| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/51 |
| Огноо | 2024-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/51
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Б,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Б-ийн Б-д холбогдох 2428000000064 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 дугаар багийн Оюут хороололд Г.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр, хамар хэсэгт мөргөж, нүд хэсэгт цохиж биед тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 28-ны орой 17 цаг өнгөрч байхад манай ангийнхан уулзаж байна гэж байсан. Би ажлаасаа бууж ирсэн болохоор эхнэрээсээ машин авахаар ангийнх нь дээрээ очиход ангийнхан бараг тарчихсан Б эхнэртэйгээ, манай эхнэр, бас нэг залуугийн хамт сууцгааж байхаар нь машинаас бууцгаа гэхэд нөгөө танихгүй залуу нь машинаас буухгүй байхаар нь нөгөө залууг татаад буулгах гэхэд буухгүй гээд хэрүүл хийгээд сууж байснаа Альпарданд явдаг 6-7 залуу ирсэн. Тухайн залуучууд дунд Хүрмэн сумын О ах байсан. Тэгсэн тухайн хүмүүсийг харчихаад нөгөө танихгүй залуу нь чулуу бариад миний машины жолооч талын хаалганы шилийг цохчихоор нь би машинаа унаад чигээрээ яваад цагдаагийн газар руу явсан чинь араас О ах яриад учраа олцгооё гэхээр нь хоорондоо уулзаад эвээ олчихсон байсан чинь Г ирээд О ахтай маргалдаж байгаад хоорондоо эвлэрээд байж байхад нь Б бууж ирээд Гийг “чи яасан мэндэлж чаддаггүй юм бэ” гээд Гийг заамдаад хоорондоо маргалдаад салцгаасан. Тэгээд Б 20 цаг 55, 57 минутад залгаад байхаар нь би аваагүй, тэрнээс хойш дахин дахин залгаад байхаар нь 22 цаг 06 минутад залгасан дуудлагыг нь би авсан чинь чи хаана байгаа юм, хэнтэй явж байгаа юм гээд байхаар нь би Оюут хорооллын Цогжавхлан дэлгүүрийн зогсоол дээр байна гэж хэлээд Гийг яв яв гэж хэлж явуулчихаад Бг өмнөөс тосож очиж таксины тооцоог хийчихээд Бгийн араас зам дагуу алхаж байсан чинь Б гэнэт эргэж хараад намайг мөргөчихсөн. Би манараад доошоо суухад Б миний зүүн шанаа руу 2 удаа цохиод, баруун шанаа руу нэг удаа цохисон. Би өөрийнхөө хамрыг эвгүй болчихлоо гэдгийг мэдээд Б цээж рүү өшиглөх гэхэд нь хөлийг нь хориод өшиглүүлээгүй. Тэгээд дээш өндийгөөд хэн намайг цохичихвоо гэж асуухад Б би чамайг зодчихлоо гэхээр нь яасан гэж зодож байгаа юм бэ гэхэд чи өөрөө л намайг зод гээ биз дээ, тэгээд л зодчихлоо гээд намайг буланд шахаад цохих гэж байгаад болиод Нийд очиж ууя гээд такси бариад Н-ийд очоод толинд нүүрээ харсан чинь хамар нүд хэсэгт хавдчихсан байсан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдлээ гэхэд тэг гэхээр нь цагдаагийн газарт мэдэгдэхэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлчихээд цагдаагийн газар очиж уулзаарай гэж хэлчихээд явсан... Миний эмчилгээний зардалд 300,000 төгрөгийн зардал гарсан. Тухайн зардлыг Баярмагнай төлж барагдуулсан. Тухайн үед миний машины цонхыг хагалчих гээд цохиод байхаар нь цагдаад мэдэгдэнэ гээд хөдлөөд явсан. Өөрөөр бол миний машинд эвдэрсэн гэмтсэн зүйл байхгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 10-12, 14 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Б-ийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 28-ны орой би Б рүү залгаад хаана байгааг нь асуугаад хоёулаа нэг пиво уучихаад амаръя гэхэд Б намайг Оюутын 6 дугаар гудамжинд байна хүрээд ир гэхээр нь би такси барьж очоод Г.Б-тэй уулзаад Б таксины тооцоо хийчихээд миний араас алхаж байхдаа "чи Альпардныханд орох гээд орж чадахгүй болохоороо намайг өмөөрөөгүй юм уу, Альпардныханд гөлөг болчихсон юм байна, угаасаа ийм гөлөг байсан юм уу чи, би чамайг гөлөг гээд хэлчихье гөлгөө” гэхээр нь чи яах гээд байгаа юм гээд эргэж хараад зогсоход хоёулаа сайхан зодолдъё гэхээр нь би бариад мөргөсөн чинь Б газар унахаар нь дээрээс шанаа хэсэгт нь 3-4 удаа цохичхоод босгож ирээд чамд намайг ингэж хэлэх шаардлага байсан юм уу гэхэд Б “чи намайг алж байж яваарай, үгүй бол би чамд гомдолтой, би чамд новширно” гээд байхаар нь явъя гэсэн чинь явахгүй байсан. Тэгэхээр нь би явлаа гэсэн миний араас татаж чангаагаад явуулахгүй байсан. Тэгж байгаад такси бариад Нисэх хорооллын 7-2 тоотод хүргүүлцгээж Н-ийд ороод Б уух юм байгаа юм уу, байхгүй бол би гэр рүүгээ явлаа түрүүнийхээ таксийг дуудчих гэхээр нь чи өөрөө таксигаа дуудаад яв гэж хэлсэн чинь босож ирээд амиа хорлоно, үгүй бол чи намайг ал, үгүй бол би чамд гомдолтой гээд цагдаад дуудлага өгсөн. Эмчилгээний зардалд 300,000 төгрөгийн зардал гарсныг би төлж барагдуулсан. Тухайн зардал нь эм, тарианы зардал байсан ба би тухай бүрд нь төлж байсан.” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 дугаар багийн Оюут хороололд Г.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр, хамар хэсэгт мөргөж, нүд хэсэгт цохиж биед тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Г.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12, 14 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, шүүгдэгч Б.Б-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ -ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б, хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Миний эмчилгээний зардалд 300,000 төгрөгийн зардал гарсан. Тухайн зардлыг Б төлж барагдуулсан... Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 14 дэх тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргав.
Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г.Бө-д 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г.Бө-д 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ