Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Д.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох 201614000396 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, -- настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот ** дүүрэг ** дугаар хороо ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Д-ийн Б- /РД: хх*********/

 

Шүүгдэгч Д.Б- нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутагт Орхон аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны гадна талбайд М.Б-этэй иргэний журмаар шийдвэр гүйцэтгэлийн асуудлаас марган улмаар М.Б-ийн эзэмшлийн 00-00 ОРО улсын дугаартай Форд экспедишн маркын тээврийн хэрэгслийн баруун талын толийг гараараа цохиж хугалан бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч Б-э нь манай аавын орон сууцыг худалдан аваад төлбөрөө бүрэн төлөөгүйгээс маргаан үүүссэн. Би энэ асуудлаар Б-этэй уулзахад өөдөөс “та нар намайг залилсан. Миний засварын мөнгийг өг” гэж хэлэн “намайг цохьчих” гэх мэтээр доромжилсноос бид 2 маргалдсан. Би тухайн үед Б-ийг машинаасаа буугаад ир гэхэд буухгүй болохоор нь машины толийг нь цохисон. Толь нь газар унаад хагарсан. Үүр нь унжаад байж байсан. Би энэ толийг нь устгая гэмтээе гэж бодоогүй, эцэг эхийг маань доромжлоод байсан болохоор уурлаад бачимдаад цохичихсон юм. Намайг нэг юманд хийчих гээд өдөөд байсан. Энэ үйлдэл миний буруу. Үүндээ маш их харамсаж гэмшиж байна. Уурандаа цохичихсон. Тухайн үед ийм юм болно гэж бодоогүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08-р сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйтцэтгэгч Г- залгаад ажил дээр хүрээд ир гэсэн юм. Миний очих байсан шалтгаан гэвэл Д- гэх хүнээс 2014 оны 11-р сард Орхон аймаг Баян-Өндөр сумын ** багийн ** тоот амины орон сууцыг 200 сая төгрөгөөр худалдаж авахаар болоод гэрээ хэлэлцээр хийгээд бэлнээр нь 90 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг нь 2015 оны 06-р сарын 01-ний дотор өгөхөөр гэрээ хийгээд харин би хугацаандаа өгч чадаагүй учир Д- гэх хүн шүүхэд хандаад улмаар шүүхийн шийдвэр гарч эвлэрэлийн гэрээ байгуулан мөнгөө өгөхөөр болсон учир гэрээг цуцална гээд намайг дуудсан юм. Намайг шүүхийн шүүдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Г- гэх хүнтэй очиж уулзаад байж байсан чинь Д- гэх хүний хүүхэд Б- шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнд орж ийм гэрээ гэж ямар юм байдаг юм гээд байсан. Тэр үед та нар одоо маргалдах хэрэггүй би энэ асуудлыг шийдвэрлэнэ та нар маргаад байх шаардлагагүй гэсэн юм. Тэгээд Б- гараад явсан. Би Г- шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаад мөнгө өгөх талаар ярилцаад гарсан юм. Гадаа гарахад Б- үүдэн дээр зогсож байсан. Тэгээд намайг элдвээр хэлээд байсан. Ална шүү, хамрыг чинь цөм цохино шүү, чамд 500 г өгөөд л сална шүү гээд байсан. Мөн намайг толгойгоороо түлхээд байхаар нь би машиндаа суугаад хаалгаад цоожлоод байж байтал буруу талын урд талын хаалганы толийг нэг юм хэлснээ баруун гараараа цохиод толины суурийг хугалсан. Тэр үед толь хагарч газарт унасан юм. Би машинаасаа буугаад Г- шийдвэр гүйцэтгэгчид хэлэхээр орсон. Г- шийдвэр гүйцэтгэгч Б-, Б-ийн эгч О- хоёрт та нар ингэж болохгүй шүү дээ, энэ хүний мөнгөний асуудлыг би шийдвэрлэж өгнө, та нарын мөнгийг би аваад та нарт өгнө гэж хэлээд орсон. Халзан толгойтой энгийн хувцастай хүн гарч ирээд хагарсан толийг шүүрдээд хамаад явсан. Би тэр үед цагдаа дуудсан байсан юм. Б-т хандан цагдаа ирээд учрыг нь олох байлгүй дээ гэсэн чинь хэсэг хүлээж байснаа яваад өгсөн юм гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/

Тухайн хэрэг болсоны дараа машиныг Төв аймгийн Заамар суманд байдаг аавдаа авч өгч байгаа гээд Б- гэдэг хүнд зарсан юм. Энэ хүн толийг нь цуг аваад явсан, дараа нь толийг янзлуулаад машиндаа тавьсан гэсэн. Хохирол барагдуулж авсан. Форд компанийн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоодог ганц газар болох “Вагнер” компаниар үнэлүүлсэн юм, хэрэг гарах үед бол толины суурь хугарч, доторхи толь хагарсан, ар талын нааш цааш хөдөлгөдөг суурь нь хагараад уначихсан байсан. Авсан хүн нь янзлуулаад шинэ толь хийлгээд машиндаа тавьсан гэсэн мэдүүлэг /хх 121 ху/,

 

-Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08 сарын 01-ний өдөр 11 цаг өнгөрч байхад 140.000.000 төгрөгний асуудлаар Б-э нь надтай уулзаж гараад буцаж орж ирээд миний машины толийг Д- гэх хүний хүүхэд Б- гэх залуу хагалаад хаячихсан гэж хэлсэн. Тэгээд би гараад машиных нь толийг харахад газраар нэг хагарсан шил харагдсан. Толины суурь утсан дээр тогтсон байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх 29-31 ху/,

 

-Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би М.Б-э гэх зүс таних залуугаас Форд экспедишн маркын 00-00 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 08 сард худалдаж авсан бөгөөд намайг машиныг авах үед зөв талын толь байхгүй байсан. М.Б-ээс асуухад толийг хүн эвдсэн гэж байсан. Толь суудаг их биендээ байхгүй толины толь нь хагарсан суурь нь эвдэрсэн, толь суудаг хэсгийн суурь нь байхгүй байсан. Үүнийг авахдаа худалдаж авсан үнээсээ толины үнэ гэж 560.000 төгрөг хасаад авсан. Энэ машиныг би өөрийн аавдаа авч өгсөн бөгөөд толийг сүүлд нааж янзлаад ашиглаж байгаа. Одоо толийг авч өгөх боломжгүй, уг машин нь Төв аймгийн Заамар суманд хол байгаа одоо эргүүлж авбал дахин ашиглах нөхцөлгүй байгаа гэсэн мэдүүлэг /хх 133 ху/,

 

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 6, 21 ху/

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх13-14 ху/

-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах /хх 15 ху/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20 ху/

-Хохирлын үнэлгээ /хх 123-126 ху/

            -2016 оны 07 сарын 25-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж / хх 35-36 ху/

-2016 оны 06 сарын 14-ний өдрийн Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх 37-41 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 ху/        

-Д.Б-ийн сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 52-56 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Б- нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутагт Орхон аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны гадна талбайд М.Б-этэй иргэний журмаар шийдвэр гүйцэтгэлийн асуудлаас марган улмаар М.Б-ийн эзэмшлийн 00-00 ОРО улсын дугаартай Форд экспедишн маркын тээврийн хэрэгслийн баруун талын толийг гараараа цохиж хугалан бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч М.Б-э /хх16-17 ху/, гэрч Ц.Г- /хх 29-31 ху/, Д.Б- /хх 133 ху/ нарын мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-14 ху/, хохирлын үнэлгээ /хх 123-126 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...мөрдөн байцаалтын шатанд толийг яаж хаагуур нь гэмтээснийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл толийг хугарсан, цуурсан, углуургаараа мултарсан эсэхийг тогтоогоогүй. Хохирогчийн анх цагдаагийн газарт өгсөн өргөдөл, мэдүүлэг, камерын бичлэг зэргээс үзвэл хохирогчийг худал мэдүүлсэн байна. Б-ын хувьд хөөж зодох гэсэн асуудал харагдахгүй байна. Харин цохь л доо гэсэн байдалтай толгойгоо өгөөд байна. Мөн толины үнэлгээг бодитой тогтоогоогүй, мөн шинжээчийн дүгнэлтээр ч хаагуураа яаж гэмтсэн нь тогтоогдоогүй. Давж заалдах шатны магадлал биелэгдээгүй. Дээрхи байдлуудаас үзвэл шүүгдэгч Д.Б-ыг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байна.

 

Гэвч дээрхи хүсэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  шүүгдэгчийн “... Б-этэй уулзахад өөдөөс “та нар намайг залилсан. Миний засварын мөнгийг өг” гэж хэлэн “намайг цохьчих” гэх мэтээр доромжилсноос бид 2 маргалдсан. Би тухайн үед Б-ийг машинаасаа буугаад ир гэхэд буухгүй болохоор нь машины толийг нь цохисон. Толь нь газар унаад хагарсан. Үүр нь унжаад байж байсан. Би энэ толийг нь устгая гэмтээе гэж бодоогүй, ...Энэ үйлдэл миний буруу. Үүндээ маш их харамсаж гэмшиж байна. Уурандаа цохичихсон” гэсэн, хохирогч М.Б-ийн “...Гадаа гарахад Б- үүдэн дээр зогсож байсан. Тэгээд намайг элдвээр хэлээд байсан. Ална шүү, хамрыг чинь цөм цохино шүү, чамд 500 г өгөөд л сална шүү гээд байсан. Мөн намайг толгойгоороо түлхээд байхаар нь би машиндаа суугаад хаалгаад цоожлоод байж байтал буруу талын урд талын хаалганы толийг нэг юм хэлснээ баруун гараараа цохиод толины суурийг хугалсан. Тэр үед толь хагарч газарт унасан юм” гэсэн /хх 16-17 ху/, гэрч Ц.Г-ийн “...Б-э нь надтай уулзаж гараад буцаж орж ирээд миний машины толийг Д- гэх хүний хүүхэд Б- гэх залуу хагалаад хаячихсан гэж хэлсэн. Тэгээд би гараад машиных нь толийг харахад газраар нэг хагарсан шил харагдсан. Толины суурь утсан дээр тогтсон байдалтай байсан” гэсэн /хх 29-31 ху/, гэрч Д.Б-ийн “...Форд экспедишн маркын 00-00 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 08 сард худалдаж авсан бөгөөд намайг машиныг авах үед зөв талын толь байхгүй байсан. М.Б-ээс асуухад толийг хүн эвдсэн гэж байсан. Толь суудаг их биендээ байхгүй толины толь нь хагарсан суурь нь эвдэрсэн, толь суудаг хэсгийн суурь нь байхгүй байсан” гэсэн /хх 133 ху/ гэсэн мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 13-14 ху/ зэргээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.