| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2021/01041/И |
| Дугаар | 102/ШШ2021/01158 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/01158
| 2021 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2021/01158 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.О-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Т-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Т-той 2011 онд танилцаж, 2012 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүү Т.Хантэнгэр төрсөн. Бид зан харилцаа болон гэр бүлийн асуудлаас болж 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Хүүхдийг өөрийн асрамжид үлдээнэ гэжээ.
Хариуцагч Э.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хүүхдээсээ харамлаж байсан удаа байхгүй. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас барилгын ажил хийх боломжгүй болоод хүргэлтийн компанид ажилд орсон. Сарын цалин 900 000 төгрөг авдаг бөгөөд үүнээс байр, цалингийн зээл төлдөг. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Хүүхдийг эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Э.Т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* болон хариуцагч******* нар 2012 оноос хамтран амьдарсан ба 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тэдний дундаас хүү Тодролын Хантэнгэр төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 0000909511 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна хүү Т.Хантэнгэрийн төрсөн эцэг нь хариуцагч******* мөн эсэхэд талууд маргаагүй, хариуцагч үүнийг зөвшөөрч байна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд төрсөн үеэс эхлэн эхийн асрамжид өсөн торниж байгаа үйл баримт болон хүүхдийн насны онцлог, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэдийгээр хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй боловч шүүх хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь түүний эрх ашигт нийцнэ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хүү Т.Хантэнгэрт эцэг*******оос тэтгэлэг гаргуулж олгох үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр хүү Т.Хантэнгэрийг эх *******ийн асрамжид үлдээж, эцэг *******оос тэтгэлэг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Тодролын Хантэнгэрийг эх Ц.Огийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Тодролын Хантэнгэрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Э.Т-оос гаргуулан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН