буюу шуу хэсгээрээ хугасран. Тухайн тээврийн хэрэгслийн кабин нь гэмтсэн байсан, сайн хараагүй. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүнийг сайн мэдэхгүй. Харин сүүлд осол хийсэн гэх залуу миний хохирол болох 2 сая төгрөг миний данс руу шилжүүлсэн... Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Тухайн залуу эмчилгээний хохирол болох хоёр сая хоёр зуун гучин мянган төгрөг өгч хохирол барагдуулсан.” /хавтаст хэргийн 37-39 дэх тал/   

Иргэний нэхэмжлэгч П.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хүүхдийн паркийн хажуу уулзвар дээр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 40 минутын үед өөрийн “Delika d-5” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэрлэн дохион дээр зогсож байхад гэнэт амьжиргаа цагаан гэх машин гулсаад ирж машин мөргөсөн. Тэгээд буугаад амьжиргаа цагаан машин доторх хүмүүсийг яаж байгаа бол гээд харахад машины урд шил нь хагарсан дотор нь хүн байх шиг болохоор нь гаргах гээд машин дээр нь гарч хаалгыг нь татахад хаалга нь онгойхгүй байсан. Тэгээд буухад том машины жолооч залуу ирсэн. Би цагдаа руу залгаж байх хооронд хүмүүс ирээд шууд машины урд салхины шилийг татаад доторх хүмүүсийг нь гаргасан. Машин хоёр хүн гаргаж ирээд тухайн хүмүүсийг эмнэлэг рүү аваад явсан. Харин мөргөсөн залуу болон бид хоёр цагдааг иртэл хүлээгээд цагдаагийн хүмүүс ирсэн... Миний машинд гупер, копуд, их гэрэл, салхины шил гэмтсэн. Би тухайн хүнд өмнө нь ямар байсан тийм болгож өг гэхэд тухайн хүн миний машиныг авч яваад буцаагаад хэвэнд нь болгож өгсөн. Надад одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/  

Иргэний хариуцагч О.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай ХХК-ийн жолооч Б нь ... улсын дугаартай “Тоёота маяти” загварын тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осол гаргасан байсан. Ослын талаар сайн мэдэхгүй байна... Манай ХХК-ийн жолооч Б.Б-д ямар нэгэн гэмтэл учраагүй ба тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ 

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Х.Бу-ийн биед нэг шүд унасан, дух, хамрын зулгаралт, баруун гуяны цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 4. Нэг шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 57-58 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ж.Ба-гийн биед баруун шууны цацраг ясны далд хугарал, хэвлийн ханын жижиг цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 64-65 дахь тал/

“Вендо” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46898 дугаартай хөрөнгийн үнэлгээнд: “...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн: 4,476,600 төгрөг.” /хавтаст хэргийн 67 дахь тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 525 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн: 4,605,000 төгрөг.” /хавтаст хэргийн 71-76 дахь тал/

“Вендо” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 47321 дугаартай хөрөнгийн үнэлгээнд: “...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн: 1,230,800 төгрөг.” /хавтаст хэргийн 82-83 дахь тал/

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд: “Хариулт-1. ... улсын дугаартай “Mighty-2” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4. Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын үеийн дүрс бичлэг, зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Түмэндэлгэрийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт, фото зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хариулт-2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ... улсын дугаартай “Subaru Sambar” загварын тээврийн хэрэгслийн жолооч Х.Бу нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Хариулт-3. “Mighty-2” загварын ... улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дэх хэсгийг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон байна. Хариулт-4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.2 “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно" гэж зааснаар хэний буруутайг тогтоох боломжгүй.” /хавтаст хэргийн 87-88 дахь тал/

Б.Б хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 106, 114-125 дахь тал/

Хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 112-113 дахь тал/

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 143-144 дэх тал/

Хяналтын камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 145 дахь тал/

Зам тээврийн ослын хэрэг дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-18 дахь тал/

Б.Б хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 153 дахь тал/,

Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 21 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 154 дэх тал/

Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 21 дугаартай санал /хавтаст хэргийн 154-155 дахь тал/  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр хүүхдийн паркийн дөрвөн замын уулзвар хэсэгт “Жем Трейд” ХХК-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Hyundai Mighty" загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Х.Бу-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Subaru Sambar” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэн Ж.Багийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.          

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Бу-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.А-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Ба-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дэх тал/, иргэний нэхэмжлэгч П.О-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, иргэний хариуцагч О.С-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/, “Вендо” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46898 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 67 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 525 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 71-76 дахь тал/, “Вендо” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 47321 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 82-83 дахь тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 143-144 дэх тал/, хяналтын камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 145 дахь тал/, зам тээврийн ослын хэрэг дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд: “Хариулт-1. ... улсын дугаартай “Mighty-2” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4. Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын үеийн дүрс бичлэг, зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Түмэндэлгэрийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт, фото зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна... “Mighty-2” загварын ... улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дэх хэсгийг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон байна...” /хавтаст хэргийн 87-88 дахь тал/ гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Б.Б-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Ба-гийн биед баруун шууны цацраг ясны далд хугарал, хэвлийн ханын жижиг цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчихыг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч Б.Б нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.

Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.  

Шүүгдэгч Б.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Ба-гийн биед баруун шууны цацраг ясны далд хугарал, хэвлийн ханын жижиг цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/-ээр, мөн иргэний нэхэмжлэгч П.О-ийн тээврийн хэрэгсэлд 4,476,600 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46898 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 67 дахь тал/-ээр, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Бу-ийн тээврийн хэрэгсэлд 4,605,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 525 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 71-76 дахь тал/-р, иргэний нэхэмжлэгч “Жем Трейд” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд 1,230,800 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 47321 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 82-83 дахь тал/-р тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Багийн эмчилгээнд нийт 2,000,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Бу-т 4,605,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.От 4,476,600 төгрөг, нийт 11,081,600 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 112-113 дахь тал/ болон тэдний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай Өмнөговь аймаг дахь “Жем трейд” ХХК-ийн жолооч Б.Б-д ямар нэгэн гэмтэл учраагүй ба “Hyundai mighty 2” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.   

Прокурорын шатанд яллагдагч Б.Б гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурор хянаж, улмаар түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 21 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 154-155 дахь тал/ гаргасан байна. Мөн өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал /хавтаст хэргийн 156-157 дахь тал/-д яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг яллагдагч Б.Б хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүх прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6-д заасан нөхцөл байдлуудыг хангасан эсэхийг шүүх хуралдаанаар хянах бөгөөд хэрэв уг нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй эсхүл шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан тохиолдолд мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх гэх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.                          

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл дээрх зүйл, хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн гурван үндсэн ял дээр эрх хасах нэмэгдэл ялыг нэмж оногдуулахаар зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээг заана.” гэж заасны дагуу прокурорын зүгээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг оногдуулах тухай саналыг яллагдагчийг танилцуулах ёстой байтал тухайн зүйл, хэсэгт заагаагүй хорих ялыг сонгож, уг ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах тухай саналыг танилцуулан, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул шүүх прокурорын саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулж, хязгаарлалтын бүсийг түүний ажил хөдөлмөрийн байдалтай холбогдуулан Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлэх хугацааг уртасгаж өгнө үү үү гэх тайлбарыг тус тус гаргав.       

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн болон ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны 2 хүүхэдтэй хувийн байдлыг тус тус харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн Цогт-Овоо сумын камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн  шүүгдэгч Б.Б регистрийн дугаартай, №... дугаартай “В, С, С1” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Ба-д 2,000,000 /хоёр сая/ төгрөг, Х.Бу-т 4,605,000 /дөрвөн сая зургаан зуун таван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч П.О-т 4,476,600 /дөрвөн сая дөрвөн зуун далан зургаан мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:            

1. Шүүгдэгч Т овгийн Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн Цогт-Овоо сумын камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн  шүүгдэгч Б.Б регистрийн дугаартай, №... дугаартай “В, С, С1” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.          

7. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Бад 2,000,000 /хоёр сая/ төгрөг, Х.Бу-т 4,605,000 /дөрвөн сая зургаан зуун таван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч П.О-т 4,476,600 /дөрвөн сая дөрвөн зуун далан зургаан мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ВОЛОДЯ