Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2021/00901

 

 

 

 

 

 

 

 

 

   2021          04          01                                             184/ШШ2021/00901

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Н.М

Нэхэмжлэгч: Х.Н

Хариуцагч: Ш.Б

 

“Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 21 дүгээр хороолол, НИ 2б байр, 12 тоотод байрлах өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Х.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Т.Анар, хариуцагч Ш.Б, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, нарийн бичгийн даргад Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл,нэмэгдүүлсэн шаардлагад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 21-р хороолол, НИийн 2-6 дугаар байрны 12 тоот 16 м кв 1 өрөө орон сууц (үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар:000740488)-ийг миний бие Н.Н, А.Нандин-Эрдэнэ (2204), миний ээж Х.Н (3101) нар хууль ёсоор өмчилдөг. Тухайн орон сууцанд миний ээж Х.Н нь ганцаар амьдардаг байсан бөгөөд 2013 оноос эрүүгийн хэрэгт шалгагдан, улмаар ШШГЕГ-ын 407-р хорих ангид ял эдлэх болсон. Энэ хугацаанд тус байранд хүн амьдардаггүй байсан. Энэ үеэр миний бие хариуцагчийн хадам ээж болох А.Цэрэнтэй танилцаж, бие биенээ мэддэг болсон. Улмаар дээрх орон сууцанд хүн амьдрахгүй байгааг мэдсэн А.Цэрэн нь дээрх орон сууцыг худалдан авах саналыг бидэнд тавьснаар бид дараах нөхцөлүүдийг тохиролцсон. Үүнд:

1. Байрны нийт төлбөр нь 38 сая төгрөг байх бөгөөд урьдчилгаа төлбөр 10 саяыг төлөх, байранд засвар үйлчилгээ хийхгүй байх,

2.Тухайн үед хуримтлагдсан байсан байрны конторын үлдэгдэл төлбөр болох 5 орчим сая төгрөгийг байрны үнээс гадна А.Цэрэн бүрэн төлж барагдуулах,

3.Бид засвар хийж өгөхгүйгээр байхаар тохиролцсон. А.Цэрэн нь өөрийн хүүтэйгээ ирж уулзаад 1 сарын дотор байрны урьдчилгаа болох 10 сая төгрөг бэлэн болгоно, эгч нь хүүхдүүддээ үзүүлээд байрандаа орж байя, тэд орох оронгүй хэцүү байна гэж гуйхад нь А.Цэрэнтэй өмнө нь сайн харилцаатай байсан болохоор итгээд байраа үзүүлээд түлхүүрээ өгсөн. Харин А.Цэрэн нь түлхүүр авснаас 10 хоногийн дараа уулзахад байранд бидний зөвшөөрөлгүйгээр засвар хийсэн байсан. Тэгэхэд нь би бидэнд тохиролцсон зүйл бий яагаад урьдчилгаа төлбөр төлж гэрээ хийгээгүй байж зөвшөөрөлгүй засвар хийж байгаа юм бэ? гэхэд А.Цэрэн нь санаа зоволтгүй бид танай байрыг яг авна аа гэж хэлж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ч бид А.Цэрэнээс байрны мөнгө авч чадаагүй байгаа бөгөөд түүний бэр гэх Ш.Б нь тус байранд өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр амьдарсаар байна.

Түүний бэр Ш.Б нь 1 жил 8 сарын хугацаанд ямар ч мөнгө төлөлгүй амьдарч, манай байрыг сулла гэхэд биднээс байрны засварын 10 сая төгрөг өг хэмээн нэхэж байна. Ш.Б гэдэг хүнийг бид өмнө нь таньдаггүй, огт уулзаж байгаагүй ба энэ хүнтэй байр худалдах, худалдан авах талаар анхнаасаа ярилцаж тохирсон зүйл огт байхгүй. өнөөдрийг хүртэлх хугацааны байрны ус, дулаан, СӨХ-ны төлбөр тооцоо, түрээсийн төлбөр огт төлөлгүй байрнаас маань гарахгүй биднийг хохироож байна. Энэ хугацаанд миний ээж Х.Н 2018 оны 11 сард хорих ангиас суллагдсан бөгөөд одоог хүртэл гэртээ орж чадахгүй, ах дүүс, найз нөхдийнхөө гэрээр ээлжлэн хоноглож, эрүүл мэндийн болон сэтгэл санааны хувьд хүнд нөхцөлд амьдарч явна. Иймд иргэн Ш.Бгийн хууль бус эзэмшлээс СХД-ийн 16-р хороо, 21-р хороолол, НИийн 2-6 дугаар байр, 12 тоотод байрлалтай бидний өмчлөлийн байрыг чөлөөлж хариуцагчийг албадан гаргаж өгнө үү... Ш.Б нь 2018 онд байранд ороод өнөөдрийг хүртэл нийт 32 сар амьдарсан. Өмнө нь энэ хүн хаана амьдарч байсан. Өөр газар амьдарсан бол энэ хүн 16 сая төгрөгийн мөнгө төлөх  байсан. Гэтэл бид өнөөдөр хохирсоор байна. Манай ээж сарын 250,000 төгрөгийн үнэ бүхий төлбөрийг өөрөөсөө гаргаад түрээсийн байранд амьдарч байна. Энэ хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн тул 14  сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нэг өрөө орон сууцны хамгийн бага төлбөр 1 сарын 500,000 мянган /таван зуун/ төгрөг байгаа юм . Иймд Ш.Бгээс 12 сарын түрээсийн төлбөрт 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийг нэхэмжилж байна. Засвар хийсэн талаар 2018 оны 10 сард мэдсэн. Үзсэн нь 2019 оны 1 сард үзсэн гэв.

            Хариуцагч Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2018 оны 05 сард нөхөр Б.Алтайтай танилцаж байсан бид хамт амьдарч байгаад Б.Алтай нь 2018 оны 10 сард Хаянхярваа овогтой Н гэх хүнтэй бичгээр гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 21 хороолол НИийн 2-6 байрны 13 тоот орон сууцыг худалдан авахаар тохирсон. Б.Алтай Х.Н хоёр гэрээгээ байгуулсны дараа Х.Н-н охин Н.М нь манай нөхөр, хадам ээж хоёрт орон сууцны түлхүүрийг өөрөө өгч байсан. Ингээд Х.Н болон Н.М нартай тохиролцсоны дагуу нөхөр бид хоёр орон сууцандаа 10 гаран сая төгрөгийн засварын ажил хийсэн юм. 8 сая төгрөгийн засварын материал, будаг, замаск гэх мэт зүйлсийг авч байсан ба 2 сая төгрөгийг нь Б Алтайн таньдаг засварчинд засварын хөлс гэж өгч байсан юм. Х.Н нь өөрөө 2018.10.11-ний өдөр орон сууцаа нөхөр Б.Алтайд 35.000.000 төгрөгөөр худалдах талаар, үүнээс 4.500.000 төгрөгийг орон сууцны тог цахилгаан, ус дулаан, СӨХ-ны төлбөрийн үлдэгдэлд төлж барагдуулах, үлдэгдэл 30.500.000 төгрөгийг Б.Алтай нь Х.Нд дараа нь харилцан тохиролцож төлж барагдуулахаар болсон. Б.Алтай бид хоёр 2018.10 сард тус байранд засвар хийж ороод тус байрны 4.500.000 төгрөгийн төлбөрөөс 1.000.000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл бид орон сууц худалдан авахаар тохироод 1 сая төгрөгийн төлбөрийг төлсөн ба 10.000.000 төгрөгөөр засвар хийсэн. Засвар хийх мөнгийг нөхөр бид хоёр өөрсдийн цуглуулсан мөнгө дээр нэмж би өөрийн ээж Д.Чойдуламаар малчны зээл, тэтгэврийн зээл авхуулан байж цуглуулсан юм. Манай нөхөр Б.Алтай нь одоогоор эрүүгийн хэрэгт холбогдон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 409 дүгээр ангид цагдан хоригдож байгаа... Бидний хувьд хэрэв байранд засвар хийсэн 10,000,000 төгрөгийг болон байрны өрөнд өгсөн 1.000.000 төгрөгийг төлөх юм бол орон сууцыг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй...бусдын орон сууцанд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар амьдраад, суллаж өгөхгүй байгаа зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ :

 

     Нэхэмжлэгч Н.М, Х.Н нар нь хариуцагч Ш.Бд холбогдуулан “Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 21 дүгээр хороолол, НИ 2б байрны 12 тоотод байрлах өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

           

       1-рт:  “Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 21 дүгээр хороолол, НИ 2б байрны 12 тоотод байрлах өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

         Нэхэмжлэгч талаас: хариуцагчтай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Гэрээ хэлцэл хийх үед Н нь хорих ангид байсан. Хорих ангийн дарга гэрээг батлах ёстой байсан боловч батлаагүй. Тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ. 2018 онд байранд ороод өнөөдрийг хүртэл нийт 32 сар амьдарсан. Өөр газар амьдарсан бол энэ хүн 16 сая төгрөгийн мөнгө гаргах байсан. Гэтэл манай ээж сарын 250,000 төгрөгийн  төлбөрийг өөрөөсөө гаргаад түрээсийн байранд амьдарч байна. Н.Мын хувьд Иргэний хуулийн 106.1-рт хариуцагчаас орон сууцыг албадан гаргуулахаар шаардаж байгаа. Нн хувьд Иргэний хуулийн 56.1.1, 56.5, 492.1.1 дүгээр зүйлээр тус тус шаардаж байна. Хууль бусаар байрыг авсан гэж үзэж байна хэмээн,

      хариуцагч талаас: Н, Алтай гэх хүмүүсийн нэр дээр харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан. Би гэрээ байгуулаагүй, орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрсдийнх нь албан ёсны зөвшөөрлөөр амьдарсан, энэ харилцаа дуусгавар болоогүй учраас хариуцагчийн эзэмшил хууль ёсных,  үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй, эхнээсээ танайх түрээсэл гэсэн зүйл байхгүй. Үнэхээр түрээсийн гэрээ хийсэн бол засвар үйлчилгээ хийхгүй байсан гэж гэж маргадаг.

 

        Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 21 дүгээр хороолол, НИ 2б байрны  12 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг хариуцагч Ш.Бгийн хамтран амьдрагч Б Алтайт 35.000.000 төгрөгөөр худалдах, энэ үнийн дүнгээс төлөгдөөгүй байгаа байрны ус, дулааны төлбөрт 4.500.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 30.500.000 төгрөгийн тооцоо үлдэж байгаа тул байрыг эзэмшин суухыг зөвшөөрч байна гэсэн  “Худалдах худалдан авах гэрээ” гэх бичгийн баримтыг 2018 оны 10 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Х.Н бичиж баримт үйлдсэн болох нь:      

         гэрч А.Цэрэнийн шүүхэд ...би ээж дээр нь эргэлтээр очиж уулздаг байсан... Хүүхдүүд засвараа хийлгээд эхэлсэн.Чи надад цаасан дээр бичээд өг гээд эргэлтээр очиж уулзахдаа хэлээд бичүүлж авсан. Н өөрөө надад бичиж өгсөн. Би гарын үсэг зураагүй. Хүү Алтайт гээд тодруулаад бичээд өгсөн гэх мэдүүлэг,

         гэрч Б.Алтай шүүхэд...Н гэдэг хүнтэй аман болон бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан...Би өөрөө очоогүй. Манай ээж очсон. Би зураагүй. Манай ээж гарын үсэг зурсан гэх мэдүүлэг,

           нэхэмжлэгч Х.М-ын шүүх хуралдаанд...Цэрэн нь надад мэдэгдэлгүй хорих ангид эргэлтээр очихдоо манай ээжээр энэ гэрээг бичүүлж авсан байсан. Ээжээс яагаад ийм бичиг бичиж өгсөн талаар асуухад Цэрэн цаас бал гаргаад бич гэж хэлээд бичүүлсэн гэх тайлбар, хэргийн 16-р талд авагдсан “Худалдах худалдан авах гэрээ” гэсэн бичгийн нотлох баримтаар нотлогддог./хх47-52/

         Хэдийгээр энэ гэрээ байсан талаар талууд маргаагүй боловч нэхэмжлэгч талаас уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, хариуцагч талаас хүчин төгөлдөр гэж маргасан ба 2018 оны 10 сарын 11-ний өдөр “Худалдах худалдан авах гэрээ” гэх бичгийн баримтыг нэхэмжлэгч Х.Н бичиж баримт үйлдсэн, тус баримтад худалдан авагч тал болох Б.Алтай гарын үсэг зураагүй, маргаан бүхий орон сууц нь Н.М, А.Нандин-Эрдэнэ, Х.Н нарын 3 хүний өмчлөлд байх бөгөөд Х.Н нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж гэрээг байгуулахдаа “гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ гэж шүүх үзэв.

 

          Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл “ гэж,  56.1.8 дах хэсэгт “ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж,

        энэ хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дах хэсэгт  “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна”,  112.3 дах хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 112.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

         Гэтэл Х.Н нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 1 өрөө орон сууцыг худалдахдаа насанд хүрсэн гишүүн болох Н.Мын бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг  аваагүй  байж  Б.Алтайт орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдаж, энэ үнийн дүнгээс төлөгдөөгүй байгаа байрны ус, дулааны төлбөрт 4.500.000 төгрөгийг төлүүлэх, үлдэгдэл 30.500.000 төгрөгийн тооцоо хийхийг зөвшөөрч байгаа үйлдэл нь  хуульд нийцээгүй, худалдах, худалдах авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх дүгнэв.

     

         Тухайлбал дээрх худалдах худалдан авах гэрээ гэх бичгийн баримтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн тул шүүхээс заавал хүчин төгөлдөр бус гэж тооцох шаардлагагүй байна.           

         Түүнчлэн хариуцагч Ш.Б нь орон сууцыг худалдах худалдан авах гэрээний дагуу авч байгаа гэж бодсон боловч өөрөө гэрээ байгуулаагүй тухайн байрны үнийг бүгдийг төлж барагдуулаагүй, үүний улмаас байрны өмчлөх эрхийг Б.Алтайсүрэнгийн нэр дээр шилжүүлээгүй,  уг орон сууцыг түүний  өмч  биш гэдгийг  мэдсэн атлаа 2018 оны 10 сараас хойш үргэлжлүүлэн амьдарсан байна.

 

         Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох талаар зохицуулсан тул Ш.Б маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Б.Алтайсүрэнгийн нэр дээр шилжээгүйг мэдэж байсан тул Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 21 дүгээр хороолол, НИ 2б байрны  12 тоотод байрлах 1 өрөө орон сууцанд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр амьдарч байгаа гэх тайлбар нь үндэслэлгүй юм.

 

          Иймээс хариуцагч нь хуульд заасны дагуу тухайн маргаан  бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.   

        

         Шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар үр дагаврыг арилгах үүрэгтэй.

         Гэвч нэхэмжлэгч Х.Мөнхзул нь хариуцагч Ш.Бтэй уулзаж байгаагүй, түүнтэй  худалдах худалдан авахаар  ярилцаж, тохирсон зүйл байхгүй, гэрээ байгуулаагүй, огт зөвшөөрөлгүй амьдарч байгаа гэсэн шаардлага гаргасан, нэхэмжлэгч нь тус байрны хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон,

          хариуцагч худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, маргаан бүхий байрыг хууль ёсоор эзэмших эрхтэй этгээд биш тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэв./хх-7/

 

          Мөн  тухайн байрны төлөөгүй байсан ус, дулааны төлбөрт 1.000.000 төгрөг Б.Алтайсүрэн төлснийг нэхэмжлэгч нараар төлүүлэх боловч шийдвэрлэх боломжгүй байна.

          Учир нь Б.Алтай, хариуцагч Ш.Б нараас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   “орон сууцанд засвар хийсэн үйлчилгээний зардал, орон сууцны төлбөрт өр барагдуулсны төлбөрт нийт 11.421.000 төгрөг” гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг   шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШЗ2020/09218 дугаар захирамжаар ”үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцны хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн асуудлыг орон сууцанд амьдарч байхдаа хийсэн засварын зардлыг гаргуулах шаардлагатай харилцан тооцож, хамтруулан шийдвэрлэх боломжгүй”  гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ./хх 38-39,44/

 

          Үүний дагуу сөрөг нэхэмжлэлтэй холбоотой маргааныг тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тухайн иргэний хэрэгт өөр шүүгч ажиллагаа хийж байх тул шүүх байрны өр төлбөрт төлсөн  гэх 1.000.000 төгрөгийг давхардуулан шийдэх боломжгүй болно. /хх 102,110-112/

 

   2-рт: “түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:/хх 94/

 

           Нэхэмжлэгч талаас: хариуцагч Ш.Бг 2018 онд байранд ороод өнөөдрийг хүртэл нийт 32 сар амьдарсан. Хавтаст хэргийн 16 дугаар хуудас авагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ. Н.М нь хариуцагчтай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Нэг өрөө орон сууцны хамгийн бага төлбөр 1 сарын 500,000 төгрөг байгаа. Иймд Ш.Бгээс 12 сарын түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрвээ энэ хүн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 21 хороолол, 2б байрны 12 тоот байранд  амьдраагүй байсан  байсан бол өөр байр түрээслэх байсан хэмээн тайлбарлаж,

          хариуцагч талаас: Н, Алтай гэх хүмүүсийн нэр дээр харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан. Би гэрээ байгуулаагүй. Хэдэн жил амьдраагүй байрны хаалга үүдийг эвдэж ороогүй, тохиролцож түлхүүр авч орсон, үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй, эхнээсээ танайх түрээсэлнэ гэсэн зүйл байхгүй. Үнэхээр түрээсийн гэрээ хийсэн бол засвар үйлчилгээ хийхгүй байсан гэж маргав.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус” гэж, 

          мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

           Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ш.Б нь хамтран амьдарч байсан Б.Алтайсүрэнг нэхэмжлэгч Х.Нгээс маргаан бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авсан гэж бодсоны үндсэн дээр  2018.10 сараас тухайн байранд  амьдарч байгаа бөгөөд тэрээр орон сууцыг худалдах худалдан авах гэрээний дагуу өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авна гэж бодож байсан боловч байрыг худалдан авсан этгээд нь төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул уг орон сууцыг өөрийн өмч биш гэдгийг мэдсээр байж орон сууцанд үргэлжлүүлэн амьдарсан болох нь хариуцагчийн тайлбараар нотлогддог.

        Үүнээс үзэхэд талуудын хооронд үүрэг үүсээгүй, хариуцагч Ш.Б нь тухайн байранд хууль бусаар амьдарч байсан, 2018 оны 10 сарын 11-ний өдрийн  “Худалдах худалдан авах гэрээ” гэх бичгийн баримт үйлдсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар  хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх үзжээ. 

         Хариуцагч Ш.Б орон сууцанд цаашид үргэлжлүүлэн амьдарч байх хугацаанд нь нэхэмжлэгч Н.М, Х.Н нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцанд очиж түүнтэй уулзаж байсан нь талуудын тайлбараар нотлогддог ба энэ үедээ нэхэмжлэгч нараас түүнтэй байраа чөлөөлж өгөх эсхүл хөлслөн сууж түрээсийн төлбөр төлөх талаар ямар нэгэн яриа өрнүүлээгүй болох нь зохигч нарын тайлбараар тогтоогддог.

           Шүүх  талуудын хооронд байгуулсан гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн боловч маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан буцааж нэхэмжлэгч Х.Мөнхзулд шилжүүлээгүй  харин энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар орон сууцыг хариуцагч Ш.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул түүний амьдарсан хугацааны 12 сарыг түрээсэлж байсан гэж үзэж түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

           Маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар  буцааж шилжүүлээгүй байх тул мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түрээсийн төлбөр шаардах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нар хариуцагчтай очиж уулзаж байхдаа байраа чөлөөлж өгөх эсхүл  хөлслөн сууж түрээсийн төлбөр төлөх талаар ямар нэгэн яриа өрнүүлээгүй, энэ талаар амаар болон бичгээр баримт үйлдэж, гэрээ хийсэн  болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

         Иймд түрээсийн төлбөрт 14.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

         Нэхэмжлэгч Х.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэл санааны хохирол барагдуулах талаар өргөдөл бичсэн боловч энэ талаар шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар нэхэмжлэл гаргахгүй хэмээн тайлбарласан болохыг дурдав. /хх56/ 

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу шүүх үнэлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Маас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70200+ 232900=303100 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд хариуцагч Ш.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.

            

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон                                                                  

                                ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 21 дүгээр хороолол, НИ 2б байрны  12 тоотод байрлах орон сууцыг хариуцагч Ш.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

        2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.М, Х.Н нарын нэхэмжлэлтэй  хариуцагч Ш.Бд  холбогдох  түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200+232.900=303.100 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч Ш.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мд олгосугай.

 

       4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

       5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОЮУНЖАРГАЛ