Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2022/0045

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, И.Д нэхэмжлэлтэй, тус  аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 33 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V дугаар хуралдаанаар сумын Засаг дарга И.Д огцруулсан 33 дугаар тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII дугаар хуралдаанаар авч хэлэлцээд 37 дугаар тогтоолоор хүчингүй болгосон болно. Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчээс шүүхэд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 33 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 37 дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн байна.

            Хариуцагчийн ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д  заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Д шүүхэд гаргасан “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 33 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, И.Д нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 69  дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд  шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                                   

 

                                              ШҮҮГЧ                                      М.РИЗА