| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2021/00489/И |
| Дугаар | 184/ШШ2021/00905 |
| Огноо | 2021-04-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2021/00905
2021 04 02 184/ШШ2021/00905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Г.Г
Хариуцагч: Б.Г
“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2010 онд Б.Гтай танилцаж 2011 оноос хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2013 оны 04 сарын 12-нд охин Г.Энэрэл төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс эхлэн охин Г.Энэрэл миний асрамжид өсөн торниж байна. 2011 оноос хамтран амьдрах хугацаандаа Б.Г нь архидан согтуурч, шалтгаангүйгээр хардаж сэрдэж, хутга мэс барин сүрдүүлж, удаа дараа гар хүрч зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй боловч охин Г.Энэрэл маань эцгээрээ овоглодог. Охин Г.Энэрэл нь энэ жил 2 дугаар ангид сурч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл бусад зардлууд өсөж байгаа тул хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд охин Г.Энэрэлд эцэг Б.Гаас нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Энэрэл бол миний хүүхэд мөн. Г.Гийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхэдтэйгээ ярьдаг, холбоотой байдаг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Гт холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Г.Г, Б.Г нар нь 2010 онд танилцаж хамтран амьдарсан ба 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охин Г.Энэрэлийг төрүүлсэн болох нь: 1107001677 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа эмчийн тодорхойлолт Б.Энхжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, зохигч нарын тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдов.
Тэрээр Г.Г, Б.Г нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй боловч хариуцагч Б.Г нь охин Г.Энэрэлийг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан, өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “ Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу хүүхдийн эцэг нь Батбаатарын Ганбаяр мөн болохыг захиргааны журмаар тогтоосон байна гэж шүүх үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,
21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт “ Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,
энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг Б.Г, эх Г.Г нар тусдаа амьдрах болсон хэдий ч эцэг, эх нь хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй байх тул эцэг Б.Гын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд эх Г.Г саад болохгүй байхыг даалгав.
Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэдтэй хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.
Иймд хариуцагчаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэв.
Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан тул нэхэмжлэгч Г.Гийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,000 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж түүнд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлгийг гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор заасан.
Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гаас нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Г.Энэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Хатиган овогт Б.Г /регистрийн дугаар: 3012/ сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Гаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх
хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,000 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Гт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт зааснаар эцэг Б.Г, эх Г.Г нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцгийнх нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Гт даалгасугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ