Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/333

 

 

 

   2024         04         24                                   2024/ШЦТ/333

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагч А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч Д.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Д.Э холбогдох эрүүгийн 2411 00000 0149 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Д.Э, регистрийн дугаар ..........................................,

Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймагт  төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт .................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2024 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо Яргайтын 15 дугаар хэсэг 1142-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Г гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Гийн...Би одоогоор Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд нөхөр Д.Эын хамт 32 жил амьдарч байна. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа хоёр хүүтэй. Хүүхдүүд маань хоёулаа тусдаа гарчихсан. Би нэг компанид агрономч хийдэг, нөхөр маань ажилгүй гэртээ байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны орой би 2 настай ач охиноо дагуулаад гэртээ 21 цагийн үед ирэхэд манай нөхөр Энхжаргал согтуу сууж байсан. Би аяга шөлтэй хоол хийгээд нөхрийнхөө өмнөх ширээн дээр аягатай хоолыг нь тавиад өгсөн чинь манай нөхөр Энхжаргал гараараа албаар татаад асгасан. Тэгээд намайг асгасан хоолыг арч гэхээр нь би яахаараа чиний асгасан хоолыг арчдаг юм гээд хэлсэн чинь чи арчих ёстой гээд босож ирээд намайг барьж аваад гараараа миний зүүн талын шанаа руу нэлээн хүчтэй цохиод авсан. Тэгсэн чинь миний уруул язраад цус их гарсан мөн миний үснээс зулгаагаад толгой руу гараараа цохисон. Би толгойгоо гараараа хамгаалсан чинь гар руу цохиж гар гэмтээсэн. Тэгэхээр нь би Энхжаргалыг дахиж орилж чарлаж хүүхэд айлгачихна гэж бодоод хүүхдүүд рүүгээ мессеж бичиж дуудсан. Удалгүй манай том хүү ирээд энэ согтуу хүнтэй зууралдаж яадаг юм, гээд цагдаа дуудсан. Ингээд би хүүтэйгээ явж цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн. Тэр шөнөө шүүх эмнэлэгт үзүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,

Гэрч Э.Даваасамбуугийн “...Би Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Миний төрсөн эцэг Энхжаргал төрсөн эх Гэрэлмаа нар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд өөрийн хашаа байшинд амьдардаг. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн үед намайг гэртээ байхад манай ээж Гэрэлмаа надтай утсаар холбогдоод аав чинь агсам тавиад цохиж, зодоод байна, чи хүрч ирээд ээжийгээ аваадах гэсэн. Тэгэхээр нь би машинаараа шууд Чингэлтэй дүүрэгт аавынд яваад очсон. Намайг очиход аав Энхжаргал шал согтуу сууж байсан ба ээжийг зодоод уруулын дотор тал язарчихсан, эрүү нь хөхөрчихсөн толгой гар нь өвдчихсөн байсан, тэгэхээр нь би ээж охин хоёроо аваад гэрээс гарсан ба би утсаараа цагдаа дуудсан. Ингээд тэр шөнөө ээжтэй хамт цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн мөн шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний зүгээс гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Аав ээж хоёр өөрсдөө учраа олно биздээ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1199 дугаартай дүгнэлтэнд: “Д.Гий биед дээд уруулд шарх, эрүүнд цус хуралт, зүүн ядам хурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Эын “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд өөрийн хашаа байшинд эхнэр Гэрэлмаагийн хамт амьдардаг. Эхнэр бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай хоёр хүү төрүүлж өсгөсөн хүүхдүүд маань эхнэр хүүхэдтэйгээ тусдаа амьдардаг. Би эхнэртэйгээ 32 дахь жилдээ амьдарч байна. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай эхнэр гадуур ажилтай явсан ба би гэртээ ганцаараа үлдсэн. Би өдөр гэртээ 200 граммын 2 шил Хараа архи ганцаараа уусан. Орой намайг гэртээ ганцаараа согтуу байхад манай эхнэр Гэрэлмаа манай хүүгийн охин 2 настай Мандахыг дагуулж гэртээ ирсэн. Ирээд хоолоо хийгээд надад аягатай хоол хийгээд өгөхөөр нь би согтуудаа аягатай хоолоо алдаад асгачихсан юм. Тэгэхээр нь би эхнэрийнхээ асгасан хоолыг цэвэрлэ гэсэн чинь чиний асгасан хоолыг би цэвэрлэж чадахгүй гээд хоорондоо хэрэлдээд миний уур хүрээд эхнэрийнхээ зүүн талын шанаа уруу би гараараа нэг удаа цохисон тэгсэн чинь эхнэр уурлаад надтай хэрүүл хийгээд утсаараа хүүгээ дуудсан. Манай хүү Даваасамбуу ирээд аав ээжийг зодсон байна гээд утсаараа цагдаа дуудчихаад ээж охин хоёрыгоо аваад явсан. Би гэртээ ганцаараа үлдээд унтаад өгсөн шөнө дунд цагдаа нар манай гэрт ирээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Ийм л зүйл болсон ... Эхнэрт учирсан энэ гэмтлүүдийг би цохиж зодож учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг толгой руу нь гараараа цохиход гараараа хамгаалаад хурууг нь гэмтсэн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дугаар тал/,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2024 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо Яргайтын 15 дугаар хэсэг 1142-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Г гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ...” гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/, гэрч Э.Даваасамбуугийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1199 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/, шүүгдэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул шүүх хэргийн талаар няцаалт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн биед дээд уруулд шарх, эрүүнд цус хуралт, зүүн ядам хурууны зөөлөн эдийн гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Эын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай болон улсын яллагчийн санал, дүгнэлт/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй, тэрээр “... надад одоо болон цаашид гаргах гомдол санал байхгүй ...” гэх хүсэлт /хх 57/-ээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ