Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/00972

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/00972

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ББСБ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.М-д,

 

зээлийн гэрээний үүрэгт 147 806 191 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.О, хариуцагч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Молормаа нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Блю скай финанс ББСБ” ХХК-тай Б00179/2019 дугаар барьцааны болон А00179/2019 дугаар зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 30 хоногт 2.8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийг бэлэн бусаар шилжүүлсэн.

 

Мөн М.Бямбасүрэн нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Б” ХХК-тай А0041/2018 дугаар зээлийн болон Б/0041/2018 дугаар барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 30 хоногийн 2.5 хувийн хүүтэй зээлж, зээлийг М.Бямбасүрэнгийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. Уг зээлийн гэрээнд******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.

 

Мөн М.Б нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Б” ХХК-тай А/0041А/2019 дугаар нэмэлт зээлийн болон Б/0041А/2019 дугаар нэмэлт барьцааны гэрээг байгуулж, 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 30 хоногийн 3.0 хувийн хүүтэй зээлж, зээлийг бэлэн бусаар дансанд шилжүүлсэн. Уг нэмэлт зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр О.М оролцсон.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд буюу зээлийн гэрээний хавсралтад заасан хугацаанд зээлийг төлөхгүй удаа дараа зөрчиж байсан тул манай байгууллагын зүгээс удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлээ төлөхийг шаардсан.  

Зээлдэгч М.Бямбасүрэн нь нас барсан гэх бөгөөд******* нь А00179/2019 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 49 813 334 төгрөг, зээлийн хүү 26 501 356 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 956 101 төгрөг буюу нийт 77 270 791 төгрөг төлөөгүй байна.

 

Мөн А0041/2018 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл  37 746 612 төгрөг, зээлийн хүү 16 778 413 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 963 373 төгрөг буюу нийт 55 488 399 төгрөг төлөөгүй байна.

 

Мөн А/0041А/2018 дугаар зээлийн гэрээний үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 5 047 000 төгрөг буюу нийт 15 047 000 төгрөг тус тус төлөөгүй байна.

 

Иймд дээрх гэрээний үүрэгт нийт 147 806 191 төгрөгийг хариуцагч*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Блю скай финанс ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, А00179/2019 дугаар зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг, А0041/2018 дугаар зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг, А/0041А/2018 дугаар зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг тус тус өөрөө болон хамтран зээлдэгчийн хувьд “Блю скай финанс ББСБ” ХХК-иас зээлж авсан.

 

А00179/2019 дугаар зээлийн гэрээний хувьд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж 2020 оны 01 дүгээр сараас хойш хугацааны хүүг чөлөөлж өгнө үү.

 

Зээлдэгч М.Бямбасүрэн нь миний ээж бөгөөд 2019 оны 9 дүгээр сард нас барсан. Миний ээж хүнсний дэлгүүрийн бизнес эрхэлдэг байсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сард зээлсэн 50 000 000 төгрөгөөс нийт 26 200 000 төгрөгийг төлсөн. Тиймээс тухайн зээлүүдийн зээлийн хүүг зээлдэгчийн нас барснаас хойш хугацааны хүүг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч О.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 147 806 191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, А00179/2019 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 49 813 334 төгрөг, зээлийн хүү 26 501 356 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 956 101 төгрөг, нийт 77 270 791 төгрөг, ...А0041/2018 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл  37 746 612 төгрөг, зээлийн хүү 16 778 413 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 963 373 төгрөг, нийт 55 488 399 төгрөг, ...А/0041А/2018 дугаар зээлийн гэрээний үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 5 047 000 төгрөг, нийт 15 047 000 төгрөг тус тус гаргуулах” гэж тодорхойлжээ. Хариуцагч нь шаардлагын үндэслэлээс зээлийн хүүг багасгуулах талаар маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч О.М нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр А0041/2018 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д зааснаар хариуцагч нь 50 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл буюу 36 сарын хугацаатай, 30 хоногийн 2.5 хувийн хүүтэй, зээлийн дүнгийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, мөн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр А00179/2019 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д зааснаар хариуцагч нь 50 000 000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар, 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл буюу 36 сарын хугацаатай, 30 хоногийн 2.8 хувийн хүүтэй, үндсэн зээлийн дүнгийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, мөн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр А0041А/2019 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д зааснаар хариуцагч нь 10 000 000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл буюу 36 сарын хугацаатай, 30 хоногийн 3.0 хувийн хүүтэй, зээлийн дүнгийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр нэхэмжлэгчээс тус тус зээлэхээр харилцан тохиролцсон нь зээлийн гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Түүнчлэн, талууд уг зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан, байгуулсан, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Зээлийн гэрээний зүйл, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцдог. Хариуцагч нь дээрх А0041/2018 дугаар зээлийн гэрээний дагуу зээл 50 000 000 төгрөгийг, А00179/2019 дугаар зээлийн эрээний дагуу зээл 50 000 000 төгрөгийг, А0041А/2019 дугаар зээлийн гэрээний дагуу зээл 10 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч зээлийг хүлээн авсан талаар маргаагүй байх тул тэдний хооронд байгуулагдсан дээрх зээлийг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгчийг дээрх 3 зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг, 50 000 000 төгрөгийг, 10 000 000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлснээр гэрээ болон  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ биелүүлсэнд тооцно.

 

Харин хариуцагч нь А0041/2018 дугаартай зээлийн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 35 915 359 төгрөг төлөхөөс 12 253 387 төгрөгийг, хүүгийн төлбөрт 29 075 024 төгрөг төлөхөөс 12 296 610 төгрөгийг тус тус төлсөн. Мөн А00179/2019 дугаартай зээлийн гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 21 350 794 төгрөг төлөхөөс 186 666 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 31 261 3990 төгрөг төлөхөөс 4 760 034 төгрөгийг тус тус төлсөн. Мөн А0041А/2019 дугаартай зээлийн гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийг тус тус төлөөгүй нь зээлийн дансны хуулга болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна хариуцагч үүнийг үгүйсгээгүй.

Иймд хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээгээр харилцан тохиролцсон зээлийн болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр хугацаанаас нь өмнө цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу А0041/2018 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 37 746 612 төгрөгийг, А00179/2019 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 49 813 334 төгрөгийг, А0041А/2019 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.

 

А0041/2018 дугаартай зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн үндсэн хүүгийн хэмжээг 30 хоногийн 2.5 хувь, А00179/2019 дугаартай зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн үндсэн хүүгийн хэмжээг 30 хоногийн 2.8 хувь, А0041А/2019 дугаартай нэмэлт зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн үндсэн хүүгийн хэмжээг 30 хоногийн 3.0 хувь байхаар тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нь А0041/2018 дугаар гэрээний хүүгийн төлбөрт гэрээ цуцлагдсан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 16 778 413 төгрөгийг, А00179/2019 дугаар гэрээний хүүгийн төлбөрт 26 501 356 төгрөгийг, А0041А/2019 дугаар гэрээний хүүгийн төлбөрт 5 047 000 төгрөгийг тус тус төлөөгүй байна.

 

Дээрх гэрээнүүдийн 6.1.1-д хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцлахаар заажээ. Хариуцагч А0041/2018 дугаар гэрээний үүргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш, А00179/2019 дугаар гэрээний үүргийг 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хойш, А0041А/2019 дугаар гэрээний үүргийг гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөөр байхад нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү шаардсан нь хариуцагчийг илүү хүндрүүлсэн нөхцөлд оруулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий байхад зээлдүүлэгч гэрээг цуцлаагүй нь үүргийн хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Иймд хариуцагчийн А0041/2018 дугаар гэрээний хүүгийн төлбөрт төлөх 16 778 413 төгрөгөөс 4 000 000 төгрөгөөр, А00179/2019 дугаар гэрээний хүүгийн төлбөрт төлөх 26 501 356 төгрөгөөс 6 000 000 төгрөгөөр, А0041А/2019 дугаар гэрээний хүүгийн төлбөрт төлөх 5 047 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгөөр тус тус багасгаж хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Түүнчлэн, мөн зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүүг харилцан тохиролцох бөгөөд ингэхдээ нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэх ёсгүй. Ийнхүү тохиролцсоноор гэрээний хариуцлага буюу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг зээлдэгч талд үүсдэг.

 

А0041/2018 дугаар, А00179/2019 дугаар, А0041А/2019 дугаар гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг “20 орчим хувь байна” гэж тус тус заасан нь нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг заасан гэж үзэх боломжгүй. Учир нь, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн дээд хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй бөгөөд гэрээнд “20 орчим хувь” байхаар заасан нь хэмжээг тогтоосон буюу талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд “20 орчим хувь” гэж заасан нь 20 хувиар тогтоосон гэж үзэх үгийн шууд утгыг агуулахгүй байна. Иймд талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тохиролцсон гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч нь А0041/2018 дугаар гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү 963 373 төгрөгийг, А00179/2019 дугаар гэрээний дагуу 956 101 төгрөгийг, нийт 1 919 474 төгрөгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхгүй байна.   

 

Дээрх А0041/2018 дугаартай зээлийн гэрээг зээлдэгч талыг төлөөлж М.Бямбасүрэн болон хариуцагч*******, А00179/2019 дугаартай зээлийн гэрээг зээлдэгч талыг төлөөлж О.Пүрэвдэлгэр болон хариуцагч*******, А0041А/2019 дугаартай зээлийн гэрээг зээлдэгч талыг төлөөлж М.Бямбасүрэн болон хариуцагч******* нар байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч*******гаас шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгтэй нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч нараас өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

 

А0041/2018 дугаар, А00179/2019 дугаар, А0041А/2019 дугаар гэрээний 2.1.2-т тус тус зааснаар зээлийн зориулалт нь хэрэглээний болон эргэлтийн хөрөнгийн нэмэгдүүлэх байна.

 

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Төв банк нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар дээрх хуулийн мөн зүйлд заасан нөхцөл байдал гэрээний талуудад үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, гэрээний нэг тал болох хамтран зээлдэгч нарын нэг М.Бямбасүрэн нас барсан талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нас барсан нь хариуцагчийг зээлийн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн дэлхий нийтэд цар тахал гарсан нь нийтэд илэрхий үйл баримт боловч хариуцагч нь энэхүү давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүүгийн төлбөрийг багасгах үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл нийт 97 559 946 төгрөг, хүүгийн үлдэгдэл төлбөрт 37 326 769 төгрөг, бүгд 134 886 715 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 919 476 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч О.М-с 134 886 715 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 919 476 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896 981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 832 384 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН