| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 187/2020/0026/Э |
| Дугаар | 343 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 343
2020 3 24 2020/ДШМ/343
Д.Оад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эсэн,
өсвөр насны шүүгдэгч Д.О, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Дашням нарын өмгөөлөгч Г.Энхболд,
хохирогч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Б.Ганболд,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан давж заалдах гомдлоор өсвөр насны шүүгдэгч Д.Оад холбогдох 1910024450833 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Өөлд овгийн Дашнямын О, 2003 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Орхон аймагт төрсөн, 16 нас 6 сартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн харъяа, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Горькийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;
Өсвөр насны шүүгдэгч Д.О нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан техникийн их сургуулийн харъяа, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гадна 2019 оны 10 дугаар сарын 20-ны орой О.Тэмүүжинг зодож, түүний биед зүүн хацрын нум, зүүн гайморын хөндийн урд хана, дотор хана, зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Өөлд овгийн Дашнямын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд шүүгдэгч Д.Оыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Оад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг харъяа дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг үүрэг болгож, өсвөр насны шүүгдэгч Д.Оыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эцэг Янсанжавын Дашнямд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.Оад мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Оын хууль ёсны төлөөлөгч Я.Дашнямаас 793.101 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Тэмүүжинд олгож, хохирогч О.Тэмүүжин нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Д.О бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Б.Ганболд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан буюу шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлын талаар хүний биед гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Учир нь, энэ хэрэг гарах үед Хосбаяр, О зэрэг этгээдүүд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэснээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар 8 хүртэл жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байсан боловч шүүх үүнийг анзаараагүй байна.
Шүүх, өсвөр насны шүүгдэгч Д.Оын гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй байсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоол гаргах үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт бодит үндэслэл муутай болсон. Шинжээчийн дүгнэлтэд хэрэг болсон цаг хугацааг 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-ний өдөр гэх, шийтгэх тогтоолд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэж үндэслэлгүй дүгнэлтийг тус тус хийсэн. Хохирогч О.Тэмүүжингийн биеийн байдал нь өнөөдрийг хүртэл эдгэрээгүй байгаа бөгөөд цаашид хэвийн байдалдаа эргэж орохгүй байх магадлалтай буюу хүнд гэмтсэн гэж үзэхээр байна. Иймд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь бодит байдлыг үнэн зөвөөр үнэлж дүгнэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хохирогчийн өмгөөлөгч үзэхдээ хохирогчийн биеийн байдал хүнд байгаа тул хүнд гэмтэл учирсан байх магадлалтай гэж үзэж байгаа боловч хэрэг гарснаас хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байхад хохирогчоос ямар нэгэн байдлаар эмнэлэгт үзүүлж дахин эмчилгээ хийлгэсэн зүйлгүй байна. Мөн эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэсэн гэх зардал, баримт ч байхгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Мөн шинжээчийн дүгнэлтийн он, сар, өдөр зөрүүтэй байгаа талаар хэлэхэд, улсын яллагч яллах дүгнэлтдээ гэмт хэрэг болсон цаг хугацааг 10 дугаар сарын 20-ны өдөр гэж бичсэн байсныг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэж тогтоосон. Шийтгэх тогтоолд “2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр” гэж бичигдсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Танхайрах нь олон нийтийн газар бусадтай зодолдсон буюу хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэрэг субъектив талын шинжээрээ ялгагддаг тул анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан асуудал байхгүй. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй талаар хэлэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарт шинжээч томилсон тогтоол болон дүгнэлтийг танилцуулсан ба ямар нэг гомдол, санал гаргаагүй. Хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах нь эргэлзээгүйгээр тогтоогдсон тул холбогдох зүйл ангиар зүйлчилсэн. Он, сар, цаг хугацааны хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд шүүх эрх хэмжээндээ шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо толгой эргэх зэрэг биеийн зовиурынхаа талаар мэдүүлж байсан. Гэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн ярьсан шиг зовиурын талаар яриагүй. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчид учирсан гэмтлийн талаар ярьж байгааг үгүйсгэхгүй боловч нотлох баримт байхгүй байх тул уг гомдлыг хүлээж авах үндэслэлгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Өсвөр насны шүүгдэгч Д.Оад холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Д.О нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан техникийн их сургуулийн харъяа, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гадна 2019 оны 10 дугаар сарын 18-ны орой О.Тэмүүжингийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, түүний биед зүүн хацрын нум, зүүн гайморын хөндийн урд хана, дотор хана, зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.Тэмүүжингийн “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орой ангийнхан урлагийн үзлэг бэлдээд ангидаа байж байхад манай ангийн О надад “нөгөө ангийн Хосбаяр гэдэг хүүхэд дуудаж байна” гэж хэлсэн. Би их сургуулийн урд яваад очиход Хосбаярын эргэн тойронд хоёроос гурван хүүхэд байсан. ...манай ангийн О миний зүүн нүд рүү гараараа дөрвөөс таван удаа цохисон бөгөөд би Оыг цохих гэхэд миний хамраас цус гарсан тул Оыг цааш түлхсэн. ...” /хх 11-13/,
гэрч Б.Оюунтуяагийн “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Тэмүүжин цэргийн үзлэгт ороод тэнцсэн бөгөөд орой нь сургууль руугаа очиж ангийн багш болон ангийнхандаа цэрэгт явлаа гэж хэлэхээр явсан. Тухайн орой манай хүү Тэмүүжин над руу залгаад ангийнхаа хүүхдэд зодуулчихлаа гэж хэлсэн. Би Тэмүүжинг гэртээ орж ирэхээр нь харахад хамар нь мурийсан, зүүн нүдний доор хөхөрсөн байсан бөгөөд маргааш өглөө нь түүнийг дагуулаад сургууль дээр нь очсон. Багш нар нь урлагийн үзлэгт орсон байсан бөгөөд 17 цаг хүртэл хүлээсэн. ...сургууль дээрээс нь шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. ...” /хх 18-20/,
гэрч И.Ууганцэцэгийн “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр О.Тэмүүжингийн ээж нь “манай хүүхэд сая сургууль дээрээ хүнд зодуулсан гэж хэлж байна” гэхээр нь би “одоо анги руугаа оръё” гэж хэлээд коридорт явж байтал Тэмүүжин нүдээ дарчихсан явж байхаар нь би юу болсон талаар асуухад эхлээд надад хэлэхгүй байсан, сүүлдээ надад “манай ангийн О зодсон” гэж хэлсэн. Би “яагаад” гэж асуухад Тэмүүжин “би Хосбаяртай уулзаад байж байхад миний хажуу талаас гэнэт цохичихлоо” гэж хэлсэн. /хх 25-27/,
гэрч Я.Дашнямын “...2019 оны 10 дугаар сарын 18-ны орой манай хүү О гэртээ орж ирэхдээ надад “би нэг хүүхэд зодоод хамрыг нь гэмтээчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэж асуухад тэр хүүхэд намайг болон манай ангийн хүүхдүүдийг байнга дээрэлхдэг хүүхэд байгаа юм гэж хэлсэн. ...” /хх 28-29/,
өсвөр насны шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ангидаа урлагийн үзлэгт бэлдэж байгаад би нөгөө ангийн Хосбаяр гэх хүүхдэд Тэмүүжин дээрэлхээд мөнгө төгрөг авдаг талаар хэлэхэд Хосбаяр “О.Тэмүүжинг дуудаад гаргаад ир” гэж хэлэхээр нь би О.Тэмүүжинг дуудаж сургуулийн гадаа гаргасан. Тухайн үед би О.Тэмүүжингийн хажууд зогсож байгаад гарагаараа О.Тэмүүжингийн нүүр лүү хоёр удаа цохьсон. ...” /хх 62-64/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “О.Тэмүүжингийн биед зүүн хацрын нум, зүүн гайморын хөндийн урд хана, дотор хана, зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдатанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн /хх 32/ 12743 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 82/, эмчилгээний төлбөрийн баримтууд /хх 37-41/, гэмт хэрэг зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож өсвөр насны шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүх, өсвөр насны шүүгдэгч Д.Оын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Оад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг үүрэг болгож, түүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эцэг Я.Дашнямд даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ. Түүнчлэн шүүх, өсвөр насны шүүгдэгч Д.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Хохирогч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Б.Ганболдын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүдээр өсвөр насны шүүгдэгч Д.О болон бусад этгээд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий нотлох баримтууд болон 12743 дугаартай шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт цуглараагүй байх бөгөөд хохирогч О.Тэмжүүжин шинжээчийн дүгнэлттэй танилцахдаа дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Харин хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон “Лазер мед” эмнэлгийн үзлэгээр гэмт хэрэг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдож байхад шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо гэмт хэрэг хэзээ гарсан нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй бөгөөд шийтгэх тогтоолд гэмт хэргийг “2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр” үйлдэгдсэн гэж алдаа гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заажээ.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай” гэснийг “...1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.О хохирогчийн эмчилгээний төлбөрт 500000 төгрөг төлсөн болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай” гэснийг “...1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Өсвөр насны шүүгдэгч Д.О нь хохирогч О.Тэмүүжингийн эмчилгээний төлбөрт 500000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ