Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Б.Ч,     

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                          Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Б-ы Чт холбогдох 2428000000075 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.              

Биеийн байцаалт:               

Шүүгдэгч Б.Ч нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 40 минутын үед Өмнөговь аймгийн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буянт говь” хүнсний дэлгүүрийн кассын хажууд тавьсан байсан иргэн П.Д-гийн эзэмшлийн “iphone 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 690,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Ч-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумаас албан ажлаар аймгийн төвд ирсэн. Тэгээд өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн “Нинж ачлал” эрүүл мэндийн эмч Мишигдоржоос эмчилгээний дэвтэр авах гээд явах замдаа хүнээс юм авах гэж байгаа юм чинь хоосон очмооргүй байна гэж бодоод Өмнөговь аймгийн таксины зогсоолын хойд талд байрлах "Буянт-Говь” хүнсний дэлгүүрээс “сүү, чоколад” аваад тооцоогоо бэлнээр хийгээд гарахдаа дэлгүүрийн касс нь дээр өөрийн гар утсаа тавиад мартаад гарсан. Тухайн үед эхлээд гар утсаараа тооцоо хийх гэж байгаад бэлэн мөнгө байхаар нь утсаа тавиад тооцоо хийсэн. Тэгээд 17 цагийн үед “Эрхэс” хоолны газрын гадаа очоод гар утсаараа Мишигдорж эмчтэй ярих гэтэл миний гар утас алга байсан. Тэгээд хайж байгаад “Буянт- Говь” дэлгүүрийн касс нь дээр тавьсан гэдгээ санаад буцаад дэлгүүр дээр очоод худалдагчаас асуухад “би сайн анзаараагүй” гэхэд цаана нь хяналтын камер дээр сууж байсан эгч “кассын булан дээр нэг утас байсан гэхдээ саарал цамцтай нэг залуу халаасандаа хийгээд аваад гарсан олон хүн бужигнаж байсан болохоор тэр залуугийн утас юм байна гэж бодсон” гэж хэлэхэд нь би танай хяналтын камерыг харж болох уу? Ямар хүн авсан гэдгийг нь мэдмээр байна гэхэд эгч зөвшөөрсөн, тэгээд би хяналтын камерыг нь хамт үзэхэд саарал өнгийн малгайтай цамцтай үл таних залуу миний гар утсыг аваад халаасандаа хийгээд аваад гарч байсан, тэгээд би шууд Өмнөговь аймгийн цагдаагийн газарт бичгээр гомдол гаргасан. Миний гар утас “iphone 11” загварын гар утас байсан. Би анх 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн “Нарлаг” гар утасны худалдааны төвөөс 1,080,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утас нил ягаан өнгийн ямар ч сэв зураасгүй цэнхэр өнгийн товгор бамбаруушийн зурагтай их бие нь өнгөгүй гэртэй гар утас байгаа. Би алдагдсан гар утсаа 900,000 төгрөгөөр үнэлж байна.” /хавтаст хэргийн 12-13 дахь тал/   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/       

“Damno” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 24/26 дугаартай хөрөнгийн үнэлгээнд: “Iphone 11” загварын гар утас 690,000 төгрөг” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/  

Баримт бичиг, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 50-53 дахь тал/

Эд зүйл  хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 54-57 дахь тал/

Б.Ч-ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 68 дахь тал/

Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 23 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 69 дэх тал/

Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 23 дугаартай санал /хавтаст хэргийн 70-71 дэх тал/           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ч-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.    

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Ч нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 40 минутын үед Өмнөговь аймгийн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буянт говь” хүнсний дэлгүүрийн кассын хажууд тавьсан байсан иргэн П.Д-гийн эзэмшлийн “iphone 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 690,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Д-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, “Damno” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 24/26 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, баримт бичиг, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 50-53 дахь тал/, эд зүйл  хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 54-57 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ. 

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Б.Ч-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.Ч-ийн хувьд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна.       

Харин “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Ч нь “Буянт говь” хүнсний дэлгүүрийн кассын хажууд тавьсан байсан иргэн П.Д-гийн эзэмшлийн “iphone 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 690,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Ч нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Б.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.        

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч П.Д нь шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” / гэж мэдүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “Iphone 11” загварын гар утсыг биет байдлаар буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 54-57 дахь тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.        

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.      

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Б.Ч-т шүүгдэгч Б.Ч-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбарыг тус тус гаргав.                                                                    

Шүүгдэгч Б.Ч-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.                  

Шүүх шүүгдэгч Б.Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.   

Бусад асуудлаар.     

Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Д-д 690,000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгийн үнэ бүхий “Iphone 11” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.   

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:      

1. Шүүгдэгч З овгийн Б-ы Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.              

5. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Д-д 690,000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгийн үнэ бүхий “Iphone 11” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.             

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ