Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2021/00902

 

 

 

 

 

 

 

    2021        04           01                                             184/ШШ2021/00902

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, шүүгч В.Амартүвшин,шүүгч  Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ДЭМ” ХХК-ийн

Хариуцагч: Б.Х

 

“Гэм хорын төлбөрт 36,235,023 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, иргэдийн төлөөлөгч М.Баярчимэг, нарийн бичгийн даргад Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ДЭМ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2017 оны 08 сарын 01-ний өдөр байгуулагдаж, тус оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн олон нийтэд нээлттэйгээр  үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид T.mn веб системээр дамжуулан криптовалютын онлайн биржийн үйл ажиллагаа явуулж байна. Манай компанийн харилцагч иргэн Б.Х нь 2017 оны 11 сарын 14-ний 13:11:59 секундэд Худалдаа хөгжлийн банкны гар утасны программ ашиглаж, манай компанийн ХХБ дахь 452599026 тоот төгрөгийн дансаар дамжуулан T.mn дээрх өөрийн аккаунт руу 200 төгрөгийн гүйлгээ хийсэн боловч тухайн үед банк болон кю-пэй QR код үүсгэн төлбөр тооцоо үзүүлэгч байгууллагуудын хоорондын системийн алдааны улмаас хэрэглэгч Б.Хын аккаунтад 200 ам.доллар болон шилжиж орсон. Үүнийг мэдсэн тэрээр үргэлжлүүлэн тухайн өдрийн 21:25:04 секунд хүртэл 200 төгрөгөөр 1 удаа, 300 төгрөгөөр 1 удаа, 400 төгрөгөөр 13 удаа гэх мэтчилэн нийт 24 удаагийн үйлдлээр 57,953 төгрөгийг, дараа өдөр буюу 2017 оны 11 сарын 15-ны 13:20:26 цагаас тухайн өдрийн 13:26:42 секунд хүртэл нийт 4 удаагийн үйлдлээр 24,700 төгрөгийг мөн шилжүүлсэн нь манай систем дэх тус хэрэглэгчийн аккаунтад нийт 82,653 ам.доллар болон шилжиж орсон. Б.Х нь тус ам.доллароор биткойны арилжаа хийж нийт 1.43 бүхэл биткойныг худалдан авч, өөрийн 1Fn2SdJpHrptZjDWPju4HZUmxea8WaDGe8 хаяг руу 5 удаагийн үйлдлээр шилжүүлэн авсан. Ингэснээр тухайн үеийн байдлаар 12,694 ам.долларын бодит хохирлыг манай биржид учруулсан. Манай компанид 12.694 ам.долларын хохирол учруулсан Б.Хыг үйлдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэрэг бүртгэлт явуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаах тухай Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 1644 тоот тогтоол ирүүлсэн. Тус тогтоол болон тус газрын 2020 оны 05 сарын 19-ний өдрийн хариу мэдэгдэх албан тоотод Б.Х нь манай компанид 12,694 ам.долларын хохирол учруулсан нь тогтоогдсон байх тул Монгол банкны ам.долларын 2020 оны 09 сарын 22-ны өдрийн ханш /2854.5 төгрөг/-өөр тооцсон 36,235,023.00 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж, өмгөөллийн үйлчилгээний хөлсний хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай харилцагч  “Х” нь 2017.11.14-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны гар утасны аппликэйшн ашиглаж, манай компанийн Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн дансаар дамжуулан өөрийн аккаунт руу 200 төгрөгийн гүйлгээ хийхэд нь системийн алдаа гарч “Х”ын аккаунтад 200 ам доллар болон шилжиж орж, төгрөгийн гүйлгээ нь долларын гүйлгээ болсон алдаа гарсан.Өөрөөр хэлбэл 200 төгрөгийн орлого хийгдэхэд 200 ам доллар болон орсон алдаа гарсан. Энэ алдааг “Х” мэдээд 2017.11.14-ний өдрөө 200,300,400 төгрөгөөр гээд нийт 24 удаагийн үйлдлээр 57,953 төгрөгийг, дараа өдөр нь буюу 2017.11.15-ны өдөр 4 удаагийн үйлдлээр 24,700 төгрөгийг мөн шилжүүлсэн нь манай систем дэх хэрэглэгч болох “Х”ын аккаунтад нийт 82,653 ам.доллар болон шилжиж орсон. “Х” нь тус ам доллароор биткойны арилжаа хийж нийтдээ 1,43 бүхэл биткойныг  худалдан авч 12.000 ам долларын гүйлгээтэй тэнцүү биткойны арилжаанд орох үйлдэл яваад, 4 хүн  арван хэдэн мянган доллароор зарсан. Б.Х 4 удаагийн гүйлгээгээр буцаагаад өөрийнхөө данс руу оруулж гарсан.Түүнийг мэдээд зогсоосон.Худалдаа хөгжлийн банкнаас гарсан алдаатай гүйлгээ байсан. 12,000 ам долларын гүйлгээ хийхэд  манай данснаас дүйцэх хэмжээний хохирол учирсан тул учирсан хохирол болох 36,235,023 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие цахим валютын талаар нэг их ойлголт байхгүй, гадуур цахим валютын ханш өсөж магадгүй гэсэн цуу яриа байсан тул 1,000,000 төгрөгөөр цахим валют худалдан аваад хадгалчхаад нэг их алдахгүй байх гэж бодоод 1,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны долларын дансаар доллар болгон шилжүүлэн авсан. Ингээд “Т”.мн хаяг руу нэвтэрч өөрийн Худалдаа, хөгжлийн банкны долларын данснаасаа биткойн буюу цахим валют худалдаж авахаар 200 доллароор 2 удаа мөнгө шилжүүлсэн. Гэтэл миний данснаас нэг удаагийн гүйлгээнд 200 доллар биш 200 төгрөг хасагдсан байсан тул миний бие Монгол сайт учраас монгол төгрөгөөр гүйлгээ хийдэг юм байна гэж ойлгоод хэд хэдэн удаа худалдан авалт хийхээр мөнгөө шилжүүлсэн,нийтдээ 100,000 орчим төгрөг миний данснаас хасагдсан. Энэ мөнгийг одоог болтол  эргүүлэн аваагүй, хохирсоор байгаа. Дараагаар нь “Т”.мн сайтын биткойн авах, зарах гэдэг хэсэг рүү нь ороод өөрийнхөө шилжүүлсэн мөнгөний хэмжээнд биткойн худалдаж авахад, задгай тоогоор 1.4 орчим биткойн харагдаж байсан. Ингээд ямар учиртайг нь ойлгохгүй Худалдаа, хөгжлийн банк, “Т”.мн сайтын ажилтнуудаас тодруулж асуухад, бид нар мэдэхгүй, танд ямар ч биткойн байхгүй байна гэдэг хариултыг хэлсэн. Ингээд өөрийн шилжүүлсэн 100,000 төгрөгөө алдсан гэж ойлгоод тэр үедээ орхисон.  Өнөөдрийн байдлаар миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичээд байгаа мөнгө, төгрөгийг огт аваагүй, мөнгө шилжүүлэн авсан нэг ч баримт байхгүй, гэтэл нэхэмжлэгч цагдаад өгч намайг шалгуулаад, хэрэг хаагдахаар нь дахин мөнгө гаргуулахаар нэхэмжлээд байгааг огт ойлгохгүй байна. Миний бие “Т”.мн сайтад өөрийн мөнгөө шилжүүлж алдаад, эсрэгээрээ их хэмжээний өр төлбөрт орно гэдэг шударга бус байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Б.Х нь 2017 онд биткойны ханш нэмэгдэж магадгүй гэх үүднээс Худалдаа хөгжлийн банкны долларын дансанд сая төгрөгийн доллар худалдаж аваад шилжүүлэг хийсэн. 200 долларын худалдан авалт хийгээд шилжүүлэг хийхэд данснаас нь  200 төгрөг хасагдсан. Монгол сайт учраас монгол төгрөгөөр гүйлгээ хийдэг юм байна гэж ойлгоод хэд хэдэн удаа худалдан авалт хийхээр мөнгөө шилжүүлсэн бөгөөд нийтдээ 100,000 орчим төгрөг Б.Хын данснаас хасагдсан. Дараа нь биткойн ч байхгүй , 100,000 төгрөг ч байхгүй болсон. Тэгээд 100,000 төгрөгөө алдсан гэж ойлгоод тэр үедээ орхисон. Нэхэмжлэгчийн зүгээс цагдаад шалгуулахад хэрэг нь хэрэгсэхгүй болгосон. Б.Х луу шилжүүлсэн гэх 12,000 долларын баримт хэргийн материалд нэг ч баримт байхгүй. Ямар үндэслэлээр мөнгө шилжүүлээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Эсрэгээрээ Б.Хт 100,000 төгрөгөөр хохирсон.Б.Хын өмнөөс биткойн худалдаж аваад түүнийг Б.Х авсан гээд тайлбарлаад байдаг. Б.Хын өмнөөс худалдаж аваад, шилжүүлсэн баримт нь хаана байна вэ, өмнөх хурал дээр ийм зүйл яригдсан. Өнөөдрийн байдлаар орлогын баримт Б.Хаас шилжүүлсэн зарлагын баримтыг гаргаж өгсөн. Үнэхээр Б.Хын өмнөөс 12,000 ам доллар шилжүүлсэн шилжүүлэг нь байгаад тэрийг Б.Х  авсан нэг ширхэг баримт байгаа бол түүнтэй маргах зүйл алга.  Нэг хавтаст хэрэг дансны баримт байгаа боловч түүнд Б.Хаас орж ирсэн мөнгөний баримт байдаг, нэхэмжлэгчээс гаргасан баримт байхгүй. Б.Хт биткойн байдаг бол биткойноо авмаар байна. Тиймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч М.Баярчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Нэхэмжлэгч “ДЭМ” ХХК-иас Б.Х гэдэг хүнээс 12,700 доллар гаргуулахаар нэхэмжилж  байна. Харин Б.Х нь би 100,000 төгрөгөөр хохирсон тэр үедээ тоогоогүй гэжээ.Тэгэхээр энэ 2 хүний аль аль нь тухайн үедээ хариуцлагагүй хандсан  тул Б.Х гэдэг хүнийг 12,700 доллар төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэв

 

   Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “ДЭМ” ХХК  нь хариуцагч Б.Хт холбогдуулан “Гэм хорын төлбөрт 36,235,023 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

         Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч “ДЭМ” ХХК  нь www.T.mn веб системээр дамжуулан криптовалютын онлайн биржийн үйл ажиллагаа явуулдаг ба тус компанийн харилцагчаар хариуцагч Батбаатарын “Х” бүртгүүлж хэрэглэгч болсон нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй, харин программын алдаа гарсны улмаас нэхэмжлэгч талаас 12,694 ам.долларын хохирол манайд учирсан гэж, хариуцагч талаас шилжүүлсэн гэх 12,000 долларын баримт хэргийн материалд  байхгүй, ямар үндэслэлээр мөнгө шилжүүлээд байгаа нь ойлгомжгүй, эсрэгээрээ Б.Хт 100,000 төгрөгөөр хохирсон гэж маргадаг.

         Хариуцагч Б.Х нь 2017 оны 11 сарын 14-нд  “ДЭМ” ХХК-ийн T.mn цахим хуудасны онлайн бирж дээр Худалдаа хөгжлийн банкны “TDB Pay “ үйлчилгээг ашиглан анх 200 ам.доллароор биткойн /цахим мөнгө/ худалдаж авахаар  өөрийн Худалдаа хөгжлийн банкны 456096020 тоот долларын дансаар гүйлгээ  хийсэн ба уг ам. доллароор хийсэн гүйлгээ нь  нэхэмжлэгчийн 452599026 тоот дансанд тухайн үеийн ам.долларын дүнгээр төгрөгийн ханшаар  хөрвөж  орох байсан боловч программын алдаанаас болж 200 төгрөг орсон, энэ мэтчилэн  200, 300, 400 доллароор 2017.11.14-нд 24 удаа, 2017.11.15-нд 4 удаагийн нийтдээ 28 удаагийн гүйлгээгээр 82,653  төгрөгийн ам.долларын  гүйлгээ хийхэд нэхэмжлэгчийн дансанд 82,653  төгрөг болон  орсон, хариуцагчийн данснаас 82,653  доллар хасагдаагүй энэ хэмжээний төгрөг хасагдсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбараар тогтоогдов. /1-р хх 6-26,81-84-106, 108,111,113-115, 2-р хх 3-26, 33-35/  

         Тэрээр  хэрэглэгч арилжаанд оролцохын тул “ДЭМ” ХХК-ийн T.mn сайтад нээсэн хаяг дээрээ мөнгө байршуулан арилжаанд оролцдог ба уг мөнгө байршуулах үйлчилгээг нь “ККТТ” ХХК нь гэрээний дагуу  хариуцан ажилладаг бөгөөд энэ байгууллага  тухайн хүний ХХБ-ны дансанд шилжүүлсэн мөнгийг дамжуулан нэхэмжлэгчийн ХХБанкны 452599026 тоот данс руу шилжүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна./1-р хх 14,15, 100,101, 108-109,114-115, 124-125, 2-р хх 5-6,/

         Гэтэл  хариуцагч Б.Хын  “ДЭМ” ХХК-ийн T.mn сайтын онлайн бирж дээр ХХБанкны   “TDB Pay “ үйлчилгээг ашиглан хийсэн арилжааны гүйлгээнд алдаа гарсан нь  ХХБ программ дээр гарсан алдаа байжээ. /1-р хх 16,17,18, 107/     

        Үүний дараа Б.Х 2017.11.15-ны өдөр нэр бүхий 4 харилцагчаас 12.513,31 ам,доллароор  биткойны арилжаа хийж 1.43 биткойн худалдан авч, өөрийн цахим данс  руу шилжүүлснийг  тухайн үеийн ханш 2445,54 ам доллароор тооцоход 30,601,800 төгрөг байна. /1-р хх хуудас 7-26, 62, 74-79,108,107-112,115,  2-р хх хуудас 3-4,82-100/

        Тиймээс ХХБанкны программ дээр гарсан  алдааны  дагуу тус банкнаас Чингэлтэй дүүрэг дах Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “ДЭМ” ХХК–ийн хэрэглэгч төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас 12,700 ам.доллар завшсан гэх гомдол гаргасанд 2017.12.06-ны өдөр хэрэг бүртгэлтийн 171101475 тоот хэрэг нээн шалгаж байгаад,   

         2020.04.29-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын  1544 тоот тогтоолоор...2017 оны 11 сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд   “ДЭМ” ХХК-ний харилцагч Б.Х нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас 12.694 ам. доллар завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгасан боловч   Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай учир дээрх гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1жилийн хугацаа өнгөрч яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэх үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн 171101475 дугаартай  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт зааснаар хаасан ба  хохирогч Г.Хатанболд /ДЭМ ХХК /  нь өөрт учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэйг дурджээ.   /1-р хх 7-26, 36,72-162, 197-199/

           Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд: хариуцагч Б.Х  эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлэгтээ... миний бие 2017.11.13-нд “Трейд” мн.сайтад бүртгүүлж өөрийн ХХБанкны ам долларын дансандаа 1 сая төгрөг шилжүүлэн байршуулахад 400 ам доллар болсон, тэгээд “Трейд” мн.сайт руу нэвтрээд ХХБ  ам долларын данснаасаа биткойн худалдаж авахаар Трейд” мн.сайтын данс руу 200 ам доллароор 2 удаа мөнгө шилжүүлсэн .Гэтэл миний данснаас 200 доллар биш 200 төгрөгтэй тэнцэх хэмжээний доллар хасагдаад байсан.Би гайхаад трейд мн сайт монгол сайт болохоор төгрөгөөр гүйлгээ хийдэг юм байхдаа гэж бодоод трейд мн сайтад байгаа аккаунт руу орж үзсэн чинь миний трейд мн сайтын аккаунт дах данснаас 200 бичээд ард нь USD  буюу долларын хэмжүүр харагдаад байсан.Би учрыг нь олохгүй болохоор угаасаа монгол сайт болохоор монгол төгрөгөөр хийгддэг юм байна гэж бодоод дүнгээ нэмээд нэлээд олон удаагийн гүйлгээг хийсэн. Дараа нь трейд мн. сайтын дээр байгаа зарах захиалгаас задгайгаар биткойн  худалдан авалт  хийсэн...2 удаа нийтдээ 1.4 биткойн цуглуулж аваад уг биткойн жинхэнэ эсхүл хуурамч эсэхийг мэдэхгүй эргэлзээд байсан тул интернетээр хүмүүсээс асуугаад цахим түрүүвч буюу wallt гэсэн данс нээдэг тэр данс руугаа биткойноо шилжүүлж үзээд тэр данс руу чинь яг энэ дүнгээрээ орох юм бол наадах чинь биткойн  гэсэн үг гэхээр нь би www.blockchain.mn сайт руу  орж бүртгүүлээд

1Fn2SdjpHrptZjDWPju4HZUmxea8WaDGe8,

2jy2j2oBbFF4evprLSZGRbrJgrJgrDGTDZ aR5e8n1QvJInD52BmWCC   гэсэн хаяг рүү нэвтрэх эрхтэй болоод Трейд мн сайтаас уг бүртгэл дээр биткойноо шилжүүлэхэд шилжилт амжилттай хийгдээд трейд мн сайтад дах биткойн 0 болчихсон...дээрх гүйлгээг ХХБ гар утасны аппликэйшнээр 2017.11.15 өдөр гэрээсээ гар утаснаасаа трейд мн сайтын данс руу шилжүүлж байсан. биткойн худалдаж авахдаа гэрээсээ нөүтбүкээр интернетээр орж худалдан авсан...Түүнээс хойш миний долларын дансыг ХХБ хаасан байсан. Дараа нь би санаандгүй АТМ-д картаа хийж үзтэл болж байхаар нь үлдэгдэл доллароо авсан гэж мэдүүлсэн,

 

           мөн иргэний хэрэгт...трейд мн хаяг руу нэвтэрч өөрийн ХХБ долларын данснаасаа биткойн буюу цахим валют худалдаж авахаар 200 доллароор 2 удаа мөнгө шилжүүлтэл миний данснаас 1 удаагийн гүйлгээнд 200 доллар биш 200 төгрөг хасагдсан байсан тул монгол сайт учраас монгол төгрөгөөр гүйлгээ  хийдэг юм байна гэж ойлгоод хэд хэдэн удаа худалдан авалт хийхээр мөнгөө шилжүүлсэн нийтдээ 100,000 орчим төгрөг миний данснаас хасагдсан.Энэ мөнгийг одоо хүртэл эргүүлэн аваагүй, хохирсоор байгаа. Дараа нь Трейд мн сайтын биткойн авах, зарах гэдэг  хэсэг рүү ороод өөрийнхөө шилжүүлж авсан мөнгөний хэмжээнд биткойн худалдаж авахад задгай тоогоор 1,4 орчим биткойн харагдаж байсан хэмээн тайлбарлажээ.   /1-р хх 17,18, 20-22, 36/

         Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж заасан.

 

         Гэвч “Х”ын гэм буруутай талаар шүүхийн шийтгэх тогтоол гараагүй хэдий ч түүний мэдүүлэг,тайлбараас үзэхэд хэд хэдэн удаагийн үйлдлээр  буюу нэхэмжлэгч “ДЭМ” ХХК-ийн T.mn цахим хуудасны онлайн бирж дээр Худалдаа хөгжлийн банкны “TDB Pay “ үйлчилгээг ашиглан 2017.11.14-нд 24 удаа, 2017.11.15-нд 4 удаагийн нийтдээ 28 удаагийн гүйлгээгээр 82,653  төгрөгийн ам.долларын  гүйлгээ хийхэд нэхэмжлэгчийн дансанд төгрөг болон хөрвөж орсон, хариуцагчийн данснаас доллар хасагдаагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд тэрээр T.mn сайтын онлайн бирж дээр ХХБанкны   “TDB Pay “ үйлчилгээнд программын  алдаа гарсныг ашиглаж   нийтдээ 28 удаагийн гүйлгээ хийж байгааг нь болгоомжгүй хийсэн гэж үзэх боломжгүй  юм.

          

         Өөрөөр хэлбэл Б.Х нь биткойн худалдаж авахаар  өөрийн Худалдаа хөгжлийн банкны долларын дансаар гүйлгээ хийхэд хийсэн үнийн дүнгээр нь доллар хасагдахгүй төгрөгтэй тэнцэх хэмжээний доллар болон хасагдаж байгааг  нь мэдсээр байж хийсэн санаатай үйлдэл гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

         Иймээс нэхэмжлэгч талын Б.Хтай арилжаа хийсэн 4 харилцагчийг хохиролгүй болгож өгсөн. харилцагч Б.Х нь хөрөнгөжөөд гарсан. Банк хохирогч болсон зүйл байхгүй. Мөнгө шилжүүлээд байгаа бирж нь хохироод байдаг. Б.Хаас  биткойн  нэхэмжлээгүй гэх тайлбар нь үндэслэлтэй байна.   

 

        Учир нь хариуцагчийн санаатай үйлдлийн улмаас нэхэмжлэгч “ДЭМ” ХХК нь түүний нэр бүхий 4 харилцагчаас  худалдан авсан 1,43 биткойны  хохиролд 12.513,31 ам, долларыг тэд нарт төлж хохирсон нь хариуцагчийн хууль бус санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой  юм.

 

         Тухайлбал Б.Х нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа...2 удаа нийтдээ 1.4 биткойн цуглуулж, цахим түрүүвч буюу wallt гэсэн данс нээж,  тэр данс руу уг биткойноо шилжүүлэхэд нь трейд мн сайтад дах биткойн 0 болчихсон тухай мэдүүлдэг ба шүүх энэ мэдүүлгийг нь  хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бичмэл  баримтад тооцож  үнэлэв.

        Яагаад   гэвэл дээрх бичмэл нотлох баримт нь хариуцагчийг  цахим түрүүвч  данс нээж, тэр данс руу худалдаж авсан 1.43 биткойныг шилжүүлэхэд нэхэмжлэгчийн трейд мн сайтад дах биткойн 0  буюу ямар ч биткойн байхгүй болж  “ДЭМ” ХХК-ийг  хохироосонг  нотолдог  болно.

 

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “ Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус заажээ.

 

        Хариуцагч талаас 1.43 биткойн худалдаж аваад түүнийгээ цахим данс нээж шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрдөг боловч нэхэмжлэлд бичээд байгаа мөнгө төгрөг огт аваагүй, мөнгө шилжүүлсэн авсан баримт нэг ч байхгүй гэх тайлбараа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.     

    

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:

 

 Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд “нэхэмжлэгч “ДЭМ” ХХК-иас Б.Х гэдэг хүнээс 12,700 доллар гаргуулахаар нэхэмжилж байна. Харин Б.Х нь би 100,000 төгрөгөөр хохирсон тэр үедээ тоогоогүй гэжээ.Тэгэхээр энэ 2 хүний аль аль нь тухайн үедээ хариуцлагагүй хандсан  тул Б.Х 12,700 доллар төлөх шаардлагагүй” гэв.

 

  Шүүх бүрэлдэхүүнээс хариуцагч  Б.Хын нэхэмжлэгч “ДЭМ” ХХК-ийн T.mn цахим хуудасны онлайн бирж дээр Худалдаа хөгжлийн банкны “TDB Pay “ үйлчилгээг ашиглан 2017.11.14-ны өдөр, 2017.11.15-нд  нийт 28 удаагийн гүйлгээгээр 82,653  төгрөгийн ам.долларын  хийсэн гүйлгээ нь нэхэмжлэгчийн дансанд төгрөг болон хөрвөж орсон, хариуцагчийн данснаас доллар хасагдаагүй  байгаа нь   T.mn сайтын онлайн бирж дээр ХХБанкны “TDB Pay “ үйлчилгээнд программын  алдаа гарснаас болсон, үүнийг хариуцагч ашиглаж  буюу  мэдсээр байж хийсний улмаас  нэхэмжлэгч 12.513.31 ам доллароор хохирсон нь  хариуцагчийн хууль бус санаатай үйлдэлтэй холбоотой гэж дүгнэлээ.

 

        Иймд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байх тул  нэхэмжлэгчийн 12.694 ам доллароор  хохирол учирсныг  12.513.31 ам доллароор тооцож,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.

         Үүнд: нэхэмжлэгч талаас 12.694 ам долларын хохирол учирсан гэж  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа учирсан хохирлыг 2020.09.22-ны өдрийн Монгол банкны ам. долларын ханш 2854.5 төгрөгөөр тооцон 36,235,023 төгрөг шаардсан боловч 2-р хавтаст хэргийн 4-р талд арилжааны дэлгэрэнгүй мэдээлэл, арилжаанд оролцсон  хэрэглэгчдийн зарлагын гүйлгээний мэдээлэлд Д.Баасанхүү 7.000.00 доллар, Г.Ган-Эрдэнэ 2.688.00 доллар, Г.Номин-Эрдэнэ 2.609.00 доллар, З.Золбоо 216.31 доллар, нийт 12.513.31 ам доллар гэжээ. /1-р хх 26/  

        Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө “ гэж заасан  байх тул  12.513.31 ам долларыг Монгол банкны ам. долларын 2017.11.15-ны өдрийн  ханш  2445.54 төгрөгөөр тооцоход  30.601.800 /гучин сая зургаан зуун нэг мянга найман зуун /төгрөг байна. /1-р хх 62/

        Ингээд шүүх нэхэмжлэгч талын 12.694 ам долларыг 2020.09.22-ны өдрийн Монгол банкны ам. долларын ханш 2854.5 төгрөгөөр тооцон 36,235,023 төгрөг  шаардсанаас 30.601.800 төгрөгийг хангаж ,үлдэх 5.633.222 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

       Шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 184/ШЗ2020/00255 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШЗ2021/01049 дугаар захирамжаар  Баянгол дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн болон нэхэмжлэгч талын гаргаж өгсөн  нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1,44.4 дэх хэсэгт заасны дагуу    шүүх үнэлэв. /1-р хх 7-26, 57,71-125, 144-162/

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339.125 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 30.601.800 төгрөгт тооцогдох 310.959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ДЭМ“ ХХК-д олгов.   

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд  хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                              

                                ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг  баримтлан Б.Хаас 30.601.800 /гучин сая зургаан зуун нэг мянга найман зуун / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ДЭМ“ ХХК-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  5.633.222 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339.125 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 310.959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ДЭМ“ ХХК-д олгосугай.

 

  1. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОЮУНЖАРГАЛ.

 

                    ШҮҮГЧИД                                  В.АМАРТҮВШИН

 

                                                               Б.БАЯРМАА