| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00308/И |
| Дугаар | 155/ШШ2021/00465 |
| Огноо | 2021-04-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2021/00465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т.... сумын .....дүгээр багт оршин суух хаягтай боловч Хөвсгөл аймгийн ....сумын 10 дугаар багийн ..... тоотод түр оршин суух, Ш овогт У.О (РО.........)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух, ...... овогт Б.О... (Р.....)-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 155/2021/00308/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч У.О, хариуцагч Б.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие У.О нь нөхөр болох Б.О-тай 2012 онд танилцан үерхэн дотносож байгаад тус ондоо албан ёсоор гэр бүл болон, нэг гэрт орсон.
Бидний хамтын амьдралын явцад 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр том охин О.Э, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дунд охин О.М, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бага хүү О.Ц нар тус тус мэндэлсэн.
Анх айл болж амьдрахад нөхөр болох Б.О нь ёс жаягийн дагуу бэр гуйж, хадаг тавиагүй учир би тус айлд буюу түүний ах, дүү нарт их нэр хүндгүй байсан. Мөн Б.О нь өрх тусгаарлахдаа өөрийн гэсэн хашаа, байшин, эд хөрөнгөгүй байсан тул Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг буюу сумын төвд байрлах түүний ээжийн хашаанд хамтдаа амьдарч байсан. Ийнхүү амьдарч байх хугацаанд Б.О нь маш харгис догшин ааш араншин гаргаж, эхнэр болох намайг хэлэх хэлэхгүй үгээр хараан, гутаан доромжлох болсон. Учир нь тэрээр намайг бусадтай хий хоосон хардаж сэрдэн, улмаар гар хүрч зодон маш ихээр гомдоох болсон. Ингэж хардах шалтгааныг түүний ээж болон ах, дүү нар нь өөхшүүлж дэмжин хоёр биеийн хооронд хов зөөдөг нь цаашид амьдрахад төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Улмаар гэр бүлийн харилцаа энэ мэт байдлаар үргэлжилсээр хүйтэн хөндий харилцаа давамгайлах болсон тул миний бие түүнтэй амьдрах ямар ч боломжгүй болсон тул бага хүүгээ аван 2020 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон.
Гэр бүл болон амьдарч байх хугацаанд Б.О нь гэр бүл болох эхнэр, хүүхдүүддээ хайр халамж муутай, нөхрийн үүргийг нэр төдий гүйцэтгэж байсныг дурдах нь зүйтэй.
Миний хувьд түүнтэй цаашдаа амьдрах ямар ч боломжгүй болсон бөгөөд намайг хайрлаж халамжлах өөр нэгэн сайн хүнтэй хамтын амьдрал зохиосон байгааг минь хүндэтгэн үзэж, Б.О бид хоёрт эвлэрлийн хугацаа өгөхгүйгээр түргэн шуурхай шийдвэрлэж, гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Миний хувьд 2 том хүүхэд болох О.Э, О.М нарыг эцэг болох Б.О-ын асрамжид, бага хүү болох О.Ц-г өөрийн асрамжид үлдээх хүсэлттэй байгаа болно.
Иймд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх шаардлагагүй гэж үзсэн.
Мөн бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч У.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О бид хоёр 2012 оны 10 дугаар сард танилцсан. 2013 оны 01 дүгээр сард би Б.О-д очиж амьдарсан. Тухайн үед албан ёсоор хадаг өгч гуйж аваагүй юм. 2013 онд том охиноо төрүүлсэн, 2014 онд дунд охин Б.М-ыг төрүүлсэн.
Манай эгч Б.О-ын ахтай нь гэр бүл болсон юм. Тэгээд нэг айлын бэр болохоор Б.О-ын ах нь уурлахаараа дандаа над руу дайраад байдаг. Намайг чи өөрийн гэсэн зүйлгүй ирсэн гэж хэл амаар доромжилдог. Заримдаа хүргэн ахаас айсандаа болоод гаднаасаа цоожлуулж унтдаг болсон. Нэг өдөр Б.О-ын ах нь согтуу гэрийн цоожийг эвдэж орж ирээд яасан даварсан хүүхэн бэ чи, ийм эмэгтэйг хөөгөөд явуулах хэрэгтэй гэж агсам тавьж байсан. Мөн шөнө унтаж байхад бас согтуу ирээд манай ээжийг надтай андуураад толгойных нь араас барьж байгаад ийм шээснүүдийг хөөгөөд явуул гэж байсан. Ер нь Б.О-ын ах нь дандаа намайг дээрэлхдэг. Манай эгчид болохоор арай өөр ханддаг.
Би дөнгөж 17 настайдаа айлын бэр болсон болохоор гэрийн ажилд муу байсан. Гэхдээ сүүлдээ гэрийн ажилд сайн болсон. Гэтэл хадам ээж намайг ажил муутай гэж хэлдэг байсан. Сүүлдээ гэр бүлээрээ гадуурхах байдалтай байдаг болсон. Дүү нь хүртэл та манай албан ёсоор гуйж авсан бэр биш гэж харьцсан. Ялангуяа хүргэн ах архи уухаараа байнга агсам согтуу тавьдаг. Энэ талаар Б.О өөрөө ч мэдэж байгаа. Сүүлд бас хүргэн нь согтуу ирээд гэрийн цоожийг эвдэж орж ирээд шууд дайрч байсан.
Надад ийм байдалтай байхад хэцүү байдаг. Мөнхийн дарамттай байдаг болохоор Б.О-ыг байхгүй байх үед нь айлд очдог. Үүнийг Б.О өөрөө мэдэж байгаа. Цаашдаа хамт амьдрах ямар ч сонирхолгүй байна. Ажил хийх гэхээр чи чадахгүй гээд урамгүй байдаг.
Гэртээ шинэ зүйл авах гэхээр хадам ээж миний хүүхдийг зовоож байж үнэтэй зүйл авч байна гэж хэлдэг. Б.О өөрөө дандаа ах дүү нарынхаа талд ордог. Намайг дурандаа ирсэн юм чинь өөрөө яваарай гэдэг: Т сумынхан энэ байдлыг бараг мэдэх байх.
Би Б.О-тай 8 жил хамт амьдрахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гадуур дотуур явж үзээгүй. Гэртээ хүүхдээ хараад л байж байдаг. Хаяа баяр ёслолын үеэр бүжигт явах эсэхийг маань хадам ээж мэддэг. Б.О өөрөө хий хоосон хартай. Б.О намайг О гэх ахынхаа 1995 оны хүүтэй нь хардаж байсан. Тэгээд би салъя гээд 2 дугаар сард бага хүүгээ аваад явсан. Гурван хүүхдээ аваад явах гэсэн боловч хоёр охин маань явахгүй гэсэн. Би дараа нь хувцсаа авах гээд очиход хадам ээж намайг өөрөө ирсэн хүн өөрөө явж болдог юм гээд хэл амаар доромжлоод буцаж битгий ирээрэй гэсэн. Тэгээд л би гэрлэлтээ цуцлуулж, бага хүүгээ өөрийн асрамжид авах, хоёр охиноо эцгийнх нь асрамжид үлдээлгэхээр шүүхэд хандсан юм гэв.
Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие эхнэр У.О-н нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тэрээр бичсэн нэхэмжлэлдээ зарим зүйлсийг хэт худал бичсэн байна.
Миний хувьд түүний хэлж, яриад байгаа шиг тийм харгис хэрцгий, догшин балмад хүн биш ээ. Гэхдээ түүний байж боломгүй байдлаар өрөөл бусадтай эр эмийн харилцаа үүсгэн надад үнэнч бус хандсан явдал нь миний бухимдлыг удаа дараа хүргэж байсан нь үнэн. Бид хоёр анхалж 2012 онд танилцаад айл болсон бөгөөд амьдрах хугацаанд бидний дундаас охин О.Э, О.М, хүү Ц нар төрсөн. Өнгөрсөн амьдралын хугацаанд эхнэр болох У.О нь гэр орны ажилд маш муу, үр хүүхдүүдээ хайхрах, асран тойглох чадвар сул хүн гэдэг нь мэдэгдсэн. Тэр бүү хэл болж бүтэхгүй бүхнээ засаасай гэж сургаж хэлсэн эхийн минь үгийг дандаа сөрж, түүнтэй санал бодол зориуд зөрөх шалтгааныг бий болгодог нь түүний бусдаас үг сонсож сураагүйг илтгэж байгаа юм. Энэ мэт шалтгааны улмаас миний бие түүнийг хайрлах сэтгэлгүй болж, байнгын хэрүүл маргаантай байдлын улмаас хөндийрсөн. Тиймээс бид хоёр тусдаа амьдраад 1 жил гаруй хугацаа өнгөрлөө. Миний хувьд дахин түүнтэй амьдрах ямар ч хүсэлтгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр том охин минь аавтайгаа цуг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд аж төрж байгаа.
Харин У.О нь Хөвсгөл аймгийн М..суманд н.Х гэх Т... сумын харьяат залуутай гэр бүл болон хамтын амьдрал зохиогоод удаж байгаа.
Иймд миний хувьд дахин түүнийг харах хүсэлгүй байх тул гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа юм. Миний хувьд хоёр хүүхэд болох О.Э, О.М нарыг өөрийн асрамжид авч, бага хүү О.Ц-г эхийнх нь асрамжид үлдээх болно. Харин бид хоёр харилцан ярилцаад хэн алинаасаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар ярьж тохирсон зүйл байгаа. Иймд тус хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хоёр охиноо өөрийн асрамжид авна. Ер нь цаашид бага хүүгээ ч мөн өөрийн асрамжид авна гэж бодож байгаа. Би О танилцсан хүнийг нь судалж үзсэн. Ширүүн хүн байдаг талаар ах дүү нараас нь сонссон. Тийм болохоор бага хүүгээ яваандаа өөрийн асрамжид авна. Би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй амьдралын төлөө ажил хийж ийш тийшээ явдаг. У.О нь одоо өөр хүнтэй гэр бүл болсон байгаа ... гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.О нь хариуцагч Б.О-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Б.О нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан доорхи нотлох баримтаар гэрлэгчид нь 2012 онд танилцан үерхэж, гэрлэлтээ батлуулсан бөгөөд тэдний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр том охин О.Э, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дунд охин О.М, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр О.Ц нар төрсөн, гэрлэгчид 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулан 2020 оны 2 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан болох нь тогтоогдож байна.
Үүнд: Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.О, У.О нар 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж бүртгүүлсэн тухай 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн том охин О.Э, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн дунд охин О.М, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн О.Ц нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд болно.
Шүүх гэрлэлтийг цуцалж, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн том охин О.Э, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн дунд охин О.М нарыг эцэг Б.О-ын асрамжинд, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү О.Ц-г эх У.О-н асрамжид тус тус үлдээж шийдвэрлэв.
Учир нь: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ... гэж заасан ба нэхэмжлэгч У.О нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зохигч нар нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагчийн цаашид хамтран амьдрах боломжгүй гэрлэлтийг цуцалж өгнө үү гэх тайлбар, гэрлэгчид нь сүүлийн 1 жилийн хугацаанд хамт амьдраагүй бөгөөд нэхэмжлэгч нь хамтран амьдрагчтай болсон зэргээс үзвэл хэдийгээр хэрэгт гэрлэлтийг цуцлах ноцтой шалтгаантай талаарх нотлох баримт авагдаагүй боловч эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байх бөгөөд гэрлэгчид хүүхдээ хэний асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд гэрлэгчид хүүхдүүд болох 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин О.Э, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин О.М нарыг эцэг Б.О-н асрамжинд Б.О-ын асрамжид 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн О.Ц эх У.О асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч У.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэх тул үүнийг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д эцэг, эх дараах үүрэг хүлээнэ, 26.2.2-д зааснаар Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг тус тус дурьдлаа.
Өөрөөр хэлбэл охин О.М, О.Э нар нь эх У.О-тэй, хүү О.Ц эцэг Б.О-тай хэдийд ч уулзаж дээрх хуульд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй бөгөөд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.О нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул түүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-с гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Х. овогт Б.н О (Р......) Ш. овогт У.О (Р.....) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү О.Ц-г эх У.О-н асрамжид, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин О.Э, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин О.М нарыг эцэг Б.О-н асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.О-т, эх У.О нарт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Б.О, эх У.О нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-с 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.О-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА