Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/01018

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 08 өдөр

   Дугаар 102/ШШ2021/01018

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

         Нэхэмжлэгч .... дүүрэг, ... дүгээр хороолол, ....дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Боржигон овогт *******ын Гы нэхэмжлэлтэй

  

Хариуцагч ... дүүрэг, ... дугаар хороо, ....дугаар байрны ... тоотод оршин суух ******* овогт *******гийн Зд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Ч.Г нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

         Миний дүү Ч.Г 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэгт холбогдсон.

         Ингээд эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гараад байтал энэ хугацаанд миний дүүгийн найз бүсгүйн зуучилснаар А.З өмгөөлөгчтэй танилцсан.

         Тэрээр бидэнд хэлэхдээ танай дүү хүнийг санаатай алаагүй учраас зүйчлэлийг өөрчилж чадна гэж сайн сайхан юм ярьж, зовж явсан хүний сэтгэл санаагаар тоглож өөртөө бүрэн итгүүлсэн.

         Дүү маань найзыгаа өмөөрч хүн өшиглөсний улмаас хүн амины хэрэгт орсон болохоор ийм өмгөөлөгчтэй уулзлаа гэж баярлаад эхлээд өмгөөлөлийн хөлсөнд 4.000.000 төгрөгийг А.Зын дансанд би өөрөөсөө шилжүүлсэн.

         Гэтэл удаагүй байтал 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр буюу нэг сарын дараа эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэх ёстой байхад ямар ч шалтгаангүйгээр миний дүүг хорьсон.

         Үүнээс 4-5 хоногийн дараа А.З над руу утасдаад “...би хорих ангид очоод Ч.Гтэй уулзаад гарч ирж байна. Надад мөнгө өг гэж хэллүүллээ” гэж хэлэхэд нь итгэл найдвар тавиад дахин 4.000.000 төгрөг шилжүүлсэн.

         Үүнээс хойш энэ хүн надтай холбогдож, уулзаагүй учраас аргаа бараад өөрөө очиж уулзаад дүүг маань батлан даалтад гаргаж өгөөч гэсэн боловч өмгөөлөгч нь “батлан даалтад гаргаж яах гэсэн юм. хоногоо аваад байж байсан нь дээр” гэж хэлсэн.

           Би өмгөөлөгч байж ингэж хэлж болдог юм болов уу? гэж гайхаад дүүтэйгээ очиж уулзахад мөн адил зүйл яриад хүн яллуулах гэж байгаа юм шиг уйлаад хэлсэн.

           Тэгээд энэ хүнд итгэл алдарсан. Энэ хүн миний дүүг өмгөөлөх хүн биш байна гэж бодсон.

            Харин н.******* өмгөөлөгч хөөцөлдөөд гаргаж өгсөн. А.З өмгөөлөгч нийт 4 шүүх хуралд орж, нэг гомдол бичиж, миний дүүг өмгөөлөх тал дээр хангалтгүй ажилласан гэж үзэж байна.

            Иймээс хариуцагч Өмгөөллийн тухай 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөллийг хөлсийг нөхцөлтэйгөөр тохиролцоно гэж зааж мөн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байна.

            Шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс харахад 4 цаг шүүх хуралд орж, нэг гомдол бичсэн байгаа тул нийт хуралд орсон цаг тутамд 50.000 төгрөг, ирж очсон зардлын мөнгийг тооцоод 1.000.000 төгрөгийг хасаж 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

           А.З өмгөөлөгч ганцаараа ороогүй. н.******* өмгөөлөгч хамт орсон. Давж заалдах шатны шүүхэд н.Дэлгэрцэцэг, н.Төгсгэрэл гэдэг хоёр өмгөөлөгчтэй орсон. н.Төгсгэрэл өмгөөлөгч бол дүүгийн маань гомдлыг дэмжиж оролцсон. Давж заалдах шатны шүүхээр шийдвэрт өөрчлөлт орж дүүгийн маань ялыг 9 жил болгосон.

         Ингэхдээ ар гэрийн байдал, хохирол төлсөн байна гээд буулгасан. Хохирогч тал гомдолтой байсан учраас анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн.

         Миний хувьд энэ хүнийг ажлаа сайн хийгээгүй гэж үзэж байна. Би 8.000.000 төгрөгийг өгсөн. Нэг хүнийг өмгөөлөх ажиллагаа явуулсан учраас 3.000.000 төгрөгийг нэмж нэхэмжлээд үүнээс 1.000.000 төгрөгийг хасаад 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна, гэжээ.

 

Хариуцагч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Г гэдэг хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхэд гэрээ байгуулж ажилласан. Цагдан хорих байранд хэд хэдэн удаа очиж уулзаж байсан. Над руу миний танил хүн утсаар ярьж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж өгөөч гэж хэлсэн.

Ч.Гтэй очиж уулзахад танаар өмгөөлүүлье гэж хэлсэн.

Надтай хамт өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг н.Эрдэнэбаатар гэдэг өмгөөлөгчийн хамт өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан.

Хэргийг нь судлаад үзтэл Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах, 11.6 дахь хэсэгт заасан хүнд хөнгөн гэмтэл учруулах гэсэн хоёр зүйл ангиар цагдан хоригдож байсан.

Би Прокурорын газарт хүсэлт гаргаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учраас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөд өгөөч гэж хандахад, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн.

Хэрэг прокурорын шатанд очсон байсан. 8.000.000 төгрөгөөр өмгөөлүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч 3.000.000 төгрөгийн асуудал нэмж яриад байх шиг байна.

Энэ нь өмгөөллийн үйл ажиллагаатай огт хамааралгүй. Бид 8.000.000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан.

 Анхан шатны шүүх хуралд 3 удаа орсон. Анх энэ хэрэг анхан шатны шүүх дээр очоод нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шүүхээс шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх дээр очсон ба үүн дээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан.

Хурлын тэмдэглэл дээр бүгд байдаг. Хохирогч талаас бусдыг санаатай алсан үйлдэлд бүлэглэж оролцсон бөгөөд зүйчлэлийг буруу гэх үндэслэлээр буцаасан.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Дахин анхан шатны шүүх дээр урьдчилан хэлэлцүүлэг зарлагдсан.

Анхан шатны урьдчилсан хэлэлцүүлэгт 2 удаа, давж заалдах шатны хуралд 1 удаа оролцсон.

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэм буруутайд тооцсон. Уг хурал 11 дүгээр сарын 19-ний өдөр болсон ба шүүх хуралдаан дээр гэм буруу тогтоогдсон тул миний саналаар 5 хоногийн завсарлага авсан.

Ч.Г ерөөсөө гэм буруугүйн талаар юм хэлээгүй гэж байна.

Ч.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрье, зүйлчлэлийг хүндрүүлэхгүй байдлаар ороод ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар хуралд оръё гэсэн миний байр суурь хурлын тэмдэглэлд  байгаа, Ч.Г ч ийм саналтай шүүх хуралдаанд орсон.

Хохирол төлбөрийн 30.000.000 гаруй төгрөгийн асуудал байснаас санал тавьсны дагуу 5.000.000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй гэж хүчингүй болгуулсан.

Үүнийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Энэ нь өмгөөллийн үйл ажиллагааны үр дүн.
           Ингээд цаана 10.000.000 төгрөгийг төлөхөөр гарч, 5 хоногийн завсарлага аваад энэ хооронд төлбөрөө төлөөд тав хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаан үргэлжилж Эрүүгийн хуулийн 11.6 дахь хэсэгт заасан зүйл ангиар 8 жил 7 сарын хорих ялыг нээлттэй хорих газар эдлүүлэхээр шийдсэн.

Нэхэмжилсэн үнийн дүнгээс 4.836.000 төгрөг хасагдаж шийдэгдсэн.

Нэгэнт хохирол төлбөр төлсөн учраас Эрүүгийн хуульд заасан ялын доод хэмжээнээс доошлуулах хууль зүйн үндэслэл байгаа юм чинь гээд давж заалдах гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болсон. Ингэхээс өмнө Ч.Г 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А.З, н.Эрдэнэбаатар, н.******* өмгөөлөгч нараас татгалзсан хүсэлтийг өгч, өөр өмгөөлөгч авахаар болсон.

Үйлчлүүлэгч өмгөөллийн үйлчилгээ авахаас татгалзсан учир шүүх хуралдаанд бид нар оролцож чадаагүй.

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр н.Дэлгэрцэцэг, н.Төгсгэрэл гэдэг өмгөөлөгч нарыг авч эдгээр өмгөөлөгч нар шүүх хуралдаанд орсон.

 Шүүх хуралдаанд орохдоо эсрэг байр суурьтай орсон байсан. Миний хувьд ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуульд заасан ялын доод хэмжээнээс доошоо ял оноож өгнө үү гэх байр суурьтай гомдол бичиж орсон байсан боловч эдгээр өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын явц алдаатай байсан, гэм буруу дээр маргаантай гэж анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулсан байдаг.

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцсэн байсан.

Үүн дээр мөн Ч.Гийн гэм буруугийн байдал дээр маргасан, н.Дэлгэрцэцэг өмгөөлөгч цагаатгаж өгнө үү гэх байр суурьтай орж эрх зүйн байдлыг нь дордуулсан. н.Төгсгэрэл өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хууль зүйн үндэслэлгүй тайлбар хэлсэн байдаг.

Ч.Гт Эрүүгийн хуулийн 10.1.1, 11.6.1 дэх хэсэгт заасан 11 жил 1 сарын хугацаагар хорих ял оногдуулсан.

Уг шийдвэрт давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулан, Улсын дээд шүүх рүү гомдол гаргаж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон. Энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдол гаргахад Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн нийт шүүгчдийн хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болж Тогтоолоор Ч.Гт 11 жил 1 сарын хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Иймээс миний хувьд хууль зүйн туслалцааг үзүүлсэн гэж үзэж байна. Би Ч.Гтэй 8.000.000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан.     

Мөн надаас 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн мөнгийг өгсөн хүн надаас нэхэмжлээгүй байхад өмнөөс нь ийм зүйл нэхээд байгааг ойлгохгүй байна.

Тэр хүн Солонгос улсаас утсаар ярьсан. Хууль зүйн туслалцаагаа  үзүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Миний хувьд хууль зүйн туслалцаа үзүүлж, өөрөөс шалтгаалах буруутай үйлдэл гаргаагүй гэж үзэж байна.

        Үйлчлүүлэгч цаашид өмгөөлүүлэхээсээ татгалзсан тул өмгөөлөх үйл ажиллагаагаа зогссон.

        Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлүүд дээр миний ярьсан, өмгөөлөл явуулсан зүйлүүд байгаа. Хурлыг санаатайгаар таслаад буруу үйлдэл гаргасан бол авсан мөнгөө буцаагаад өгнө. Гэхдээ надад тийм ёс зүй байхгүй, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

   

   Нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч А.Зд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

      

         Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

          2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгч А.З, Б.Эрдэнэбаатар нар, иргэн Б.Гтэй 21/э дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, өмгөөлөлийн хөлсөнд хариуцагч А.Зд 11.000.000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

 

          Хариуцагч А.З бие даасан үйл ажиллагаа явуулж, хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхтэй этгээд болох нь шүүхэд төрийг төлөөлөх эрхийн дугаар, талуудын тайлбар, хууль зүйн туслалцааны гэрээгээр нотлогдож байна.

 

          Иймээс зохигчдын хооронд “хөлслөхөөр ажиллах гэрээ” байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

         

         Хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэг тал нь тохиролцсон ажил үйлчилгээг үзүүлэх, нөгөө тал тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд хэрвээ гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүй тохиодолд ажиллуулагч буюу хөлс төлөгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

          Шүүх хуралдаанд талууд мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасанчлан гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх хөлсийг өгсөн, авсан талаар маргаагүй хэдий ч нэхэмжлэгч “хариуцагчийг үүргээ биелүүлээгүй”, хариуцагч “хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлаа хийсэн, надаас Ч.Г өөрийн хүсэлтээр татгалзаж, миний шүүх хуралд оролцсон өмгөөлөл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тавьсан хүсэлтүүд биелэгдсэн учраас өмгөөлөлийн хөлсөнд төлсөн мөнгийг шаардах үндэслэлгүй” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

          Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас харахад, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 975 дугаартай Шийтгэх тогтоолд “2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт найз Б.Баярмааг зодлоо гэх шалтгаанаар иргэн Ц.Мөнхбаярын хүзүүн тус газар өшиглөж алсан...” гэмт хэрэгт холбогдох шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгчөөр А.З, Б.******* нар оролцож, шүүгдэгч 8 жил 6 сарын хугацаагаар хорих, 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж,

 

          Мөн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 201/ДШН/902 дугаартай Магадлалд “шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгчөөр А.З, Б.******* нар оролцож, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1347 дугаартай Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж”,

 

         2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 9/33 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Ч.Г түүний өмгөөлөгч А.З, Б.Эрдэнэбаатар нар гомдол гаргаж,

 

         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар  сарын 19-ний өдрийн 1347 дугаартай Шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан, яллагдагч Ч.Г түүний өмгөөлөгч А.З, Б.Эрдэнэбаатар нар шүүх хуралдаануудад оролцсон нь шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

        Гэтэл яллагдагч Ч.Г “2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хаалттай 409 дүгээр хорих ангид давж заалдах шатны шүүх хурлыг хүлээж байгаа болно. Би өмгөөлөгч А.З, Н.*******, Б.Эрдэнэбаатар нараар шүүх хурлаа өмгүүлүүлэхээс татгалзаж байна. Давж заалдах шатны шүүх хуралд өөр өмгөөлөгч оролцуулах хүсэлтэй байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “ А тал /өмгөөлөгч /, “ Б” тал / Ч.Г/  гэх ба “А” тал нь “Б” тал өмгөөлөгчөөсөө татгалзсанаас бусад тохиолдолд “Б” талын эрх ашгийн төлөө 3 шатны шүүхийн шийдвэр гартал хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүх хуралдаанд оролцоно. “Б” тал өмгөөлөгчөөс татгалзсан тохиодолд төлбөрийг буцаан олгохгүй” байхаар заажээ.

 

        Тэрээр Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэж, үүргээ бусдад шилжүүлээгүй, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалж, гэрээг тодорхой хугацаагаар нэхэмжлэгч дахин сунгаагүй, хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээ цуцлагдаагүй, яллагдагч өөрийн хүсэлтийн дагуу гэрээг цуцалсан нь зохигчдын тайлбар, яллагдагчийн хүсэлт мөн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй, хариуцагч гэрээнээс татгалзах хүсэлтийг хүлээн авч, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, өөр өмгөөлөгч нар оролцсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, гэрээ болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Гы нэхэмжлэлтэй, хариуцагч А.Зд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

         

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.