Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 110/ШШ2022/0044

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.С,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,

Гуравдагч этгээд: Б.Х нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Х, хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа,  барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б, гуравдагч этгээд Б.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.С нь шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан  “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан газар эзэмшүүлэх дуудлага худалдааны Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газарт холбогдох хэсэг (1), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаартай ”Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн  Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Б.Хд  эзэмшүүлсэн хэсийг тус тус хүчингүй болгох (2), дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагч нарт даалгах (3)-аар маргаж байна.

2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/440 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа зарлах тухай” захирамжаар Өлгий сумын 11,13 дугаар багуудын нутаг дэвсгэрт хамаарах 6 байршил бүхий газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч А.С нь Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд анх оролцсон байна. Мөн өдрийн дуудлага худалдааны ялагчаар иргэн Б.Лашын тодорсон байх боловч дуудлага худалдаагаар худалдан авсан газрын үнийг холбогдох журамд заасан хугацаанд төлөөгүйгээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/738 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр тус газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цахим хэлбэрээр дахин явуулахаар шийдвэрлэсэн байна.

3. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр явагдсан дуудлага худалдаанд нэхэмжлэгч мөн А.С оролцож, улмаар  ялагчаар тодорсон байх боловч дуудлага худалдааны үнийг холбогдох журамд заасан хугацаанд мөн төлөөгүйгээс маргаан бүхий газарт дахин дуудлага худалдаа явуулах үндэслэл үүсэж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1029 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр танхимын хэлбээрээр  зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

4. Дуудлага худалдаа Засаг даргын А/1029 дугаартай захирамжид заасан хугацаанд зохион байгуулагдаж,  нэхэмжлэгч А.С оролцсон байх боловч дуудлага худалдааны ялагчаар иргэн Б.Х тодорсноор дуудлага худалдааг явуулах Ажлын хэсгээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ялагчтай гэрээ байгуулсан байх ба дуудлага худалдааны ялагч нь газрын үнийг тогтоосон хугацаанд төлснөөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаартай захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн байна.

5.  Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Арван тавдугаар зүйлийн 15.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дуудлага худалдаатай холбогдсон гомдлоо тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагч, шүүхэд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.” гэж заасан.

6. 2021  оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдсан Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаатай холбогдуулж нэхэмжлэгч тухайн шатны Засаг даргад гомдол гаргасан байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргаас   2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1-01/171 дугаартай албан бичгээр “...газар эзэмших эрхийн дуудлага худалдаа нь холбогдох хууль журмын дагуу  явагдсан, газар эзэмшүүлэх шийдвэр нь хуулийн үндэслэлтэй” гэж үзээд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгснийг нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын сүүлээр хүлээж авсан гэж тайлбарлан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

7.1. Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газрыг гагнуур хийх зориулалтаар 2003 оноос тасралтгүй ашиглаж ирсэн.

7.2. Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа журмын дагуу явагдаагүй. Эхний дуудлага худалдаа явагдаж байхад байгаагүй, дуудлага худалдааны оролцогчоор бүртгүүлээгүй Б.Х нь сүүлд орж ирж ялагчаар тодорсон.

7.3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаар захирамжаар тус газрыг Б.Хд эзэмшүүлсэн нь хууль бус, тус газарт барьсан үл хөдлөх хөрөнгөө цаашид ашиглах боломжгүй болж хохирсон тул шүүхэд хандаж байна гэжээ.

8. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

8.1. Тухайн газарт миний аав А хүйтэн гагнуурын үйл ажиллагаа явуулдаг байсан, дараа нь би  аавынхаа үйл ажиллагааг явуулж байгаа. Уг газрыг эзэмших гээд аймгийн Засаг дарга болон Газрын албанд өргөдөл гаргаж байсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ бичүүлж авч чадаагүй. Газар ашиглах гэрээгээр тухайн газарт үйл ажиллагаа эрхэлж байсан. Дараа нь дуудлага худалдаагаар тухайн газрыг эзэмшүүлнэ гэж мэдэгдсэн. Дуудлага худалдаанд оролцсон боловч монгол хэл мэдэхгүй шалтгаанаар үйл явцыг ойлгоогүй, 2-3 удаа үний санал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

9.1. Маргаан бүхий 56 м2 газарт А.С 20 жилийн өмнөөс гагнуурын үйл ажиллагаа явуулж байсан, энэ хугацаанд А.Сийг тухайн газраас албадан нүүлгэх асуудал яригдаагүй. А.С тухайн газарт байшин барихаас өмнө дуудлага худалдааг явуулах ёстой байсан.

9.2. Дуудлага худалдаа явуулах журмын 2.1-д заасан тэгш шударга оролцоог хангасан байх зарчим зөрчигдсөн. А.С  монгол хэл мэдэхгүй хүн учраас тэгш оролцоог хангаж, монгол хэл мэдэхгүй бол та  хажуудаа монгол хэл мэддэг хамаатан садан эсвэл өмгөөлөгч оруулаад ирж болно гэдгийг Ажлын хэсэг хэлэх ёстой байсан. Тайлбарлаж өгөөгүйгээс болж энэ маргаан гарч байна.

9.3.  Дуудлага худалдааг танхимын хэлбэрээр явуулахдаа камерын бичлэг, аудио бичлэг хийх ёстой байсан. Дуудлага худалдаа явуулах журмыг Ажлын хэсэг А.Сд сайн тайлбарлаж өгөх ёстой байсан. Яагаад гэвэл А.С монгол хэл мэдэхгүй, юмыг сайн ойлгохгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

10. Хариуцагч нараас гаргасан тайлбартаа:

10.1. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II дугаар хуралдаанаас баталсан  “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 12 дугаар тогтоолоор уг газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

10.2. Үүний дагуу аймгийн Засаг даргын  2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/440 дүгээр, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/738 дугаар захирамжаар  тус тус цахим  хэлбэрээр дуудлага худалдаа зохион байгуулж явуулсан.

10.3. Тухайн цахим дуудлага худалдаануудад иргэн А.С өөрийн биеэр тус тус  оролцож, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр болсон дуудлага худалдааны үнийг 56 336 000 төгрөг хүртэл өсгөж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин зохион байгуулагдсан  дуудлага худалдаанд 69 886 000 төгрөгийн үнийн саналаар ялагчаар шалгарсан боловч дуудлага худалдааны үнийг төлөөгүй.

10.4. “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 12.5-д “Дуудлага худалдааны ялагч нь гэрээ байгуулж,дуудлага худалдааны үнийг энэ журмын 11.3-т заасан хугацаанд төлөөгүй бол уг газрыг дахин дуудлага худалдаанд оруулж, дэнчинг улсын орлого болгоно.” гэж заасан.

10.5. Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1029 дугаар захирамжаар уг газрыг дахин дуудлага худалдаанд оруулж, танхимын  хэлбэрээр зохион байгуулсан.

10.6. Танхимын хэлбэрээр зохион байгуулсан дуудлага худалдаанд А.С өөрөө оролцсон боловч ялагчаар тодорч чадаагүй, иргэн Б.Х дуудлага худалдааны ялагчаар тодорч, дуудлага худалдааны үнийг төлж, аймгийн Засаг даргын 2021 оны А/1099 дүгээр захирамжаар тухайн газрыг эзэмшсэн.

10.7. Харин оролцогчоор бүртгүүлээгүй иргэн Б.Хг дуудлага худалдаанд оруулсан гэдэг нь үндэслэлгүй байна.

10.8. Нэхэмжлэгч нь уг газарт “миний барьсан байшин байгаа” гэх боловч А.Сд тухайн газраас газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж, хууль бусаар барилга барьсан.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

11.Гуравдагч этгээд гаргасан тайлбартаа:

11.1. Иргэн А.С нь тухайн газрыг дуудлага худалдаагаар  эзэмшүүлэх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрч Баян-Өлгий аймгийг Засаг даргын 2021 оны А/440, А/738, А/1029 дугаар захирамжаар тус тус зарласан 3 удаагийн дуудлага худалдааны аль алинд нь оролцож байсан байна.

11.2. Би Засаг даргын А/1029 дугаар захирамжаар зарласан дуудлага худалдаанд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дэнчингээ төлж албан ёсоор бүртгүүлэн оролцсон.

11.3. А.Сийн хувьд аливаа дуудлага худалдааг хүчингүй болгож, тухайн газрыг үнэ төлбөргүйгээр ашиглах хувийн сонирхолтой нэгэн байсан. Засаг даргын А/738 дугаар захирамжаар зарлагдсан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дуудлага хуралдаанд А.С нь учиргүй өндөр үнэ амлаж тухайн дуудлага худалдааны ялагч болсон боловч үнийг төлж газрыг худалдан авахаас татгалзсан байна.

11.4. Дахин дуудлага худалдаа зарлагдахад А.С нь  мөн хүлээн зөвшөөрч оролцсон. Тухайн  дуудлага худалдаа хууль журмын дагуу явагдсан бөгөөд А.Сийн ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй.

11.5. Би энэхүү дуудлага худалдаанд хуулийн дагуу оролцож, ялагчаар тодорсон. Ялагч болсон учраас хуулийн хугацаандаа мөнгөө төлж, тухайн газрыг эзэмшсэн гэв.

12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

12.1. Тухайн сул газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр аймгийн Засаг даргаас шийдвэрлэхэд, нэхэмжлэгч уг газрыг 20 жил эзэмшсэн, давуу эрхээр эзэмших ёстой, дуудлага худалдаа зохион байгуулах ёсгүй, би тухайн газарт байшин барьсан гэх  асуудлаа тухайн үедээ яриагүй,  дуудлага худалдаа явуулахыг өөрөө зөвшөөрсөн.

12.2. Маргаан бүхий газарт 3 удаа дуудлага худалдаа явуулахаар зарлагдсан. Аль аль дуудлага худалдаанд А.С өөрөө оролцсон.

12.3. Нэхэмжлэгч А.С тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байсан. Дуудлага худалдаа хууль журмын дагуу явагдсан. А.С нь 3 удаа дуудлага худалдаанд оролцсон хүний хувьд дуудлага худалдаа яаж явагдах талаар сайн мэдэж байгаа. А.С би монгол хэл мэдэхгүй учраас надад тайлбарлаж өгөх ёстой гэдэг нь үндэслэлгүй. Өөрөө орчуулагч авах, эсвэл өмгөөлөгч оролцуулах бүрэн боломжтой байсан. Ажлын хэсгээс өмгөөлөгч авах, орчуулагч оролцуулах эрхийг хязгаарласан асуудал байгаагүй.

12.4. А.С өмнөх 2 удаагийн дуудлага худалдааны ялагчаар тодорсон боловч өөрөө хугацаандаа төлбөрөө төлөхгүй, төрийн ажилд саад учруулсан.

12.5. Гуравдагч этгээд Б.Х нь дуудлага худалдаанд хууль журмын дагуу оролцоод ялагч болж, банкнаас зээл авч төлбөрөө төлсөн тул Б.Хгийн эрх ашиг зөрчигдөнө. Дуудлага худалдааны ялагчаар тодорсон Б.Хд тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргаснаар нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй гэж үзнэ.

12.5. Дуудлага худалдаа явуулах журамд зааснаар эхлээд нэхэмжлэгч Ажлын хэсэгт гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх дарааллыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ажлын хэсэгт гомдол гаргаж шийдвэрлүүлсний дараа тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны Засаг даргад хуульд заасан 30 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой боловч 30 хоногийн дотор дээд шатны Засаг даргад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан газар эзэмшүүлэх дуудлага худалдааны Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газарт холбогдох хэсэг (1), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаартай ”Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Б.Хд  эзэмшүүлсэн хэсийг тус тус хүчингүй болгох (2), тухайн газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагч нарт даалгах (3) шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах байдлаар үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч А.С нь  Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газрыг гагнуур хийх үйлчилгээний зориулалтаар 2003 оноос тасралтгүй ашигласан (1), эхний дуудлага худалдаа явагдаж байхад байгаагүй, дуудлага худалдааны оролцогчоор бүртгүүлээгүй Б.Х нь танхимд сүүлд орж ирж ялагчаар тодорсон, дуудлага худалдаа журмын дагуу явагдаагүй (2), би монгол хэл мэдэхгүй тул дуудлага худалдааны  явцыг ойлгоогүй (3), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаар захирамжаар газрыг Б.Хд эзэмшүүлснээр тус газарт барьсан 40 м2  талбайтай ажлын байр болох үл хөдлөх хөрөнгөө цаашид ашиглах боломжгүй болсон (4) гэх үндэслэлээр маргасан байна.

3. Анх Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай “2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын долоо дугаар хавсралтаар (хэргийн 14-16 дугаар хуудас) Өлгий сумын 11 дүгээр багаас нийт 0.0155 га газрыг гагнуурын үйл ажиллагаа явуулах үйлчилгээний зориулалтаар 6 иргэнд ашиглуулахаар баталжээ.

4. Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 0.0155 га газрын 00.6 га  газрыг гагнуурын үйлчилгээ явуулах зориулалтаар 2 жил ашиглуулахаар нэхэмжлэгч А.Стэй “Иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ”-г (хэргийн 17 дугаар хуудас) 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан байна.

5. Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар А.С нь маргаан бүхий газрыг 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл гэрээний дагуу ашигласан үйл баримт тогтоогдож байна.  

6. Харин эрх бүхий этгээдийн зохих зөвшөөрөлгүй ч 2003 оноос эхлэн газар ашиглах дээрх гэрээг байгуулах хүртэл, мөн  гэрээ дуусгавар болсноос хойшхи хугацаанд ч тус газрыг гагнуурын үйл ажиллагаа явуулах зориулалтаар  ашиглаж ирсэн гэх тайлбарыг нэхэмжлэгчээс гаргасан.

7. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ”-ний Зургаагийн 6.2-т “Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж, талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай байгуулав.” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн уг газрыг гэрээний дагуу ашиглах эрх нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон байна.

8. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан.

9. Иймээс нэхэмжлэгчийн үйлчилгээ явуулах зориулалтаар эзэмшихийг хүссэн маргаан бүхий газрыг  эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг даргаас Газрын тухай хуулийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа явуулах зарчмаар шийдвэрлэнэ.

10. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны А/440, А/738, А/1029 дугаартай захирамжуудаар (хэргийн ...) маргаан бүхий газрыг дуудлага худалдаа явуулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2-т заасантай нийцсэн байна.

11.Харин нэхэмжлэгчийн 2003 оноос хойш маргаан бүхий газрыг гагнуурын зориулалтаар ашиглаж ирсэн гэх нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 33.1.2-т заасантай нийцээгүй байх тул дээрх хугацаанд А.Сийг  маргаан бүхий газрыг  хууль ёсоор эзэмшиж, ашиглаж ирсэн гэж үзэхгүй, энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.

12. Хамгийн сүүлд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1029 дугаартай захирамжаар өөр өөр байршил бүхий 6 нэгж талбартай газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг нэг өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

13. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Наймын 8.3-т “Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж, бүртгэлийн хайрцагт хийнэ:”, 8.3.1-д “иргэний үнэмлэх...”, 8.3.2-т “дэнчин төлсөн баримт”, 8.7-д “Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг төлсөн байна.”, Есийн 9.7.1-д “Дуудлага худалдаанд оролцогчдыг байраа эзлэхийг урих, оролцогч 3 дахь удаагаа урихад хүрэлцэн ирээгүй тохиолдолд түүнийг дуудлага худалдаанд оролцохоос татгалзсанд тооцож, энэ тухай тэмдэглэлд тусгана;” гэж тус тус заасан.

14. Зургаан өөр байршилтай газрыг тус тус эзэмшүүлэх дуудлага худалдаа тухайн өдрийн өглөөний 09:00-16:00 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын байранд явагдсан, Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газарт холбогдуулж нийт 25 иргэн дуудлага худалдаанд оролцохоор хүсэлтээ урьдчилж журамд заасан холбогдох материалын хамтаар  бүртгэлийн хайрцагт хийсэн, эдгээрээс хоёр нь нэхэмжлэгч А.С, гуравдагч этгээд Б.Х нарын материал байсан, гуравдагч этгээд Б.Х нь дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХААН банкаар дамжуулж төлж, маргаан бүхий 56 м2 газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд биечлэн оролцсон.

Хүсэлт гаргасан 25 иргэнээс 16 иргэн дуудлага худалдаанд оролцсоноос 13 иргэн үнийн санал гаргасан, эдгээрээс нэхэмжлэгч А.С 3 удаа, гуравдагч этгээд Б.Х 41 удаа үнэ өсгөж дуудсан байна.

15. Эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан  “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 1 дүгээр хавсралт бүхий дуудлага худалдаанд оролцох хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дуудлага худалдааны тэмдэглэл, гэрч дуудлага худалдааны хөтлөгч Т.Баатар, дуудлага худалдааны тэмдэглэл хөтлөгч Т.А нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүд (хэргийн ...), мөн хэргийн оролцогч нарын тайлбарууд зэрэг баримтуудаар тогтоогдсон.

16. Иймээс гуравдагч этгээд Б.Х нь  56 м2 газраас бусад хүсэлтээ гаргаагүй 5 байршил дахь газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцоогүй нь буруу биш тул эхний дуудлага худалдаа явагдаж байхад байгаагүй гэх нэхэмжлэгчийн маргаан нь үндэслэлгүй байна.

17. “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Есийн 9.5-д “Дуудлага худалдааны хөтлөгч дор дурдсан эрх, үүрэгтэй:”, 9.5.1-д дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэж, хувийн дугаар бүхий пайз олгох;” гэж заасан.

18.Хэрэгт авагдсан  “11-р 56 м2   гэсэн тэмдэглэгээтэй Ш.Мейрамбек нарын 25 хүний нэр бүртгэгдсэн баримтын дэс дугаарын 2-т Б.Х гэсэн хэсэгт, мөн 10-т А.С гэсэн хэсэгт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас тус тус гарын үсэг зурсан байх ба  уг баримт нь оролцогч нарыг бүртгэсэн баримт болохыг гэрч дуудлага худалдааны тэмдэглэл хөтлөгч Т.Ариунцэцэг нь шүүхэд мэдүүлэг өгөх үед тайлбарласан.

19. Иймд гуравдагч этгээд Б.Х нь дуудлага худалдааны оролцогчоор бүртгүүлээгүй, танхимд сүүлд орж ирж ялагчаар тодорсон, дуудлага худалдаа журмын дагуу явагдаагүй гэж үзэх нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн  энэ талаарх маргааныг  мөн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

20. “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Арван нэгийн 11.1-д “Дуудлага хуудалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно.” гэж заасан байх ба 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр танхимын хэлбэрээр явагдсан дуудлага худалдааны үеэр нэхэмжлэгч А.С нь 17 000 000-17 700 000 төгрөгийн хооронд 3 удаа, гуравдагч этгээд Б.Х нь 900 000 -17 800 000 төгрөгийн хооронд 41 удаа үнийн санал өсгөн дуудсан байна.

21. Мөн журмын Есийн 9.7.6-д “оролцогч үнийн санал хэлэхэд хөтлөгч тухайн үнийн саналыг 3 удаа давтаж хэлнэ;”,  9.7.7-д “бусад оролцогчид энэ журмын 9.7.6-д зааснаас дээш үнийн санал хэлээгүй тохиолдолд хөтлөгч” буулаа” гэж хэлээд “нэг”, “хоёр”, “гурав” гэж тоолсны дараа дуут дохио өгч ялагчийг зарлаж, дуудлага худалдаа хаасныг мэдэгдэнэ.”гэж заасан.

22. Нэхэмжлэгч А.С нь хамгийн сүүлд 17 700 000 төгрөгийн үнийн санал гаргасны дараа гуравдагч этгээд Б.Х нь 17 800 000 төгрөгөөр үнэ өсгөсөн байх ба журмын 9.7.7-д заасан хугацаанд нэхэмжлэгч А.С нь болон бусад оролцогч нараас 17 800 000 төгрөгөөс дээш үнэ өсгөж хэлээгүй байх тул хамгийн өндөр үнийн санал хэлсэн хэлснээр гуравдагч этгээд Б.Х ялагч болсон зэрэг үйл баримт хэрэгт авагдсан тухайн өдрийн дуудлага худалдааны тэмдэглэл, оролцогч нараас гаргасан үнийн саналыг тэмдэглэсэн баримт, гэрч дуудлага худалдааны хөтлөгч Т.Б, тэмдэглэл хөтлөгч Т.А нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

23. “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Арван нэгийн 11.2-т “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал...дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.”, 11.3-т “Дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө.”, 11.4-т “ Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар... эзэмшүүлэх...тухай шийдвэр гаргана.”гэж тус тус заасан.

24. Гуравдагч этгээд Б.Х нь дээрх байдлаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааны ялагч болсноор түүнтэй 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гэрээ байгуулж, дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаар захирамжийн холбогдох хэсгээр Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай “Тирлик” захын хойд талаас 56 м2 газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар гуравдагч этгээд Б.Хд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2, “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын холбогдох заалтуудтай нийцсэн хууль ёсны шийдвэр байна.

25. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан.

26. Гуравдагч этгээд Б.Хд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албанаас Б.Хтай маргаан бүхий газрыг эзэмшүүлэх гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулж, мөн өдөр газар эзэмших эрхийн 0000035868 дугаартай гэрчилгээ олгож, эрхийн улсын бүртгэлийн Э-0213004451 дугаарт бүртгэжээ.

27. Гуравдагч этгээд Б.Хд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн дээрх шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 33.1.2, 34.1-д заасантай нийцсэн байх тул газар эзэмшигчийн хувьд Б.Х нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар уг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхтэй байна.

28. Иймд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1029 дугаартай захирамжийн холбогдох хэсэг нь хууль бус гэх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй.

29. Нэхэмжлэгчээс монгол хэл мэдэхгүй учраас дуудлага худалдааны явцыг ойлгоогүй гэж маргасан боловч “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Дөрвийн 4.4-т зааснаар дуудлага худалдаанд нэг зөвлөхийн хамт оролцож болох эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, монгол хэл мэдэхгүй шалтгаанаа дуудлага худалдааны Ажлын хэсэгт мэдэгдээгүй, дуудлага худалдааны үеэр энэ талаар ямар нэгэн санал гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн монгол хэл мэдэхгүй гэх шалтгаан нь дуудлага худалдааны Ажлын хэсгийг буруутгах, дуудлага худалдааг хууль бусаар явагдсан гэж үзэх үндэслэл болохооргүй байна гэж үзлээ.

30. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”  гэж тус тус заасан.

31. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаар захирамжаар газрыг Б.Хд эзэмшүүлснээр тус газарт барьсан 40 мталбайтай ажлын байр болох үл хөдлөх хөрөнгөө цаашид ашиглах боломжгүй болсон гэж нэхэмжлэгч маргасан боловч газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмших эрх үүсээгүй газарт үл хөдлөх хөрөнгө барьсан нь хууль бус,  нэхэмжлэгчийн 2003 оноос хойш маргаан бүхий газрыг гагнуур хийх зориулалтаар эзэмшиж, ашиглаж ирсэн гэх нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Сийн шүүхэд гаргасан  “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан газар эзэмшүүлэх дуудлага худалдааны Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газарт холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1099 дугаартай ”Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн  Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 56 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Б.Хд  эзэмшүүлсэн хэсийг тус тус хүчингүй болгох, дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагч нарт даалгах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.РИЗА