Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2022/0029/З |
Дугаар | 110/ШШ2022/0047 |
Огноо | 2022-07-27 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 110/ШШ2022/0047
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Н,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хоорондын тэтгэвэр тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Н нь хүү Х.Ж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож (1), Х.Ж 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгахаар(2) маргаж байна.
2. Нэхэмжлэгчээс үрчилж авсан хүү Х.Ж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор 2022 оны 01 дүгээр сард гаргасан өргөдөлд нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу өгснөөр уг шийдвэрийн талаарх гомдлыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж, 03 дугаар тогтоолоор “ ...бүртгэл буруу хийгдсэн учраас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1 Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/09 дугаар захирамжаар нөхөр Д.Х бид хоёр өөрийн ач хүү болох Н.Ж үрчилж авсан.
3.2 Нөхөр Д.Х нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Хүү Х.Ж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчид хандахад “таны хүү Ж тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоох материал зөрчилтэй гэх үндэслэлээр тэтгэвэр тогтоохоос татгалзсан. Иймд хүү Х.Ж тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгох эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
4.1 Х.Н нөхөр Д.Х 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Д.Х, Х.Н нарт Х.К гэдэг охин байсан ба охин нь тэжээгч алдсаны тэтгэврийг авч байсан. Х.К 2022 оны 11 дүгээр сард 19 насанд хүрэх тул түүний тэжээгч алдсаны тэтгэвэр авах эрх нь дуусгавар болох учраас Д.Х нас барахаас өмнө хууль ёсоор үрчилж авсан хүү Х.Ж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчид хүсэлт гаргахад, материал нь зөрчилтэй байна, тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгсөн.
4.2 Хүү Х.Ж, Д.Х, Х.Н нарт үрчлүүлсэн сумын Засаг даргын захирамж өнөөдөр хүчинтэй байгаа.
4.3 Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар сумын Засаг даргын хүүхэд үрчлүүлсэн захирамж гарснаас хойш 1 өдрийн дотор улсын бүртгэгч үрчлэлтийн бүртгэл хийсэн байх ёстой. Улсын бүртгэл 2021 оны 2 дугаар сард хийгдсэн нь иргэнд хамааралгүй.
4.4. Хариуцагч талаас тэжээгч нь нас барснаас хойш үрчлэлт хийгдсэн гэж маргасан боловч үрчлэн авагч эцэг Д.Х нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өдөр нас барсан. Нас барахаас 4 хоногийн өмнө захирамж гарсан тул хуулийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх Х.Ж байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
5. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:
5.1 Тэжээгч Н.Х нас барахад түүний асрамжид байгаа 19 нас хүрээгүй Х.К тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох үед нэг хүүхдээр материал бүрдүүлж өгсөн ба тухайн үед хүү Х.Ж нь Д.Х үрчлэгдээгүй байсан. Х.Ж тэтгэвэр тогтоолгохоор материалыг ирүүлээгүй, Д.Х нас барсны дараа хууль зөрчиж үрчлэлт хийсэн тул тэтгэвэр тогтоох боломжгүй, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
6.1 Өргөдлийн дагуу судалж үзэхэд, Х.Ж эцэг нь 2019 оны 02 дугаар сард нас барсан байсан. Хэдийгээр хүүхэд үрчлүүлсэн захирамжийн огноо нь тэрнээс өмнө гарсан ч Д.Х нас барсны дараа уг захирамж гарсан байх магадлалтай гэж үзээд тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан. Учир нь үрчлэлтийг захирамж гарснаас хойш улсын бүртгэл шууд нэг өдрийн дотор бүртгэх ёстой. Хууль зөрчиж хүүхэд үрчлүүлсэн гэж үзээд тэтгэвэр тогтоохоос татгалзсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүү Х.Ж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Бугат сумын иргэд Д.Х, Х.Н нар нь ач хүү болох Н.Ж үрчилж авсан Бугат сумын Засаг даргын шийдвэр болон уг үрчлэлтийг бүртгэсэн улсын бүртгэл нь тус тус хүчинтэй (1), үрчлэлтийн бүртгэлийг захиргааны байгууллага нь хуульд заасан хугацаа хэтрүүлж бүртгэсэн нь тэтгэвэр тогтоолгох хүүхдэд хамааралгүй (2), үрчлэгдсэн хүүхэд одоо нэхэмжлэгчтэй хамт нэг гэр бүлд амьдардаг (3), Х.Ж, Д.Х нас барахаас өмнө хууль ёсоор үрчилж авсан тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрхтэй (4)” гэж маргасан байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Тэжээгч Д.Х нас барахад түүний асрамжид байсан 19 нас хүрээгүй Х.К тэтгэвэр тогтоолгох үед нэг хүүхдээр материал бүрдүүлж өгсөн. Тухайн үед хүү Х.Ж нь Д.Х үрчлэгдээгүй байсан бөгөөд материал ирүүлээгүй. Үрчлэлт Д.Х нас барсны дараа хийгдсэн гэж үзээд тэтгэвэр тогтоохоос татгалзсан.” гэж тайлбарлажээ.
4. Нэхэмжлэгч Х.Нуршаш түүний нөхөр Д.Х нарт ач хүү Н.Ж Бугат сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/09 дугаартай захирамжаар үрчлүүлсэн нь, үрчлэгч Д.Х нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нас барсан нь, үрчлэлтийн бүртгэл 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн нь, нэхэмжлэгчээс Х.Ж тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох хүсэлтээ Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2022 оны 01 дүгээр сард гаргасан нь, хүү Х.Ж нь нэхэмжлэгчтэй хамт амьдардаг зэрэг нь үйл баримтууд хэрэгт авагдсан Бугат сумын Засаг даргын 2019 оны А/09 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Д.Х нас барсны бүртгэлийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай гэрчилгээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын байгууллагад гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн огноотой өргөдөл, Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаартай нэхэмжлэгчийн ам бүлийн талаарх тодорхойлолт бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана:”, 11.4-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 11.1, 11.3-т заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан ажилтнаар дүгнэлт гаргуулна”, 11.5-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана”, 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэж заасан.
6. Хуулийн уг зохицуулалтаас үзвэл хүүхэд үрчлэн авагч нь хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж, хүсэлтээ сумын Засаг даргад гаргах, сумын Засаг дарга нь хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан ажилтны дүгнэлтийг үндэслэж хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногийн дотор гаргаж улсын бүртгэгчид хүргүүлэх, улсын бүртгэгч нь хүүхэд үрчлүүлсэн сумын Засаг даргын шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 өдрийн дотор үрчлэлтийг бүртгэх үүрэгтэй байна.
7. Хэргийн нотлох баримтуудаас үзэхэд, хүү Х.Ж нь Х.Н, Д.Х нарт 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үрчлэгдсэн байх боловч үрчилсэний бүртгэлийг хуульд заасан хугацааг хэтрүүлж улсын бүртгэлийн байгууллагаас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийсэн байна. Дээрх байдлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс хүүхэд үрчлүүлсэн тухай шийдвэрийг улсын бүртгэгчид хүргүүлэх, улсын бүртгэгч хуульд заасан хугацаанд үрчлэлтийн бүртгэл хийх үүргээ тус тус биелүүлээгүй нь Х.Ж нэхэмжлэгч Х.Н, түүний нөхөр Д.Х нар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үрчилж авсан үйл баримтыг үгүйсгэхгүй юм.
8. Хүүхэд үрчлүүлэх тухай Бугат сумын Засаг даргын 2019 оны Б/09 дугаартай захирамж хүчинтэй байх ба Д.Х нас барсаны дараа Х.Ж үрчлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын бүртгэлийн байгууллага нь үрчлэлтийн бүртгэлийг сумын Засаг даргын захирамж гарснаас хойш 2 жилийн дараа хийсэн нөхцөл байдал нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзах үндэслэл болохгүй тул хариуцагчийн энэ талаарх маргаан үндэслэлгүй байна.
9. Д.Х нас барсан тухайн үед нэхэмжлэгч анх тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох үед 1 хүүхдэд буюу охин Х.К холбогдуулж бичиг баримт бүрдүүлсэн, Х.Ж тэтгэвэр тогтоолгохоор хандаагүй гэж хариуцагчаас маргасан.
Нэхэмжлэгчийн охин Х.К анх тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын байгууллагаас олгосон байх ба тухайн үед Х.Ж тэтгэвэр тогтоолгохоор хандаагүй үндэслэлээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хүүхдийн тооноос үл шалтгаалж тогтоох тэтгэврийн хэмжээ нь 400 000 төгрөг байсан тул Х.Ж холбогдох бичиг баримт бүрдүүлж өгөөгүй, Х.К тогтоосон тэтгэвэр 2022 оны сүүлээр дуусгавар болох тул Х.Ж тэтгэвэр тогтоолгохоор хандсан.” гэж тайлбарласан.
10. Нэхэмжлэгч анх тэтгэвэр тогтоолгох үед Х.Ж холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад хандаагүй нь буруу боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 1/ хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/ гэж заасан. Нэхэмжлэгчийн үрчилж авсан хүүхэд Х.Ж нь одоогоор 7 нас 9 сартай байх ба нэхэмжлэгчийн хүүхдийн хувиар хамт амьдардаг нь тус тус хүүхдийн төрсний гэрчилгээ, багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Х.Ж нь 19 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч Х.Н түүний нөхөр Д.Х нарын тухайн 2019 онд Х.Ж үрчилж авах үед гаргасан Бугат сумын Засаг даргын шийдвэр болон 2021 онд улсын бүртгэлийн байгууллагаас хийсэн үрчилсний бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд Д.Х Х.Ж үрчлэн авагч эцэг мөн гэж үзнэ. Эдгээр шийдвэрүүд хууль бус болох нь тогтоогдоогүй тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагаас Х.Ж үрчлүүлсэн шийдвэрийг тэжээгч нь нас барсны дараа хийгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байх ба тэтгэвэр тогтоож олгохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь тэжээгчээ алдсан тохиолдолд 19 нас хүртэл тэтгэвэр тогтоолгон авах талаарх хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
12. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.” гэж заасан дээрх үндэслэлээр хариуцагчийн тайлбар, маргааныг хууль бус гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүү Х.Ж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, Х.Ж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.Ж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Х.Н, Д.Х нарын хүү Х.Ж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА