Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2022/0046

 

даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсэг,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргалагч,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: А.Н нарын хоорондын багийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн  дарга, хуралдааныг даргалагч З.А, гишүүд С.Х, А.Д, Ш.А, Х.Е,  хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга А.А, гишүүд М.Е, К.Д, К.Т, хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга Х.Е, гуравдагч этгээд А.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Б нь анх шүүхэд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргыг сонгох эхний хоёр удаагийн санал хураалтын дүнгээр багийн иргэдийн олонхийн буюу 103 хүний саналыг авсан М.Бг тус сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлд даалгах(1), 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 3 дахь удаа багийн иргэдийн санал хураалт явуулсан Ажлын хэсгийн тухайн өдрийн шийдвэрийг хүчингүй болгох (2), Ногооннуур сумын Засаг даргын тус сумын 12 дугаар багийн Засаг даргаар А.Ныг томилсон шийдвэрийг хүчингүй болгох (3) нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн дээрх шаардлагаа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргыг сонгох хоёр дахь удаагийн иргэдийн санал хураалтын дүнг үндэслэн М.Бг Засаг даргад нэр дэвшүүлэхийг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчид даалгах(1), 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсгийн мөн өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгох (2), Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаартай “Багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг хүчингүй болгох (3)зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох (4), ...эсхүл багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хийхийг тус багийн Хурлын Зөвлөлд даалгахаар( 5) нэхэмжлэлийн шаардлагаа тус тус ихэсгэн маргасан.

3. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/62 дугаар захирамжийн холбогдох хэсгээр тус сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хуралдуулахыг багийн иргэдийн Нийтийн Хурал болон Ажлын хэсэгт даалгаж шийдвэрлэжээ.

4. Үүний дагуу Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан мөн өдөр зохион байгуулагдаж, хуралдаанд тус багийн 220 иргэн оролцож, М.Б, А.Н, Д.Р нарын 3 иргэн багийн Засаг даргаар сонгогдохоор нэр дэвшсэн, хуралдаанд оролцсон 220 хүний санал хураалтаар  М.Б 103, А.Н 90, Д.Р 25 хүний санал авч, 2 саналын хуудас хүчингүй болсон байна.

5.  Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчийн 2022 оны 01 дугаар тогтоол, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/75 дугаартай захирамжийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр   хамгийн олон санал авсан нэхэмжлэгч Х.Б, гуравдагч этгээд А.Н нарын талаар дахин санал хураалт явагдахад тус сумын 12 дугаар багийн 223 иргэн санал хураалтад оролцож, М.Б 111, А.Н 111 хүний санал авч, 1 саналын хуудсыг хүчингүй болсонд тооцогджээ.

6. Нэхэмжлэгч М.Б, гуравдагч этгээд А.Н нар нь дээрх байдлаар тэнцүү санал авснаар Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай тогтоол, сумын  Засаг даргын 2022 оны  03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар захирамжийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  багийн Засаг даргад нэр дэвшигч М.Б, А.Н нарын талаар дахин санал хураалт явуулахад, нийт 231 иргэн оролцож, үүнээс  М.Б 113, А.Н 115 хүний санал авсан байх ба  хариуцагч талаас 3 саналын хуудсыг хүчингүй гэж үзжээ.

7. Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны багийн Засаг даргыг сонгох санал хураалтын дүнг үндэслэн 231 оролцогчийн саналаас хүчингүй тооцсон 3 саналыг хасаж, 228 оролцогчийн саналаар тооцож, 115 оролцогчийн санал авсан гуравдагч этгээд А.Ныг олонхын буюу 50.4 хувийн санал авсан гэж үзэн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор тус багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, багийн Засаг даргаар томилуулахаар дээд шатны Засаг даргад уламжилсан байна.

8. Уг тогтоолыг үндэслэн Ногооннуур сумын Засаг даргаас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/83 дугаартай захирамж гаргаж, гуравдагч этгээд А.Ныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.6-д заасныг баримтлан 12 дугаар багийн Засаг даргаар томилсон байна.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

9.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т зааснаар хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх заалттай. Эхний хоёр удаагийн санал хураалтын дүнгээр А.Наас 13 хүнээр илүү санал авсанаар М.Б намайг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ёстой байтал Ажлын хэсэг шийдвэрээ зөв гаргаагүй.

9.2. Хоёр удаа санал хураалт явуулах ёстой байтал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасныг зөрчиж, гурав дахь удаа санал хураалт явуулж, Ажлын хэсгийн гишүүд үндэслэлгүй шийдвэр гаргасан.

9.3. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нийт санал өгсөн 231 хүний 113 буюу 48.92 хувь М.Б нь миний төлөө, 115 буюу 49.78 хувь нь А.Нын төлөө өгсөн байхад, хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал аваагүй А.Ныг багийн Засаг даргаар томилсонд гомдолтой байна гэжээ.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

10.1. Багийн иргэдийн Нийтийн хуралдаанаар Засаг даргыг сонгох ажиллагаа хийгдэх байтал сонгууль болгочихсоноос болж өнөөдөр шүүхэд маргаан үүсч байна. Багийн иргэдийн Нийтийн хуралдаанаар багийн Засаг даргыг сонгосон гэж тогтоол, шийдвэр, захирамж гаргасан нь хуульд нийцээгүй.

10.2. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцоогүй хүмүүс 2022 оны 3 дугаар сарын 25, 29-ний явагдсан санал хураалтад ирж, өгсөн саналыг  үндэслээд Засаг даргад нэр дэвшүүлсэн нь хууль бус.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна” гэж заасан. Үүнд, 32.5.1-д “хэлэлцэх асуудал санаачлах”, 32.5.2-д “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 32.5.3-д Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах”, 32.5.4-д Хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох”, 32.5.5-д “хуралдааны дэгийг сахих” зэрэг эрх үүрэгтэй оролцдог этгээдийг хуралдааны оролцогч гэнэ. Тус багийн иргэн байсан ч анхдугаар хуралдаанд оролцоогүй бол дахин санал хураалтад тухайн хүн санал өгөх эрх эдлэхгүй.

10.3. Багийн Засаг даргад нэр дэвшигчид хуралдаанд оролцсон хүмүүсээс олонхын санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр хүнд дахин санал хураалт явуулж, аль нэгийг заавал Засаг даргад нэр дэвшүүлэх ёстой. Хуралдаанд оролцсон 220 хүнээс хоёр дахь санал хураалтад М.Б 111 буюу олонхын саналыг авсан учраас М.Бг Засаг даргад нэр  дэвшүүлэх тогтоол гаргахыг хуралдаан даргалагчид даалгах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

10.4. Хэрэв нэхэмжлэгчийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг даалгах шаардлага биелэгдэх боломжгүй гэж шүүхээс үзсэн тохиолдолд гурав дахь удаа явуулсан санал хураалттай холбоотой тэмдэглэл, хуралдаанаас гарсан тогтоол, сумын Засаг даргын захирамж зэрэг актууд бүхэлд нь хүчингүй болох ёстой. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-д заасны дагуу хоёр дахь удаа санал хураалт явагдаад дуусах ёстой, гурав дахь удаа санал хураалт явуулах асуудал яригдсан нь хуульд нийцээгүй. Хоёр дахь удаа Засаг даргаа сонгож чадаагүй бол иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахиж хийх ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

11. Хариуцагч Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсэг гаргасан тайлбартаа:

11.1.Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар багийн 29-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах, санал хураалт явуулах Ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулан ажиллуулсан. 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн багийн Засаг даргыг сонгох хоёр дахь санал хураалтын үр дүнгээр нийт санал хураалтад оролцсон 223 иргэний 1 саналын хуудас хүчингүй болж, М.Б 111, А.Н 111 хүний санал авч тэнцсэн тул дахин санал хураалт явуулсан. 3 дахь санал хураалтын үр дүнгээр санал хураалтад нийт 231 иргэн оролцсоноос 3 санал хүчингүй болж, нийт хүчинтэй саналын А.Н 115 санал буюу 50.4 хувь, М.Б 113 санал буюу 49.5 хувийн саналыг тус тус авсан. Бид Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ажилласан. Ямар нэгэн хууль зөрчсөн зүйл гараагүй гэжээ.

12. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн дарга А.А, гишүүн Х.Е нараас гаргасан тайлбартаа:

12.1. Эхний санал хураалтаар М.Б нэр дэвшсэн 3 хүнээс хамгийн олон санал авсан хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.5.3-т зааснаар санал хураалтад оролцсон иргэдийн олонхын санал авч чадаагүй тул М.Бг эхний санал хураалтаар багийн Засаг даргаар сонгогдсон гэж үзэх боломжгүй. Иймээс хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулахаар болсон гэжээ.

 13. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн гишүүд С.Х, А.Д, Ш.А нар гаргасан тайлбартаа:

13.1.Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан  2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр товлон зарлагдаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчийг сонгох, Зөвлөл буюу Тэргүүлэгчийг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх гэсэн гурван төрлийн асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

13.2. Багийн Засаг даргад М.Б, А.Н, Д.Р нар нэр дэвшүүлснээр нууц санал хураалт өдрийн 12:00 цагт эхэлж оройн 20:00 цагт дууссан.

Нийт сонгогчийн санал өгсөн 220 саналын хуудаснаас 2 саналын хуудас хүчингүйд тооцогдож, 103 сонгогч М.Бн төлөө, 90 сонгогч А.Нын төлөө, 25 сонгогч Д.Р төлөө саналаа өгсөн дүн гарсан.

13.3. Тухайн өдрийн сонгуулиар М.Б нийт сонгогчдын олонхын 103 хүний буюу 46.8 хувийн саналыг авсан, ямар нэгэн маргаан гараагүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.2-т зааснаар багийн Засаг даргад хуралд оролцсон  иргэдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх заалттай. 12 дугаар багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулах талаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл хуралдаж ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй, анхны томилогдсон комисс сонгуулийг дуусгадаг журамтай байхад дур мэдэн багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэргүйгээр тус сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус багт урьд нь ажилласан Ажлын хэсгийг өөрчилж,  шинээр Ажлын хэсэг байгуулж хамгийн олон санал авсан эхний хоёр нэр дэвшигч М.Б, А.Н нарт дахин санал хураалт явуулсан.

13.4. Хоёр дахь санал хураалтад 223 сонгогчоос М.Б, А.Нын төлөө тус тус 111 санал өгсөн дүн гарч тэнцсэн. Ингээд Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт хоёр удаа явагдсан тул хоёр удаагийн санал хураалтын нийлбэр дүнгээр нэр дэвшигч М.Б нэр дэвшигч А.Ноос 13 хүний саналыг илүү авсан. Гурав дахь удаа санал хураалт явуулах талаар Зөвлөлийн гишүүд бид хуралдаж ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

Харин сумын Засаг дарга Х.Е Зөвлөлд хуралдааны товыг гаргах, хуралдах талаар  хэлснээр нь Зөвлөлийн ирц 60 хувьтай байсан учир хуралдаж, багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлох, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоох зэрэг 2 асуудлыг хэлэлцэж,  багийн хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт сумын төвийн Соёлын төвийн Б зааланд хуралдуулахаар шийдвэрлэсэн.

13.5. Гурав дахь удаа дахин санал хураалт явуулснаар нийтдээ 231 сонгогч оролцож саналаа өгсөн. Сонгуулийн комисс саналын хуудсыг тоолоход  3 саналын хуудас хүчингүй болж, нийт өгсөн 231 хүний 113 санал М.Бн төлөө, 115 сонгогч А.Нын төлөө санал өгсөн байна. Засаг даргын Тамгын газраас хууль тогтоомжийг зөрчиж, гурав  дахь удаа хууль бусаар явуулсан санал хураалтын дүнг багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл авч хэлэлцээгүй, сонгуулийн дүнгийн талаар ямар нэгэн шийдвэрийг бид гаргаагүй байхад иргэдийн олонхын  санал аваагүй дөнгөж 49.78 хувийн саналыг авсан А.Ныг 12 дугаар багийн Засаг даргаар нь нэр дэвшүүлэхээр  бидний өмнөөс Ажлын хэсгийн ямар ч хууль зүйн үндэслэлгүй гаргасан шийдвэрийг  бид зөвшөөрөхгүй гэжээ.

14. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргалагч гаргасан тайлбартаа:

14.1. Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор иргэдийн олонхын санал авсан А.Ныг багийн Засаг даргад сонгосон. Уг тогтоол хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

15. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга гаргасан тайлбартаа:

15.1.Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан ба хуралдаан зохион байгуулах багийн Засаг даргад санал хураалт явуулах Ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулан ажиллуулсан.

15.2. Тухайн өдрийн багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 220 иргэн оролцож санал өгснөөс 2 саналын хуудас хүчингүй болж, М.Бд 103, А.Нд 90, Д.Р 25 санал өгсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.3-т хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад, нэр дэвшүүлэх гэж заасныг үндэслэн хамгийн олон санал авсан М.Б, А.Н нарт дахин санал хураалт явуулахаар  болж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 1 дүгээр тогтоол гарсан ба сумын Засаг даргын 2022 оны А/75 дугаар захирамжаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах, санал хураалт явуулах Ажлын хэсэг томилогдон хоёр дахь санал хураалтыг явуулсан. Нийт 223 иргэн санал өгч, 1 саналын хуудас хүчингүй болж, М.Б, А.Н нар тус бүр 111 санал авч тэнцсэн. М.Б нь  нэхэмжлэлдээ хоёр удаагийн санал хураалтын нийлбэр дүнгээр А.Ноос илүү санал авсан тул би багийн Засаг даргаар сонгогдсон  гэсэн нь сонгуулийн тухай хуулиудын суурь зарчим, үзэл баримтлалыг зөрчсөн гэж үзэж байна.

15.3. Тус тусдаа  явагдсан санал хураалтын дүнг нэгтгэн нэг дүн гаргах боломжгүй тул дахин санал хураалт явуулахаар болж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 02 дугаар тогтоол гарсан ба сумын Засаг даргын 2022 оны А/76 дугаар захирамж гарч, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах, санал хураалт явуулах Ажлын хэсэг томилогдон дахин санал хураалтыг явуулсан. Гурав дахь  дахь санал хураалтын үр дүнгээр санал хураалтад нийт 231 иргэн оролцсоноос 3 саналын хуудас хүчингүй болж, нийт хүчинтэй саналын А.Н 115 санал буюу 50.4 хувь, М.Б 113 санал буюу 49.5 хувийн санал авсан.

15.4. Гурав дахь санал хураалтын үр дүнгээр олонхын санал авч сонгогдсон А.Ныг томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 3 дугаар тогтоолын дагуу санал хураалтын ажиллагааг хүчинтэйд тооцон А.Ныг 12 дугаар багийн Засаг даргаар томилон батламжилсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

16. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

16.1. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр багийн Засаг даргын сонгууль болоход, 3 хүн нэр дэвшсэн. Эхний санал хураалтад 220 хүн оролцсон. М.Б 103 хүний санал, миний бие 90 хүний санал, Д.Р 25 хүний санал авсан. Дараа нь хоёр дахь удаагийн санал хураалт 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр явагдахад,  223  хүн санал хураалтад оролцоод М.Б 111 хүний санал, миний бие 111 хүний санал авч тэнцсэн. 1 саналын хуудас хүчингүй болсон. Гурав дахь санал хураалт 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр болсон. М.Б бид хоёр өөрсдөө гурав дахь удаа санал хураалт явуулахыг зөвшөөрсөн. Гурав дахь санал хураалтад 231 хүн оролцсон. Үүнээс би 115 хүний санал, М.Б 113 хүний санал авч, 3 саналын хуудас хүчингүй болсон. Тиймээс Засаг дарга намайг 12 дугаар багийн Засаг даргаар томилсон гэжээ.

17. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

17.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар багийн Засаг дарга 50 хувь+1 санал  авсан байх   шаардлага тавьж байгаа. Ногооннуур сумын 12 дугаар баг шинээр байгуулагдсан, 285 сонгогчтой, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр явагдахад 285 хүнээс 65 хүн санал хураалтад оролцоогүй, нийт 220 хүн санал өгсөн.

17.2. Анхны санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн ч  олонхын санал аваагүй тул  2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дахин санал хураалт явуулахад 223 хүн оролцсон.

Саналын дүнгээр тус бүрдээ  111 хүний саналаар М.Б, А. Нурбол хоёр тэнцэж байгаа болохоор аль нэгийг Засаг даргад дэвшүүлэх боломжгүй тул гурав дахь удаагийн санал хураалт 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр явагдаж, 231 хүн оролцсон. Гурав дахь удаа санал хураалт явуулах боломжгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Хуульд гурав дахь удаа санал хураалт явуулахыг хориглосон заалт байхгүй.

17.3. Анх санал өгсөн 220 хүн бүгд цуглараад дараа дараагийн удаад санал өгөх боломжгүй. Тухайн багт байнга оршин суудаг хүнд  багийн Засаг даргыг сонгох ажиллагаанд оролцох эрх нь байгаа.

17.4. Гурав дахь удаагийн санал хураалтад 3 саналын хуудас хүчингүй болсон. Хүчинтэй саналын хуудсаар олонхын санал авсан эсэхийг тооцно. Хүчингүй саналын хуудас ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. А.Н 115 хүний санал авсанд, нийт санал хураалтад оролцсон 231 хүн оролцсонд, 3 хүчингүй  саналын хуудас гарсанд нэхэмжлэгч маргаагүй. Хүчинтэй 228 саналын хуудсаар тооцсон багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж дараах байдлаар маргасан.

2.1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэг л удаа болж, 220 иргэн оролцсон. 2022 оны 03 дугаар сарын 25, 29-ний өдрүүдэд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хийхгүйгээр зөвхөн иргэдээс багийн Засаг даргыг сонгох асуудлаар санал хураалт явуулсан. Санал хураалтын ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 223, 03 дугаар сарын 29-ний өдөр 231 хүн оролцсон. Ингэснээр 2022 оны 03 дугаар сарын 25,29 -ны өдрүүдэд анхны хуралдаанд оролцоогүй иргэд тус тус оролцож, багийн Засаг даргыг сонгох асуудлаар санал өгсөн нь хууль бус. Зөвхөн анхны хуралдаанд оролцсон 220 хүнээс дахин санал хураалт явуулах ёстой байсан.

2.2. Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд оролцсон санал өгөх ёстой 220 хүнээс тооцоход хоёр дахь удаагийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дахин санал хураалтын дүнгээр 111 хүний буюу олонхын санал авсан тул намайг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх  ёстой.

2.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн,56.5.3-т заасныг зөрчиж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гурав дахь удаа санал хураалт явуулсан нь  хууль бус.

2.4. Гурав дахь санал хураалтын дүнгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал аваагүй гуравдагч этгээд А.Ныг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь заалттай нийцээгүй гэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж, М.Б, А.Н, Д.Р нарын 3 иргэн тус багийн Засаг даргад нэр дэвшсэн, хуралдаанд 220 иргэн оролцож санал өгснөөс М.Б 103, А.Н 90, Д.Р 25 хүний санал авч, 2 саналын хуудас хүчингүй болсон талаар хэргийн оролцогч нараас тайлбарласан ба уг үйл баримтын талаар талууд маргаагүй.

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д “...иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана;”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;”, 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасан.

5. Хуралдаанд оролцсон 220 иргэдийн олонхын саналыг багийн Засаг даргад нэр дэвшигч гурван иргэний хэн ч аваагүй байх ба хуулийн 56.5.3-т зааснаар хамгийн олон санал авсан нэхэмжлэгч М.Б, гуравдагч этгээд А.Н нарын талаар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин санал хураалт явуулахаар Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын  2022 оны 01 дугаартай тогтоол, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/75 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэжээ.

6. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр явагдсан дахин  санал хураалтад нийт 223 хүн оролцсон, нэхэмжлэгч  М.Б 111,  гуравдагч этгээд А.Н 111 хүний саналыг тус тус авсан, нэг саналын хуудас хүчингүй болсон нь хэргийн оролцогчдын тайлбар, санал өгсөн иргэдийг бүртгэсэн бүртгэл, Ажлын хэсгийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон.

7. Хүчингүйд тооцсон нэг саналын хуудсыг үзэхэд /5-р/багийн Засаг даргад нэр дэвшигчид” гэсэн бичгийн  “/5-р/” гэдгийг дугуйлж тэмдэглэсэн, Засаг даргад нэр дэвшигч М.Б, А.Н нарын хэнийг ч дэмжиж санал өгөөгүй байна. Иймд Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигч нарын саналыг тооцохдоо нэхэмжлэгч М.Б, гуравдагч этгээд А.Н нар нь хуралдаанд оролцсон 223 хүнээс  тус бүр 111 хүний санал авсан гэж хариуцагч талаас үзсэн нь зөв байна.

8. Багийн Засаг даргад нэр дэвшигч нар нь ийнхүү тэнцүү санал авснаар нэхэмжлэгч М.Б, гуравдагч этгээд А.Н нарын талаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин санал хураалт явуулахаар Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны 02 дугаар тогтоол, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна.

9. Үүний дагуу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр явагдсан дахин  санал хураалтад нийт 231 хүн оролцсон нь хэргийн оролцогчдын тайлбар “Багийн Засаг даргын сонгуульд орсон сонгогчдын нэрсийн жагсаалт”, Ажлын хэсгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба санал хураалтын дүнг Ажлын хэсгээс нэхэмжлэгч  М.Б 113,  гуравдагч этгээд А.Н 115 хүний саналыг тус тус авсан, 3 саналын хуудас хүчингүй болсон гэж гаргажээ.

 10. Шүүхээс дээрх саналын хуудаст үзлэг хийхэд нэхэмжлэгч М.Бн төлөө санал өгсөн 113,  гуравдагч этгээд А.Нын төлөө санал өгсөн 115, багийн Засаг даргад нэр дэвшигч нарын нэрийн өмнөх тоо болон нэр бичсэн хэсэгт  зэрэг тэмдэглэл хийсэн буюу аль нэр дэвшигчид саналаа өгсөн нь тодорхойгүй 3 саналын хуудас байсан нь тогтоогдсон ба хариуцагч талаас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дахин санал хураалтаар нэхэмжлэгчийг 113, гуравдагч этгээдийн 115 хүний санал авсан, 3 саналын хуудсыг хүчингүйд тооцогдоно гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

11. Дээрх үйл баримтаас үзэхэд Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан анх 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болсон байх ба багийн Засаг даргад нэр дэвшигч гурван хүнээс  хэн ч олонхын санал аваагүй байх тул хамгийн олон санал авсан хоёр хүний талаар хариуцагч талаас  2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин санал хураалт явуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасантай нийцжээ.

12. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дахин санал хураалтын дүнгээр багийн Засаг даргад нэр дэвшигч нэхэмжлэгч М.Б, гуравдагч этгээд А.Н нар нь хуралдаанд оролцсон 223 хүнээс тус бүр 111 хүний буюу тэнцүү санал авсан тохиолдолд хариуцагчаас энэ хоёр хүний талаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэснийг буруу гэж үзэхээргүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасан. Уг хуулийн зохицуулалтын дагуу эхний санал хураалтаар олонхын санал аваагүй, хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулахад тус бүр 111 хүний санал авч, саналын тоо тэнцсэн байх тул энэ тохиолдолд уг хоёр хүний талаар дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн нь агуулгын хувьд хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэлээ. Иймд гурав дахь удаа санал хураалт явуулж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.3-т заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн маргааныг зөвтгөх боломжгүй байна.

13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.”, 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:”, 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй:”, 32.8.4-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж тус тус заасан. Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдаан нь дахин санал хураалт явуулах үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 25, 29-ний өдрүүдэд үргэлжилсэн, санал хураалтад багийн иргэд оролцсон байх тул 2022 оны 03 дугаар сарын 25, 29-ний өдрүүдэд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болоогүй, санал хураах үйл явцыг хуралдаан болсон гэж үзэхгүй гэх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

14. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-гаас дээш өрхтэй багт таван өрх тутмаас...тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж заасан. Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцох эрхтэй сонгуулийн насны иргэнийг хэргийн оролцогчдоос  285 гэж тодорхойлсон бол Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 102 дугаар албан бичгээр 2022 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар тус багийн өрхийн тоог 124, сонгуулийн насны хүн амын тоог 266 болохыг шүүхэд  мэдэгджээ.  Ногооннуур сумын 12 дугаар багийн сонгуулийн насны  иргэн, өрхийн тооны талаар хэргийн оролцогчдоос маргаагүй бөгөөд тус багийн хуралдаанд оролцох эрхтэй иргэдийн тоог хэргийн оролцогчдын тодорхойлсноор 285 гэж үзвэл 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд 220, 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд 223, 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд 231 иргэн оролцсоноор Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн хуралдааны ирц хуулийн 32.6-д заасныг хангасан байна.

15. Дээрх байдлаар Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын  хуралдаанд анх 220, дахин санал хураалт явуулсан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд 223 иргэн, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд 231 иргэн тус тус  оролцсон.

16. Нэхэмжлэгч талаас хуралдаанд анх оролцсон 220 иргэнээс дахин санал хураах ёстой бөгөөд дахин санал хураалт явуулсан 2022 оны 03 дугаар сарын 25,29 -ний өдрүүдэд анхны хуралдаанд оролцоогүй зарим иргэд санал өгсөн  нь хууль бус тул хоёр дахь санал хураалтын дүнгээс олонхын саналыг тооцохдоо анх хуралдаанд оролцсон 220 хүнээс тооцно.

Нэхэмжлэгч М.Б нь хоёр дахь санал хураалтаар 111 иргэний санал авсан нь анхны хуралдаанд оролцсон 220 иргэний олонхын санал тул 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дахин санал хураалтын дүнг үндэслэн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ёстой гэж тайлбарлан маргасан.

17. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.” гэж заасан. Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан анх  2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хуралдсан байх боловч багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүний талаар дахин санал хураалт явуулах үндэслэл үүссэнээр хуралдааны үргэлжлэл нь өөр өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 25, 29-ний өдрүүдэд болсон байх тул мөн өдрүүдэд болсон хуралдаанд тухайн багийн иргэд нь хуульд зааснаар оролцох эрхтэй.  Иймд анхны хуралдаанд оролцоогүй иргэд дахин санал хураалтад оролцсон нь хууль бус гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байна.

18. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.” гэж заасан.  2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дахин санал хураалтад тус багийн 223 иргэн оролцсон байх тул мөн өдрийн хуралдааны оролцогчийг 223 иргэн гэж үзнэ. Иймд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дахин санал хураалтын дүнгээр нэхэмжлэгч М.Бн авсан 111 санал нь олонхын санал болох эсэхийг тухайн хуралдаанд оролцсон 223 иргэнээс тооцох тул анхны хуралдаанд оролцсон 220 хүнээс хоёр дахь санал хураалтын дүнг тооцно гэх нэхэмжлэгч талын маргаан нь үндэслэлгүй юм.

Нөгөө талаар хоёр дахь санал хураалтын дүнгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь тус бүр 111 хүний санал авч, саналын тоо тэнцсэн байхад нэхэмжлэгч өөрийгөө олонхын санал авсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүний талаар хоёр дахь удаа явуулсан санал хураалтын дүнг үндэслэн нэхэмжлэгч М.Бг Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг хуралдаан даргалагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

19. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн санал хураалтын дүнгээр 115 хүний санал авсан гуравдагч этгээдийг хуралдаанд оролцсон иргэдийн олонхын буюу 50.4 хувийн санал авсан гэж үзэн, Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор тус багийн Засаг даргад нэр дэвшүүлжээ. Уг шийдвэрийн үндэслэлийг хариуцагчаас мөн өдрийн хуралдаанд оролцсон 231 хүний саналаас хүчингүйд тооцсон 3 саналыг хасаж, хүчинтэй 228 саналын хуудсаар тооцоход гуравдагч этгээд 115 хүний санал авсан нь нийт саналын 50.4 хувь байгаа нь иргэдийн  олонхын санал авсан байх хуульд заасан шаардлагыг гуравдагч этгээд хангасан гэж тайлбарласныг шүүхээс дараах байдлаар хууль бус байна гэж дүгнэлээ.

20. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.” гэж, харин   56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3-т Хуралд оролцсон иргэдийн, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр заасан. Хуульд дээрх байдлаар заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд “Хуралд оролцсон иргэд” гэдгийг тухайн Хурлын хуралдаанд биечлэн ирж, санал хураалтад оролцсон буюу саналын хуудас авсан  иргэдийг ойлгох бөгөөд хүчинтэй, хүчингүй нийт саналын хуудас нь хуралдаанд оролцсон нийт иргэдийн саналд тооцогдоно.

Түүнчлэн “олонхын санал” гэдийг 50-иас дээш хувийн санал авсан байх нөхцөлийг ойлгох бөгөөд гуравдагч этгээд А.Н нь 231 хүнээс 115 хүний санал авсан нь хуралдаанд оролцсон иргэдийн саналын 49.78 хувь байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.2, 56.5.3-т заасан Хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан байх шаардлагыг гуравдагч этгээд хангаагүй байна.

21. Нийт 231 иргэний саналын хуудаснаас хүчингүй болсон 3 саналын хуудсыг хасаж, 228 хүчинтэй саналын хуудаснаас тооцож олонхын санал авсан гэж гуравдагч этгээд А.Ныг багийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлэхээр Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас 03 дугаартай тогтоол гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасантай нийцээгүй байна.

22. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ хуулийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, ...томилно.” гэж заасан. Гуравдагч этгээд А.Нын авсан санал нь  нэхэмжлэгч М.Бн авсан саналаас 2 саналаар илүү байгааг хамгийн олон санал авсан гэж үзэх бөгөөд харин олонхын санал авсан гэж үзэхгүй. Иймд хуулийн 56.5.2, 56.5.3-т заасны дагуу нэр дэвшүүлээгүй А.Ныг багийн Засаг даргаар томилсон Ногооннуур сумын Засаг даргын Б/83 дугаартай захирамжийг мөн хууль бус захиргааны акт гэж дүгнэлээ.

23. Иймд маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

24. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь ...гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ.” гэж заасан. Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн  хуралдаанд оролцсон 231 иргэнээс багийн Засаг даргад нэр дэвшигч М.Б 113, А.Н 115 санал авснаас үзвэл нэр дэвшигчдийн хэн аль нь хуульд заасан олонхын санал аваагүй байх тул багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар шинээр хэлэлцүүлж шийдвэрлэх нь  үндэслэлтэй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хийхийг хариуцагч тухайн сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлд даалгаж шийдвэрлэлээ.

25. Ажлын хэсгийн тэмдэглэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар захирамжийн холбогдох хэсгээр дахин санал хураалт явуулах багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

26. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд ажилласан Ажлын хэсгээс санал хураалтын дүнгээр 231 хүн оролцож,  М.Б 113, А.Н 115 хүний санал авсан, 3 саналын хуудас хүчингүй болсныг тусган тэмдэглэл үйлджээ.

27. Тус Ажлын хэсэг нь Засаг даргын шийдвэрийн дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг  хангах зэргээр хуралдааны дотоод зохион байгуулалтын асуудлыг хариуцан ажилласан, энэ үүргийн хүрээнд санал тоолж, үр дүнг бичгээр тэмдэглэсэн тэмдэглэл нь захиргааны актын үндсэн шинжийг агуулахгүй, Ажлын хэсгийн санал хураалтын дүнгийн талаарх тэмдэглэл нь нэхэмжлэгчид чиглэсэн эрх зүйн үр дагаврыг шууд үүсгэхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасанд хамаарахгүй. Иймд Ажлын хэсгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.13,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах Ажлын хэсгийн мөн өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.8.4, 32.9, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.5.3, 56.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ногооннуур сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаартай “Багийн Засаг даргаар түр томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хийхийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлд даалгаж, үлдсэн хэсэг болох “Хоёр дахь санал хураалтын дүнг үндэслэн М.Бг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 12 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг хуралдаан даргалагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                               

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.РИЗА