Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/259

 

 

 

   2024        04         03                                   2024/ШЦТ/259

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б..., 

улсын яллагч О.Дэлгэрцэцэг,

  шүүгдэгч Г.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

  Хохирогч, Б... ХХК-ын хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Ч.Б... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч... овогт Г.Бд холбогдох эрүүгийн 2311 01874 0115 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч... овогт Г.Б, регистрийн дугаар .............................,

Монгол Улсын иргэн, 19... оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д...” ХХК-ний ... сүлжээ, дэлгүүрт туслах менежир ажилтай, бүл 5, эцэг, ах, эгч, дүү нарын хамт ...................................................., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... тоотод байрлах “Б...” ХХК-нд захиалга хүлээн авагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох эм, эмийн хэрэгслийг захиалагч компаниудад хүлээлгэн өгөхдөө “Б... “ ХХК-ийн дансаар бус өөрийн эзэмшлийн Хаан болон Голомт банкны харилцах дансаар авч, хувьдаа завшин 13.399.442.50 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулж хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй ...” гэв. 

 Хохирогч, Б... ХХК-ын хууль ёсны төлөөлөгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Байгууллагад учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч барагдуулсан. Өмгөөллийн төлбөр 3.500.000 төгрөг, шинжээчийн төлбөр 1.500.000 төгрөг. Нэгдсэн өртгийн албан татварыг оруулаад 3.850.000 төгрөг нэхэмжилж байна ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч, Б... ХХК-ын хууль ёсны төлөөлөгч А.Мгийн “...Б... нь захиалгуудаа аваад ажиллаж байсан. 2023 оны 06 дугаар сар гарч байхад “Э...”, “М...”, “4...”, “Х...”, “С...”, “А...” гэх газруудад мөнгөө хийхгүй байхаар нь Б...ийг шавдуулж шахаад эдгээр газруудаас мөнгөө олж ав гэдэг байсан. Гэтэл эдгээр компаниудын мөнгө нь орж ирэхгүй л байсан. Харин дараа нь Б... над руу өөрөө чат бичээд компаниудаас өөрийнхөө хувийн дансанд мөнгө авчихсан гэсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Гэрч Ш.У...ийн “...5.034.562 төгрөгийн барааг “Б... ХХК-ийн захиалга хүлээн авагч Г.Б хувьдаа завшсан байх. Захиалга аваад падааны 1 хувийг манайд, 1 хувийг “Б...” ХХК-нд үлддэг. Тооцоо тулж үзэхэд манай компанийн захиалаагүй барааны жагсаалттай, худалдан авалт хийгээгүй падаанууд гарч ирсэн. Өчигдөр тооцоо нийлэх үед “Х...” ХХК-иас бэлэн мөнгөөр тооцоо хийсэн падааныг шинээр хэвлээд “данс”-аар хийсэн гэж завсарласан байсан. Ийм 2 ширхэг падаан гарсан. Уг 2 падаан дээрх хэвлэсэн огноо нь манайд үлдсэн 1 хувь падаанаас зөрж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

Гэрч Ж.Б...ийн “...Худалдан авалт хийхэд хүргэгч нь 1 падааныг 2 хувилж авч ирдэг бөгөөд 2 хувь падаан дээр гарын үсгээ зураад тооцоогоо ямар хэлбэрээр хийснээ бичээд 1 хувийг нь хүргэгчид өгч явуулдаг. Би өөрөө 1 хувийг нь авч үлддэг. Тухайн үед Б...ий илүү авч ирсэн падаан дээр гарын үсэг зуралгүй өгөөд явуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Гэрч Б.У...ын “...Би Б... ХХК болон Б...ийг мэднэ. Б... ХХК нь манай эмийн сантай харилцагч компани. Олон газруудаас эмээ татаж авдгийн нэг нь Б... ХХК юм. Б... тухайн үед Б... ХХК-ний захиалга хүлээн авагч байсан. Манайх тооцоогоо дандаа дансаар хийдэг. Намайг тус эмийн санд ажиллах болсноос хойш бэлэн мөнгөөр авч байсан тохиолдол байхгүй. Манай эмийн сан бэлэн мөнгөөр тооцоо хийдэггүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 175 дугаар тал/,

Гэрч Э.Э...ийн “... Манай хоёр салбар эмийн захиалгаа 2023 оны 03 дугаар сараас эхлээд Б... ХХК-ны захиалга хүлээн авагч Г.Б гэх ажилтантай холбогдож өгч байсан. Тухайн үед гэрээний дагуу захиалгын тооцоог тодорхой хэмжээнд компани данс руу хийгдэж захиалга өгч, авагдаж байх урамшуулал олгож байгаа, та мөнгөө миний данс руу хийгээд би бэлнээр тушааж урамшуулал авах гэсэн юм” гээд тооцоог Б... нь өөрийн дансаар авдаг байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 177 дугаар тал/,

“Ж...” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн АД/05 дугаартай “...Г.Б нь тус байгууллагад захиалга хүлээн авагчаар ажиллаж байсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу бараа материалыг эмийн сангуудад нийлүүлдэггүй байна. Г.Б нь хувийн харилцах дансаараа авсан барааны үнийг “Б...” ХХК-нд хүлээлгэн өгөөгүй байна. Г.Б нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.11, 6.3.12 дугаар заалтыг зөрчиж харилцагчийн төлбөр тооцоог хувийн дансаараа дамжуулан авсан, мөн журмын 6.4.3 дугаар заалтыг тус тус зөрчин байгууллагын нэрийг ашигласан байна. Г.Б нь 2023 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа өөрийн нэр дээрх Хаан банкны 54.... тоот төгрөгийн харилцах дансандаа нэр бүхий 4 байгууллагаас 11.047.372.50 төгрөг, Голомт банкны 33...тоот төгрөгийн харилцах дансандаа 2.352.070 төгрөг, нийт 13.399.442.50 төгрөгийг авч “Б...” ХХК-нд нийт 13.399.442.50 төгрөгийн хохирол учруулсан ...” гэх ..ын дүгнэлт /хавтаст хэргийн 43-93 дугаар тал/,

Г.Бий эзэмшлийн Голомт банкны 33...дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 94-106 дугаар тал/,

Г.Бий эзэмшлийн Хаан банкны 54.... дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 107-138 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Бий “...би захиалга хүлээн авагчаар ажиллаж байхдаа харилцагчийн эмийн сангуудын төлбөр тооцоог хувьдаа авсан юм. Э... эмийн сангаас нийт 5.280.617 төгрөгийг, М... эмийн сангаас нийт 1.218.910 төгрөгийг, А... эмийн сангаас 3.072.285 төгрөгийг, Ф... эмийн сангаас нийт 1.686.486 төгрөгийг, Х... эмийн сангаас нийт 2.498.544 төгрөгийг өөрийн хувийн Хаан банкны 54.... тоот дансаар аваад компанид шилжүүлж өгөөгүй. Яг хэдэн төгрөгийг, хэзээ авснаа тодорхой хэлж мэдэхгүй байна. Дээрх мөнгөн дүнг Б... ХХК-ийн программ дээрээс шүүж гаргасан дүн юм. Би өөрөө төлбөр тооцоог нь хариуцаж байсан тул өөрөө шүүж гаргаж ирсэн юм. Компанийн зүгээс эцсийн дүнг шүүж үзээд хэлье гэсэн ч хэлээгүй байгаа. Компани дээр эмийн сангуудаас гадна хувь хүмүүс орж ирж бараа авдаг. Хувь хүн бараа авсан тохиолдолд НӨАТ баримт шивэхгүйгээр барааг гаргаж өгдөг. Компанийн зүгээс “хувь хүн бараа авсан тохиолдолд Э... нэртэй компанийн нэр дээр бичээд падаан гаргаж өгөөрэй” гэдэг. Тэгэх юм бол нягтлангууд тухайн худалдан авалт дээр НӨАТ шивэхгүйгээр, захирлын хувийн данс руу шижүүлдэг юм. Харин би С..., Х..., Ц... нэртэй эмийн сангуудын нэр дээр бичиж падаан гаргаад тооцооны мөнгийг нь бэлнээр болон хувийн дээрх Хаан банкны дансаар авдаг байсан. Энэ мөнгө нь С... эмийн сан дээр 5.034.0562 төгрөг, Х... эмийн сан дээр 4.463.053 төгрөг, Ц... эмийн сан дээр 2.581.300 төгрөгийн падаан бичиж хувьдаа авсан. Нэг удаа хувь хүн худалдан авалт хийх үед нь Ц... эмийн сангийн нэр дээр падаан бичээд 300.000 орчим төгрөгийг хувьдаа авч байсан. Яг хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй байна. Энэ тооцоог би өөрөө шүүж компанид өгсөн. Би Б... ХХК-аас завшсан мөнгөө дандаа мөрийтэй тоглоом тоглож алдсан. т...нэртэй покерын сайт дээр мөрийтэй тоглодог байсан. Миний хаан банкны 54.... тоот дансны хуулга дээрх К... гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн зарлага нь дандаа мөрийтэй тоглоомын данс руу шилжүүлсэн мөнгө. Одоо мөрийтэй тоглохгүй байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 165-166 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 179 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 188 дугаар тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 181 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 182 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Г.Б нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... тоотод байрлах “Б...” ХХК-нд захиалга хүлээн авагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох эм, эмийн хэрэгслийг захиалагч компаниудад хүлээлгэн өгөхдөө “Б... “ ХХК-ийн дансаар бус өөрийн эзэмшлийн Хаан болон Голомт банкны харилцах дансаар авч, хувьдаа завшин 13.399.442.50 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулж хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Хохирогч, Б... ХХК-ын хууль ёсны төлөөлөгч А.М...ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/, гэрч Ш.У...ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/, гэрч Ж.Б...ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, гэрч Б.У...ын мэдүүлэг /хавтаст хэргийн 175 дугаар тал/, гэрч Э.Э...ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 177 дугаар тал/, “Ж...” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн АД/05 дугаартай ..ын дүгнэлт /хавтаст хэргийн 43-93 дугаар тал/, Г.Б...ий эзэмшлийн Голомт банкны 33...дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 94-106 дугаар тал/, Г.Бий эзэмшлийн Хаан банкны 54.... дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 107-138 дугаар тал/, шүүгдэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 165-166 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохыг дурдаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан 1,500,000 төгрөгийн шинжээчийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Иймд шүүгдэгч Г.Б...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна ...” гэх дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгч: “ ... Өмгөөллийн зардлыг шүүгдэгчээс нөхөн төлөгдөх ёстой гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчид төлөх зардал багтана гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтыг үндэслэн гаргуулна. Мөн тухайн зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэрвээ шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол шүүгдэгчээс гаргуулна гэж заасан байдаг учраас өмгөөлөллийн зардлыг хохирогч Бест фарм ххк-д шүүгдэгчээс нөхөн гаргуулах нь зүйтэй ...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул шүүх хэргийн талаар няцаалт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох эм эмийн хэрэгслийг зарж борлуулан 13.399.442.50 төгрөгийг хувьдаа завшиж, хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг ... дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох саналтай байна ...” гэсэн болно.

Шүүгдэгч Г.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Г.Б...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсгийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Б нь Хохирогч, Б... ХХК-д 13.399.442.50 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед уг хохирлыг төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна. 

Хохирогч, Б... ХХК-ын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Өмгөөллийн төлбөр 3.500.000 төгрөг, шинжээчийн төлбөр 1.500.000 төгрөг, Нэгдсэн өртгийн албан татварыг оруулаад 3.850.000 төгрөг ...” гэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид... төлөх зардлаас бүрдэнэ,

Мөн хуулийн 2 дахь хэсэгт ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлана...

Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус заасан байна.

Засгийн газрын ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам...-ын 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гаргуулахаар уг журамд тооцсон, мөн хэрэгт хохирогчийн өмгөөллийн хөлс төлсөн талаарх баримт байхгүй зэргийг үндэслэн уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин “Ж...” .. ХХК-иас санхүүгийн шинжилгээ хийсэн зардал болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Хохирогч, Б... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно.

         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч... овогт Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бээс 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч, “Б...” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохиролд 13.399.442.50 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ