| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2021/00254/И |
| Дугаар | 155/ШШ2021/00469 |
| Огноо | 2021-04-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2021/00469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А..... сумын 01 дүгээр багийн ...... гэх газар оршин суух, Б овогт Э.У /Р......../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ......... сумын .......дүгээр багийн ......... тоотод оршин суух, ........ овогт Ж.Д /Р........./-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2021/00254/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш нэхэмжлэгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.У нь Ж.Д-тай 2004 онд танилцаад 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс эхлэн хамтран амьдарч 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Д.А, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Д.П, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү Д.Н нар төрсөн. Ж.Д нь гэрлэлтээ батлуулсан цагаас өнөөдрийг хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй, хүний хань, үр хүүхдийн эцэг байх үүргээ ухамсарлаагүй, амьдралын зорилгогүй, хэрэг төвөг тарьдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсан согтуу тавин гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлж байна. 2016 онд хулгайн хэрэгт холбогдож 5 жилийн хорих ялаар шийтгүүлээд явж байхад нь бага хүүхэд маань гэдсэнд байсан ба намайг төрөхөд болоод Ж.Д-ын эзгүйд хадам талаас нь нэг нь ч ирж тусалж дэмжиж байгаагүй ба нөхөр маань 2021 онд суллагдсан. Энэ хугацаанд миний бие нөхрийн оролцоогүйгээр 3 хүүхдээ эрүүл саруул өөрөө өсгөж байсан. Дааганы хулгайг хулгайд тооцдоггүй юм гэх зэргээр хүүхдүүдийнхээ хажууд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй. Амьдралын ямар ч идэвх зорилгогүй байж ирсэн. Цаашид нөхөр Ж.Д-тай хамт амьдрах боломжгүй байх тул 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0064 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Д.А, хүү Д.П, Д.Н нараа өөрийн асрамжинд авч эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсч байна. Бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д нь хорих ангид сууж байгаад (2017-2021) 2021 оны 02 дугаар сард гарч ирлээ. Гарч ирээд гэртээ ирэхэд миний эхнэр болох У нь намайг хүлээж авахгүй, хүүхдүүдээ аваад яв гэсэн. Мөн би өр зээлтэй тул энэ хэддээ дарамт болоод яахав холоос тусалж байя. Мөн эхнэрээ халамжилж хэдэн төгрөг нь хаа юм гээд бид тохиролцож гэр бүлийн батлахаа салгуулахаар болов. Бид хоёрын аль нэг нь хүүхдээ харж нэг нь Цагаан хад явж ажил хийе гэж тохиролцоод өргөдөл өгч гэр бүлээ цуцлуулахаар болсон. Гэтэл У нь итгэмтгий занг ашиглаж надтай нэг юм ярьж цаагуураа өөр санаатай байсныг өргөдөл өгсөн хойноо би мэдсэн. Бид эвлэрүүлэн зуучлалаар орсон. Гэтэл нөхцөл байдал тэс өөр болсон. Энэ хүн надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж аваад үр хүүхдүүдээ орхиод өөрөө Цагаан хад явах гэж байгаа. Мөн өөр хүнтэй амьдарч байгааг нь би сүүлд нь олж мэдсэн юм. Ханиараа амьдралаа үүрүүлээд явсан нь миний буруу. Иймд өөр хүнтэй амьдрахыг нь би буруутгахгүй. Гэтэл тэр нь удаа дараа миний охинд гар хүрч ээжийг нь хүртэл зодоод намайг охин дуудаад би бүр өөрийн нүдээр харж байсан. Удаа дараа агсан тавьж гэр бүлд нь хүчирхийлэл үйлддэг юм билээ. Одоо цаг үе ямар болсон билээ. Мөн дээрээс нь би орох орон байхгүй өөрийн гэсэн ямар ч орлого байхгүй. Би хүүдүүдээ аваад хаачих билээ. Тэр хүнийг цагдаад өгөөд үлдээсэн. Энэ хүн намайг анхнаасаа хуурч, худал ярьж байгаад бүх зүйлээ эвтэйхэн салгах санаатай байж. Намайг чи шүүх цагдаагийн асуудалтай юм чинь малаа хоёулаа айл дээр тоолуулъя гээд 5 жилийн өмнө миний нэр дээрх бүх малыг өөр айл руу шилжүүлсэн. Тухайн үед би хэнийд гэдгийг нь асуугаагүй. Гэтэл одоо мал чинь дууссан байхгүй гэж хэлдэг. Гэрлэлт цуцлуулах, мал энэ тэр гээд бүгдийг аргалж өөр дээрээ шилжүүлэх бодолтой байж. Би энэ хүний амьдралд тус болж чадаагүй ч гэсэн 3 хүүхдээ хэн нэгнээр дарамтлуулаад байж чадахгүй. Би охин хүүхэдтэй хүн учир айж байна. Намайг хоригдож байхад охиныг минь хэд хэдэн удаа зодож байсныг охин надад хэлсэн. Иймд би үр хүүхдүүдээ хүний гарт зодуулаад байлгахыг хүсэхгүй, чадахгүй тул гэрлэлтээ цуцлуулахаас татгалзаж байна. Өмнө нь эвлэрүүлэн зуучлалаар ороход энэ хүн зөвхөн албан баталгаа гаргуулна гэж ярьж байсан. Харин одоо өгсөн өргөдөл дээрээ тэс өөр зүйл бичсэн. Тэр нь хүний эрх гэхдээ би үр хүүхдээ бодоод гэр бүлээсээ салж чадахгүй. Амьжиргааны хэдэн малаас минь салгасан одоо үр хүүхдүүдээр минь далимдуулан дарамтлаад байна. Иймд би гэрлэлтээ цуцлуулахаас татгалзаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигч нь 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болсноо Хөвсгөл аймгийн А сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлсэн тухай 0064 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Д.А төрснийг 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн М суманд бүртгэсэн ..... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Д.П төрснийг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн А суманд бүртгэсэн.....1 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү Д.Н төрснийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн А суманд бүртгэсэн 6...... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа, мөн гэрлэгчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан ба зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтооно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Э.У нь 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Д.Амарсайхан, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Д.П, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү Д.Н нарыг өөрийн асрамжинд авах шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, ээждээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Д.А, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Д.П, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү Д.Н нарыг эх Э.У-ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Д.А, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.П, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Д.Н нарт хариуцагч Ж.Д-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Д.А, хүү Д.П, Д.Н нарыг эх Э.У-ын асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Ж.Д хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д-с гэрлэлт цуцлуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага буюу Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Д.А 12 настай, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.П 7 настай, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Д.Н 4 настай байх ба тэтгэлэг авагч хүүхдүүдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 213.800 төгрөгийг охин Д.А-д, 213.800 төгрөгийн тал хувь 106.900 төгрөгийг хүү Д.П, Д.Н нарт эцэг Ж.Д-н зүгээс сар бүр төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Д.А-д сар бүр төлөх 213.800 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 213.800х12=2.565.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 56.000 төгрөг, хүү Д.П, Д.Н нарт сар бүр төлөх 106.900х12=1.282.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35.337х2=70.674 нийт 56.000+70.674+70.200=196.874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Ж.Д /Р..../, Б овогт Э.У /Р..../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Д.А, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.П, 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Д.Н нарыг эх Э.У-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.П, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Д.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Д.А-г 11-16 нас, /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Д-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196.874 /нэг зуун ерэн зургаан мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д-с 196.874 /нэг зуун ерэн зургаан мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Ж.Д-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Э.У нарт тус тус даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН