| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2024/0168/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/270 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/270
2024 04 04 2024/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
Улсын яллагч Г.Баясгалан,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Солонго,
Шинжээч Р.Н...,
Гэрч Ц.Б..., А.Д... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г... овогт М.Бөд холбогдох эрүүгийн 2302 00000 0429 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г... овогт М.Б, регистрийн дугаар ...............................................,
Монгол Улсын иргэн, 19... оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, .. эмч мэргэжилтэй, хувиараа “...” худалдаа, үйлчилгээний төвд алт, мөнгөний дархан ажилтай, ам бүл.., эхнэр, .. хүүхдийн хамт .................................... урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “У...” нэртэй төвийн ертөнцийн зүгээр баруун талаас 11 дэх хаалган дахь 1 давхарын “А...” нэртэй ажлын байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А... хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан нийт 10 мл хэмжээтэй Д... /Н.../-ийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай /хавтаст хэргийн 12 дугаар тал/, Р.Н... шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хавтаст хэргийн 37-42 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би малын эмч мэргэжилтэй. Мал эмнэлгийн хүрээлэнгийн бодис солилцооны лабораторит 7 жил, Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 3 жил багшилсан. Тиймээс би Химийн бодисын тухай маш сайн мэднэ. Р.Н... шинжээчийн гаргасан дүгнэлттэй би санал нийлэхгүй байгаа. Яагаад гэвэл би 4 төрлийн бодис хураалгасан. Хоёр нь хуурай, хоёр нь шингэн бодис байсан. Шингэн бодисын нэг нь Д..., нөгөө нь лемоны хүчил байсан. Давсны хүчлийг би өөрөө мөрдөгчид өгсөн. Яагаад гэвэл тухайн бодис нь Монгол улсын хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад ороогүй. Тиймээс ямар нэг ялгүй гэж үзсэн. Хэрвээ би өөрөө мөрдөгчид өгөөгүй байсан бол тухайн сав нь бараг хоосон байсан. Яагаад гэвэл би давсны хүчлээр буруудахгүй гэж бодсон боловч өнөөдрийн байдалд хүрлээ. Би тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 5 сар уншиж судлахдаа би өөрийгөө хэлмэгдсэн, ямар нэг байдлаар буруугүй гэдгээ ойлгож авсан. Тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар бодисын тусгай зөвшөөрөл авах нь Монгол улсын хэмжээнд хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад орж байгаа бодис нь гарцаагүй тусгай зөвшөөрөл авах ёстой болж байгаа. Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авах эсэхийг обьект нь шийдвэрлэнэ. Тусгай зөвшөөрөл авахад миний бодисууд хамаарахгүй байгаа. Мөн би Д... үйлдвэрлэхгүй, тээвэрлэхгүй, худалдан борлуулахгүй учраас тусгай зөвшөөрөл авахгүй. Ашиглахтай холбоотой тусгай зөвшөөрөл байхгүй. Харин худалдах болон ашиглахтай холбоотой журам дээр 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гарсан Химийн хорт болон аюултай бодис импортлох болон тээвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй бодисын жагсаалтад зөвхөн судалгаа, шинжилгээнд зориулагдсан Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад ороогүй 1 литр/кг бодист тусгай зөвшөөрөл шаардахгүй гэсэн байна. 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр батласан 3 сайдын хамтарсан А... тушаалаар аливаа бодисыг химийн хор аюулын байдлаар зэргээр нь зориулагдаж гарсан тушаал болохоос биш хорт аюултай бодисын жагсаалт биш. Энэ нь хуулийн хариуцлага хүлээлгэх бодис биш. Надад байсан Д... болон лемоны хүчлийг хамтад нь Д... гээд тодорхойлсон. Хэрвээ шинжээч давсны хүчлийг маш хортой бодис гэж үзэх юм бол үүнтэй санал нийлэхгүй гэж мөрдөгчид хэлэхдээ “Хоолны давсыг би шинжлэх ухааны үндсэн дээр маш хортой бодис гээд бичиж чадна, мал бол хоолны давсанд хордож үхдэгийг би харж байсан, эмчилж байсан. Гэтэл давсны хүчлийн талаар маш хортой гэсэн дүгнэлт гарах юм бол би хүлээн зөвшөөрөхгүй” гэдгийг мөрдөгчид хэлсэн чинь мөрдөгч надад Р.Н... шинжээчийн дүгнэлтийг уншуулахад тухайн Д... нь .. тушаалд багтсан бодис байна гэсэн байхаар нь миний санаа амраад хүлээн зөвшөөрсөн байсан. Надаас хураасан бодисыг прокурорын шатанд нийлүүлээд 10мл гэж үзсэн гэж хэлсэн. Маш бага хэмжээний, мөн ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодист хамаарахгүй, тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй бодисын жагсаалтад орж байгаа бодисуудыг надаас хураасан. Энэ бол Оросын Холбооны Улсаас .. литр хэмжээтэй ирдэг бодис. Бага хэмжээний бодис бол тусгай зөвшөөрөл авахгүй гээд хуульд заасан байгаа. Гагнуурын хүчил гэх бодис дэлхийд байхгүй. Энэ бодисыг 30мл хэмжээтэй 100 айлын барилгын материалын дэлгүүрт маш ихээр зарагдаж байгаа. Гэтэл энэ нь хууль зөрчөөгүй буюу үйлдвэрээсээ бага хэмжээгээр савлагдаж ирсэн, Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад хамаарахгүй бодис. 6 хүн тухайн бодисыг хэрэглэсэн мөртлөө би ял авах эсэхээ шийдүүлэх гээд шүүх дээр ирсэн байна. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх зарчим байхгүй байна. Нэг өрөөнд хамт сууж байсан. Уран дархануудын хэрэглэдэг Д... бол ахуйн хэрэглээ буюу үйлдвэрлэлийн хэрэглээ биш. Монгол улсад алт, мөнгөний чиглэлийн үйлдвэрлэл их байгаа. Тэдгээр үйлдвэр дээр очвол давсны хүчлийг хэд хэдэн литрээр олж болно. Гэтэл ахуйн үйлчлилгээний зориулалтаар баригдсан барилга дотор ахуйн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа 6 дархан 2 жил гаруй хугацааны өмнө Д... хувааж аваад, хэрэглээд дуусч байсан. Үндсэндээ алт, мөнгөний дарханы давсны хүчлийн хэрэглээ маш бага. Химийн бодис хэрэглэдэг хүмүүст сонирхогдох хэрэглээ биш. Хэрвээ би хувьдаа нэг литр Д...тэй байсан бол миний насан туршын хэрэглээ болох байсан. Гэтэл энэ бодис дээр ашиглалтын зөвшөөрөл шаардлагагүй, бага хэмжээтэй савлагдсан, хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад ороогүй, хадгалах тухай асуудал байхгүй бодис. Хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад белизна буюу натрийн хлорид гэх байгаа. Энэ бодисыг бүх дэлгүүрт зардаг. Гэтэл түүнийг хүмүүс тусгай зөвшөөрөлгүйгээр авдаг. Мөн газыг хэн ч тусгай зөвшөөрөлтэйгөөр авдаггүй. Газ гэрт байх юм бол хэн нэгэн хортой бодис байна гэж харахгүй. Д... нь хор аюулын зэргээр 3 дугаар зэрэглэлд багтдаг. Гэвч гэрч Д... нь нэгдүгээр зэрэглэлийн хорт бодис гэсэн байна. Хорт, аюултай бодисыг Монгол улс 5 зэрэглэлд хуваасан байдаг. 1 дүгээр зэрэглэл нь онц хортой, 2 дугаарт хортой, 3 дугаарт хортой байж болно, 4 дүгээрт аюултай байж болно, 5 дугаарт бараг аюулгүй. Давсны хүчлийг Оросын Холбооны Улсад хортой гэж хэлдэггүй, харин хүчтэй эсэлдүүлэгч бодис гэж хэлдэг. Органик хүчил бол аюултай, харин органик биш хүчил нь аюулгүй. Давсны хүчлийг гар дээрээ асгалаа гэхэд ямар нэг зүйл болохгүй бас уух үед үхэх аюулд хүргэхгүй. Дээр үед давсны хүчлийг найруулаад уулгадаг байсан. Хүний болон махчин амьтны ходоодноос давсны хүчлийг гаргаж аваад анх нээсэн байдаг. Хүний ходоодонд байдаг хүчлийг шинжээч нэгдүгээр зэрэглэлийн хортой бодис, 10мл уух юм бол үхэлд хүргэнэ гээд худлаа хэлээд байна. ЛД-50 гэдэг бол үхлийн дундаж тун гэсэн үгийн товчлол. Би 4 эм зохион бүтээгээд зарагдаж байгаа. Энэ талаар би маш сайн мэднэ. Давсны хүчлийг андуурч уух ямар ч боломж байхгүй. Сохор эсхүл хамар нь битүү хүн бол андуурч ууж болно. Хүхрийн хүчил бол ямар нэг үнэргүй, өнгөгүй, хүн харахад аюулгүй. Харин уухад үхсэн тохиолдол байгаа. Дэлхийд Д... андуурч уугаад үхсэн тохиолдол байхгүй. Мөрдөгч тухйн өдөр ямар нэг зүйл байхгүй байна гээд явах гэж байхад нь би Д... байсан савыг өөрөө түүнд өгсөнөөрөө өнөөдөр шүүх хуралдааны танхимд зогсож байгаа. Энэ гэмт хэрэгт хэмжээ хамаарахгүй, хохирол шаардахгүй гэдэг. Гэтэл миний хураалгасан бодист хэмжээ, хохирол хамаарна. Хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад хамаарсан бодис байвал улсын яллагчийн хэлснээр хэмжээ болон хохирол хамаарахгүй байх ёстой. Гэтэл миний хураалгасан бодист яагаад хэмжээ хамаарч байгаа вэ? гэхээр 1 литрээс бага байсан. Би ахуй үйлчилгээ явуулж байсан хүн учраас 1 литр давсны хүчлийг насан туршдаа хэрэглэнэ. Гэтэл мөрдөгч нь уран дархнуудын хэрэглээг хэр их хэмжээтэйг хэрэглэхийг мэдэхгүй байна. Надад ял өгөх гэж байгаа бол энэ тухай мэддэг байх хэрэгтэй. Тухайн бодисыг би хадгалаагүй гэж хэлсэн боловч мөрдөгч хэлэхдээ хуулийн хэллэгээрээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хадгалах гэх зөөлөн үг ашиглаж байгаа гэсэн. Гэтэл яллах дүгнэлт дээр хууль бусаар хадгалсан гээд оруулсан байна. Гэтэл худалдах, ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахгүй байхад энэ бодис дээр яагаад хадгалахдаа тусгай зөвшөөрөл авах шаардлагатай юм бэ? Энэ нь миний эрх зүйн байдлыг улам дордуулсан байна. Би нэг ширхэг алтан бөгж хийхэд хамгийн сүүлд нь нэг хором ч хүрэхгүй хугацаанд Д...д тухайн бөгжийг дүрээд, өнгөлөөд гаргаж ирдэг. Ахуйн хэрэглээнд хэрэглэхдээ хэн ч тусгай зөвшөөрөл авдаггүй ...” гэв.
Эцсийн үгэндээ:
Хорт аюултай бодисын тухай хууль Монгол улсын хуулийг хэрэглэхэд хүндрэл гарвал Олон улсын хуулийг хэрэглэнэ гэж заасан. Тусгай зөвшөөрөл гэх зүйл гадаад улсад байдаггүй. Харин худалдан борлуулах тухай хууль буюу борлуулж байгаа хүн нь тухайн зарж байгаа бодисоо ямар зүйлд, хэрхэн хэрэглэх гэж байгаа тухай тэмдэглэж, нэр, хаягийг нь авдаг. Монгол улс сүүлийн үед тусгай зөвшөөрлийг болъё гэж байгаа. 1 мл хэмжээ бол нэг дуслын 3/1 хэмжээтэй адил. Намайг гэм буруутай гэж үзвэл би гомдол гаргах эрхээ эдлэнэ. Тиймээс шүүхээс ямар ч шийдвэр гарсан би хүлээн авхад бэлэн байгаа гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Ц.Б...ын “...Би Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд химийн бодис хариуцсан шинжээч ажилтай ... Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь 2015 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан А... хамтарсан тушаалын хавсралтын 485 дугаарт бүртгэгдсэн Д... гэх бодисыг ашиглахдаа Байаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Иргэн ХБ... регистрийн дугаартай Г... овогт М.Б нь химийн хорт болон аюултай бодис ашиглахаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй болно ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
Гэрч А.Д...ын “...Би Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхимд химийн ахлах багш ажилтай. Энэ ажлыг 2001 оноос хойш 22 жил хийж байна. Би Д... /Н.../ гэх бодисын талаар сайн мэднэ. Энэ бодис нь химийн хорт аюултай бодисын жагсаалтад багтсан хортой бодис юм. Бодиснуудыг хор аюулын зэрэглэлээр ангилдаг бөгөөд нэгдүгээр ангилал буюу хамгийн хортой ангилалд багтдаг юм. Хор хөнөөлийн хувьд амьсгал боогдуулна, амьсгалын систем зам гэмтээх, нүд цочроох, арьсанд хүрсэн тохиолдолд шууд түлдэг хор аюултай бодис юм. Тасалгаанд ил задгай саванд байлгавал ууршиж амьсгалын зам систем гэмтээдэг. Давсны хүчлийг манай улсад олон зүйлд ашиглаж байгаа, алтыг уусгах, цэвэршүүлэхэд, мөн алтаар хийсэн эд зүйлийг өнгөлж цэвэршүүлэхэд алт мөнгөний дархчууд ихэнхдээ ашигладаг юм. Бас монетон эдлэлийг өнгөлөх цэвэршүүлэхэд ашигладаг юм. Ер нь бол металл зүйл хийхдээ голдуу өнгөлөхдөө ашигладаг юм ... Химийн хорт аюултай бодисыг их бага хэмжээнээс нь хамаарч хор аюулыг нарийн тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл 10 мл хэмжээтэй Д... нь хүний арьсанд болон амьсгалын замд нөлөөлөх бүрэн боломжтой юм. Жишээлбэл 10 мл хэмжээтэй давсны хүчлийг хүн андуурч уусан тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дугаар тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5503 тоот дүгнэлтэнд: “ Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. “МБ 1 2023.11.06 М.Б 5 дугаар ширээ” гэж хаягласан улаан тагтай хуванцар саванд хийсэн цагаан өнгийн нунтаг бодис натрийн ион /Na+/ болон боратын ион /ВО3-/ агуулсан давс байна. “...” гэж хаягласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг бодис ...байна. “ ...” гэж хаягласан шилэн саванд хийсэн ногоон өнгийн шингэн бодис, ...” гэж хаягласан хуванцар саванд хийсэн шингэн бодисууд нь Д... /Н.../ байна. Илэрсэн Д... /Н.../ нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А... хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулан бодисын жагсаалтын 485 дугаар жагсаалтад багтсан байна ....” гэжээ /хавтаст хэргийн 25-27 дугаар тал/,
гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот дүгнэлтэнд: “...... гэж хаягласан шилэн саванд хийсэн шар ногоон өнгийн шингэн нь 1 мл хэмжээтэй, шилэн савтай үеийн жин .. грамм байна. “..” гэж хаягласан хуванцар саванд хийсэн шингэн нь .. мл, хэмжээтэй шилэн савтай үеийн жин .. грамм байна ...” гэжээ /хавтаст хэргийн 85-86 дугаар тал/,
гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 87-90 дүгээр тал/,
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “У...” нэртэй төвийн ертөнцийн зүгээр баруун талаас 11 дэх хаалган дахь 1 давхарын “А...” нэртэй байранд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 02 минутаас 13 цаг 30 минутын хооронд хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .. дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .. дугаартай “...4.М.Б /РД:ХБ.../ нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрлийг авч байгаагүй болно ...” гэсэн албан бичиг /хавтаст хэргйн 93-94 дүгээр тал/,
Шүүгдэгч М.Бийн гэрчээр өгсөн “...би өөрийн А...ы чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг химийн бодис болох лимоны хүчлийг хүнсний дэлгүүрээс худалдаж авдаг хаа сайгүй зарагддаг. Тунсаа гэх бодисыг У... худалдааны төвийн урд байрлах Хятад хүний ажиллуулдаг хэвний бөөний төвөөс Хятад хүнээс худалдаж авдаг. Боорын хүчлийг тунсаа авдаг Хятад хүнээсээ авдаг У...д алт, мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд нь боорын хүчлийг маш бага хэмжээгээр хэрэглэдэг. Давсны хүчлийг бол У... дээр хувиараа зараад яваад байдаг хувь хүнээс бараг жилийн өмнө авч байсан бид нар нэг доороо 5-уулаа суудаг. Тэгээд бид 5 хувааж авч байсан. Нэг литрийг нь 70.000-80.000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна. Бидний хэрэглээнд маш бага хэрэглэгддэг. Сүүлийн үед дахиж худалдаж аваагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт:
Шинжээчээс “... Та нийт 4 төрлийн бодис хураалгасан байсан. 2 шингэн бодис ирснээс нэг нь шар ногоон өнгөтэй, нэг нь өнгөгүй тунгалаг шингэн байсан. Манай байгууллагад батлагдсан стандарт ажлын зааврын дагуу чанарын анализын аргаар дээж аваад шинжилгээ хийхэд тухайн 2 шингэн бодисоос хлорын хасах цэнэгтэй ион илэрсэн. Тиймээс энэ нь Д... гэж дүгнэсэн. Мөрдөгчийн асуултын дагуу хариулт өгсөн ... Экологийн цагдаагийн албанаас надаас бодистой холбоотой ямар нэг хэмжээ асуугаагүй. Ирсэн бодисын хэмжээний тухай бичээд явуулсан. Гэтэл дараа нь нэмэлт шинжилгээ ирэхэд хэмжээг нь тогтоогоод өгөх талаар асуухад дахин хэмжээг нь тогтоогоод дүгнэсэн. Хадгалалт, тээвэрлэлтээс хамаараад тухайн хүчлийн өнө өөрчлөгдөх боломжтой ... Бодисын хор уршгийн талаар химийн хор аюулын лавлах дээр Д... нь маш их түлэмхий шинж чанартай. Амьсгалын замын эрхтэнүүд үрэвсэх, хүчтэй хордсон тохиолдолд зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлж үхэлд хүргэх аюултай байдаг ...” гэв.
Гэрч А.Д...оос “... Д... нь эрдэс хүчил мөн. Эрдэс хүчил нь органик зүйлтэй урвалд орохгүй гэдэгтэй шууд санал нийлэхгүй. Тухайн бодисын шинж чанараас хамаараад янз бүр байдаг. 10 мл Д... уусан тохиолдолд тэр дороо үхнэ гэж хэлээгүй гэв. Д... уугаад үхсэн гэх тохиолдол мэдэхгүй байна. Нүд гэмтээх нэгдүгээр зэрэглэл, металь зэврүүлэх нэгдүгээр зэрэглэл, арь цочроох 1В зэрэглэл, нэг удаагийн өртөлтөөр эд эрхтэн гэмтээх гуравдугаар зэрэглэл гэсэн байна ... Химийн хорт болон аюултай бодис нь тусдаа ойлголт. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд зааснаар 2 ангилсан байна. Д... нь тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой гэх шинжүүдээс исэлдүүлэгч, идэмхий шинж чанартай бодист хамаардаг. Исэлдүүлэх гэдэг нь хүний биед ямар хор аюултай гэдгийг мэдэхгүй байна ...” гэв.
Гэрч Ц.Б...аас “...Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд зааснаар аливаа бодисыг хэрэглэх, борлуулах, ашиглах зэрэгт тусгай зөвшөөрөл авдаг. Монгол улсад ашиглахыг хориглосон бодисыг Монгол улсад импортоор оруулж ирдэггүй. Зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар стандарт бодисыг оруулж ирдэг ... Таны ярьж байгаа 2017 оны журам нь давсны хүчлийг батлаагүй. Яагаад гэвэл батлах субьект нь тодорхойгүй байсан. 2009 оны 334/104 журам хэвээрээ байгаа. 2020 онд уг журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Үүн дээр судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах 1 литр буюу түүнээс бага хэмжээтэй нийт хэмжээ нь 10 кг хэтрэхгүй Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад ороогүй бодисыг стандарт гэж үзнэ. Эдгээр бодисыг Монгол улсын хилээр тусгай зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлнэ. Та буруу ойлгосон байна. Газ, белизнаг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаатай холбоотой хэлэх зүйл гэвэл газ бол тусдаа эрх зүйн зохицуулалттай. Маш бага хэмжээтэй Д... хэрэглэхийн тулд тусгай зөвшөөрөл авах ёстой. Үүнд хэмжээ хамаарахгүй ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй, түүний өмгөөлөгч шүүгдэгчид хэрийг ашигтай байдлаар шийдвэрлүүлж өгнө үү гэж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “У...” нэртэй төвийн ертөнцийн зүгээр баруун талаас 11 дэх хаалган дахь 1 давхарын “А...” нэртэй ажлын байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А... хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан нийт 10 мл хэмжээтэй Д... /Н.../-ийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж,
Энэ нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэрч Ц.Б...ын мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, гэрч А.Д...ын мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5503 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дугаар тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 495 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 87-90 дүгээр тал/, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “У...” нэртэй төвийн ертөнцийн зүгээр баруун талаас 11 дэх хаалган дахь 1 давхарын “А...” нэртэй байранд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 02 минутаас 13 цаг 30 минутын хооронд хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-10 дугаар тал/, Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 519 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 06/6067 дугаартай “...4.М.Б /РД:ХБ.../ нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрлийг авч байгаагүй болно ...” гэсэн албан бичиг /хавтаст хэргйн 93-94 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч, гэрч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтэндээ:
Шүүгдэгч М.Б нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У... гэх төвийн баруун талаасаа 11 дүгээр хаалганд А... үйл ажиллагаа явуулж байхдаа өөрийнхөө үйл ажиллагаанд ашиглах зорилгоор хууль бусаар хадгалж байсан байж болзошгүй хуурай, нунтаг, цагаан бодис, 2 төрлийн шингэн бодисыг хойшлуулшгүйгээр хурааж авсан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлд зааснаар прокурорын зөвшөөрлөөр хураан авсан. Улмаар 2023 оны 01 болон 11 дүгээр саруудад шилжилгээнд хүргүүлхэд дээрх хуурай бодис нь хүний эрүүл мэндэд ямар нэг аюулгүй, хууль бус биш бодис байсан. Харин шингэн 2 бодис нь Д... байсан ба химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон байдаг. Энэхүү бодис нь эсэлдүүлэгч шинж чанартай бөгөөд хүний нүдэнд нэг удаагийн үйлчлэлээр хараагүйдэлд хүргэх, тодорхой хэмжээгээр хэрэглэхэд үхэлд хүргэх хэмжээний аюултай болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Дээрх бодисыг хэрэглэх, ашиглахдаа тусгай зөвшөөрөл авах ёстой. Тиймээс шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй гэсэн,
харин шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ:
Хэргийн нотолбол зохих байдал нотлогдохгүй байна гэж үзэж байна. Хэргийн газар дээрээс 3 бодис хураасан гэх боловч зураг дээр 4 бодис, прокурор хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэй болгохдоо гэрчийн мэдүүлэг гэж дурдсан байх боловч үйл баримт дээр гэрчийн мэдүүлэг байхгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй байна. Дүгнэлт гаргасан шинжээч нь чанарын аргаар илрүүлсэн гэх, гэрч Д... нь өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ хэлсэн гэх, гэрч Б... нь Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарч байгаа боловч тусгай зөвшөөрөл шаардахгүй гэдэг. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалын 2.1-4.1 дээр судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглахад 1 литр болон түүнээс бага савалгаатай, нийт хэмжээ нь 10кг илүүгүй бол тусгай зөвшөөрөл шаардахгүй гэх агуулгын хүрээнд хархад миний үйлчлүүлэгч 1 мл бодис хураалгасан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хэмжээ тодорхойлогдоогүй байсан учраас прокурор дахин шинжилгээ хийлгэх үед 1мл бодис багассан байсан учраас прокурор өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ 10мл болгосон гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд хуулийн дагуу бүрдээгүй байгаа ба нотлож байгаа эх сурвалж нь хоорондоо зөрүүтэй байгаа тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч М.Бийн хууль бусаар хадгалж байсан “Д...” гэх бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А... хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй ба үүнийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн маргасан үндэслэл дараах байдлаар няцаагдана. Үүнд:
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад "химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, 3.1.2 дахь заалтад "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг ойлгоно” гэжээ.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлд Химийн хорт болон аюултай бодисын ангиллын талаар заасан ба 4.1 дэх хэсэгт “Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь: 4.1.1 дэх заалтад “хортой”, 4.1.2 дахь заалтад зааснаар “аюултай” гэж тус тус ангилдаг. Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална, 5 дугаар зүйл 5.1 дэх хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” гэж уг гэмт хэргийн шинжийг,
Өөрөөр хэлбэл Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн дагуу Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах” тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан хүн, хуулийн этгээд нь уг тусгай зөвшөөрлийн хүрээ, хязгаар, цаг хугацаанаас давсан үйл ажиллагаа явуулсан нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил болох бөгөөд харин огт тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бүх шинж нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангаж гэмт хэрэгт тооцогдоно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгчийн хувьд “Би малын эмч мэргэжилтэй. Мал эмнэлгийн хүрээлэнгийн бодис солилцооны лабораторит 7 жил, Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 3 жил багшилсан. Тиймээс би Химийн бодисын тухаай маш сайн мэднэ. Р.Н... шинжээчийн гаргасан дүгнэлттэй би санал нийлэхгүй байгаа. Яагаад гэвэл би 4 төрлийн бодис хураалгасан. Хоёр нь хуурай, хоёр нь шингэн бодис байсан. Шингэн бодисын нэг нь Д..., нөгөө нь лемоны хүчил байсан. Давсны хүчлийг би өөрөө мөрдөгчид өгсөн. Яагаад гэвэл тухайн бодис нь Монгол улсын хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад ороогүй. Тиймээс ямар нэг ялгүй гэж үзсэн. Хэрвээ би өөрөө мөрдөгчид өгөөгүй байсан бол тухайн сав нь бараг хоосон байсан. Яагаад гэвэл би давсны хүчлээр буруудахгүй гэж бодсон боловч өнөөдрийн байдалд хүрлээ. Би тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 5 сар уншиж судлахдаа би өөрийгөө хэлмэгдсэн, ямар нэг байдлаар буруугүй гэдгээ ойлгож авсан. Тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар бодисын тусгай зөвшөөрөл авах нь Монгол улсын хэмжээнд хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалатд орж байгаа бодис нь гарцаагүй тусгай зөвшөөрөл авах ёстой болж байгаа. Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авах эсэхийг обьект нь шийдвэрлэнэ. Тусгай зөвшөөрөл авхад миний бодисууд хамаарахгүй байгаа. Мөн би Д... үйлдвэрлэхгүй, тээвэрлэхгүй, худалдан борлуулахгүй учраас тусгай зөвшөөрөл авахгүй. Ашиглахтай холбоотой тусгай зөвшөөрөл байхгүй. Харин худалдах болон ашиглахтай холбоотой журам дээр 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гарсан Химийн хорт болон аюултай бодис импортлох болон тээвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй бодисын жагсаалтад зөвхөн судалгаа, шинжилгээнд зориулагдсан Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад ороогүй 1 литр/кг бодист тусгай зөвшөөрөл шаардахгүй гэсэн байна. 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр батласан 3 сайдын хамтарсан А... тушаалаар аливаа бодисыг химийн хор аюулын байдлаар зэргээр нь зориулагдаж гарсан тушаал болохоос биш хорт авултай бодисын жагсаалт биш. Энэ нь хуулийн хариуцлага хүлээлгэх бодис, 4 үүлээ нийлээд 1 литр хувааж аваад хэрэглээд дуусч байсан” гэж, түүний өмгөөлөгчийн зүгээс “Хэргийн нотолбол зохих байдал нотлогдохгүй байна гэж үзэж байна Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй байна. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А60 Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалын 2.1-4.1 дээр судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглахад 1 литр болон түүнээс бага савалгаатай, нийт хэмжээ нь 10кг илүүгүй бол тусгай зөвшөөрөл шаардахгүй гэх агуулгын хүрээнд хархад миний үйлчлүүлэгч 1 мл бодис хураалгасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд хуулийн дагуу бүрдээгүй байгаа ба нотлож байгаа эх сурвалж нь хоорондоо зөрүүтэй байгаа тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлаад миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус маргасан боловч шүүгдэгч нь сүүлийн 20 гаран жилийн хугацаанд У...д үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа ба 2022 оноос А...ы чиглэлээр, шүүгдэгч нь малын их эмч мэргэжилтэй, химийн бодисын чиглэлээр 10 гаран жил ажиллаж байсан, энэ цаг хугацаанд тухайн бодисыг ашигласан, хадгалсан нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар уг хориотой бодисыг өөрийн ажлын байрны орон зайд хамаатуулан хадгалж байсан үйл баримт тогтоогдож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
Мөн ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИС ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ, ХИЛ ДАМЖУУЛАНТЭЭВЭРЛЭХ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ ЖУРАМ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 334/104 дүгээр хамтарсан тушаалын хавсралтын ХОЁРТ
Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл олгох гээд
2.1. Ерөнхий зүйл
2.1.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны хүсэлт, иргэний өргөдлийг үндэслэн дараахь зөвшөөрлийг олгоно:
2.1.1.1. химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх;
2.1.4. Доорхи төрлийн химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг импортлоход энэхүү журмын 2.1.3, 2.3 дахь заалтууд хамаарахгүй. Үүнд:
2.1.4.1. Судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах 1 литр эсвэл 1 кг болон түүнээс бага савлагаатай, нийт хэмжээ 10 кг-аас ихгүй, "Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт" болон "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д ороогүй бодис, урвалж, тэжээлт орчин, стандарт бодис;
2.1.4.8. Үйлдвэрлэгчийн савлагаа, чанарын гэрчилгээтэй ахуйн болон гоо сайхны химийн бодис агуулсан бүтээгдэхүүнүүд
2.1.5. Энэхүү журмын 2.1.4.1, 2.1.4.10 дахь заалтууд нь химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл бүхий судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд хамаарна... гэж тус тус зохицуулсан зэргээс уг химийн хорт болон аюултай бодисыг иргэн, аж ахуй нэгж бүгд тусгай зөвшөөрөл авах, мөн уг бодисын талаар хэмжээг заагаагүй байна.
Иймд шүүгдэгч М.Б нь “Д...” гэх нэршилтэй химийн хорт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Бийг Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, саналдаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж байгаа ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүний хувийн байдал болох эрхэлсэн тодорхой ажилгүй, 51 настай, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, бодистой холбоотой нийгмийн аюулын хор хэмжээ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд байх “МБ3”, “МБ2” гэж хаягалсан Д... бүхий 10мл хэмжээтэй бодисыг тус тус устгуулах. Харин “МБ1” гэж хаягласан улаан тагтай хуванцар саванд хийсэн цагаан өнгийн нунтаг натри ион агуулсан давс, “МБ3” гэж хаягласан гялгар уутанд байх цагаан өнгийн нунтаг борын ион зэргийг шүүгдэгч М.Бөд буцаан олгох саналтай байна ...” гэсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ...” гэсэн ба тэрээр нэмэлт тайлбартаа “...Миний үйлчлүүлэгч бодисын шинж чанартай мэтгэлцсэн. Харин гэм буруу дээрээ маргаагүй ба шүүхээс ямар ч шийдвэр гарсан хүлээн зөвшөөрөх болно гэдгээ хэлсэн. Тиймээс энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ...” гэв.
Шүүх шүүгдэгч М.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар түүний үйлдсэн гэмт хэрэг нь 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул уг ялаас чөлөөлөх хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Бийг ...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсан болно.
Гурав. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ... дугаар ширээ” гэж хаягласан улаан тагтай хуванцар саванд хийсэн цагаан өнгийн нунтаг, натрийн ион /Na+ / болон боратын ион /BO3-/ агуулсан давс зэргийг шүүгдэгч М.Бөд буцаан олгохыг Экологийн цагдаагийн албанд,
“..” гэж хаягласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг ..
“..” гэж хаягласан шилэн саванд хийсэн ногоон өнгийн болон “..” гэж хаягласан хуванцар саванд хийсэн шингэн Д... /Н.../ бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Экологийн цагдаагийн албанд тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г... овогт М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан нийт 10 мл хэмжээтэй Д... /.../-ийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Бийг ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ... гэж хаягласан улаан тагтай хуванцар саванд хийсэн цагаан өнгийн нунтаг, ... зэргийг шүүгдэгч М.Бөд буцаан олгохыг Экологийн цагдаагийн албанд,
“...” гэж хаягласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг ..., “...” гэж хаягласан шилэн саванд хийсэн ногоон өнгийн болон "...” гэж хаягласан хуванцар саванд хийсэн шингэн Д... /Н.../ бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албанд тус тус даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ