Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2021/00436

 

 

 

2021 04 15 155/ШШ2021/00436

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .......... сумын ........ багийн ..... тоотод оршин суух, .... овогт Ж.М /Р............4/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ...... сумын ...... баг ............ тоотод оршин суух,  овогт Л.Л /Р................8/-т холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч, 155/2021/00269 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Л.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.М нь Л.Л-той 2007 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 3-р сарын 5-нд хүү Н төрсөн. Хамт амьдрах хугацаандаа Л.Л нь маш их архи уудаг агсам тавьдаг байсан тул 2011 оны 5-р сарын 19-ний өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Үүний дараа 2013 онд дахин хамтран амьдарч 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр охин Л.Т төрсөн. 2013 оны 3-р сарын 20-ноос 2019 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хамт амьдарсан. Л.Л нь их архи уудаг, агсам тавьдаг, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байсан тул 2019 оны 5-р сарын 1-нд салж нүүгээд өөр газар амьдраад 2 жил болох гэж байна. Салж нүүснээс хойш миний байгаа газар ирж байнга хэрүүл хийж, зодолдож элдэв асуудал гаргасаар ирсэн. Л.Л нь эрүүлдээ ч их муухай авир ааштай хүн бөгөөд архи уусан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 07 дугаар сарын 02-нд, 2019 оны 11 дүгээр сард, 2019 оны 7 дугаар сарын 31-нд, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус бүр захиргааны арга хэмжээ авагдаж торгуулж, баривчлагдаж байсан ба энэ үед сумын Хүүхэд хамгааллын багийн шийдвэрээр эрсдлийн үнэлгээ хийгдэж байсан. Л.Л-н торгуулж шийтгүүлж байсан зөрчлүүдийн лавлагааг аймгийн Цагдаагийн газраас авч хавсаргав. Миний бие Л.Л-с салж нүүснээс хойш хүү Л.Н эцэгтэйгээ амьдарч байгаад 2020 оны 9 сард надтай амьдрахаар нүүж ирж 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ээж, дүү хоёртойгоо хамт байсан. Намайг ажилдаа явсан хойгуур эцэг нь ирж хүүг хувцас гэх мэт бүхий л зүйлийг нь аваад явсан ба өнөөдрийг хүртэл ээжтэй нь уулзуулахгүй байгаа. Би тэднийд очиж хэрүүл хийхээс төвөгшөөгөөд очдоггүй. Охин Л.Т 5 сард 8 нас хүрнэ. Л.Л манайд шөнө ч байсан ирж охинтойгоо уулзана гэж ирээд амгалан тайван байдал алдагдуулж хэрүүл хийдэг. Миний зүгээс охиноо эцэгтэй нь хүссэн үед нь уулзуулж 7 хоногт 1 удаа эцгийнд нь хонуулдаг. Л.Л нь намайг байнга ажлын газрын хүмүүстэй хардаж хаана юу хийж байна гэж дарамт үзүүлдэг. Үүнийг манай ээж, ах, эгч, найз нөхөд, хөрш айлын хүмүүс гэрчилнэ. 2020 оны 6 дугаар сарын 2-нд гудамжинд явж байхад намайг зодож гэмтээж торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Тухайн үед уучлалт гуйж амлалт бичиг бичиж өгч байсан боловч амлалтандаа хүрээгүй. Одоо 2 хүүхдээ өөр дээрээ авч хамт өсгөнө. Надаас тэтгэмж авна гэж байнга дарамтлах болсон. Охин бид 2 байнга айдас түгшүүртэй амьдардаг. Хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах эрх их зөрчигдөх болсон тул охин Л.Т-г өөрийнхөө асрамжинд авч эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Хүү Н-н хувьд 2011 оны 5 сард гэрлэлтээ цуцлуулахдаа хүүг миний асрамжинд үлдээж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа юм. Хүү маань өнөөдрийн байдлаар аавынхаа асрамжинд байгаа тул хүүдээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээ больё гэв.

Хариуцагч Л.Л шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л нь Ж.М-тэй 2007 оноос хамтран амьдарч 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж 500.000 төгрөгийг хувааж авсан. Бидний дундаас 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүү Н төрж хамт амьдрах энэ хугацаанд М- ээж, ах, эгч нь намайг хэл амаар байнга доромжилж энэ муу хогийн юмаар яадаг юм гэж бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсгэдэг байснаас болж бид 2 салсан. Ж.М 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгч шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Үүний дараа 2013 онд албан ёсоор хурим найраа хийж нэг гэртээ орж гурвуулаа амьдарч байсан. 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр охин Т төрсөн. 2013 оноос 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бид хамт амьдарч байсан. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2 хүүхдийг минь аваад салаад нүүгээд явсан. Салах шалтгаан нь Ж.М гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн Хөвсгөл аймгийн ........ сумын иргэн Г гэгчтэй явалдах болсон. Үүнийг М-н ээж мэднэ. Энэ шалтгаанаас болж би сэтгэл санаагаар унаж хааяа архи уун хэрүүл маргаан хийж байсан. Хоёр хүүхдээ аваад салаад явснаас хойш 7 хоногийн дараа хүү Н ааваа ирж ав гэж уйлаад залгасан. Би очтол Ж.М явуулахгүй байхаар нь арай хийж хүүхдээ аваад явах гэтэл миний хүүд аавтайгаа явах юм бол намайг эхээ гэж битгий бодоорой гэж хэлсэн. Би одоо болтол хүүгийнхээ хамт амьдарч байгаа. М нь дандаа худлаа ярьдаг, маш муухай ааштай, үүнийг нь сургуулийн багш ажилчид ахлах ангийн сурагчид мэдэж байгаа. Би охиноо өөр дээрээ авна гэж хэлж байсан гэтэл Ж.М надаас түрүүлээд шүүхэд өргөдөл өгсөн байсан. М нь салж нүүж явснаас хойш охин Т-г гал хөсгүй байшинд идэж уух юмгүй хаяад явдаг. Эсхүл ямар ч хамаагүй айлд орхиод явдаг. Ажил нь 6 цагт тардаг байтал М 21 цагаас өмнө гэртээ ирдэггүй. Гэртээ эрэгтэй хүн авчрах тохиолдолд охиныг минь айл руу байнга хөөж явуулдаг. 2021 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө би охинтойгоо айлд хоносон гэж худлаа яриад өөрөө ганцаараа гэртээ хоносон байсан. Би өглөө гэрт нь очсон охин байхгүй байсан. Охиноосоо асуухад би ганцаараа айлд хоносон гэж надад хэлсэн. Охиныг 2021 оны 01 дүгээр сараас хойш гэрт нь хариулахгүй ахтай нь уулзуулахгүй байгаа. Ж.М нь би хүнтэй суух гэтэл чиний 2 хүүхэд надад гай болоод байна гэж надад байнга хэлдэг. Би хүү Н-г 2020 оны 10 дугаар сард дүүдээ хань бол гэж ээжийнх рүү нь явуулж 3 сар хамт байлгасан. 1 дүгээр сард хүү ирж ав гэхээр нь очиж авахад хүү ээжийнд дахиж очихгүй гээд 1 сараас хойш очихгүй байгаа. Ядаж золгоод ир гэхэд айгаад байна гээд очдоггүй үүнийг хүүгээс ч асууж болно. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2-нд шилжих шөнө ......... Г гэгч нөхөр ирж охиныг айлд аваачиж орхиж өөрөө Г-тай цуг хоносон. Тэгээд маргааш нь орой болсон хойно охиныг олдохгүй байна гэсэн гудамжинд явж байгаад надтай таарахад нь миний уур хүрээд нэг алгадасан нь үнэн. Үүнээс болж цагдаа дуудаж би торгуулсан юм. Охиноо цэцэрлэгийн ангийнх нь хүүхдийнхээс олж авсан. М би охиныг чинь тэжээж чадахгүй байна хүүхдийн мөнгө өг гэж байнга дарамталдаг. Би 2 хүүхдийнхээ мөнгийг тус тусад нь хадгаламжинд хийдэг. Төрийн банкны эрхлэгчтэй хуйвалдаж намайг ирж гарын үсэг зур тэгвэл мөнгө авах боломжтой байна гэж дарамталсан. Би Төрийн банкны эрхлэгчтэй очиж уулзахад М надтай ингэж яриад байгаа гэж хэлсэн. Миний охин маш эрсдэлтэй хүүхдийн эрх зөрчигдсөн орчинд байгаа. Үүнийг гэрчлэх айл саахалт нутгийн иргэд байгаа. Охин Т-ын эрх маш ноцтой зөрчигдөж байгаа учир хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би М-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Охин Т, хүү Н нарыг би өөрийнхөө асрамжинд авч эхээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байгаа тул уг үүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Л.Л-т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигч нь 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэгчдийн дундаас 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүү Л.Н төрсөн байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар нь 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, тэдний дундаас төрсөн хүү Л.Н-г эх Ж.М-н асрамжинд үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч Ж.М нь ...гэрлэлтээ цуцлуулснаас хойших хугацаанд хариуцагч Л.Л-той 2013 оноос 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан ба бидний дундаас 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр охин Л.Т төрсөн. 2019 оны 5 дугаар сараас өнөөдрийг хүртэл Л.Л бид тус тусдаа амьдарч байгаа учир охин Л.Т-ыг өөрийн асрамжиндаа авч эцгээс нь хуульд заасны хүүхдийн тэтгэлэг гаргуулна, хүү Л.Н-ыг шүүхийн шийдвэрээр миний асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч биднийг тусдаа амьдарч эхэлсэн хугацаанаас аавынхаа асрамжинд байгаа учир хүү Л.Н-д хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж,

Хариуцагч Л.Л нь бидний дундаас 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр охин Л.Т төрсөн. Одоогоор ээжийнхээ асрамжинд амьдарч байгаа. Хоёр хүүхдээ тус тусад нь байлгахыг хүлээн зөвшөөрөхгүй. ...Охин Л.Т нь маш эрсдэлтэй, хүүхдийн эрх зөрчигдсөн орчинд байгаа. Ж.М нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаатай болсон ба охинд маань анхаарал халамж тавихгүй, гал хөсгүй байшинд идэж уух юмгүй хаяад явах, айлд үлдээх гэх мэтээр хүүхдийн эрхийг зөрчдөг учир хүү, охин хоёроо өөрийнхөө асрамжинд авч, эхээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж тайлбар гарган маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай. Өөрөөр хэлбэл гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учиртай.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй.

Иймд зохигчийн дундаас төрсөн охин Л.Т нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас шүүх хүүхдийн бага настай байдал, түүний өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй, мөн хүүхдэд тавих эхийн анхаарал, халамж зэргийг харгалзан охин Л.Т-г эх Ж.М-н асрамжинд үлдээж, эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Л.Л-с сар бүр тэтгэлэг гаргуулж, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Т-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүү, охин хоёроо өөрийнхөө асрамжинд авч, эхээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж тайлбар гарган маргаж байгаа боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хариуцагч нь хариу тайлбарт дурдан буй үндэслэлээ баримтаар нотолж ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой  нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хүүхдийг эцэг, эхийнх нь хэн нэгний асрамжид үлдээж, нөгөө талаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж буй нь эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилан хувааж буй асуудал биш бөгөөд эцэг эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэн алинд нь хэвээр хадгалагддаг болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба зохигчийн дундаас 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Т 7 настай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 213.800 төгрөгийн тал хувь 106.900 төгрөгийг хариуцагч Л.Л нь сар болгон төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Л.Т-д сар бүр төлөх 106.900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.282.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг, эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 35.337+70.200=105.537 төгрөгийг хариуцагч Л.Л-с гаргуулж нэхэмжлэгч Ж.М-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Т-г эх Ж.М-н асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Т-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Л-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.874 /нэг зуун дөчин мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Л-с улсын тэмдэгтийн хураамж 105.537 /нэг зуун таван мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.М-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Н.БЯМБАСҮРЭН