| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 140/2022/00548/И |
| Дугаар | 001/ХТ2023/00109 |
| Огноо | 2023-06-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2023/00109
Б.П нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00101 дүгээр шийдвэр,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 205/МА2023/00013 дугаар магадлалтай,
Б.П, Д.Д, Р.А, В.Ц, Э.Б, Б.Б, Л.Б, Т.Л, Ц.М, Д.Х, Б.Б нарын нэхэмжлэлтэй,
ЗАЗД Д.Т-д холбогдох,
6 сарын цалинтай тэнцэх хэмжээний хүн тус бүр 3,901,254 төгрөг, нийт 42,913,794 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.П, Д.Д, Р.А, В.Ц, Э.Б, Б.Б, Л.Б, Т.Л, Ц.М, Д.Х, Б.Б нар нь хариуцагч ЗАЗД Д.Т-д холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний хүн тус бүр 3,901,254 төгрөг, нийт 42,913,794 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж гаргуулах тухай шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2.Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00101 дүгээр шийдвэрээр: Иргэн Б.П нарын нэхэмжлэлтэй ЗАЗД-д холбогдох сонгуулийн үр дүнд багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж нэхэмжлэгч тус бүр 3,901,254 төгрөг буюу нийт 42,913,794 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 205/МА2023/00013 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00101 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар ЗАЗД-аас 39,012,254 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.П, Д.Д, Р.А, Э.Б, Б.Б, Л.Б, Т.Л, Ц.М, Д.Х, В.Ц нарт тус бүр 3,901,254 төгрөг олгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтыг 3, 4, 5, 6 гэж дугаарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ЗАЗДа Д.Таас Завхан аймгийн нэр бүхий сумдын багийн дарга нараас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх заалтыг үндэслэн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжилсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэр бүхий сумдын багийн дарга нарт тэтгэмжийн мөнгийг олгосугай гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан тэтгэмж нь ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн улс төрийн албан тушаалтны хувьд олгох тэтгэмж бөгөөд дээрх багийн засаг дарга нарын хувьд үргэлжлүүлэн багийн засаг даргаар ажиллаж байгаа тул дээрх тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр дахин сонгогдсон гээд ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа багийн дарга нарт энэ тэтгэмжийн мөнгийг олгох нь боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдад 5 жил ажиллаад нэг удаа авдаг 6 сарын тэтгэмжийн мөнгөтэй адилаар ойлгогдохоор байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.05.25-ны өдрийн 001/ШХТ2023/00614 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч Б.П, Д.Д, Р.А, В.Ц, Э.Б, Б.Б, Л.Б, Т.Л, Ц.М, Д.Х, Б.Б нар нь хариуцагч ЗАЗД-д холбогдуулан тус бүр 3,901,254 төгрөг, нийт 42,913,794 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Завхан аймгийн сумдын багийн Засаг даргаар ажиллаж сонгуулийн үр дүнд ажлаас чөлөөлөгдсөн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д сонгуулийн үр дүнд ажлаас чөлөөлөгдсөн бол 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан, 2020 оны аймгийн төсөвт энэхүү тэтгэмж төсөвлөгдөж ирсэн, гэтэл аймгийн Засаг дарга уг тэтгэмжийг олгохгүй байгаа тул мөнгийг гаргуулна уу.” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нар нь багийн Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд хуульд ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Гэтэл эдгээр багийн дарга нарт буцаад багийн даргаар томилогдон ажиллаж байгаа тул ажилласан жилийн тасалдал болон цалингийн ямар нэгэн хохирол гараагүй” гэжээ.
8.Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч нар багийн Засаг даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан, ажилласан жилийн тасалдал гараагүй, хуульд заасан тэтгэмж нь сонгуульт ажлыг гүйцэтгэж байсных нь төлөө олгож буй урамшуулал биш, сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ажил эрхлээгүй байгаа тохиолдолд, дараагийн ажлын байр олох хүртэлх хугацаанд нь эрсдэлээс хамгаалж олгож буй нийгмийн баталгаа” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх “...Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Нэхэмжлэгч нар нь бүрэн эрхийн хугацаа дуусч ээлжит сонгуулийн дүнд багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн тул урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох болзол хангагдсан, нэхэмжлэгч нар нь тухайн орон нутгийн сонгуулиар дахин нэр дэвшиж, багийн Засаг даргаар томилогдон ажилласан нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байх үндэслэл биш” гэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
9.Нэхэмжлэгч нарын ЗАЗД-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд төсөвлөгдсөн тэтгэмжийг олгоогүй буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэлтэй холбоотой байна.
Тодруулбал, зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь улс төрийн албан тушаал эрхэлж байсан нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхээс улбаалсан захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээг зохицуулсан хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэсэн байх тул энэхүү маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэргийн шүүхийн маргаанд хамаарахгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журмыг зөрчсөн байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00101 дүгээр шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 205/МА2023/00013 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Б.П, Д.Д, Р.А, В.Ц, Э.Б, Б.Б, Л.Б, Т.Л, Ц.М, Д.Х, Б.Б нарын нэхэмжлэлтэй ЗАЗДад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч ЗАЗДа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД