| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2020/04173/И |
| Дугаар | 102/ШШ2021/00858 |
| Огноо | 2021-03-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2021/00858
| 2021 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2021/00858 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Б.Батчимэг, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ... дүүрэг, ... дугаар хороолол, ... дугаар хороо, .... дугаар байрны ... тоотод оршин суух, Оорцог нүцгэд овогт Мы О
Нэхэмжлэгч ... дүүрэг, ... дугаар хороолол, ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ******* овогт *******ын У нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамжны “Е” 000дугаар байрны ... тоотод оршин суух Т овогт Он Жд холбогдох гэм хорын хохирол 18.458.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нэхэмжлэгч З.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн өмгөөлөгч Х.Д, иргэдийн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэрэг явдал 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Вива сити” хорооллын замд орой 21 цагийн үед болсон.
Тухайн зам дээр М.О, нөхөр З.Уын хамт “Мерседес бэнз GLK-300” маркийн 77-71-УБТ улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон.
Тухайн үед жолооны ард нөхөр З.У сууж явсан.
Ингээд 21 цагийн үед 76-93-УНУ улсын дугаартай “Мерседес бэнз S-350” маркийн автомашины жолооч О.Ж мөргөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх хэсэгт заасан шийтгэл хүлээж, энэхүү үйл явдал хуулийн хүрээнд дууссан.
Шийтгэлийн хуудсаар хохирогч талд 18.331.400 төгрөгийн хохирол тогтоогдлоо гэсэн байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрсөн О.Жы баримтууд бий.
Мөн тэр осолд хоёр автомашиныг мөргөсөн байдаг бөгөөд бид өөрсдийнхөө автомашины хохирлыг нэхэмжилж байна.
Ослоос болоод нэхэмжлэгч нар эмнэлгээр их явсан баримтуудыг хэрэгт өгсөн. Эмчилгээний зардалд 460.000 төгрөгийг нэхэмжилж байгаагаас 260.000 төгрөг барианы төлбөр, толгойны зургийг нөхөр З.Уын хамт авхуулсаныг нэхэмжилж байна.
Мөн автомашины засвар сэлбэгийн үнийг “Хас” үнэлгээний газраар үнэлүүлсэн 17.456.400 төгрөг, үнэлгээний зардалд 420.000 төгрөг, 9 удаагийн таксины төлбөр 42.500 төгрөг, автомашин ачуулсны төлбөр 80.000 төгрөг нийт 18.458.900 төгрөгийг Иргэний хуулийн 499, 505, 510 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч З.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нөхөр З.Уын хамт “Мерседес бэнз GLK-300” маркийн 77-71- УБТ улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцоод явж байтал 76-93-УНУ улсын дугаартай “Мерседес бэнз S-350” маркийн автомашины жолооч О.Ж замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ирж мөргөөд, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн.
Ингээд манай машинд 18.331.400 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.
Мөн бид хоёрын эрүүл мэндэд хүртэл хохирол учирч эмнэлгээр их явж, зураг авахуулсны дараа толгой, нуруу, савны бариа засалд явсан.
О.Жы хувьд ослыг хүлээн зөвшөөрсөн баримтууд байдаг тул бидний хохирлыг барагдуулах ёстой гэж бодож байна.
Иймээс автомашиныг мөргөж эвдэлсний болон эрүүл мэндээрээ хохирсон тул эдгээр хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжилж байна.
Миний хувьд осол болох үед төрсөн, нялх биетэй сэтгэл санааны хувьд эмзэг үе дээрээ байсан. Их хожуу анхны хүүхдээ төрүүлсэн. Ослоос хойш толгой өвддөг болсон.
Иймээс машины засвар, нааш цааш явсан тахсиний мөнгийг би өөрийнхөө дансаар шилжүүлсэн баримтаа шүүхэд гаргаж өгсөн.
Нөхөр З.Уын тухайд эмчилгээний зардалд 230.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, миний хувьд “Хас” үнэлгээний газраар үнэлүүлсэн автомашины эвдрэл, бариа засал, толгойн зураг авахуулсны зардалд 18.458.900 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч О.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Вива сити” хороололын замд 76-93-УНУ улсын дугаартай “Мерседес бэнз S-350” маркийн автомашиныг жолоодож яваад, “Мерседес бэнз GLK-300” маркийн 77-71-УБТ улсын дугаартай автомашиныг санаадгүй байдлаар мөргөж иргэнд хохирол учруулан осол гаргасан нь үнэн.
Тус иргэний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.У, М.О нар, хариуцагч О.Жд холбогдуулан гэм хорын хохирол 18.458.900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
Нэхэмжлэгч нарыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цаг 59 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Вива сити” хороололын урд замд “Мерседес бэнз GLK-300” маркийн 77-71-УБТ улсын дугаартай суудлын автомашинтай явж байхад хариуцагч О.Ж 76-93-УНУ улсын дугаартай “Мерседес бэнз S-350” маркийн суудлын автомашиныг жолоодож яваад, Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, зам тээврийн осол гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 00155959 дугаартай “Шийтгэх хуудас”-аар зөрчлийн шийтгэл хүлээж, 100.000 төгрөгөөр торгуулсан болох нь талуудын тайлбар, бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.О, З.У нар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэг учруулсан хохирлыг арилгуулахаар хамгаалуулах мөн хуулийн 497, 505, 510 дугаар зүйлд зааснаар хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.
Зохигчид зам тээврийн осол гарсан талаар маргаагүй бөгөөд хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ 17.456.400 төгрөгийг төлөх, төлөхгүй талаар мэтгэлцэж байна.
Хариуцагч О.Ж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах ба өөрөөр хэлбэл хохирол төлөхгүй байх шаардлагаа нотлох, нотлож чадаагүй тохиолдолд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан бол гэм хорыг арилгах эсхүл гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж хохирлыг барагдуулах үүрэгтэй.
Тодруулбал, хариуцагчийн гэм буруутай үйлдэл зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар нотлогдсон тул нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагчаас гаргахдаа, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, “Буянт-Оюу” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаартай “Хас үнэлгээ” ХХК-д албан бичгээр явуулсан “ Тодорхойлолт”-д 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай компанийн “UB-4” авто засварын газарт “GLK-300” маркийн 77-71-УБТ улсын дугаартай автомашиныг оношлоход 7 төрлийн эвдрэл гэмтэл үүсэж мөн тэнхлэг тохиргоо хийлгэх шаардлагатай” гэж,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 265 дугаартай үнэлгээгээр дээрх автомашинд 29 нэр төрлийн 17.456.400 төгрөгийн эд ангийн эвдрэлтэй талаар үнэлгээ гаргаснаас нэхэмжлэгч нар үнэлгээний дагуу автомашинд 17.456.400 төгрөгийн засвар хийсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч М.О өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5062-0444-84 дугаартай данснаас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл автомашины ачилга, такси, машины засвар, ажлын хөлс, сэлбэг, толгойн КТГ зураг авахуулсаны үнэ, бариа заслын төлбөрт 2.562.500 төгрөг, З.У толгойн зураг, бариа засалын төлбөрт 230.000 төгрөгийг төлсөн нь дансны дэлгэрэнгүй хуулга, эмнэлэгт төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас 2.792.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 15.666.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэдийн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд “хариуцагч О.Ж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлөх нь зүйтэй” гэж дүгнэсэн дүгнэлтээ уншиж танилцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 59.630 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Жаас гэм хорын хохиролд нэхэмжлэгч М.От 2.562.500 төгрөг, З.Ут 230.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15.666.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 59.630 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
М.МӨНХТӨР