| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/0046/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/44 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/44
2024 04 23 ....
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х,
улсын яллагч Д.З,
шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Л овогт М-ын А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, яс үндэс ..., ... настай, .., ... боловсролтой, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл .... хамт Дорноговь аймгийн .... сумын .... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Л овогт М-ын А /РД:..../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын .... дүгээр баг ... дугаар байрны орцонд хамт ажилладаг Т.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа, аймхай хэсэгт өшиглөсний улмаас биед нь зүүн нүдний орчим цус хуралт, уруулын өнгөц язарсан шарх, баруун талын эрүү болон аюулхай орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч М.А мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цохисон нь миний буруу. Эрүүл мэндийн даатгалд 131,250 төгрөгийг төлсөн. Хохирогчид эмчилгээний зардалд нийтдээ 2,500,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шинийн 4-ний өдөр байсан. Тэгээд ажил цуглаж байсан учраас ажил дээрээ очсон. Тэгээд өмнөх шөнө халуураад хоносон учир ... суманд очиж эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болоод машин дуудсан байсан. Тэгээд манай ажлын газрын ажилчин Г буюу Б-ын эхнэр нь ажил дээрээ ирээгүй тул би яагаад ажил тасалсан талаар асуухад өмнөх өдөр нь хэлсэн гэх шалтгаанаар надтай маргалдсан. Тэгтэл Б Г-ын утсыг нь аваад согтуу сонсогдож байсан. Тухайн өдөр Б амарч байсан. Тэгээд над руу чи ер нь давраад байгаа шүү гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь би хариу хэлэлгүй тасалчихсан. Тэгээд миний дуудсан машин ирсэн тул би гарч байгаад орцонд Б-тай таарсан. Тэгээд Б өмнөх өдөр нь золгосон мөртлөө янз үзэж байгаа юм шиг золгох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би түлхсэн чинь намайг куртикний захаар боохоор нь куртикээ тайлаад гадаа гаръя гэж хэлээд гарч ирээд нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон. Би Т.Б-ын нүүр хэсэгт нь хоёр удаа гараараа цохих үед нүүрэнд учирсан гэмтэл нь учирсан байхаа. Харин ноцолдож байх үед бусад гэмтэл нь учирсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43х/,
- Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн орчим Төмөр замын ... давхарт Д гэх настай өвгөн байдаг ба би тухайн хүнтэй золгох санаатай гэрээсээ гараад 12 айлын орц руу орж яваад орцон дотор манай А-тэй таарч чи чинь ахындаа ирж золгодоггүй юм уу гэж хэлсэн чинь А чамтай золгож яадаг юм. Чи ер нь ямар олон юм ярьдаг юм гээд миний нүүрэн тус газар 3-4 удаа цохиод миний аймхай руу өшиглөчхөөд гэр лүүгээ орсон. Тэгээд би цусаа цэвэрлэх гээд тонгойгоод байж байтал манай эхнэр Г.Г ирээд намайг аваад гэр рүү орсон. Миний хамар хугарсан, миний нүүр шалбарсан гэх зэрэг гэмтлүүд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8х/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Т.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас 131,250 төгрөгийн зардал Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 131,250 зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг М.А-ээс гаргуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13х/,
- Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 13-нд зам шалгалтын бригадын дарга Б гэх айлд чөлөөний хуудас авах гээд байж байтал таксинд явдаг Г над руу залгаж Б-г аваа мастертайгаа зодолдоод байна гэхээр нь би гараад очтол манай нөхөр Б дээгүүрээ өмссөн байсан хувцсаа тайлаад хаясан, нүүр нь цус болсон байсан, тэгтэл Г хувцас нь 12 айлын гадаа байгаа гэхээр нь очоод хувцсыг нь аваад ортол манай нөхөр гэртээ ороод нүүр гараа угаасан байсан. ... А ер нь бол хүмүүстэй харилцахдаа харьцаа муутай байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
- Гэрч П.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 14-нд Төмөр замын 12 айлаас нэг хүн явна гэж над руу ярьсан. Тэгээд би аймаг явах гээд хүмүүсээ цуглуулаад 12 айлын гадаа яваад очтол Б гэх хүн 12 айлын гадаа хамраас нь цус гарсан байдалтай сууж байхаар нь би эхнэр рүү залгаад танай нөхөр байрны гадаа хамраас нь цус гарсан сууж байна нөхрөө ав гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ин 20-21х/,
- Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “... Т.Б-ын биед зүүн нүдний орчим цус хуралт уруулын өнгөц язарсан шарх, баруун талын эрүү болон аюулхай орчим зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ...Дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. ...Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30х/,
- Шүүгдэгч М.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн... сумын ... дүгээр баг .... дугаар байрны орцонд хамт ажилладаг Т.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа, аймхай хэсэгт өшиглөж зүүн нүдний орчим цус хуралт уруулын өнгөц язарсан шарх, баруун талын эрүү болон аюулхай орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч М.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгийн торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт М-ын А /РД:.../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын А-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н