| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0077/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/76 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/76
2024/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Дд холбогдох 2412000000033 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт А аймгийн Т сумын .. дугаар багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Бгийн Д/РД:..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Днь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр .. аймгийн .. сумын .. багийн нутаг дэвсгэрээс хохирогч П.Хын эзэмшлийн 7 тооны хонь буюу бог мал хулгайд алдагдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Днь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрээс хохирогч П.Хын эзэмшлийн 7 тооны хонь буюу бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч П.Хын мэдүүлсэн “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай бэлчээрт байсан хониноос 7 хонь алга болсон байсан. Гэтэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 09:00 цагийн орчимд би дутсан байгаа хонио хайгаад манайхтай ойрхон Т сумын Х багийн Ц гэх газарт нутагладаг Сгэдэг айлд санаандгүй морьтой яваад очиход Дголыг нь таслаад гаргаад байж байсан. Би морьтой очсон учраас Сын гэрийн гадаа очоод хамгийн түрүүнд янзалж байсан хоёр хонийг нь харъя гэж бодоод шууд очтол манай хондлой дээрээ улаан будагтай хоёр хонь мөн байсан. Манай нутагт өөр улаан будагтай хонь байхгүй. Сын хонь өөр тэмдэгтэй байдаг учраас би гайхаад сайн хараад шалгахад манай хонь им, тэмдэгтэйгээ яг мөн байсан. Би С, Днараас юун хонь гаргаад байгаа юм гээд асуухад ах нь өнөөдөр идэшээ хийж байгаа юм гэж надад хэлсэн. Би өөрийнхөө хоёр хонийг нь харж таньчихаад дараа нь Сын малын өвөлжөөн дотор хашаатай байсан хонь, ямаанд нь шүүж үзэхэд мөн манай улаан будагтай 5 тооны хонь зүс, им тэмдэгтэйгээ яг таарч гарч ирсэн. Би С, Днарыг манай хонийг хулгай хийгээд янзалж байгааг нь хараад хэрүүл, маргаан хийгээд яах вэ, угаасаа цайчихсан хулгайч нар байна гэж бодоод цагдаа дуудах гээд буцаад явсан. Би гэртээ эргэж ирээд өөрийн ээж Бөхөөд манай хонийг Схулгай хийгээд хоёрыг нь махлаад янзалж байна, 5 хонь хашаан дотор нь Сын хоньтой нь хамт байна гэж хэлээд өөрөө буцаад уулын хяр дээрээс харж байя гэж бодоод очоод харж байсан. Би эхлээд тэдний гэрт очоод манайхаас хонь алга болчихлоо, танайд манай хонь малнаас байна уу гэж асуусан бөгөөд намайг морьтой очиход миний урдаас Дирсэн учраас би Дгээс асуусан гэтэл Дманайд бол тийм хонь байхгүй, танай хонь мал нийлээгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч С.Сын мэдүүлсэн “...Д2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн өглөө босоод хонио гаргаж янзална гээд гэрээс гарсан юм. Гэтэл Дманай хонины хашаан дотор Х гэдэг айлын 7 тооны хонь ирсэн байснаас 2 тооны хонийг нь нэмээд махалж, гаргасан байсан. Энэ талаар би тухайн үед Х ирээд бөөн хэл ам болоод байхаар нь гайхаад Дгээс асууж мэдсэн юм. Уг нь тэр айлын хонийг махлах шалтгаан Дд байхгүй баймаар юм, би мэдэхгүй байна. Би хэрхэн, яаж айлын хонь ирсэн талаар нь мэдэхгүй байна. Хэрэг гарсны дараа Дгээс болсон зүйлийн талаар асуухад манай хонинд Хын хонь өмнөх өдөр нь бэлчээрт нийлээд ирсэн байсан гэж л хэлсэн, өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/, яллагдагч Б.Дгийн мэдүүлсэн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06, 07-08 дугаар тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51-53 дугаар тал/, хулгайд алдагдсан малын үнэлгээг тогтоосон 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Днь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрээс хохирогч П.Хын эзэмшлийн 7 тооны хонь буюу бог малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дгийн бусдын малыг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Дг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Хт 1.260.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч П.Х нь хохирлоо авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Дг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан. Шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөд байдал тооцов.
Шүүгдэгч Б.Днь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Б.Днь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Днь 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Днь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР