Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2021/00468

 

 

 

2021 04 23 155/ШШ2021/00468

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ....... сумын ... дугаар багийн .... дугаар байрны ..... тоотод оршин суух, .... овогт Ч-ын Ц /Р.............3/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн .............. холбогдох

Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 757.161 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, 155/2021/00261/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч Э.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ц миний бие 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ......... нягтлан бодогчоор ажиллахаар болж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Харин ч эрхэлсэн ажлаа чанартай сайн гүйцэтгэж жил бүр Төрийн аудитын шалгалтаар санхүүгийн зөрчилгүй байгууллага-аар манай байгууллага шалгарч байсан бөгөөд удирдлага миний ажлын үр дүнг үнэлж ур чадварын нэмэгдэл цалин олгон урамшуулж байсан. Энэ нь миний хөдөлмөрийн үр дүн гэж ойлгодог. 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай байгууллагын захирлаар ажиллаж байсан Н.О өндөр насны тэтгэвэрт гарч ажлаа өгсөн бөгөөд түүний оронд захирлаар Э.Д гэж хүн томилогдон орж ирсэн. Ингээд шинэ захирал 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ч.Ц надтай дахин Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл Хөвсгөл аймгийн ........ захирлын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч намайг ажлаас халсанд маш их гомдолтой байна. Миний биедээрх тушаалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Ажлаас чөлөөлсөн тушаалын удирдлага хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтыг 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэсэн заалтыг, мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэсэн заалтыг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед, 13 дугаар зүйлийн 13.1-д анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.,эсхүл анхан шатны баримтаар баталгаажуулаагүй ажил, гүйлгээг бүртгэлгүй байх, 20.2.9-д аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн гэрээний 2.3-т Сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх гэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн байдаг. Тушаах нь хэсгийн 1-д ...нягтлан бодогч Ч.Ц нь санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул 2021 оны 02 дугаар сарын 01-нээс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байна.

Энэ тушаалын үндэслэл болсон Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын актанд дурдагдсан зөрчил нь Хөдөлмөрийн хууль болон гэрээнд зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах "ноцтой зөрчил"-д хамаарах зөрчлүүд биш байсан бөгөөд мэргэжлийн дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд гаргасан залруулж болохуйц, бичиг хэргийн алдаа байсан тул "ажлаас халах" хүртэл арга хэмжээ авалгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сануулах, цалингийн 20 хувийг хасах гэх мэт бусад сахилгын арга хэмжээг ажил олгогчийн зүгээс авах бүрэн боломжтой зөрчил байсан гэж миний бие үзэж байна.

Тодруулбал, "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" гэсэн Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 сарын 15-ны өдрийн "Зөвлөмж"-ийн 2.4-т ...ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжпийн ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна. Энэ зүйлд заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх,ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл "ноцтой зөрчил"-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм" гэж заажээ. Ч.Ц миний ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3-т "сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд Ажлаас чөлөөлөх" гэсэн заалт байх ба энд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох талаар заасан заалт байдаггүй.

Тэгээд ч захирлын тушаалын үндэслэл болсон Санхүүгийн хяналт шалгалтын дүгнэлт гэх баримтанд тусгагдсан зөрчлүүдийн улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ноцтой зөрчил"-д хамаарах нөхцөл байдал огт үүсээгүй. Үүнд: Зөрчлийн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учраагүй, ажил хэргийн нэр хүнд нь гутаагдаагүй, ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгоогүй юм. Тодруулбал: Дотоод аудитын шалгалт нь Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 47 тоот удирдамжийн дагуу манай байгууллагад 2018, 2019, 2020 оны төсвийн төсөл, гүйцэтгэлийн үр дүн, нийгмийн даатгал, татварын тайлан, цалингийн баримт, няравын тайлан, тооллогын бүртгэл зэрэг санхүүгийн тайлагналд шалгалт хийсэн. Энэ шалгалт нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 8 хоногийн дотор болсон. Ингээд улсын ахлах байцаагч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ч.Ц надад холбогдуулан 36-01/115, 36-01/117, 36-01/118 тоот 3 төрлийн актыг гаргаж, уг актыг Хөвсгөл аймгийн ...... захирал Э.Д нь ажлаас чөлөөлөх тушаалын хамт надад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн.

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115 тоот актын талаар:

Уг актыг тавьсан үндэслэл нь жижүүр Н.Ш-т эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2019 оны 5 дугаар сараас 2020 он дуустал жолоочийн үүргийг хавсран гүйцэтгэсний хөлс болох 1.776.148 төгрөг олгосон гэж буруутгасан байсан. Гэтэл тухайн үед манай байгууллагын захирлаар ажиллаж байсан Н.Оюунтуяа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулна." гэсэн заалтыг биелүүлж зардал хэмнэн ашигтай ажиллах зорилгоор надад үүрэг өгч Н.Ш-ыг жолоочийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ гэж түүнд үндсэн цалингийн 15%- иар бодож цалин олгох даалгавар өгсөн тул миний бие удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу Н.Ш-ын цалинг нь бодож олгосон билээ. Хамгийн гол нь Н.Ш нь захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу жижүүрийн ажилтайгаа хавсран жолоочийн ажлыг давхар гүйцэтгэсэн тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг ажил олгогчийн зүгээс олгосон. Ажил олгогч нь хэнийг ч цалин хөлсгүйгээр ажиллуулах эрхгүй. Иймд миний бие эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж Н.Ш-т цалин хөлс олгож улсыг хохироосон явдал байхгүй билээ. Миний гаргасан гол алдаа бол анхан шатны бүртгэлийн баримтанд захирлын тушаалыг хавсаргаж хийгээгүйд байсан. Энэ бол миний мэргэжлийн алдаа болсон. Гагцхүү миний гаргасан энэ алдааны улмаас бусдад хохирол учирсан явдал байхгүй бөгөөд үүндээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын хариуцлагын аль тохирох шийтгэлийг хүлээхэд гомдолгүй боловч үүний улмаас намайг ажпаас халж, улмаар бусдад хохирол учруулаагүй байхад төлбөрийн акт тавьсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж миний бие үзэн дээд шатны байгууллагад хандан гомдол гаргасан.

Иймд Ч.Ц миний гаргасан мэргэжлийн алдааны улмаас бусдад хохирол учраагүй тул "захирлын тушаал"-ыг дутуу хавсаргасан алдаа нь залруулах боломжтой алдаа байх тул Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахгүй болно.

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/117 тоот актын талаар:

Уг актын үндэслэлд номын санч М.Д-г жилийн чөлөөтэй байх хугацаанд ажилдаа ирснээр тооцож нийт 1.893.891 төгрөг, номын санч З.Ө-д цаг ашиглалтын бүртгэлд нэр нь бичигдээгүй, ажлын цаг нь бүртгэгдээгүй байхад ирснээр тооцож 1.873.698 төгрөг, нийт 3.767.589 төгрөгийн үргүй зардал гаргаж улсыг хохироосон гэж акт тавьсан. Номын санч М.Д-н тухайд анх чөлөө авсан нь үнэн боловч чөлөөгөө эдлэлгүйгээр ажпаа хийсэн тул түүнд цалин бодогдсон. Мөн З.Ө нь ажлын байрандаа гэрээнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан тул түүнд цалин бодогдон олгогдсон. Түүнээс бус огт ажлаа хийгээгүй, ажилдаа ирээгүй хүнд миний бие өөрийн дураар цалин хөлс олгоогүй. Миний хувьд нярав Д.Б-н авчирч өгсөн ажилчдын ирцийн бүртгэлийг хүлээн авч цалингийн тооцооллыг гарган удирдлагад танилцуулж, нэгдүгээр гарын үсгийг захирлаар, хоёрдугаар гарын үсгийг би зурснаар ажилчдад цалин олгосон. Энд миний гаргасан мэргэжлийн алдаа бол нярав Д.Б-н гарган өгсөн цагийн бүртгэлийн нэгтгэсэн бүртгэлийг дэвтэртэй нь тулгаж шалгаагүйд оршино. Гэхдээ ганц цагийн бүртгэл бус уг ажилчдын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн баталгаажуулалт, ирц гээд өөр олон баримтуудыг үндэслэн цалинг олгох ажиллагаа явагддаг. Эцэст нь дүгнэхэд ажилтнууд Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа хийснийхээ төлөө ажлынхаа хөлсийг хуулийн дагуу авсан, улсын байгууллага уг ажилчдын ажлын үр дүнг хүлээн авч ашиг тусыг нь хүртсэн, гэрээний талуудын хэн алины эрх ашиг хохироогүй байхад бусдын ямар эрх ашиг хохирч хөндөгдсөн гээд байгааг ойлгохгүй байна. Харин цагийн бүртгэлийн дэвтрийг зөв хөтөлж байгаад хяналт тавиагүй буруутай үйлдэл надад байсныг миний бие хүлээн зөвшөөрөх хэдий ч энэ зөрчлийг хуульд заасны дагуу арилгах, залруулах бүрэн боломж байхад хуулиар олгогдсон боломжийг надад олголгүйгээр ноцтой зөрчил гаргасан гэж төлбөр тавьж, улмаар ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хамгийн гол нь хохирол бодитой учирсан эсэхийг нотолсон үндэслэл бүхий баримт огт байхгүй. Тэгээд ч Хөдөлмөрийн тухай хуулинд сануулах, цалингийн 20%-иар 3 сар хүртэл хугацаагаар хасах гэх мэт шат дараатай сахилгын шиийтгэл ногдуулах арга хэмжээ авах олон сонголтууд байдаг. Үүнийг хэрэглэх боломж ажил олгогчид байхад үүнийг огт хэрэглээгүйд гомдолтой байна.

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/118 тоот актын талаар:

Уг актын үндэслэлд эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдэл хөлс 4.269.806 төгрөгийг Ч.Ц өөртөө авсан байна гэж буруутгасан. Ч.Ц миний бие ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр өөрийн дураар өөртөө цалин урамшуулал авах эрх байхгүй. Гагцхүү захирлын тушаал, түүний зөвшөөрлөөр цалин урамшуулал авч ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч билээ. Ч.Ц би 2015 оноос хойш ажиллах хугацаандаа Төрийн аудитын санхүүгийн хяналт шалгалтаар "зөрчилгүй" гарч байгууллага маань сүүлийн гурван жил "Санхүүгийн зөрчилгүй байгууллага"-аар шалгарсан амжилттай ажилласан тул тухайн үед захирлаар ажиллаж байсан Н.Ою нь миний ажлын үр дүнг сайшаан, цаашид улам их үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор Хүн ам, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 тушаалын хавсралтаар "Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ын 2-дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар "Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ын 4-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан хэмээн дүгнэж, тушаал гарган надад үндсэн цалингийн 20%-иар тооцон ур чадварын нэмэгдэл олгохоор шийдвэрлэсний дагуу уг урамшууллыг миний бие сар бүр авч байсан. Мөн жил бүр Төрийн аудитын шалгалт орж ирэн ур чадварын нэмэгдэл олгосон баримт бичгийг шалгадаг байсан ба захирлын чинь зүгээс өмнөх оны тушаалаа хүчингүй болгоогүй зөвшөөрч байгаа тохиолдолд уг тушаалуудыг хүчинтэй гэж үзэж болно, заавал шинээр гаргах шаардлагагүй хэмээн хяналт шалгалтынхан үзэж "зөрчилгүй" гэж дүгнэж байсан тул он солигдох бүрт ур чадварын нэмэгдэл олгох тушаалыг шинээр гаргуулах шаардлагагүй юм байна гэж захирал ч тэр, би ч тэр тэгж ойлгон Засгийн газрын 382 дугаар тогтоолын хавсралтын 5-д зааснаар ур чадварын нэмэгдлийг тухайн оныхоо жил бүрийн төсөвт тусган олгон ажиллаж байсан. Тэгээд ч хоёр сайдын 1996 оны 63/104 тушаалаар баталсан журмын 4-т "Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ногдох албан тушаалын цалингаас тооцож сар бүр олгоно. ..." гэж, харин Засгийн газрын 382 дугаар тушаалаар баталсан журмын 3-т "Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчид төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байх хугацаанд нь ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг энэ журмын 4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгоно" гэж зааснаас үзэхэд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа тохиолдолд тухайн ажилтанд ур чадварын нэмэгдлийг сар бүр олгож байхаар зохицуулсан байна. Харин үзүүлэлт буурсан дүнтэй гарсан тохиолдолд л ур чадварын нэмэгдлийг олгохыг зогсоохоор зохицуулсан гэж ойлгогдож байна. Иймээс л жил бүрийн төрийн аудитын шалгалтаар манай байгууллагыг ур чадварын нэмэгдлийг эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэргүйгээр олгож зөрчил гаргасан хэмээн дүгнэж зөвлөмж өгч байгаагүй болно.

Иймд миний бие хууль зөрчиж ур чадварын нэмэгдэл авсан удаа байхгүй, ажил олгогчийн итгэлийг эвдэж, мөнгө төгрөг хувьдаа завшиж, улсыг хохироож ноцтой зөрчил гаргаж байсан удаа байхгүй тул ажлаас чөлөөлөх тушаалыг хууль бус гэж үзэж байгаа болно.

Ч.Ц миний бие Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг зөрчиж байгууллагад хохирол учруулж итгэл эвдэн ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй. Харин анхан шатны баримтын бүрдлийг дутуу бүрдүүлсэн үйл баримтаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.10-д "аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг ерөнхий нягтлан бодогч нь мэргэжпийн түвшинд хянаж, удирдлагад танилцуулах, зөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх үүрэгтэй" гэж, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар бүртгэлийн алдааг залруулах ажиллагааг хуулиар олгосон эрхээ эдэлж, гаргасан зөрчлөө арилгах бүрэн боломжтой тул ажил олгогчийн зүгээс дээрх хуулиар олгосон эрхийг эдлүүлэх боломжийг надад олговол энэ алдааг залруулах бүрэн боломж надад бий. Хамгийн гол нь шинээр томилогдсон захирал өөрийн багийг бүрдүүлэх зорилгоор хэт нэг талыг барьж яаруу адгуу шийдвэрлэснээс надад ямар ч боломж олгохгүй, шууд халах арга хэмжээ авсан нь буруу болсон гэж үзэж байна.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх зарчмыг баримтлах үүрэгтэй" гэж заасан байдаг. Нэгэнт төрийн эрх бүхий байгууллагаас "Санхүүгийн зөрчилгүй байгууллага" гэж дүгнэсэн. Мөн уг дүгнэлтээр нягтлан бодох бүртгэлийн алдаа байхгүй гэсэн дүгнэлт гарсан.

Ийнхүү өмнөх эрх бүхий байгууллагын дүгнэлт хүчин төгөлдөр байхад хяналт шалгалтыг давхардуулж, залруулах боломжтой бичиг хэргийн жижиг алдааг залруулах боломж олгохгүй, төрийн байгууллагаас хийсэн өмнөх дүгнэлтийг үгүйсгэж Ч.Ц надад төлбөр тавьж, улмаар уг актыг үндэслэн Үндсэн хуулиар олгогдсон Хөдөлмөрлөх эрхийг минь таслан зогсоож ажлаас чөлөөлөх тушаал гаргасанд маш их гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймгийн .......... захирлын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаар "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгож, Ч.Цэнгэл намайг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 757.161 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн ........... захирал Э.Д шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн ......... 2018, 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахад өмнө нь захирлаар ажиллаж байсан албан тушаалтан болон мөнгө санхүү, эд хөрөнгө хариуцсан ажилтнууд ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож Улсын байцаагчийн шаардлага, акт тавигдсан.

Ч.Ц-н гаргасан зөрчил нь Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хяналт шалгалтын танилцуулга, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115 дугаартай Төлбөр барагдуулах тухай улсын ахлах байцаагчийн акт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/118 дугаартай Төлбөр барагдуулах тухай улсын ахлах байцаагчийн акт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/116 дугаартай Төлбөр барагдуулах тухай улсын ахлах байцаагчийн акт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/117 дугаартай Төлбөр барагдуулах тухай улсын ахлах байцаагчийн акт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-04/27 дугаартай Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагуудаар тус тус тогтоогдсон.

Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байсан Н.О, нягтлан бодогч Ч.Ц нар нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр өөрсдөдөө болон номын санч С.Н, ахлах номын санч Ц.А нарт ур чадварын нэмэгдэл олгосон, Ч.Ц-н хамтран амьдрагч, жижүүр Н.Ш-т жолоочийн ажил хавсран гүйцэтгэсэн мэтээр нэмэгдэл хөлс олгосон, номын санч М.Д, З.Ө нарыг ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нь ажилласанд тооцож цалин гаргах зэрэг байдлаар тус байгууллагад нийт 11.168.705 төгрөгийн хохирол учруулсан. Ч.Ц-н гаргасан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил-д тооцохоор тусгагдаагүй талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Ч.Ц-г 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн заалтыг гол үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд тус заалтыг Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах" 7 үндэслэлийн нэг болгож ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтаас тусад нь хуульчилсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 15.5-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж заасан. Тиймээс хяналт шалгалтаар илэрсэн тухайн зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тухайлан заасан байхыг шаардахгүй ажлаас халах бие даасан үндэслэл гэж үзэж байна.

Ч.Ц нь Авилгын эсрэг хуулийн 4.1.2-т заасан албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаалтан тул түүний дээр дурдсан хууль зөрчсөн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байна.

Ч.Ц-н ажлаас чөлөөлөх болсон үндэслэл болсон зөрчлүүд нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Дотоод аудитын дүрэм-д заасан үндэслэл журмын дагуу явагдсан Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын хүрээнд бүрэн нотлогдсон тул тухайн зөрчлүүдийн талаар маргах үндэслэл байхгүй юм.

Гэсэн хэдий ч Ч.Ц нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ тухайн зөрчлүүдэд өөрийгөө зөвтгөх үндэслэлээ бичсэн байх тул түүнд тайлбар гаргах шаардлагатай байна.

1.Ч.Ц 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/115 дугаартай Төлбөр барагдуулах тухай Улсын ахлах байцаагчийн актын талаар захирал Н.О-н өгсөн үүрэг даалгаврын дагуу Ш-т жолоочийн цалинг хавсран гүйцэтгэсэн цалин хөлсийг олгосон гэсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийн хамтран амьдрагч буюу гэр бүлийн харилцаатай хүн болох Ш-г жолоочийн ажил хавсран гүйцэтгүүлэх талаар гарсан тушаал шийдвэр байхгүй байхад захирлын амаар өгсөн үүргийг хэрэгжүүлсэн байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3.-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.

13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.

13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн ноцтой үйлдэл юм.

2.2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/117 дугаартай Төлбөр барагдуулах тухай улсын ахлах байцаагчийн актад дурдсан М.Д, З.Ө нарыг ажиллаагүй хугацаанд нь цалин бодож олгосон талаар нярав Д.Б-н гаргаж өгсөн цагийн тооцоонд үндэслэсэн гэсэн байна.

Энд мөн анхан шатны баримт болох цагийн бүртгэлд уг хүмүүс ажиллаагүй болох нь тодорхой тусгагдсан байхад цалин бодож олгосон үйлдлээ зөвтгөж тайлбарласан байна. М.Д гэхэд 2018 оны 10, 11, 12 дугаар саруудад буюу Нийтийн номын сангаас цалин авч байх үедээ Улаанбаатар хотод өөр байгууллагад ажиллаж байсан байна.

3.2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/118 дугаартай Төлбөр барагдуулах тухай улсын ахлах байцаагчийн актад өөртөө эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдэл олгосон үйлдлээ өмнө нь ур чадварын нэмэгдэл олгох тушаал гарсан байсан тул шинээр тушаал гаргах шаардлагагүй гэж үзсэн гэсэн байна. Энэ үйлдлээ хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 тушаалаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны мэргэжлийн алба хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-аар зөвтгөсөн байна. Уг журмын 5-д "Ажилтанд олгож байгаа ур чадварын нэмэгдлийг заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, бууруулах асуудлыг улирал бүр хэлэлцэн шийдвэрлэж байна гэсэн заалтыг мэдсээр байж хэрэгжүүлээгүй байгаа нь Нийтийн албан тушаалтны хувьд өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл юм. Тодруулбал Авилгын эсрэг хуулийн 7.1-д энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авилгын дараах зөрчлийг хориглоно:

7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;

7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Ч.Ц-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Хөвсгөл аймгийн .......... холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 757.161 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Ц нь 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн ............. нягтлан бодогчийн ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 71-72-р тал/, Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/06 дугаартай Ч.Ц-г ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 70-р тал/, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын актанд дурдагдсан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарах зөрчлүүд биш байсан бөгөөд мэргэжлийн дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд гаргасан залруулж болохуйц, бичиг хэргийн алдаа байсан тул ажил олгогч нь ажлаас халах арга хэмжээ авахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сануулах, цалингийн 20 хувийг хасах гэх мэт бусад сахилгын арга хэмжээг авах бүрэн боломжтой зөрчил байсан. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох талаар заасан заалт байхгүй, гаргасан ноцтой зөрчлийн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учраагүй, ажил хэргийн нэр хүнд нь гутаагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч тал нэхэмжлэгч Ч.Ц-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болон ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа ...Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байсан Н.О, нягтлан бодогч Ч.Ц нар нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр өөрсөддөө болон номын санч С.Н, ахлах номын санч Ц.А нарт ур чадварын нэмэгдэл олгосон, Ч.Ц-н хамтран амьдрагч жижүүр Н.Ш-т жолоочийн ажил хавсран гүйцэтгэсэн мэтээр нэмэгдэл хөлс олгосон, номын санч М.Д, З.Ө нарыг ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нь ажилласан мэтээр тооцож цалин гаргах зэрэг байдлаар байгууллагад нийт 11.168.705 төгрөгийн хохирол учруулсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон заалтыг гол үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж энэхүү тайлбартайгаа холбогдуулан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрийн Нийтийн номын сангийн захирал Э.Д-д гэх бичилттэй 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118, Төлбөр барагдуулах тухай,, актуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-04/27 дугаартай Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хөвсгөл аймгийн ......... 2018, 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулгын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нягтлан бодогчийн ажлын байрын тодорхойлолт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн ........... захирлын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаартай Ч.Ц-г ажилд томилох тухай,, тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Ч.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тус байгууллагын 1770001042 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/61 дугаартай Хөвсгөл аймгийн .........,, гэх албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн ........... захиргаанд гэх бичилттэй номын санч Н.Д-н 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийтийн номын сангийн 2018-2020 онуудын ажлын цагийн тооцоо, цагийн бүртгэлийн хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 46/2-1218 дугаартай Хөвсгөл аймгийн ........захирал Д.Д-д Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Г-194 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/09 тоот тушаал, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/02 тоот тушаалаар баталсан Хөвсгөл аймгийн ....... Хөдөлмөрийн дотоод журмуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулсан М.Д, Ч.Ц нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хөвсгөл аймгийн ......... захирлын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгчийг Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2, 13 дугаар зүйлийн 13.1, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.9, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоол, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.3а дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ч.Ц нь Хөвсгөл аймгийн .......... нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрийн Нийтийн номын сангийн захирал Э.Д-д гэх бичилттэй 36-01/115, 36-01/116, 36-01/117, 36-01/118, дугаартай Төлбөр барагдуулах тухай,, актуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 25-29-р тал/, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-04/27 дугаартай Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30-31-р тал/ зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэвч ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

Хөвсгөл аймгийн ......... захирал нь Ч.Ц-г санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.3а дахь заалтыг тус тус баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөвсгөл аймгийн ......... хөдөлмөрийн дотоод журамд 4.3а заалт байхгүй ба уг журмын 4.3-т Ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход дараах тохиолдолд ноцтой зөрчилд тооцож удирдлага болгоно.

4.3.1-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болгож цуцална. Хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлийг тодорхой дурдаж, ........ захирлын тушаал гаргана. Ажлаас чөлөөлөгдсөн ба халагдсан албан хаагч тушаал гарсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан ажлаа хүлээлгэн өгч, тооцоо хийж дууссан байх үүрэг хүлээнэ. Ажлын онцлогоос шалтгаалан ажил хүлээлцэх хугацааг сунгасан тохиолдолд хугацааг тодорхой зааж өгнө.

4.3.2-т Монгол улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно.

4.3.3-т Ёс зүйн зөрчил гаргасан тохиолдол байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөл шийдвэрлэнэ гэж,

Мөн ажил олгогчоос 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ч.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т Сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх гэж тус тус дурдсан ба хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчил болохыг нэрлэж заагаагүй, нэхэмжлэгч Ч.Ц нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохынхоо хувьд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирохгүй, тодруулбал ажилтныг ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл болгосон боловч нэхэмжлэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ямар зөрчлийг ноцтой зөрчил болохыг нэрлэж заагаагүй байх тул ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд Хөвсгөл аймгийн ............. захирлын 2021 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн Б/08 дугаартай Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ч.Ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн ......... нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин 751.161 /долоон зуун тавин нэгэн мянга нэг зуун жаран нэг/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 751.161 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д ...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Ч.Ц нь 2020 оны 10-р сард 1.353.173 төгрөг, 11-р сард 1.041.309 төгрөг, 12-р сард 1.124.309 төгрөгийн цалин хөлс авч байсан нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байх ба 3 сарын цалин 3.518.791 төгрөг, нэг сарын дундаж цалин 1.172.930 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 54.554 төгрөг байна.

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 сарын 01ий өдөр хүртэл ажлын нийт 18 хоногийн цалин 18x54.554=981.972 төгрөг байх боловч түүний нэхэмжилсэн 757.161 төгрөгийг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу Ч.Ц-г ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэлээ.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 757.161 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 22.722 төгрөг, нийт 92.922 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл ......... захирлын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай,, тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Ц-г Хөвсгөл аймгийн ....... нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл ......... ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 757.161 /долоон зуун тавин долоон мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ц-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ц-д олгосон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 757.161 /долоон зуун тавин долоон мянга нэг зуун жаран нэг/ төгрөгөөс зохих суутгалыг хийж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Нийтийн номын санд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн ............. улсын тэмдэгтийн хураамж 92.922 /ерэн хоёр мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Н.БЯМБАСҮРЭН