Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, Боржигон Хөхөө овогт Цогтсайханы Чулуунцэцэг /РТ84072667/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Доржпагма, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие Ц.Чулуунцэцэг нь Хөвсгөл аймгийн боловсролын байгууллагад тасралтгүй 10 жил багшаар ажиллаж ирсэн билээ.

Тус шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь:

Миний хувьд 2009 оноос хойш цагдаагийн албан хаагч болох нөхрийнхөө ажил, үүргийн онцлогоос шалтгаалж Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Рашаант, Арбулаг сумдын Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж хөдөлмөрлөж ирсэн.

Улмаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б\32 дугаар тушаалаар багш Г.Мөнхтуяагийн жирэмсний амралтын хугацаанд монгол хэл, уран зохиолын багшаар түр томилогдсон.

Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу өөрийн ажил үүрэгтэй холбоотой заавар, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлж, байгууллагынхаа зорилго зорилтыг тууштай дэмжин, монгол хэл, уран зохиолын сургалтын чанарыг ахиулж, идэвхи санаачилгатай ажилласаар ирсэн ба тийм ч учраас сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.

Түүнчлэн хариуцсан ажилдаа чин сэтгэлээс хандаж, ажлын байр, хамт олон болон суралцагч нартай эелдэг зөв зан харилцааг эрхэмлэж, багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, ажил хэрэгч соёлтой хувцасласаар ирсэн, тиймээс ч ажил үүрэгтээ тохирсон цалингаа авч явсан гэж бодож байна.

Намайг тус сургуульд ажиллаж байх хугацаанд жирэмсний амралтаа авсан багш болох Г.Мөнхтуяа нь сургуулийн захиралтай холбогдож, Эрдэнэт хот руу шилжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Ингээд удаа ч үгүй тэрээр Эрдэнэт хотын ЕБС-д томилогдож, шилжин ажиллаж байгаа талаар албан бусаар сонсогдож байсан.

Тэр ч утгаараа Г.Мөнхтуяагийн ажлын байрны сонгон шалгаруулалт болох нөхөн шалгалтад 2020 оны 8 дугаар сарын дундуур миний бие өрсөлдөж, тэнцсэн байдаг.Түүнээс хойш би өөрийгөө тус ажлын байранд жинхлэгдсэн гэж ойлгож байсан. Гэтэл тус сургуулийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б\04 дугаартай тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Үндэслэлгүй гэх шалтгаан нь, тус тушаалд "...жирэмсний амралтын чөлөөтэй байсан Лхагвасүрэнгийн Өлзийнаран ажилдаа орох хүсэлт гаргасан тул түүний оронд ажиллаж байсан Цогтсайханы Чулуунцэцэгийг...багшийн үүрэгт ажлаас чөлөөлж... гэсэн нь ойлгомжгүй, миний эрх зүйн байдлыг дордуулсан тушаал болсон байдаг.

Учир нь миний хувьд багш Г.Мөнхтуяагийн жирэмсний амралтын хугацаанд ажилд томилогдсон болохоос биш багш Л.Өлзийнарангийн оронд ажилд томилогдоогүй юм.

Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасны дагуу ...ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар..." хөдөлмөрийн гэрээний хугацаа үргэлжлэх хуулийн зохицуулалтад нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг байгуулсан байтал ажил олгогч дээрхи хуулийн зохицуулалтыг анзаарсангүй.

Иймд миний хувьд дээрхи Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б\04 дугаартай Ц.Чулуунцэцэгийг ажлаас чөлөөлж, Л.Өлзийнаранг ажилд томилох тухай тушаалыг Ц.Чулуунцэцэг миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой, илт хууль бус тушаал болсон гэж үзэж байгаа юм.

Иймд нэгэнт миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учир өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо сэргээлгэн, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал Ч.Доржпагма шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Боржигон хөхөө овогт Цогтсайханы Чулуунцэцэгийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай танилцлаа. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш ажилтай Г.Мөнхтуяа жирэмсний амралтаа 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авч намар нь эхний улирал дуусангуут ажилдаа орохоор тохиролцсон. Түүний оронд өмнө нь 2018 онд Насан туршийн боловсролын багшаар сонгон шалгаруулалтад тэнцсэн хэдий ч багшлах үнэмлэх байхгүй гэдэг шалтгаанаар хасагдсан, 2019 оноос хөгжлийг дэмжих тухай хууль гарч энэ журам хүчингүй болсон.Тиймээс сонгон шалгаруулалт хүчинтэй гэж үзэн Ц.Чулуунцэцэгийг Монгол хэл, уран зохиолын багшаар түр томилсон. Г.Мөнхтуяа багш ажилд орох асуудлыг удаа дараа хойшлуулсан.

1. 2019 оны 11 дүгээр сард ажилдаа орох уу гэтэл хүүхэд харах хүнгүй байгаа, ханиад хүрээд бид Орхон аймаг руугаа буцлаа гэсэн.

2. 2020 оны 2 дугаар сарын эхээр ажилдаа орохоор дахин нэг улирал хойшлуулсан.

3. 2020 оны 2 дугаар сарын эхээр утсаар ярьж 4 сарын 1-нээс орох болсон /тэр үед Ковид-19 цар тахлын улмаас сургуулийн хичээл улс даяар хаагдсан хөл хорионы үе байсан/

2020 оны 4 сарын 1-ний өдрөөс Монгол хэл, уран зохиолын багш Л.Өлзийнаран жирэмсний амралтаа авсан.Г.Мөнхтуяаг ажилдаа орсон тохиолдолд Г.Өлзийнарангийн оронд ажиллуулахаар сургуулийн удирдлагууд ярьсан байсан.

4. 2020 оны 4 сарын 1 болоход хичээл ч орохгүй хөл хорионы хугацаа хэвээр үргэлжилж онлайнаар хичээллэж байсан. Тэрээр утсаар яриад намар л шинэ хичээлийн жилээс ажилдаа орно гэж хэлсэн.Тиймээс Ц.Чулуунцэцэг Г.Мөнхтуяагийн оронд хэвээр ажилласан. Энэ үед Г.Өлзийнарангийн хичээлийг багш нарт хуваарилж онлайнаар явуулсан.

5. 2020 оны 8 дугаар сарын 10-даар мөн л ажилдаа орохгүй хойшлуулах хариу өгсөн.

2020 оны эхний 6 сард хөл хорионы үед сонгон шалгаруулалт гэж болоогүй, 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдөр болсон. Иймд манай сургууль Монгол хэл, уран зохиолын багшийн ажлын 2 байрыг түр орон тоогоор зарлуулсан. Сургуулийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад сонгон шалгаруулалтад тэнцсэн багш, ажилчин, ажилтанг сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэн томилно гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөл хуралдаж Г.Мөнхтуяагийн оронд сонгон Мэргэжлийн онолын шалгалт-74.9 оноо, Монгол хэлний шалгалт-28 оноо хувь-93.3/ цуглуулсан Э.Мандалмөрөнг ажиллуулахаар шийдвэр гаргасан.

Шийдвэр гаргасан сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүн бага боловсролын менежер А.Отгонбаяр, ЗАН-ийн ахлагч Ц.Наранцэцэг нарт тушаал зөрчилдөнө гэж тайлбарласан хэдий ч бага боловсролын сургалтын менежер А.Отгонбаяр, МХУЗ-ын багш Э.Мандалмөрөнд хэлж тэрээр Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт өөрийн биеэр очиж хэрүүл үүсгэсэн. Хурал хийсэн 2020 оны 8 дугаар сарын 25-ны үдээс хойш манай суманд цахилгаан тасарсны улмаас 26-ны өдөр тушаал арай гараагүй байхад БСУГ-аас утасдаж хуулийн дагуу ажиллахыг шаардсан.Иймд тэр шийдвэрийнх нь дагуу Э.Мандалмөрөнг томилсон тушаал гаргасан. Би гайхаж Г.Мөнхтуяа багшаас чи манай сургуулиас явах гэж байгаа юм уу? Э.Мандалмөрөн багш БСУГ дээр очоод чамайг явах гэж байгаа, би бүр орон тоон дээр нь ажиллах ёстой гээд зарга үүсгээд байна юу болоод байгаагаа хэлээч гэхэд тийм юм байхгүй ээ багшаа, намайг дандаа л Эрдэнэт рүү шилжчихсэн гэж өөрсдөө амаараа явуулаад л ярьцгаасан байдаг шүү дээ гэсэн хариулт өгсөн. Э.Мандалмөрөн багшид тушаал зөрчилдөж маргаан үүснэ гэдгийг тайлбарлатал үг хэлүүлэхгүй урдаас дайраад байхаар нь чамд юм хэлээд ойлгохгүй хүн байна болилоо гээд гаргасан байгаа. Болсон үйл явцыг тайлбартаа тусгалаа. Г.Мөнхтуяа нь 2020 оны 08 сарын 28-ны өдөр утасдаж өргөдлөө илгээж тушаалаа гаргуулж авсан. МХУЗ-ын багш Ц.Чулуунцэцэг нь ажиллах хугацаандаа хүний оронд ажиллаж байгаа гэсэн сэтгэлээр бус ажилдаа цаг заваа зориулдаг, Хөдөлмөрийн гэрээгээр байгуулсан үүргээ биелүүлдэг, хамт олонтойгоо хамтач, нийтэч, даасан ангийн хүүхдүүдтэйгээ идэвх санаачлагатай ажилласан. Боржигон хөхөө овогт Цогтсайханы Чулуунцэцэгийн нэхэмжлэлийг хүргүүлсэн баримтад үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би Мөнхтуяа багшийн оронд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилд орсон. Тухайн үед хичээл тарах дөхсөн байсан тул сонгон шалгаруулалт явуулаагүй.Тэгээд Мөнхтуяа багш намар ажилдаа орох байсан боловч орохгүйгээр хойшилж явсаар нэг жил болсон.Ингээд өнгөрсөн намар сонгон шалгаруулалт зарласан ба шалгалт өгөхдөө нөхөн шалгалт гэж хэлж өгөөрэй гэсэн болохоор би нөхөн шалгалт гэж хэлж өгсөн.Намар ажилдаа орох болоод ажил дээрээ очтол Мөнхтуяа багшийн оронд Мандалмөрөн багш цагийг нь аваад би жирэмсний амралттай байсан Өлзийнаран багшийн оронд 7,8 дугаар ангид хичээлийг нь заах болчихсон байсан. Яагаад ингэж байгаад асуухад тоймтой хариу хэлээгүй ба жирэмсний амралттай байгаа Өлзийнаран багшийн ажлын байранд намайг шилжүүлэн томилсон тушаал танилцуулаагүй. Өлзийнаран багшийг ажилдаа орохыг мэдэж байсан боловч би анх Мөнхтуяа багшийн оронд ажилд орсон тул Өлзийнаран багшийг ажилдаа орсон ч намайг халах үндэслэл болохгүй гэж бодсон. Ингэж явсаар 2 сар хүрсэн ба жирэмсний амралттай байсан Өлзийнаран багш ажилдаа орох болоход намайг ажлаас чөлөөлсөн. Үүнийг би зөвшөөрөхгүй байна. Иймд ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын захирал Ч.Доржпагма шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Мөнхтуяа багш жирэмсний амралтаа авахад Ц.Чулуунцэцэгийг түүний оронд авсан ба тэрээр ажилдаа эргэж оролгүй удсан тул байгууллагын дотоод журмын дагуу уг орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулахад Мандалмөрөн багш өндөр оноо авсан юм.Тэгээд захирлын дэргэдэх зөвлөл хуралдаж Мандалмөрөн багшийг Мөнхтуяа багшийн орон тоон дээр авсан. Харин Ц.Чулуунцэцэгийг жирэмсний амралттай Өлзийнаран багшийн оронд шилжүүлсэн. Энэ нь хөдөлмөрийн хууль зөрчиж байгаа нь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Хөдөлмөрийн хууль зөрчиж байна гэдгийг би захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд удаа дараа хэлсэн боловч зөвлөл хүлээж аваагүй, байгууллагын дотоод журмаа барьж асуудлыг шийднэ гээд байсан тул би Мандалмөрөн багшийг Мөнхтуяа багшийн орон тоон дээр томилсон тушаал гаргаж Ц.Чулуунцэцэгийг өөр багшийн орон тоон дээр шилжүүлсэн.Гэхдээ тушаал гараагүй.Харин зөвлөл хуралдаж, асуудлыг шийдвэрлэж, хурлын тэмдэглэл гаргасан.Үүнийг хэрэгт өгсөн.Би Ц.Чулуунцэцэгийг ажилд томилсон тушаалыг харуулж нэг ажлын байран дээр хоёр хүнийг томилсон болох гээд байна.Ингэж болохгүй.Хөдөлмөрийн хууль зөрчиж байна гэхэд зөвлөлийн гишүүд бид дотоод журмаа барьж асуудлыг шийдсэн гээд над руу дайраад байсан тул аргагүйн эрхэнд дээрх тушаалыг гаргаж Ц.Чулуунцэцэгт жирэмсний амралттай байсан Өлзийнаран багшийн цагийг өгсөн.Гэтэл Өлзийнаран багш ажилдаа орох болсноор Ц.Чулуунцэцэгийг ажлаас чөлөөлсөн.Ер нь байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн хууль хоёр хоорондоо зөрчилдсөн тохиолдолд алийг нь баримталж асуудлыг шийдвэрлэх болохыг нэг мөр ойлгох үүднээс энэ асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг миний зүгээс гаргасан гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг нь хариуцагч Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн...Цогтсайханы Чулуунцэцэгийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, Лхагвасүрэнгийн Өлзийнаранг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажилд томилсугай...гэх тушаал хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэх гомдлоо 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн тул хуульд заасан хугацааны дотор гомдлоо шүүхэд гаргасан гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.Учир нь:

Зохигчийн тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Мөнхтуяагын жирэмсний амралттай үед түүний оронд Ц.Чулуунцэцэгийг түр хугацаагаар томилон ажиллуулж байсан бөгөөд багш Г.Мөнхтуяа нь ажилдаа эргэж оролгүй, өөрийн хүсэлтээр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь тогтоогдлоо.

Хэргийн зохигч дээрх үйл баримтад хэн аль нь маргаагүй.

Үүнээс үзвэл Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Доржпагма болон Цогтсайханы Чулуунцэцэг нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь Г.Мөнхтуяаг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар байгуулсан гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

Гэтэл нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд... жирэмсний амралтын чөлөөтэй байсан Лхагвасүрэнгийн Өлзийнаран ажилдаа орох хүсэлт гаргасан тул түүний оронд ажиллаж байсан Цогтсайханы Чулуунцэцэгийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, Лхагвасүрэнгийн Өлзийнаранг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажилд томилсугай...гэсэн нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл тухайн ажлын байранд өөр багшийг ажиллуулж байгаа нь талуудын тайлбараар нотлогддог ба Г.Мөнхтуяа нь ажилдаа эргэж ороогүй байхад Ц.Чулуунцэцэгийг яагаад ажлаас чөлөөлөх болсон нь тодорхойгүй, энэ тухай тушаалд тодорхойлоогүй байгаа нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал эрх зүйн акт болохынхоо хувьд хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагч талаас...Монгол хэл, уран зохиолын багш Г.Мөнхтуяа ажлаас чөлөөлөгдсөн тул түүний орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулж, өндөр оноо авсан Э.Мандалмөрөн гэж хүнийг Г.Мөнхтуяа багшийн ажлын байранд авч, Ц.Чулуунцэцэгийг жирэмсний амралттай байсан Л.Өлзийнаран багшийн ажилд шилжүүлсэн ба хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн... хэмээн тайлбарлаж байх боловч ажил олгогчоос гаргасан дүрэм, журмыг Хөдөлмөрийн хуультай адилтган үзэх боломжгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтад нийцүүлэн ажилтан Ц.Чулуунцэцэгийг өөр ажилд шилжүүлсэн нь тодорхойгүй, шилжүүлэн томилсон тушаал байхгүй, хэргийн баримтаар дээрх байдал тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэгийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэн, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэгийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, Уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70.200/ далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч Н.Дарь нь хариуцагч Г.Лонжид, Г.Энхбаясгалан, Г.Пүрэвдаш нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 36 дугаар гудамж 05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Дарь, Э.Энхболд, Э.Энхбаяр, Э.Ганболд, Э.Баттөмөр нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч талаас газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

Хэрэгт авагдсан баримтуудаар дор дурьдсан үйл баримтууд тогтоогдож байна.

Үүнд: Нэхэмжлэгч Н.Дарь нь... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Н.Дарь, Э.Энхболд, Э.Энхбаяр. Э.Ганболд, Э.Баттөмөр нар юм. Г.Лонжид нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн газрын алба болон үл хөдлөх эд хөрөнгийн газрын ажилчидтай хуйвалдан бид нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-36-5 тоотод байрлах хашаа, байшин газрыг авсан... гэх тайлбарыг өгч байх хэрэгт уг маргаж буй газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хүчинтэй эсэх талаарх Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай шийдвэрийн хуулбар хувь авагдсан ба тус шийдвэр хүчин төгөлдөр байна.

Үүнээс үзвэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Н.Дарь, Э.Энхболд, Э.Энхбаяр. Э.Ганболд, Э.Баттөмөр нар гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн тайлбар нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, харин үгүйсгэгдэж байгаа болно.

Мөн Н.Дарь нь хариуцагч Г.Лонжид, Г.Энхбаясгалан, Г.Пүрэвдаш нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Дарь, Э.Энхболд, Э.Энхбаяр. Э.Ганболд, Э.Баттөмөр нарыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасныг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 919 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус шийдвэр мөн хуулийн хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг нэхэмжлэгч Н.Дарь нь хүү Э.Энхболд, Э.Ганболд, охин Э.Энхбаяр, Э.Баттөмөр нарын өмнөөс шүүхэд гаргаж, итгэмжлэлийг нотлох баримтаар ирүүлсэн.

Дээрх нотлох баримт буюу итгэмжлэлээс үзвэл тэрээр хүү Э.Ганболд, охин Э.Энхбаяр, Э.Баттөмөр нарын өмнөөс нэхэмжлэл гаргах төлөөлөх эрхтэй байна.

Харин хүү Э.Энхболдын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл Э.Энхболд нь өөрийн нь Н.Дарь шүүхэд төлөөлөх эрхийг нэхэмжлэл гаргаснаас хойш олгосон нь түүний өмнөөс Н.Дарь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар урьд өмнө гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул Н.Дарийн нэхэмжлэлтэй, Г.Лонжид, Г.Энхбаясгалан, Г.Пүрэвдаш нарт холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Дарь, Э.Энхболд, Э.Энхбаяр. Э.Ганболд, Э.Баттөмөр нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.