Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 856

 

    С.С-д холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Б.Гүнсэл,

яллагдагч С.С-н өмгөөлөгч Г.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/922 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Гүнсэлийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцэл болон яллагдагч С.С-н өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлоор С.С-д холбогдох эрүүгийн 2010 00482 0270 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Н овгийн С-н С, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/,

С.С нь өөрийн ажиллаж байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдаж байгаа “Хангарьд сити 2” хорооллын 7 дугаар блокны 1, 2 дугаар давхараас 2020 оны 2 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө “В к” ХХК-ийн сунадаг шат, молдок, цохилттой дрилл, тасдагч, халаалтын тен, пуужин халаагуур, токарийн машин, цахилгааны утас зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 4.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан гэрч Ч.Д-н “...нэг давхарт С.С ахын үлдээсэн байсан багажнуудыг зөөж гаргаад машинд ачсан. Тэгэхэд Ганбат ах, С.С ах хоёр өөр хүний багажнуудыг зөөж гаргаад байсан. Би тэр хоёроос “яаж байгаа юм” гэх асуухад С.С ах “түр хэрэглэчихээд буцааж өгнө, инженер Очирбат ахад хэлсэн” гэж хэлсэн. Тэгээд л үлдсэн багажнуудыг зөөсөн. ...багажнуудыг зөөж дуусаад С.С ах машинаараа намайг гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 30/, гэрч Э.Ганбатын “...Багажнуудыг зөөж байхад С.С тэнд байсан өөр багажнуудыг хамт гаргаад машинд аччих гэж хэлэхээр нь би “болох юм уу” гэхэд ‘болноо, түр хэрэглэж байгаад буцаагаад өгчихнө” гэж хэлсэн. Тэнд байсан бүх багажийг зөөгөөд С.С-н машинд хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх 31/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-18/ зэргээр яллагдагч С.С нь хулгайлсан эд зүйлсээ өөрийн эзэмшлийн 91-93 УБМ улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгслийг ашиглан зөөвөрлөсөн байна.

Яллагдагч С.С нь сунадаг шат, молдок, цохилттой дрилл, тасдагч, халаалтын тень, пуужин халаагуур, токарийн машин, цахилгааны утас зэрэг эд зүйлсийг /хх 15-18/ машин механизм ашиглахгүйгээр зөөвөрлөх боломжтой эсэх нь эргэлзээтэй байхад улсын яллагчаас хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 Прокурор Б.Гүнсэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй тул захирамжийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан "... машин механизм ашиглаж үйлдсэн ...” гэдэгт хулгайлах гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа хулгайн эд зүйлийг хэргийн газраас зөөвөрлөсөн байдал хүндрүүлэх шинжид хамаарахгүй. Хэрэгт авагдсан хохирогч М.О, яллагдагч С.С, гэрч Ч.Д, Э.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар “... яллагдагч С.С нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Хангарьд сити 2” хорооллын барилга дээр 2020 оны 2 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө очиж өөрийн хэрэглэж байсан багаж, эд зүйлийг авахдаа бусдын эд зүйлийг авах санаа төрж, “В к” ХХК-ийн эзэмшлийн сунадаг шат, молдок, цохилттой дрилл, тасдагч, халаалтын тень, пуужин халаагуур, токарийн машин, цахилгааны утас зэрэг эд зүйлийг хулгайлан авч, өөрийн эд зүйлсийн хамт машинд ачиж явсан болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл яллагдагч С.С нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөнд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор автомашиныг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/922 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч С.С-н өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 922 дугаар захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ...

Өмгөөлөгчийн зүгээс прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь:

Яллагдагч С.С нь өөрийн ажиллаж байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдаж буй “Хангарьд сити 2” хорооллын 7 дугаар блокны 1, 2 дугаар давхараас 2020 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө “В к” ХХК-ийн сунадаг шат, молдок, цохилттой дрилл, тасдагч, халаалтын тень, пуужин халаагуур, токарийн машин, цахилгааны утас зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч, бусдад 4.970.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь яллагдагч С.С-н гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд яллагдагч С.С-н дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгт хулгайлсан эд зүйлийг машин механизм ашиглахгүйгээр зөөвөрлөх боломжтой эсэхийг хангалттай тогтоосон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч С.С-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Хэргийн материалыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн шийдвэр гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс С.С нь хулгайлсан эд зүйлсээ өөрийн эзэмшлийн ....... УБМ улсын дугаартай, “Альфард” загварын тээврийн хэрэгслийг ашиглан зөөвөрлөсөн эсэхийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар дахин тодруулахаар хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

Дээрх байдлыг шалгаж тогтоосноор С.С-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаа эсэх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг хэрэглэх шаардлагатай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой болох юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” буюу нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосны эцэст хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй тул прокурор Б.Гүнсэлийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.