Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/59

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, Ц.Цэцэгмаа,

шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******д холбогдох эрүүгийн 2215003150115 дугаартай хэргийг 163/2024/0047/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ******* овогт Ба*******ын Б*******, 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг,

-урьд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  460 нэгжээр буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:ГВ89091014/.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 02-ноос 05-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолтыг 1300м2 буюу 0.13 га талбайд явуулж байгаль экологид 3.434.379 (гурван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга гурван зуун далан ес) төгрөгийн шууд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх хэсэгт зааснаар 6.868.758 төгрөг, нөхөн сэргээх зардалд 3.431.783 (гурван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга долоон зуун наян гурав) төгрөгийн хохирол, нийт 10.300.541 (арван сая гурван зуун мянга таван зуун дөчин нэг) төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215003150115 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 02-ноос 05-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолтыг 1300м2 буюу 0.13 га талбайд явуулж байгаль экологид 3.434.379 төгрөгийн шууд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх хэсэгт зааснаар 6.868.758 төгрөг, нөхөн сэргээх зардалд 3.431.783 төгрөгийн хохирол, нийт 10.300.541 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ы өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

1.Иргэний нэхэмжлэгч Н.Ж*******ын өгсөн: “...Б.Б******* нь миний өмчлөлийн 12-18 УБ улсын дугаартай Doosan DХ500LСА загварын экскеваторыг 2022 оны 09 дүгээр сарын үед Төв аймгийн Заамар сумын Совоос уул уурхайн үйл ажиллагаа хийнэ гээд аман түрээсээр авсан.Түрээсийн мөнгө төгрөг аваагүй байгаа. Хоёр хоног л ажилласан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/,

2.Иргэний нэхэмжлэгч А.Ц*******ийн өгсөн:“... Би Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг, ******* гэх газарт иргэн Б.Б*******ы үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/,

3. Гэрч О.Гийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мал аа хариулаад явж байтал Туул голын эргийн орчим буюу Б*******ы кеймпийн урд талд газар ухчихсан,машинууд шороо зөөгөөд байж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ер нь бол Б******* гэх хүн одоогоос ойролцоогоор 1 сарын өмнө мөн тэр газар техникүүдээрээ газар ухаж байхаар нь холбогдох албан тушаалтанд хэлж болиулж байсан. ...Уг хүнд уг газар үйл ажиллагаа явуулах ямар ч эрх байхгүй. Би Б******* гэх хүнтэй уулзахад өөр хүн ухахаас өмнө жоохон юм авчихъя гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

4. Гэрч О.Сын өгсөн: “...Би Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ******* /гүүр/ нэртэй газарт Томоо гэж дууддаг Б******* гэдэг хүний кеймп дээр 12-18 УБ улсын дугаартай Doosan 500 загварын экскеваторын оператор хийдэг.Ажилд ороод гурав хонож байна. Би Улаанбаатар хотоос 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирж ажилд орсон... Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Туул голын хажууд 12-18 УБ улсын дугаартай Doosan 500 загварын экскеватороор хөрс хуулалтын ажил хийсэн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний шөнө хөрс хуулсан газрыг буцааж бул гэж Б******* хэлсэн учир буцааж булж байхад хяналт шалгалтаар цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

5. Гэрч Ц.Иын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр экскеваторын оператор авна гэсэн зарын дагуу Б******* /Томоо/ гэдэг хүнтэй 88852928 гэсэн дугаараар холбогдож ажилд орохоор Булган аймгийн ******* сумын 3-р багт ирсэн. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний орой 20 цагаас 12-18 УБ улсын дугаартай Doosan 500 загварын экскеватороор овоолго шорооноос МТ-86 загварын ачааны машин дээр ажил хийж 00 цагийн үед ажлаасаа буусан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

6. Гэрч Ц.Тын өгсөн: “...Ирээд 49-16 ТТА улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг жолоодох ажил хийхээр болсон... Намайг ирэхэд ухчихсан байсан. Буцааж булж байгаа гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/,

7. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн №1/74 дугаартай “...Тус талбай дахь эвдэрсэн газрын нийт хэмжээ 1300м2 буюу 0.13 га байна. Тухайн талбай нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө буюу 9 дүгээр сарын 27- ны өдрийн байдлаар эрүүл газар байсан байна. Тус газарт ашигт малтмал эрж хайх үйл ажиллагаа явуулсан байна. Тухайн эвдэгдсэн газар нь ямар нэгэн хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй, бичил уурхайн зөвшөөрөлгүй бөгөөд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайн усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай байна.Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 3.434.379 (гурван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга гурван зуун далан ес) төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал нь 3.431.783 (гурван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга долоон зуун наян гурав) төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 79-111 дэх тал/,

8. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон тухай “...нийт 6.868.758 төгрөг...” дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал/,

9. Хэргийн газар үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон газар нь Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” нэртэй Туул голын ертөнцийн зүгээр баруун талд голын хамгаалалтын бүс дотор урд өмнө эвдэгдээгүй байгалийн өөрийн тогтцоороо эрүүл, тэгш, өвс ургамлаар хучигдсан газарт газрын хөрсийг хуулж, ухаж нүх гаргасан байна...” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн  9-15 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 02-ноос 05-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолтыг 1300м2 буюу 0.13 га талбайд явуулж байгаль экологид 3.434.379 (гурван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга гурван зуун далан ес) төгрөгийн шууд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх хэсэгт зааснаар 6.868.758 төгрөг, нөхөн сэргээх зардалд 3.431.783 (гурван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга долоон зуун наян гурав) төгрөгийн хохирол нийт 10.300.541 (арван сая гурван зуун мянга таван зуун дөчин нэг) төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон техникт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон иргэний нэхэмжлэгч Н.Өсөхбаярын мэдүүлэг, гэрч О.Г,О.С, Ц.И, Ц.Т нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдон бөгөөд эдгээр нотлох баримтууд нь  шүүгдэгч Б.Б*******г ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн  болохыг гэрчилж мэдүүлсэн тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий зөвшөрөлтэй  байгууллага болох “Нуман алтай” хариуцлагатай хязгаарлагдмал компани нь байгаль экологид учирсан хохиролыг 6.868.758 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардалд  3.431.783 төгрөг гэж хохирол, хор уршгийн асуудлыг тогтоосон бөгөөд  учирсан хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Б*******ы хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Ашигт малтмалын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн”, 7 дугаар зүйлийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р  зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Ашигт малтмал хууль бусаар олборлох гэдэгт тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.

Тодруулбал, шүүгдэгч Б.Б******* хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн буй орчинд хохирол учирсан гэмт үйлдлийн болон гэм хорын шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч Б.Б******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан нь байгаль орчинд хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйл “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн”, 10 дугаар зүйлийн 2 “газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн ”, 5.2. “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 7 дугаар зүйлийн 7.3 “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно ” гэж тус тус зохицуулжээ.

Дээр дурдагдсан Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн агуулгыг үндэслэвэл газрын хэвлий нь төрийн өмч, аливаа этгээд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар хуульчилсан бөгөөд энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулах нь хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болохыг хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б*******ы тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон гэж дүгнэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд  уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч, яллагдагч нараас  мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна гэж үнэлж, дүгнэсэн болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид 6.868.758 төгрөгийн хохирол,нөхөн сэргээлтийн зардалд 3.431.783 төгрөгийн хохирол  нийт 10.300.541 төгрөгийн хохирлыг,

Мөн иргэний нэхэмжлэгч Д.Отгонцагаанд 2.300.000 төгрөг, А.Цэнд-Аюушд 3.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б*******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doosan DX500LCA загварын 12-18 УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул эзэмшигчид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 35.000.000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт оруулах албадлагын арга хэмжээг хэрэглэх,  49-16 ТТА улсын дугаартай Синатрок маркын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэх нь хэрэгт цугларсан баримтын хүрээнд эргэлзээ төрөхөөр байх тул шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг:Торгуулийн ялын тухайд улсын яллагчтай санал нэг байна, шүүгдэгч Б.Б******* анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг багасгаж өгнө үү, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doosan DX500LCA загварын 12-18 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тухайд маргах зүйл байхгүй, харин 49-16 ТТА улсын дугаартай Синатрок маркын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэх саналыг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа: Өмгөөлөгч О.Оюунчимэгтэй санал нэг байна. Улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг багасгаж, 49-16 ТТА улсын дугаартай Синатрок маркын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Б.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоов.

1 дүгээр хавтаст хэргийн 176-206 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн ******* сумын Дархан багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ******* суманд амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 3 удаагийн ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хууль тогтоогч үүрэг болгосон гэж ойлгоно.

Хэрэгт мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 1250.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий HOWO sinotruk загварын ТТА 49-16 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 35.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 12-18 УБ улсын дугаартай Doosan DX500LCA загварын экскаватор зэргийг битүүмжилсэн байна.

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, HOWO sinotruk маркын ТТА 49-16 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ц.Т, О.С, Г.Оюунгэрэл нарын мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудад дүгнэлт хийхэд  шүүгдэгч Б.Б******* нь HOWO sinotruk маркын  ТТА 49-16 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал ашиглах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээ төрүүлж байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь гэмт хэрэг үйлдэхдээ 12-18 УБ улсын дугаартай Doosan DX500LCA загварын экскаваторыг ашигласан болох нь тогтоогдсон байна

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12-18 УБ улсын дугаартай Doosan DX500LCA загварын экскаваторын үнэ 35.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, барьцааг шүүгдэгч Б.Б*******д буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь 31 /гучин нэг/ хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч Б,Б*******д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ба*******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан 6.000.000  /зургаан сая/ төгрөгийн торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б*******ы цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 / нэг/ хоногийг 15 нэгжээр тооцож 465 /дөрвөн зуун жаран таван/  эдлэх ялаас хасаж нийт эдлэх ялыг 5.535.000 /таван сая таван зуун гучин таван мянган/ төгрөгөөр тогтоосугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б*******д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, барьцаанд өгсөн 3.000.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгч Б.Б******* бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 35.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 12-18 УБ улсын дугаартай Doosan DX500LCA загварын экскаватор тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч Б.Б*******аас  гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ