| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0084/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/82 |
| Огноо | 2024-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/82
2024/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яовогт Агийн Бод холбогдох эрүүгийн 2412000000054 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Т сумын Х багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Яовогт Агийн Б/РД:../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.Бнь 2024 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Сэнгэ гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Утай маргалдан нүүрэн тус газарт нэг удаа, толгойн ар хэсэгт нэг удаа гараараа цохиж, түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, баруун зовхи, дагз орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Бнь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Д.Уын мэдүүлсэн “Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн И сумын Х багийн .. гэх газарт өвөлжиж байгаа аав Дийнд очсон. Тэгээд тэнд 1 хоноод 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шөнө унтаж байсан чинь гэрийн гадаа согтуу бололтой хүн ална та нарыг гээд орилоод хашгираад байхаар нь манай аав Д гарсан бөгөөд би араас нь гутлаа өмсөөд гарсан чинь манай аав Д нэг хүнийг чи яагаад байгаа юм бэ, боль гэчихсэн зогсож байхаар нь би очоод чи болио хө, согтуу байна, хүмүүс унтаж амарч байна гэсэн чинь намайг цохиод унагасан. Би нүүрээ дараад доошоо суусан чинь яг толгойны орой хэсэг рүү тас гээд цохисон. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байгаа юм. Нэг ухаан орсон чинь гэртээ орон дээр хэвтэж байсан. Тэгж байтал аймгаас манай эхнэр, 2 дүүгийн хамт И сумын цагдаа нартай хамт ирсэн. Би аймгийн төв рүү орж ирээд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлээд тэр дороо Мэс заслын тасагт хэвтсэн. Тэр хүнд цохиулснаас болоод баруун нүд хөхөрсөн, хоёр нүдний дунд хэсэгт халцарсан, толгой байнга өвдөж байгаа, юм харахаар дандаа 2 хараад, дээр, доор хараад байгаа. Заримдаа юм тулах гэхээр өндөр харагдаад тулахаар хий дарж уначих гээд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 дүгээр тал/, хохирогч М.Дийн мэдүүлсэн “... 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орой манай эхнэр Ц, хүү У нарын хамт 21 цаг өнгөрөөгөөд унтсан чинь 22 цаг өнгөрч байхад манай гадаа отор хийж ирсэн Б, Ц нар архи уучихсан согтуу ирээд гөлөгнүүд гараад ир, ална та нарыг гээд орилоод байсан бөгөөд бараг 30 орчим минут орилж хашгирч байсан. Удалгүй Б, Ц нар гэртээ ороод нилээн байж байгаад 23 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарч ирээд улам чанга орилоод гараад ир, гөлөгнүүдээ, ална та нарыг гээд орилоод эхэлсэн. Би бодохдоо гэртээ ороод дахиж нэмж архи уусан байх гэж бодсон бөгөөд орилж хашгираад хүмүүс унтуулж амраахгүй болохоор нь би гэрээс гараад харсан чинь Бнь өөрийнхөө эмэгтэй дүүтэй зогсож байхаар нь би нилээн дөхөөд ойртож очоод чи юу гээд бархираад байгаа юм бэ, ороод унтчих, миний дүү согтсон байна ш дээ гэсэн чинь битгий хуцаад пялдагдаад бай, чамайг ална пизда минь гээд байж байсан чинь манай хүү У гарч ирээд миний урд орж зогсоод хөгшөөн унтаж амармаар байна, чи амарчихаач гэсэн чинь Бманай хүү Уын нүүр рүү нь цохисон чинь У нүдээ дараад жаахан тонгойсон чинь дахиад цохисон. Яг хаана нь цохисныг хараагүй. Тэгсэн чинь манай хүү У 4 мөчөө дэлгээд газарт уначихсан, ухаан ороогүй, 4 мөч нь дэлгээтэй газарт хэвтэж байсан бөгөөд хажууд нь Б, Бын охин дүү 2 байсан. Манай хүү ухаан ороод надаас ааваа сая намайг яачихваа гэхээр нь миний хүүг цохичихлоо ш дээ гэж хэлээд би машинаа асаагаад хүүгээ аваад эмнэлэг явах гээд жаахан явсан чинь манай хүү ааваа би явж чадахгүй нь толгой өвдөөд байна гэхээр нь би за болохгүй юм байна гэж бодоод буцаж гэртээ ирээд аймаг руу хүүхдүүд рүүгээ утсаар яриад У зодуулчихлаа, явж чадахгүй байна, түргэн дуудаад эмч аваад наашаа яаралтай гар гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн “...Би Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.311.400 төгрөгийг нэхэмжилж байна. А.Бгэдэг хүн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 1.311.400 төгрөгийг төлчихвөл надад гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар тал/, гэрч А.Байгальмаагийн мэдүүлсэн “...Манайх 2023 оны 12 дугаар сарын 25-ны үед Тариат сумаас Ихтамир сумын Хан-Өндөр багийн Сэнгэ гэдэг газар руу отор хийж малаа авч ирээд Д гэдэг айлын гадаа 5.000.000 төгрөг өгч буусан. У гарч ирэхдээ бас том, том дуугараад яагаад байгаа юм бэ гээд бид нарын хажууд ирээд зогсохоор нь би Уыг чи цаашаа явчих гээд түлхсэн чинь явахгүй байхаар нь манай ах цохисон чинь У газарт уначихаар нь би очоод цээжийг нь өндийлгөсөн чинь өөрөө өндийсөн. Ингээд би нөхрийгөө гараад ир гэж дуудаад манай нөхөр гараад ирэхээр нь ах энэ хүнийг цохичихлоо, ахыг аваад цаашаа яв гэж хэлээд байж байсан чинь Д гуайн эхнэр гэрээсээ гараад ирэхээр нь Уыг хоёр талаас нь сугадаад гэрт нь оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар тал/, гэрч Т.Цгийн мэдүүлсэн “...Манай нөхөр Д ер нь гаръя гээд гарснаа гадаа хүнтэй маргалдаад байгаа бололтой байсан чинь манай хүү аавынхаа араас гарсан. Манай нөхөр, хүү хоёр орж ирэхгүй болохоор нь би араас нь гар чийдэн аваад гарсан чинь манай нөхөр юм ярилгүй надтай зөрөөд орсон. Би гар чийдэн тусгаад харсан чинь отор хийж ирсэн А.Бгэдэг залуу ганцаараа зогсож байсан. Би машин тойроод гэрэл тусгаад харсан чинь манай хүү газарт уначихсан, Бын дүү Цын эхнэр нь манай хүүгийн гараас барьчихсан сууж байсан. ...Би өшиглөж, цохихыг нь хараагүй. Сүүлд нь манай хүү надад ярихдаа би Бгэдэг хүний хажууд очоод хөгшөөн одоо больчих, настай хүмүүс амарч байна, шөнө, орой болсон байна гэсэн чинь нүүр рүү цохисон, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, би ухаан алддаг юм байхдаа, сонин юмаа гээд гайхаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-102 дугаар тал/, яллагдагч А.Бын мэдүүлсэн “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа. Би гэм буруу дээрээ маргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 119-121 дүгээр тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...1. Д.Уын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, баруун зовхи, дагз орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...” гэх дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Бнь хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, баруун зовхи, дагз орчим зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, өмгөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч А.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан. Хохирогч Д.Уын эмчилгээ хийлгэсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 1.289.400 төгрөгийг шүүгдэгч А.Бнь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлсөн болох нь шүүгдэгч А.Бын шүүх хуралдаанд шинээр өгсөн “Төрийн банк”-ны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүгийн баримтаар нотлогдож байх шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Бод Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.Бнь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч А.Бнь эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Яовогт Агийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бнь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР