| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/0031/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/42 |
| Огноо | 2024-04-12 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/42
2024 04 12 ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х,
улсын яллагч Д.З,
шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Н-ын Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, . .. оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ... яс үндэс ..., ... боловсролтой, .... мэргэжилтэй, "...” ХХК-ний ... ажилтай, ам бүл..., .... хамт ... аймгийн ... сумын .... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Н-ын Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .... дугаар баг .... тоот хашааны зүүн урд талд баригдаж байгаа барилгын ажил хийж гүйцэтгэхдээ .... аймаг дахь .... оюутан О.Б-г үйлдвэрлэлийн дадлага хийлгэхээр гэрээ байгуулан дадлага хийлгэхдээ үндсэн гагнуурын мэргэжлийн дагуу бус барилгын шавардлага хийлгэх ажил үүргийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гүйцэтгүүлж байсан болон .... аймаг дахь ... коллеж, ... ХХК, оюутан О.Б нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ биелүүлээгүй улмаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”-ыг, 28.1.2 дахь заалт “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах”-ыг, 28.1.3. дахь заалт “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”-ийг, 28.1.4. дэх заалт “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”-ийг болон 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан №... дугаартай гурвалсан гэрээний 3.1 дэх заалт “үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд дадлагажигчийг мэргэжлийн өндөр зэрэгтэй, ур чадвар сайтай ажилтанд дагалдуулан дадлагажуулах”-ыг, 3.2 дахь заалт “Дадлагажигчийг дадлагын үеийн аюул осолгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ХАБЭА-н зааварчилгааг цаг тухай бүрд өгч аюулгүй байдлыг хангах”-ыг гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас дадлагажигч оюутан О.Б нь дадлагын ажил хийж байгаад дриллэнд зүүн гарын эрхий хуруугаа хавчуулсны улмаас түүний биед зүүн гарын 1-р хуруу 2-р шивнүүрийн бүрэн тасрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Н.Г-ийн мэдүүлсэн: “...Гуравласан гэрээгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р баг, .... тоотод барилгын ажил гараад, шавардлага хийж байгаад хохирогч өрмөнд хуруугаа авсан. Тэрийг нь эмчлүүлээд хуруу гар нь бүрэн бүтэн болсон байгаа. Тэр хүүхэд манайд ажилд орохоор хүсэлтээ өгсөн. Төгсөөд манайд ажиллана гэсэн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...О.Б нь манай компанид гагнуурчин мэргэжлээр үйлдвэрлэлийн дадлага хийх байсан. Манай компани өмнө хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан байсан 2022 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан. Компанийн зүгээс учирсан хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106х/,
-Насанд хүрээгүй хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймаг Замын-Үүд суманд ... гэх нэртэй газар үйлдвэрлэлийн дадлага хийхээр очсон дадлага хийж байх хугацаандаа буюу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуваарийн дагуу ажилдаа гараад нэг шаварчин ахтай цуг 100 литр багтаамжтай төмөр саванд цохилттой дриллээр хутгаж шавар зуураад дадлага хийж байсан барилгын ханыг шавардах гэж байгаад би шуудайтай цементийг өргөж хийж байхад шуудайны сэмэрсэн хэсэг дриллэнд орооцолдож миний зүүн гарын эрхий хурууг шуудайны сэмэрсэн хэсэг нь хүчтэй ороож татаж миний хуруу хугарсан тэр даруй эмнэлэгт үзүүлж анхан шатны тусламж авсан. Тэнд нь нэг захирал байсан би танихгүй ээ. Дарханаас хариуцаж авч явсан хүн нь “...” ХХК-н захирал Г гэдэг хүн намайг манай гэрийнхнээс зөвшөөрөл авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 187-189х/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ... ХХК-нд үйлдвэрлэлийн дадлага хийж эхэлсэн бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны орчимд Дорноговь аймгийн ... сум руу дадлага хийнэ гээд явсан. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчимд манай хүү Б над руу залгаад би гараа гэмтээчихлээ эмнэлгийн тусламж авчаад байж байна гээд над руу утасдаж хэлсэн. Тэгээд манай хүүхэд УБ хотод Гэмтлийн эмнэлэг дээр очиж хагалгаанд орж гарын эрхий хурууг залгуулах мэс засалд орсон. Гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтээд гадуур 14 хоног боолт хийлгээд явж байгаад өнөөдөр гэртээ ирж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн О.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг Гэмтэл согог судлалын үндэсний төв, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,691,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг "...” ХХК-ний захирал Н.Г-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь .... дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34х/,
-Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өглөө цай ундаа ууж дуусаад тус тусын ажилдаа 09 цагт гарсан. Миний бие ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ний гражийн гадна талын шаврын ажлыг ... аймаг дахь политехникийн коллежийн сурагч Б-ийн хамт хийхээр болсон. Өглөө бид хоёр гражийн урд талын хийж байсан үлдэгдэл шаврыг хийхээр гаржийн баруун урд талд угсардаг төмөр шат засаж дуусаад цэнхэр өнгийн хуванцар саванд шавар зуурахаар болоод цахилгаан дриллыг угсарч бэлэн болгоод Б ус болон элс зөөж өгөхөөр болсон. Тэгээд би цахилгаан дриллыг ашиглаад цэнхэр өнгийн хуванцар саванд шавар зуурч байхад Б шар өнгийн буюу цементийн тал уутанд элс зөөгөөд шавар зуурч байгаа сав руу хийх үед уутны сэмэрсэн хэсэг дриллын зуурагч хошуунд орооцолдох үед би цахилгаан дриллыг унтрааж аюулгүй болох хооронд цахилгаан дриллын хошуунд орооцолдсон ууттай цуг Б-ийн зүүн талын гарын эрхий хуруу бээлийн хамт хавчуулагдаж эрхий хуруунд гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33х/,
-Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Б нь гагнуурын ангид суралцдаг миний хариуцсан ангийн оюутан, гагнуурчин мэргэжлийн чиглэлээр дадлага хийх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45х/,
-2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагын гурван талт гэрээ /хх-ийн 42х/,
-Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай шинжээчийн “...О.Б-ийн биед зүүн гарын 1-р хуруу 2-р шивнүүрийн бүрэн тасрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх бүрэн боломжтой...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. ...Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэх мэдүүлэг /хх-ин 51-52х/,
-2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-70х/,
- Шүүгдэгч Н.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг ... тоот хашааны зүүн урд талд баригдаж байгаа барилгын ажил хийж гүйцэтгэхдээ ... аймаг дахь Политехникийн коллежийн оюутан О.Б-г үйлдвэрлэлийн дадлага хийлгэхээр гэрээ байгуулан дадлага хийлгэхдээ үндсэн гагнуурын мэргэжлийн дагуу бус барилгын шавардлага хийлгэх ажил үүргийг Дорноговь аймгийн ... суманд гүйцэтгүүлж байсан болон ... аймаг дахь Политехник коллеж, ... ХХК, оюутан О.Б нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ биелүүлээгүй улмаас дадлагажигч оюутан О.Б нь дадлагын ажил хийж байгаад дриллэнд зүүн гарын эрхий хуруугаа хавчуулсны улмаас түүний биед зүүн гарын 1-р хуруу 2-р шивнүүрийн бүрэн тасрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Н.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч нь гомдол саналгүй гэсэн, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 1,691,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Bosi маркийн цахилгаан дрилл 1 ширхэг, зуурагч хошуу 1 ширхгийг шүүгдэгч Н.Г-т буцаан олгож,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ын Г /РД:.../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын Г-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь 1,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Bosi маркийн цахилгаан дрилл 1 ширхэг, зуурагч хошуу 1 ширхгийг шүүгдэгч Н.Г-т буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н