Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0173

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Болор

улсын яллагч: Н.Анхбаяр

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Бадмаа

түүний өмгөөлөгч :Б.Соёл-Эрдэнэ

           шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Баяржаргал

шүүгдэгч: Н.Отгондэлэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2  дах хэсэгт заасан гэмт хэрэгт Найдан тойн  овогт  Нямдаваагийн Отгондэлэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201624000854 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Найдан тойн  овогт  Нямдаваагийн Отгондэлэг,1989 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, Нийслэлийн 63 дугаар тусгай сургуульд багш  ажилтай, ам бүл 3, эцэг,  эх нарын хамт Сонгинохайрхан  дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн 2-27 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЙЮ89041310/,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Н.Отгондэлэг нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын Голомт банкны салбарын баруун замд Г.Ганболдын эзэмшилийн 31-45 УБС дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Оюунсанааг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 Шүүгдэгч  Н.Отгондэлэг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 9 дүгээр сарын 23-ны орой 23.00 цаг өнгөрч байхад төрсөн ахыгаа гэрт нь хүргэж өгөх гээд гэрээсээ гарсан. Тухайн үед би Ганболд ахын машиныг барьж явсан. Тэгээд ахыгаа гэрт нь хүргэж өгсөн. Буцах замдаа сансарын аюулгүйн тойргоор уруудаад доошоо явж байхад нэг хүн гэнэт гарч ирсэн. Гадаа бороо орсон, харанхуй байсан. Би зогсоод юу болчихов гээд машинаасаа буугаад харахад хүн хэвтэж байсан. Тэгээд хажууд явсан хүний утсаар 102, 103 руу дуудлага өгсөн. Дараа нь гэрийнхэндээ мэдэгдсэн. 103 буюу түргэн ирж хохирогчийг аваад явсаны дараа цагдаа ирж хэмжилт хийсэн. Би тухайн үед шоконд орсон байсан болохоор цагдаагийн үгэнд орж мэдүүлэг өгсөн. Би үнэхээр их харамсаж байна гэв.

   Шүүгдэгч Н.Отгондэлэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сарын 23-ний орой гэртээ байж байхад манай ахын найз Ганболд манайд ирсэн. Тэгээд байж байгаад бага ахыгаа Амгалан руу хүргэж өгөх гээд Ганболд ахын Т.Приус маркын 31-45 УБС дугаартай авто машиныг жолоодоод Амгалан орчихоод эргээд 4-н замаар явж байгаад Сансарын тойрогоор буцаж эргээд дээрээсээ доошоо 2-р эгнээгээр ойролцоогоор 30-40 орчим км цагийн хурдтай явж байтал замын зүүн гар талаас гэнэт нэг хүн гүйж гарч ирээд миний машины баруун урд хэсэг рүү мөргүүлээд газарт унасан. Тэгээд би буугаад ирэхэд нэг эмэгтэй хүн хэвтэж байхаар нь утсаараа түргэн, цагдаа дуудах гэтэл миний утас унтарсан байсан тул тэнд явж байсан нэг хүнийг гуйгаад цагдаа түргэнд хэл өгсөн. Би уг хүнийг ерөөсөө хараагүй. Гэнэт л гарч ирээд мөргөөд унасан. Тухайн үед бороо орж байсан ба гадаа их харанхуй байсан. Би тухайн үед замаараа ганц нэг хүн таарч магадгүй гэж бодоод л эргэж байсан юм. Би нөгөө хүнийг шууд мөргөөд л зогссон. Дээгүүр нь гараагүй гэжээ. /хх-ийн 90/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний охин ажлынхаа хажуугаар Санхүү Эдийн Засгийн их сургуульд сурдаг. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа тарчихаад маргааш нь шалгалттай гээд найзындаа очиж тоо бодно гэж явсан. Охиныг маань хичээлээ хийгээд сууж байхад их сургуулийнх нь найзууд ирчихсэн байна гэж дуудаж уулзаад хамт хоол идэж, нэг нэг пиво уусан гэсэн. Тэгээд охин маань би маргааш шалгалттай гээд гарсан, нөгөө хоёр нь үлдсэн гэсэн. Охин маань замын нөгөө талд гарч такси барих гэж байсан байх. Манай хүүхэд гарцгүй газраар гардаг хүүхэд биш. Отгондэлэг тухайн үед 30 км/цагийн хурдтай явж байсан бол хүүхдийг маань ийм хэмжээнд гэмтэл авах хүртэл мөргөнө гэж байхгүй. Отгондэлэг хүн гэмтээчихсэн гэж санаа зовж, уучлалт гуйж, хүүхдийг маань эргэж ирж, машин тэргээр үйлчилж байсан удаа байхгүй. Би 17 хоног Гэмтлийн эмнэлэгт хүүхдээ сахиж байсан. Маргааш хагалгаанд орох шаардлагатай гээд эхний хагалгаанд орсон. Хагалгаанаас гарч ирсний дараа хүүхэд маань хагас ухаантай байсан. Эмч нар хуралдаж өмнөхөөсөө их цус алдалдтай байна гээд дахиж хагалгаанд орсон. Хүүхэд маань 6 сарын өмнөх болсон үйл явдлыг огт санадаггүй юм. Осолд орсноосоо хойш их ууртай болсон ба одоо хөл нь саажилттай байгаа. Мэдрэлийн эмчид үзүүлэхэд хөлөндөө байгаа юм биш мэдрэлийн гаралтай саажилт байна гэсэн. Одоо Өлзийбаяр гэдэг эмчийн хяналтанд байдаг. Би 17 хоног хүүхдээ сахиад ажлаа хийж чадаагүй. Энэ мөнгийг би нэхээгүй. Нэг хөл нь муу болохоор удаан явж болохгүй байгаа. Ажлаас нь 3 сар акттай байлгаж байгаад ажилдаа орохгүй бол группт оруулна гэхээр ажилд нь оруулсан. Одоо сургуулиа төгсөж чадахгүй жилийн чөлөө авчихаад байж байна. Бид нар группт оруулахгүйн тул машин гуйж ажилд нь хүргэж өгнө. Өдөр хоол ундыг нь өгнө, орой нь хүлээж байгаад авч явдаг. Би шүүгдэгчийн талаас авсан мөнгө болгон дээрээ гарын үсэг зурж авдаг. Цүнхэнд нь байсан зүйл, өмсөж явсан хувцас болон гар утас нь байхгүй байсан. Зөвхөн цус болсон пальто л авчирч өгсөн. Шүүгдэгчийн талаас  1.800.000 төгрөг өгсөн. Баримтаар хохирол 4.223.600 төгрөг болсноос өгсөн 1.800.000 төгрөгийг хасч одоо 2.423.600 төгрөг өгөх дутуу байна. Мөн хүүхдийнхээ гар утсыг нь төлүүлөх хүсэлтэй байна гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Осол хэрэг гарсан тухай 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мэдсэн намайг гэртээ байж байхад аав нь залгаад охин минь аваарт орчихсон ухаангүй байна гэсэн. Тэгээд намайг гэмтэл дээр яваад очиход миний охин Отгончулууны Оюунсанаа ухаангүй сэхээнд хэвтэж байсан. Осолд орхоосоо өмнө БЗД-н ЗДТГ-н төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэнээр ажиллаж байсан юм. Мөн Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн гарагын ангид ня-бодогчийн 2-р курст сурч байсан. Одоо бол осол хэргийн талаар мэдэхгүй оюун ухаан нь нэг их сайн болохгүй, сэтгэл гутралтай бухимдуу болчихсон байгаа. Би одоогоор баримтаар 3,000,000 төгрөг гаргаад байгаа. Би мөн ээлжийн амралтаа эдлээгүй байхдаа эмнэлэгт сахиж байсан. Мөн эмнэлэгээс гарсанаас нь хойш ганцааранг  нь үлдээх боломжгүй учираас байнга 1-р дэлгүүрийн хажууд ээжийдээ байнга хүргэж өгдөг байсан. Ажилдаа орохгүй 90 хоног болсон учраас группт гар гээд өөрөө болохоор группт гарахгүй гээд ажлаа хийгээд эхэлсэн. Гэхдээ бол бүрэн дүүрэн хийж чадахгүй байнгын халамжинд байдаг болсон. Баримтаар гарсан зардлаас гадна үнэхээр их хохироод үлдлээ. Үнэхээр их гомдолтой байна гэжээ. /хх-ийн 125-126-р хуудас/ /хх-н 124-128/

Хохирогч О.Оюунсанаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би осол хэрэг гарсан тухай үнэхээр санахгүй байна гэжээ. /хх-н 13-14/

Хохирогч О.Оюунсанаагийн талаарх баримтууд : /хх-н 15-58/

Шүүх сэтгэц гэм судлалын 1168 тоот дүгнэлт:

1.О.Оюунсанаа нь сэтгэцийн хувьд Тархи доргилтын дараах хам шинж, өмнөх хэсэгчилсэн ойгүйдэлттэй байна.

2.О.Оюунсанаагийн Тархи доргилтын дараах хам шинж, өмнөх хэсэгчилсэн ойгүйдэл эмгэг нь 2016.09.24-ны зам тээврийн ослоос эхэлж илэрсэн байна.

3.О.Оюунсанаагийн Тархи доргилтын дараах хам шинж, өмнөх хэсэгчилсэн ойгүйдэл эмгэг нь авто ослын улмаас үүссэн байна.

4.О.Оюунсанаагийн өвчин бүрэн төгс эмчлэгдэх эсэх нь эмчилгээний явц үр дүнгээс хамаарна.

5.О.Оюунсанаа нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна гэжээ.  /хх-н 129-133/

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний  төвийн сэтгэл зүйн 2 дугаартай оношлогоо:

1.Ой тогтоолт, оюуны ажиллах чадвар дундаж түвшинд, ялимгүй буурсан. Сэтгэцийн үйл ажиллагааны хурд удааширсан. Сэтгэхүйд хийсвэрлэн дүгнэх үйлийн бууралт, хэт бодит сэтгэхүй илрэх ба оюуны бүтээц буурсан шинжүүд ажиглагдана. Хувь хүний сэтгэцийн чанарт хандах шүүмжлэлт чанар харьцангуй хэвийн гэжээ. /хх-н 134/

    Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл,ч,/ хх-н 2-8/

      Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа / хх-н 7/-д Н.Отгондэлэг нь драйвер багаж үлээлгэн шалгахад 0.00% хувь гарч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдов гэжээ.

Н.Отгондэлэгээс асууж авсан тайлбар/ хх-н 11/

Гэрч Г.Тэмүүжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: .... Тэр өдөр манай нэг найз гадаадаас ирээд нэг газар сууж байгаад 00.00 цаг өнгөрч байхад гараад зам хөндлөн зүүнээс баруун гар тийш гараад ойролцоогоор 5 орчим метр явж байхад ард түс тас хийх чимээ гарахаар нь эргээд хартал нэг саарал өнгийн машин хүн мөргөсөн байдалтай мөргүүлсэн хүн нь зам дээр хэвтэж байсан. Үүнийг хараад бид нар туслахгүй бол болохгүй гээд эргээд очиход жолооч нь гээд 20 гаран насны залуу шоконд орчихсон жолоон дээрээ суугаад байсан. Ингээд жолооч машинаас бууж ирээд явган зорчигч зам дээр доошоо харсан байдалтай толгойноос нь цус гарчихсан байсан.... явган хүний гарц байсан. Явган зорчигч явган хүний гарцаар гарч байгаад нөгөө машинд мөргүүдээд шидэгдсэн байсан. Хэрэв баруунаас зүүн гар тийш гарч байсан бол бид нартай зөрөх байсан. Тэгэхээр яг араас явсан байх. Явган зорчигч ганцаараа явж байсан. Осол гарах үед ойр хавьд хүн амьтан байгаагүй гэжээ. /хх-ийн 61-62-р хуудас/

Гэрч Н.Нямдаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Н.Отгондэлэгийн аав нь байгаа юм. Отгондэлэг манай 5 дахь буюу хамгийн бага хүүхэд минь юм. Осол хэрэг болсон тухай манай хүү ээж рүүгээ яриад хүн мөргөчихлөө гэж хэлсэн байсан тэгээд л мэдсэн. Тухайн үед би эгч нарыг нь гэмтлийн эмнэлэг явуулсан. Манай хүү гэр бүлгүй, Хан-Уул дүүргийн нэг сургуульд хөгжмийн багш хийдэг юм. Манай хүү бол архи дарс хэрэглэдэггүй юм. Зан аашын хувьд бол яриа хөөрөө муутай, зүрх зориг муутай, даруухан цагаан сэтгэлтэй хүүхэд байгаа юм гэжээ.  /хх-н 154-155/

Гэрч Н.Хишигжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Н.Отгондэлэгийн төрсөн эгч нь байгаа юм. Манайх эхээсээ 5-уулаа би болохоор айлын том нь манай дүү болохоор манай хамгийн бага хүүхэд юм. Осол хэрэг гарсан тухай тэр шөнө л мэдсэн. Тэгээд аав бид нарыг гэмтлийн эмнэлэг яв гээд бид явсан. Осол хэрэг гарсанаас хойш нөгөө эмэгтэйг эмнэлэгт байхаас нь авахуулаад ар гэрийхнийг нь иртэл хамт байсан. Осол хэрэг гардаг шөнө би сахиж хоносон. Бид цуглуулсан 1.700.000 төгрөгийг баримтгүйгээр, 330.000 төгрөг баримтаар өгсөн. Манай дүү архи тамхи хэрэглэдэггүй юм. Ер нь хичээнгүй, цайлган цагаан сэтгэлтэй, дуртай зүйлдээ махруу, хүнд тусархуу, аймхай хүүхэд байгаа юм. Эхнэр хүүхэд байхгүй бүжгийн клуб, ажил гээд л явж байдаг юм гэжээ.  /хх-н 157-158/

Гэрч Ш.Ариун-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:.. Би 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А-2 үүрэг гүйцэтгэж байхад шөнө 00.00 цаг өнгөрч байхад АТ-1 эс Сансарын Баянцээлийн хажуу замд Т.Приус маркийн авто машин хүн мөргөсөн байна гэсэн дуудлага хүлээн авч осол хэрэг гарсан газар очсон... жолооч Нямдаваагийн Отгондэлэгээр заалгаж хэмжилт хийсэн гэжээ. /хх-ийн 160-р хуудас/

Гэрч Ч.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... жолооч Нямдаваагийн Отгондэлэгээр заалгаж хэмжилт хийсэн тухайн үедээ жолооны үнэмлэх нь Отгонцэцэг гэсэн нэрээр байсан. Би осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан гэжээ. /хх-ийн 161-р хуудас/

Гэрч Ё.Отгончулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ :Би О.Оюунсанаагийн аав нь байгаа юм. Би эхнэрээсээ 1999 онд салаад манай охин О.Оюунсанаа ээж дээрээ байдаг юм. Ер нь бол ирэн очин байдаг юм. Осол хэрэг гарсан тухай маргааш өглөө нь 11.00 цаг өнгөрч байхад мэдээд гэмтлийн эмнэлэг дээр очиж анх охиноо харсан. Тэр үед ажлын газрых нь хүмүүс ирчихсэн манай охин ухаангүй сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. Осол хэрэг гарсны дараа ухаангүй байсан ба хагалгаа хийлгэсний дараагаас ухаан санаа нь орон гаран солиорлын байдалтай байдаг болсон. Эмнэлгээс гарах үед нь баруун талын хөл нь мэдээгүй болсон байсан ба энэ тухай тэр үед нь л мэдсэн. Оюунсанаа одоо ээжийнхээ хаяган дээр хамт амьдардаг юм. Би бол тусдаа амьдарч байгаа. Гэхдээ би байнга хамт байгаа ба ямар ч байсан миний охин бол миний хайртай ганц охин минь байгаа юм гэжээ. /хх-н 162-163/

Иргэний хариуцагчаар Г.Ганболдыг татах тухай тогтоол /хх-н 64/, байцаасан тэмдэглэл /хх-н 65/, Г.Ганболдын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66-67/, Г.Ганболдын эзэмшилийн тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-н 68/

Автомашинд оношлогоо шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 69/

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв, 2016.10.10-ны өдрийн 16/45617 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 31-45 УБС улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Ганбатын Ганболдын эзэмшлийн Тоёота Приус маркийн саарал өнгөтэй, Япан улсад үйлдвэрлэсэн, 31-45 УБС улсын, NHW200016157 арлын дугаартай суудлын автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14.10 цагаас 14.25 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлт нь тухайн осол хэрэгт нөлөөлөхгүй гэж үзэж байна. Харин зүүн урд их гэрэл асахгүй байгааг ослын өмнө, хойно үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй гэжээ.  /хх-н 70-73/

  Шинжилгээ томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 74/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13484 тоот акт дүгнэлтэд:

1.Оюунсанаагийн биед баруун чамархай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай, суурийн хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, хагалгаа хийж цусан хурааг авсан байдал, баруун чамархайн хуйхны шарх, зүүн өвдөгний үений шарх, 2 тохойн зулгаралт, мөчдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна гэжээ /хх-ийн 75/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 76/

2016.9.28-ны өдрийн 8329 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. /битүүмжилсэн, хаягласан/

2.Шинжилгээнд ирүүлсэн Отгончулуун овогтой Оюунсанаагийн биеэс авсан гэх цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн байна.

3.Цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.  /хх-н 77/

Техникийн шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 79/

2016.11.28-ны өдрийн 678 тоот шинжээчийн дүгнэлт:

1.Т.Приус маркийн 31-45 УБС дугаартай авто машины жолооч Нямдаваагийн Отгондэлэг нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Отгончулууны Оюунсанаа нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.  /хх-н 80/

Шинжээчийн дүгнэлтийг хохирогч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн нарт танилцуулсан тэмдэглэл /хх-н 81-83/

Н.Отгондэлэгийг Н.Хишигжаргал,Н.Буянхишиг нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 84-88/

     Н.Отгондэлэгийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-н 89-94/

Н.Отгондэлэгийн жолоочийн лавлагаа /хх-н 95,102/, Н.Отгондэлэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 101/, Н.Отгондэлэг нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулаг байрны 2-27 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ. /хх-н 105/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадмаад эмчилгээний зардалд гэж 500.000 төгрөгийг Н.Отгондэлэгийн эгч Н.Хишигжаргал өгсөн баримт, дансны хуулгууд /хх-н 143-147/

          Н.Отгондэлэг нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын Голомт банкны салбарын баруун замд Г.Ганболдын эзэмшилийн 31-45 УБС дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Оюунсанааг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

1.Т.Приус маркийн 31-45 УБС дугаартай авто машины жолооч Нямдаваагийн Отгондэлэг нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Отгончулууны Оюунсанаа нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн  техникийн шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 79/

1.Оюунсанаагийн биед баруун чамархай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай, суурийн хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, хагалгаа хийж цусан хурааг авсан байдал, баруун чамархайн хуйхны шарх, зүүн өвдөгний үений шарх, 2 тохойн зулгаралт, мөчдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13484 тоот акт дүгнэлт /

Шүүх сэтгэц гэм судлалын 1168 тоот дүгнэлт:

1.О.Оюунсанаа нь сэтгэцийн хувьд Тархи доргилтын дараах хам шинж, өмнөх хэсэгчилсэн ойгүйдэлттэй байна.

2.О.Оюунсанаагийн Тархи доргилтын дараах хам шинж, өмнөх хэсэгчилсэн ойгүйдэл эмгэг нь 2016.09.24-ны зам тээврийн ослоос эхэлж илэрсэн байна.

3.О.Оюунсанаагийн Тархи доргилтын дараах хам шинж, өмнөх хэсэгчилсэн ойгүйдэл эмгэг нь авто ослын улмаас үүссэн байна.

4.О.Оюунсанаагийн өвчин бүрэн төгс эмчлэгдэх эсэх нь эмчилгээний явц үр дүнгээс хамаарна.

5.О.Оюунсанаа нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна гэжээ.  /хх-н 129-133/

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний  төвийн сэтгэл зүйн 2 дугаартай оношлогоо:

1.Ой тогтоолт, оюуны ажиллах чадвар дундаж түвшинд, ялимгүй буурсан. Сэтгэцийн үйл ажиллагааны хурд удааширсан. Сэтгэхүйд хийсвэрлэн дүгнэх үйлийн бууралт, хэт бодит сэтгэхүй илрэх ба оюуны бүтээц буурсан шинжүүд ажиглагдана. Хувь хүний сэтгэцийн чанарт хандах шүүмжлэлт чанар харьцангуй хэвийн гэсэн  шүүх сэтгэц гэм судлалын 1168 тоот дүгнэлт /  хх-н 134/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадмаагийн өгсөн … 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мэдсэн намайг гэртээ байж байхад аав нь залгаад охин минь аваарт орчихсон ухаангүй байна гэсэн. Тэгээд намайг гэмтэл дээр яваад очиход миний охин Отгончулууны Оюунсанаа ухаангүй сэхээнд хэвтэж байсан. Осолд орхоосоо өмнө БЗД-н ЗДТГ-н төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэнээр ажиллаж байсан юм. Мөн Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн гарагын ангид ня-бодогчийн 2-р курст сурч байсан. Одоо бол осол хэргийн талаар мэдэхгүй оюун ухаан нь нэг их сайн болохгүй, сэтгэл гутралтай бухимдуу болчихсон байгаа. Ажилдаа орохгүй 90 хоног болсон учраас группт гар гээд өөрөө болохоор группт гарахгүй гээд ажлаа хийгээд эхэлсэн. Гэхдээ бол бүрэн дүүрэн хийж чадахгүй байнгын халамжинд байдаг болсон. Баримтаар гарсан зардлаас гадна үнэхээр их хохироод үлдлээ. Үнэхээр их гомдолтой байна гэсэн мэдүүлэг

Гэрч Г.Тэмүүжингийн мөрдөн байцаалтад өгсөн … Тэр өдөр манай нэг найз гадаадаас ирээд нэг газар сууж байгаад 00.00 цаг өнгөрч байхад гараад зам хөндлөн зүүнээс баруун гар тийш гараад ойролцоогоор 5 орчим метр явж байхад ард түс тас хийх чимээ гарахаар нь эргээд хартал нэг саарал өнгийн машин хүн мөргөсөн байдалтай мөргүүлсэн хүн нь зам дээр хэвтэж байсан. Үүнийг хараад бид нар туслахгүй бол болохгүй гээд эргээд очиход жолооч нь гээд 20 гаран насны залуу шоконд орчихсон жолоон дээрээ суугаад байсан. Ингээд жолооч машинаас бууж ирээд явган зорчигч зам дээр доошоо харсан байдалтай толгойноос нь цус гарчихсан байсан.... явган хүний гарц байсан. Явган зорчигч явган хүний гарцаар гарч байгаад нөгөө машинд мөргүүдээд шидэгдсэн байсан гэсэн мэдүүлэг . /хх-ийн 61-62-р хуудас/

Гэрч Ё.Отгончулууны  мөрдөн байцаалтад  өгсөн … Осол хэрэг гарсан тухай маргааш өглөө нь 11.00 цаг өнгөрч байхад мэдээд гэмтлийн эмнэлэг дээр очиж анх охиноо харсан. Тэр үед ажлын газрых нь хүмүүс ирчихсэн манай охин ухаангүй сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. Осол хэрэг гарсны дараа ухаангүй байсан ба хагалгаа хийлгэсний дараагаас ухаан санаа нь орон гаран солиорлын байдалтай байдаг болсон. Эмнэлгээс гарах үед нь баруун талын хөл нь мэдээгүй болсон байсан ба энэ тухай тэр үед нь л мэдсэн гэсэн мэдүүлэг . /хх-н 162-163

Шүүгдэгч Н.Отгондэлэгийн өгсөн …Сансарын тойрогоор буцаж эргээд дээрээсээ доошоо 2-р эгнээгээр ойролцоогоор 30-40 орчим км цагийн хурдтай явж байтал замын зүүн гар талаас гэнэт нэг хүн гүйж гарч ирээд миний машины баруун урд хэсэг рүү мөргүүлээд газарт унасан. Тэгээд би буугаад ирэхэд нэг эмэгтэй хүн хэвтэж байхаар нь утсаараа түргэн, цагдаа дуудах гэтэл миний утас унтарсан байсан тул тэнд явж байсан нэг хүнийг гуйгаад цагдаа түргэнд хэл өгсөн. Би уг хүнийг ерөөсөө хараагүй. Гэнэт л гарч ирээд мөргөөд унасан. Тухайн үед бороо орж байсан ба гадаа их харанхуй байсан. Би тухайн үед замаараа ганц нэг хүн таарч магадгүй гэж бодоод л эргэж байсан юм. Би нөгөө хүнийг шууд мөргөөд л зогссон. Дээгүүр нь гараагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 90/ зэрэг болно.

        Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Н.Отгондэлэгт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасныг тогтоох, хүчний үйлчлэлийг тогтоох, түргэний эмчийг асуулгах гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх мөрдөн байцаалтад буцаах санал гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв. Хэрэгт шалгагдвал зохих зүйлүүдийг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх үзэв..

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмчилгээний зардалд 4.223.600 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгчийн өгсөн 1.800.000 төгрөгийг хасаж үлдэх 2.423.600 төгрөгийг Н.Отгондэлгээс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэж,  цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Н.Отгондэлэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Отгондэлэгийн /Н.Отгонцэцэгийн/ 802345 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг НШШГА-р дамжуулан Замын цагдаагийн лицензийн төвд хүргүүлэв. Жолоочийн үнэмлэх нь хэвлэгдэж гарахдаа нэрийг  Н.Отгонцэцэг гэж гаргасан байгаа боловч Н.Отгодэлэгийн регистрийн дугаартай Н.Отгонцэцгийн нэр дээр байгаа жолоочийн үнэмлэх дугаар нь тохирч байгаа учраас Н.Отгондэлэгийн жолоочийн үнэмлэх мөн байна гэж үзсэн болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Найдан тойн овогт Нямдаваагийн Отгондэлэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Н.Отгондэлэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаатай хасаж 1 жил  6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Н.Отгондэлэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих  ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Н.Отгондэлэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Отгондэлэгийн /Н.Отгонцэцэгийг/ 802345 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг НШШГА-р дамжуулан Замын цагдаагийн лицензийн төвд хүргүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Отгондэлэгээс 2.423.600 төгрөгийг гаргуулж Ц.Бадмаад олгох, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Отгондэлэгт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

8.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Н.Отгондэлэгт   цагдан хорих   таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН