Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Р,    

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,           

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Э-ийн Р-д холбогдох 2428000940101 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Биеийн байцаалт:      

Шүүгдэгч Э.Р нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны шөнө Өмнөговь аймаг Мандал-Овоо сумын Мандал багийн Харын хонд гэх газарт С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр, толгой хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь хамар яс, 2 талын ухархайн дотор ханын хугарал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, 2 гарын сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.               

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Р-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Э.Р шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.    

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 01 дүгээр сарын 15-ны Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг Харын хонд гэх газарт Мандал багийн малчин Н гэх малчин бэр гуйж авчирч байсан. Би Н гэх айлд бэр гуйх үеэр нь 14 цагийн үед очоод байж байтал найр 16 цагт эхлээд 1 ширхэг том хулаар хувь буюу архи болон айраг хольж хийдэг хувь гэх зүйлийг уучихаад найрлаж байгаад бэрийн талынхан 20 цагт буцахаар болсон. Тухайн найранд сууж байсан хүмүүсийг гаргаж өгчихөөд буцаж ирсэн. Гаргаж өгсөн хүмүүс архи огт уугаагүй эргэж 22 цагийн үед гэрт ирсэн. Тэгээд эргэж ирээд бид бүхэн хоорондоо найрлахаар болж тэнд Р, Ч, Н, Б, Н, А болон Н-гийн эхнэр гэх эмэгтэй мөн би тухайн үед байсан. Найр тарах тийшээ хандаад хүмүүс эхнээсээ унтаж эхэлсэн. ...Р гэрийн баруун талд сууж байгаад босож миний хажууд ирэн зогсоод надад хандан долооны худаг манайх миний аав янзалсан миний худаг уух усгүй болов оо хэмээн хэлээд миний нүүрэнд цохиход баруун шанаанд Р нь баруун гараараа 3 удаа цохиж, мөн зүүн шанаанд 2 удаа цохичхоод миний өмсөж явсан дээлний баруун, зүүн мөрнөөс Р, Н хоёр гэрээс чирч гаргаад гэрийн үүдэнд байсан хунгарласан миний бүсэлхий хэсгээр татаж байсан 1 метр хэмжээтэй болов уу гэмээр цасан хунгар руу хоёр талаас чирсэн хэвээр дээр нь гаргаад Р миний зүүн нүд рүү 1 удаа баруун цохиж мөн нүүрэн тус газар 4-5 удаа цохиж байх мөчдөө Р энийг энд нь гүйцээчихье хэмээн цохиж байсан. ... Би өмнө мэдүүлэг өгөхдөө тухайн үеийн зүйлүүдийг мартаж санасан байсан. Одоо бодоод байхад Н найрын шөнө намайг баруун гараар хацар руу нэг удаа алгадсан. Өөрөөр цохиж зодоогүй. Тэр үед гэрт Н болон түүний эхнэр Э, Ч, Н-гийн эхнэр Бя, А нар харж байсан. Н бол согтуу байсан харсан байх гэж бодож байна. Э, Ч нар эрүүл архи уугаагүй байсан. Надад учирсан хохирлын улмаас 1,700,000 төгрөгийн зардлыг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Р бид хоёр хоорондоо эвлэрсэн. Гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 24-27, 29 дэх тал/

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай үеэл ах Н 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эхнэр авч хөдөө Мандал багийн Ханын долоон гэх газар гэрийн найр хийсэн. Тэр өдөр Б өглөө 11 цагийн үед ирсэн байсан. Найранд ах дүү болон хадам талын хүмүүс нийлээд найрласан. Найрлаж дуусаад бэрийн талын хүмүүс нэлээн орой миний багцаагаар 21 цагийн үед явцгаасан. Хүмүүсээ явуулчихаад эргэж ирээд ах, дүү хүмүүстэй найрласан. Найрлаж байгаад хүмүүс нэг хэсэг хүмүүс нь амарцгаасан. Б гэрийн зүүн талд суусан байсан. Тэгсэн Б Н-тэй маргалдаад байсан. Н гэрийн хойморт сууж байсан. Н Бийг босож очоод нэг удаа алгадсан. Тэгсэн Б Н-г зод зод гээд суугаад байсан, ямар нэг хариу үйлдэл хийгээгүй. Тэгэхэд зүүн талын орон дээр сууж байсан Ч, Н эхнэртэйгээ байсан. Тэр хэд Н Б хоёрыг боль боль гэж хэлсэн. Н эргээд суусан, тэгээд юм ярьцгааж байсан. Би гэрээс тамхилах гээд гарсан. Тэгсэн гэрт хэрүүл уруул болоод байх шиг байсан. Тэгэхээр нь би эргээд гэр рүү ортол гэрийн зүүн талд Б газарт унасан дээр нь Р гарсан заамдсан баруун гараараа цохиж байгаа харагдсан...” /хавтаст хэргийн 30-32 дахь тал/ 

Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрөө Мандал-Овоо сумын Мандал 3 дугаар багт мал маллаж амьдардаг. Би эхнэр авч 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хөдөө Мандал багийн Ханын долоон гэх газар гэрийн найр хийсэн. Би эхнэрээ аваад гэрт ирэхэд Б ирсэн байсан. Найранд ах дүү болон хадам талын хүмүүс нийлээд найрласан. Найрлаж дуусаад эхнэрийн талын хүмүүс орой явцгаасан. Цагийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан нар жаргасан байсан. Тэгэхэд Б хамт яваад ирсэн. Тэгээд хүмүүсээ явуулчихаад эргэж ирээд ах, дүү нарын хүмүүстэй найрласан. Найрлаж байгаад нэг хэсэг хүмүүс нь амарцгаасан. Гэрт Б, ах Р, А, Ч, Н, Н-гийн эхнэр Б, манай эхнэр Бя нар үлдсэн. Цаг нэлээд орой болж шөнө болсон байсан. Б бэлчээр, худаг усны асуудал ярьж надад агсам тавьсан. Энэ үед Б нэлээн согтуу байсан. Тэгэхээр нь би Бид хандаж чи ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгсэн Б над руу агсраад байхаар нь баруун гараараа зүүн хацарт нь нэг удаа алгадсан. Тэгсэн ах Р Б бид хоёрыг болохгүй гэж хэлсэн. Тэгсэн Б ахын өөдөөс агсраад байсан. Тэгсэн ах Р Б хоёр хоорондоо зууралдаад Б газар унасан. Тэгээд ах Р 1-2 удаа баруун гараараа Бийг цохих шиг болсон. Тэгэхэд Б өөдөөс нь сарвалзаад байх шиг байсан. Тэгсэн Ч, А нар Бийг гэрээс аваад гарсан.” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/    

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.Бийн биед хамар яс, 2 талын ухархайн дотор ханын хугарал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, 2 гарын сарвууны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 44-45 дахь тал/     

Шүүгдэгч Э.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би Мандал-Овоо сумын Мандал 3 дугаар багийн Засаг даргаар 2016 оноос ажиллаж байна. 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай төрсөн дүү Н гэх залуу эхнэр авч хөдөө Мандал багийн Ханын долоон гэх газар гэрийн найр хийсэн. Тэр өдөр Б өглөө 11 цагийн үед ирсэн байсан. Найранд ах дүү болон хадам талын хүмүүс нийлээд найрласан. Найрлаж дуусаад бэрийн талын хүмүүс орой 19-20 цагийн хооронд явцгаасан. Тэгэхэд Б байсан. Хүмүүсээ явуулчихаад эргэж ирээд нутгийн хүмүүстэй найрласан. Найрлаж байгаад нэг хэсэг хүмүүс нь амарцгаасан. Гэрт Н, А, Ч, Н, Нгийн эхнэр Б, Н-гийн эхнэр Бя нар үлдсэн. Шөнө 02 цагийн үед Б өөрөө бэл бэлчингээрээ баярхаад дүү Н-д худаг усны асуудал ярьж байсан. Энэ үед Б нэлээн согтуу байсан. Тэгэхэд Н Бид хандаж чи гэрийн найранд ирчихээд ингэж болохгүй гэж хэлж байсан. Тэгсэн Н гэрийн хойморт сууж байхдаа Бийн хацарт нь нэг удаа алгадсан. Тэгсэн Б Н рүү босоод дайрахаар нь А бид 2 барьж хорьсон. А бид 2 Бийг гаргах гэсэн боловч өөдөөс дайраад байсан. Тэгээд Б бид 2 зууралдаад Б газарт унасан. Тэгэхээр нь би Бийг баруун гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь би Бийг чи боль гээд 1 удаа баруун гараараа алгадсан. Тэгсэн А Б-г аваад гэрээс гарсан. Би тэгсхийгээд унтаад өгсөн. ... Надад Б хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй. Гэхдээ өөрийн сайн дураар Б 1,700,000 орчим төгрөг зардал гарсан гэж хэлсэн. Би тэр зардал болох 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан.” /хавтаст хэргийн 62-63 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/

Э.Р-гийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 68 дахь тал/,

Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 25 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 79 дэх тал/ 

Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 25 дугаартай санал /хавтаст хэргийн 80-81 дэх тал/.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Р-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Р нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны шөнө Өмнөговь аймаг Мандал-Овоо сумын Мандал багийн Харын хонд гэх газарт С.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр, толгой рүү цохиж эрүүл мэндэд нь хамар яс, 2 талын ухархайн дотор ханын хугарал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, 2 гарын сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч С.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27, 29 дэх тал/, гэрч Г.Аын мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/, гэрч Э.Н-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, шүүгдэгч Э.Р-гийн  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                                        

Шүүгдэгч Э.Р-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б-ийн биед хамар яс, 2 талын ухархайн дотор ханын хугарал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, 2 гарын сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ -ээр тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.         

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.Р, хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.           

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Р нь хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хамар яс, 2 талын ухархайн дотор ханын хугарал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, 2 гарын сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад учирсан хохирлын улмаас 1,700,000 төгрөгийн зардлыг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 24-27, 29 дэх тал/ гэж мэдүүлж ба мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Р бид хоёр хоорондоо эвлэрсэн. Мөн Р нь надад хохирлын төлбөр болох 1,700,000 төгрөг өгч барагдуулсан. Цаашид миний зүгээс Р-д ямар нэгэн хохирол, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 67 дахь тал/-ээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Хохирогчийн зүгээс 1,700,000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байх боловч шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэргийн 57, 58 дахь талд авагдсан ХААН банкны дансны хуулгаар 1,500,000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон ч хохирогч хохирлын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Э.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргав.     

Шүүгдэгч Э.Р нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.     

Шүүх шүүгдэгч Э.Р-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Рд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Э.Р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Б-ид 1,500,000 /нэг сая таван зуу мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Т овгийн Э-ийн Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Э.Р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Б-ид 1,500,000 /нэг сая таван зуу мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ