Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/69

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

прокурор Э.Гантулга,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгч З.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б*******д холбогдох эрүүгийн 2215002320038 дугаартай 163/2024/0043/Э индекстэй хэргийг тус шүүхийн шүүгчдийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай зөвлөгөөний тогтоолын дагуу хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хангад овогт Зоригтбаатарын Б*******, 1989 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1,

-урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /РД:ГВ89040613/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын хашааны гадна хэсэгт 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 61-28 УНУ улсын дугаартай Бенз Жи-550 загварын тээврийн хэрэгслээр  Ж.Э*******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, ам хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215002320038 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч З.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын хашааны гадна хэсэгт 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 61-28 УНУ улсын дугаартай Бенз Жи-550 загварын тээврийн хэрэгслээр  Ж.Э*******ийг мөргөж цээж ба хэвлийн битүү гэмтэл учруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Бат-Эрдэнийн өгсөн: Тамхигүй болчхоод амралт дээрээс төв явах гээд Э******* ахыг хамт явах уу гэсэн тэгье гэсэн. Тэгээд Золбаяр ахтай хамт машинд ороод би рүлл дээр сууж байгаад хөдлөх гэхэд Э******* ах хашаа даваад машины урдуур ороод ирэхээр нь сандарсандаа андуураад хаазаа гишгэсэн. Тэгээд машинаас бууж очоод түргэн тусламж дуудах уу гэсэн дэмий, яах юм, ялихгүй юмнаас болоод жолооны эрхийг чинь хасуулчихна гэсэн. Тэгээд цагдаа дуудаагүй нь миний буруу. Хамт орох уу гэхэд жаахан байж байгаад араас чинь орж ирнэ гэсэн болохоор нь би орхиод орсон гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Зүрхийн ам гэх ба уг хэрэг учрал болсон гэх газар Булган аймгийн Бүрэнхангай сум 4 дүгээр баг, Зүрхийн ам гэх нэртэй газар байрлах “*******” гэх нэртэй амралтын газар байх ба уг амралтын газар нь сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт км зайд байх ба уг амралтын газар нь гадуур хөндлөн  дай моднуудтай сараалжин хашаатай, дөрвөлжин уг хашааны баруун шанд, хашааны гол хэсэгт ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 3 ширхэг цэнхэр өнгийн 2 давхар шовгор байшин байв. Уг байшингуудын гол хэсэгт улаан өнгийн дээвэртэй шар өнгийн модон сүүдрэвч сандал ширээтэй байв. Уг хашааны ертөнцийн зүгээр баруун талын хашааны баруун талд газар уг хашааны ертөнцийн зүгээр баруун урд үзүүрээс хойд зүг рүү  32 м зайд толгой хэсэг нь  ертөнцийн зүгээр баруун тийш чиглэсэн дээш харсан 2 хөл нь өвдөг хэсгээрээ нугалсан зүүн зүг рүү чиглэсэн өвдөг хэсгээрээ хашаа руу түрсэн байдалтай баруун гар нь биеийн дагуу байрласан зүүн гар нь биеийн дагуу байрласан дээд хэсгээрээ саарал өнгийн дээлтэй, хөх өнгийн бүстэй байх ба уг дээлэн доогуур хар хөх өнгийн судалтай цамцтай байх ба уг цамцан доогуур шар улаан өнгө орсон хөндлөн судалтай саарал өнгийн цамцтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 08-15 дахь тал/,

              3. Цогцост үзлэг хийсэн: Уг цогцос нь 170 м урт, толгойдоо 6 см урт хүрэн өнгийн үстэй, 30-аас 40 орчим насны эрэгтэй хүний цогцос байна.

гэх тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 16-19 дэх тал/,

              3. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

              4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Mercedes Benz G-550 маркын 61-28 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр тогтов. Үзлэгээр уг тээврийн хэрэгсэл нь саарал өнгийн гадна хэсэг нь шавар мэт зүйлээр бохирлогдсон байх ба урд болон хажуу талын салхины шил бүрэн бүтэн, копуд гупер карлан нүүр хажуу болон хойд хаалга, толь, хойд талын гупер их гэрэл дохионы гэрэл нь бүрэн бүтэн байх ба уг тээврийн хэрэгслийн гэрлэн дохиог асаахад хэвийн асаж байх ба уг тээврийн хэрэгсэл нь хар өнгийн салонтай байх ба уг тээврийн хэрэгсэл нь зөв буюу зүүн талдаа жолооны хүрдтэй автомат хүрдний хайрцагтай байх ба уг тээврийн хэрэгслийн түлхүүрийг түлхэхэд хэвийн асаж байх ба тооромзыг гишгэхэд хэвийн ажиллаж байв. Уг тээврийн хэрэгслийн км заалт нь 125565 км гэж зааж байв.  

гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

              5. “Солонго-1” нэртэй дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

              6. “Дархан Хангай” нэртэй дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

              7. ******* сумын Цагдаагийн тасгийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

              8.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц*******гийн өгсөн: Талийгаач бага залуу наснаасаа эхлэн хөдөө мал маллаж өссөн юм. Миний хүү сүүлийн үед архи, согтууруулах ундааны зүйл нэлээд хэрэглэдэг байсан. Архи уусан үедээ хүнд огт агсам согтуу тавиад байдаггүй хүн байсан. Миний хүүгийн хувийн зан байдлын хувьд их цайлган, хүнд ир тусархуу, ажилсаг, хүнтэй их нийтэч, яриа хөөрөө багатай, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй хүн байсан.Гэрээсээ гарахаараа 2-3 хоног явчихдаг байсан. Гадуур явж ирснээсээ хойш бол малдаа л явдаг хүн байсан. Ерөнхийдөө надтай хамт байдаг байсан. Хөдөө өөрийн төрсөн эгч Тэрбишийн гэрт хажууд нь малаа маллаад амьдардаг хүн байсан юм. …Би талийгаач хүүтэйгээ хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр уулзан юм. Би тухайн өдөр хөдөө хүүгийнхээ гэрт оччихоод орой гэртээ буцаад ирсэн юм. Орой намайг гэртээ ирэхэд миний талийгаач хүү утсаар залгаад ээж та хөдөө гарсан юм уу, хаана байна вэ, ирсэн юм уу гэж надаас асуухаар нь би ирсэн гэж хариу хэлтэл миний гар утас унтарсан юм. Ингээд би миний хүү тухайн шөнө гэртээ ирж хоноогүй нөгөөдөр нь буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай хадам талын ургийн баяр болох гэж байсан юм, тухайн ургийн баяр болох өдрөөс нэг хоногийн гэрээ бариад ойр зуурын юм янзлах гээд хөдөө гарчихсан байтал миний хүүг өнгөрчихсөн юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгээд би гэртээ ирсэн, ингээд цагдаа нар хүүг минь өнгөрчихсөн байна гэж надад хэлсэн. Би гомдолтой байна. Миний талийгаач хүүгийн биед хийсэн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа.Дүгнэлттэй танилцахад миний хүүгийн биед олон тооны гэмтэл учирсан байна. Ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгслээр мөргөчихөөд миний хүүг эмнэлэгт хүргээд өгчихгүй гэдэгт их гомдож байна. Би хүүгээ алдчихаад одоо юу ч нэхэмжлэх юм. Гарсан зардал энэ тэрийгээ гаргуулмаар байна. Миний хүү хүний өөдөөс хэрэлдээд зодолдоод байдаг хүн байгаагүй, архи уусан үедээ хүнтэй огт хэрүүл маргаан хийдэггүй байсан…” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал/,

2. Иргэний хариуцагч Ч.Дэлгэрмаагийн өгсөн: Би 61-28 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг нэг сар орчмын өмнө хувь хүнээс худалдаж авч байсан юм. Би гэр бүлийн хамт Улаанбаатар хотоос Булган аймгийн ******* сум орж амрахаар явсан юм. Ингээд бид нар 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* сум орсон юм. Сум ороод “*******” гэх амралтын газарт очиж амарсан юм. Би хамгийн сүүлд тээврийн хэрэгслээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр унаад ******* сумын төв ороод буцаж амралтын газартаа ирсэн. Хамгийн сүүлд тээврийн хэрэгслийг унаж ирээд түлхүүрийг нь амарч байсан амралтын газрын байшингийн үүдний хэсэгт байсан тольны хажууд байх өлгүүрт түлхүүрээ өлгөөд орхисон юм. Тэрнээс хойш түлхүүрээ харалгүй орхисон юм. ...Би  Б******* гэх залууг манай нутгийн залуу учраас би зүс танидаг байсан. Харин 2007 оны үеэс дотно сайн танидаг болсон. Б******* гэх залуу нь  манай нөхөр бид хоёрт тус болоод ажилд туслаад явдаг юм. Би оршуулгын зардал гэх мэт зүйлийг хариуцна. Харин хохирогчоос нэхэмжилсэн бүх хохирлыг төлж барагдуулахгүй  гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/

2. Гэрч Б.Сарангийн өгсөн: …Тухайн өдөр 13 цагийн үед хаалга онгорхой байхаар нь шатны хажууд зогсож байгаад хүн унтаж байна гэж хэлчихээд яваад өгсөн. Тухайн үед Б*******, Дэлгэрмаа тэр хоёр үүдний хэсгийн хоёр талын орон дээр нэг нэгээрээ сууж байсан. Харин Золбаяр байгаа эсэхийг би хараагүй. Орой 18 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна сумын төвд гэртээ Бөхийн барилдааны 5-ын даваа үзчихээд амралт руу очоод амралтан дээр гал тогоо болон гадна хэсгээ цэвэрлэж байтал гаднаас хүмүүс ирээд “шовгор авна” гэхээр нь хүлээлгэж өгөөд тэр хүмүүстэй яриад зогсож байсан чинь амралтын хашаан дотор үхэр орж ирэхээр нь хөөгөөд гаргаж байсан чинь тэр хүн газар хэвтэж байхаар нь Золбаяр, Дэлгэрмаа нарын амарч байсан шовгор руу дахин орж хэлэхэд шовгор дотор Б*******, Дэлгэрмаа нар нь үүдний орон дээр сууж байсан намайг очсон чинь Б******* шовгороос гараад ирэхээр нь хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

3. Гэрч З.Золбаярын өгсөн: …Б******* машин асааж хөдөлгөөд амралтын газрын хашааг хойгуур нь тойрохоор нь би Э*******ийг очиж авах гэж байна гэж ойлгоод сууж байсан сандлыг хойш нь болгоод малгайгаа доош нь дараад хэвтэж байсан чинь удалгүй машин сонин түк хийгээд юм мөргөх шиг болохоор нь босоод харсан чинь Э******* жолооч талын чигтээ газар хажуу талаараа хэвтэж байхаар нь Б*******эс яаж байна чи, юу болж байна? гэсэн чинь Б******* хааз, тоормосоо андуураад гишгэчихлээ Э******* хашаанаас гэнэт даваад гараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаасаа гарсан. Тэгсэн Б******* нь Э******* дээр очсон чинь Э******* босоод суучихсан байсан. Б******* намайг машинаа байрлуулчих гэхээр нь би тэр хоёр дээр очилгүй машинаа унаад зогсоол дээр байрлуулчихаад тэр хоёр дээр очсон чинь Э*******, Б******* тэр хоёр хашааны гадаа хашаа налсан байдалтай сууж байхаар нь би “зүгээр үү” гэсэн чинь Б******* зүгээр зүгээр гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь манай эхнэр шовгороос гарч ирээд намайг оръё гээд намайг аваад шовгор руу ороод намайг унтаж амар гэхээр нь би орон дээр хэсэг хэвтсэн чинь хэсэг унтчихсан байсан. Тэгээд би 11 цагийн үед сэрсэн чинь Б******* шовгорын үүдний хэсгийн орон дээр унтаж байхаар нь би боссон. …Тэгээд хөгшчүүлийн шовгорт байсан хорхогны мах идчихээд өөрийн амарч байсан шовгор руугаа явж очсон. Тэгээд нээх удаагүй байх орон дээрээ хэвтэж байсан чинь “хойно байгаа хүн чинь одоо болтол унтаад байна” гээд Бат-Эрдэнийг дагуулаад гарсан. Удалгүй Б******* орж ирээд намайг “ах гаръя” гэхээр нь би Б*******тэй цуг гарсан чинь Б******* надад “Э******* нас барчихсан байна” гээд хэлэхээр нь “цагдаа дуудсан юм байгаа биз дээ” гэсэн чинь “Саран эгч дуудаж байгаа байх” гэж хэлсэн. …Би Бат-Эрдэнийг ирснээс хойш бид хоёр 3-4 шил архи уусан. Ер нь нэлээн согтуу байсан зарим зүйлийг хагас дутуу санаж байна. Харин Б******* машин унаад Э*******ийг дайрсныг сайн санаж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-65 дахь тал/,

4. Гэрч Ц.Саруултөгсийн өгсөн: …Би хуйхалсан хонины махыг дэлгүүрээс ирээд тогоонд хийж боодог хийхээр жижиглээд цаасан хайрцаганд хийгээд байшиндаа оруулаад тавьсан байсан. Ингээд 15 цагийн үед Дима гэж дууддаг Дэлгэрмаа, түүний нөхөр Золоо, Баагийнаа, Э******* дөрөв мөнгөлөг саарал өнгийн дөрвөлжин машинтаи манаи гэрт ирээд махаа аваад амралтын газар руу махаа шарна гээд явсан. Аль амралт руу явсан гэдгийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/,

5. Гэрч С.Эрдэнэцэцэгийн өгсөн: ... Саарал өнгийн Mercedes Benz загварын тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй хүн 2022 оны 07 дугаар сарын 12-ны  өдөр 11 цагийн  үед манай дэлгүүрээр орж ирээд хар ESSE 2 ширхэг, асаагуур 1 ширхэгийг аваад явсан. Тооцоогоо хийлгүй карт байхгүй байна гээд өрийн дэвтэр дээр бичүүлээд гарсан. Уг хүн манай дэлгүүрээр  байнгын үйлчлүүлэгч учир тамхи асаагуур өгөөд явуулсан. Нэрийг нь Золбаяр гэдэг. Золбаяр нь хажуу талын Солонго нэртэй дэлгүүрийн худалдагч Шүрэнцэцэгээс тамхи авах гэсэн чинь зээл өгөхгүй байна гээд ууртай орж ирсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,

6. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №44 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр урагдалт, цооролт, тасралт, ханзралт, зулгаралт байхгүй байна. “4” дугаараар дугаарласан цэнхэр өнгийн, ташаа хэсэгтээ цагаан кант бүхий оруулгатай, нимгэн өмдний зүүн ташааны далд халаасны доод залгаа оёдол дагуу 0,9*0,2см хэмжээ бүхий хөндлөн ханзралттай, баруун далд халаасны  дээд залгаа оёдол дагуу 1*0,2см хэмжээ бүхий хөндлөн элэгдэж, ханзарсан урагдалт үүссэн байна. “4” дугаараар дугаарласан цэнхэр өнгийн нимгэн өмдний ташаанд байх хос далд халаасны орчим үүссэн ханзарсан урагдалтууд нь  хуучин байна. “4” дугаараар дугаарласан цэнхэр өнгийн ташаа хэсэгтээ цагаан кант бүхий оруулгатай нимгэн өмдний ташаанд байх далд халаасны орчим үүссэн ханзарсан урагдалтууд нь эдэлгээний явц дахь элэгдлээс үүссэн байна гэх дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/

7.2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №10 дугаартай шинжээчийн дүгнэлт: Уг хэрэг учрал нь зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй. “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №22/139 дугаартай   дүгнэлтийн 6-д Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг  мэдсэн үед  тээврийн хэрэгслийн  хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Ж.Э*******ийн амь нас хохирсон байна. Гэвч зам тээврийн осол гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна гэх дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/

8.Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №31 дугаартай: Амь хохирогч Жамъянцэрэн овогтой Э*******ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээж ба хэвлийн битүү гэмтэл: баруун талын 1-6-р хавирга, зүүн талын 2-7-р хавирганы цууд, дан хугарал, зүүн талын эгэмний ясны хугарал, элэгний задрал, тасрал, хэвлийн хөндий дэх 2 литр сул цус, дотор эрхтнүудийн битүү доргилт, цээжинд зулгаралт, зүүн гарын бугалга, хоёр хөлийн гуянд цус хуралт, баруун гуяны урд дунд хэсэг, баруун гуяны гадна хэсэг хайрагдалын ором гэмтэл тогтоогдлоо. Дотор эрхтнүүдийн гэмтэл нь биеийн хүчтэй доргилт, шидэгдэлтийн улмаас, биеийн гадна хэсгийн цээжинд зулгаралт, зүүн гарын бугалга, хоёр хөлийн гуянд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн, цохигдох, нидрэгдэх хүчний үйлчлэлээр, баруун гуяны урд дунд хэсэг, баруун гуяны гадна хэсэг хайрагдлын ором нь өндөр хэмийн үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн ба үхэлд хүргэжээ. Шинэ гэмтлүүд ба нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Амь хохирогчид учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь цээж ба хэвлийн битүү гэмтэл: баруун талын 1-6-р хавирга, зүүн талын 2-7-р хавирганы цууд, дан хугарал, зүүн талын эгэмний ясны хугарал, элэгний задрал, тасрал, хэвлийн хөндий дэх 2 литр сул цус, дотор эрхтнүүдийн битүү доргилт гэмтлүүдийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 112-117 дахь тал/,

9.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2649 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс үндэслэн хэрэг учрал болсон газар нь зам биш байх үндэслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд хэрэг учрал болсон гэх газрын ойр орчмыг харуулсан байх тул “*******” гэх амралтын газрын ойр орчимд ямар зам байгааг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 127-129 дэх тал/,

10.Шүүгдэгч З.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: …Золбаяр ах бид хоёр хашаа давж гараад Золбаяр ахын 61-28 УНУ улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгслийг эргүүлэхээр машинд сууж байхад Э******* ах цаанаас хашаа давж байгаа харагдсан. Би тухайн үед машины жолооны ард суугаад машиныг асаагаад хөдлөхдөө хурдтай эргэлт хийсэн юм. Энэ үед Э******* ах урдуур гуйваад ороод ирэхээр нь тоормосоо гишгэх гэж байгаад сандраад хаазаа андуурч гишгээд Э******* ахыг машины урд хэсгээр мөргөчихсөн. Тэгээд би машинаас буугаад ирэхэд Золбаяр ах яасан, юу болов гэхээр нь “би Э******* ахыг мөргөчихлөө машинаар мөргөчихлөө” гэж хэлээд Э******* ах дээр очоод яасан “гайгүй юу” гэхэд “зүгээр зүгээ”р гэж хэлсэн. Тухайн үед би цагдаа, эмнэлэг дуудах уу гэхэд “яахын зүгээр” гэж хэлээд Э******* ах бид хоёр машинд байсан тал шил архийг хувааж уугаад байж байхад Э******* ах би хэсэг унтаж байгаад араас чинь оръё гэхээр нь орхиод шовгор руу орсон. Тэгээд хорхог хийж тэр хавиар явж байгаад орой 18 цагийн үед Э*******ийг нас барсан талаар мэдээд цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 178-180 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц*******, гэрч Б.Саран, З.Золбаяр, Ц.Саруултөгс нарын өгсөн мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч З.Б******* нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын хашааны гадна хэсэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 61-28 УНУ улсын дугаартай Бенз Жи-550 маркын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг хөдөлгөж хашаа давж гарч ирсэн Ж.Э*******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйл баримт тогтоогджээ.

Шүүгдэгч З.Б******* нь тээврийн хэрэгслийг хөдөлгөх үйлдэл хийхдээ тээврийн хэрэгслийн аль нэг хэсгээр хэн нэгнийг мөргөх, хэн нэгэн бэртэж гэмтэх аюултайг мэдэж байсан боловч энэ хор уршгийг гаргахгүй байж чадна гэж тооцож тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг хөдөлгөж тээврийн хэрэгслийн урд байсан Ж.Э******* тээврийн хэрэгсэлд мөргүүлж, амь хохирогч Ж.Э******* нь цээж ба хэвлийн битүү гэмтэл баруун талын 1-6-р хавирга, зүүн талын 2-7-р хавирганы шууд, дан хугарал, зүүн талын эгэмний ясны хугарал, элэгний задрал, тасрал, хэвлийн хөндий дэх 2 литр сул цус, дотор эрхтнүүдийн битүү доргилт гэмтлүүдийн улмаас нас барсан бөгөөд хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаарна.

Шүүгдэгч З.Б******* нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн ба, гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэг нь “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байдлыг ойлгоно.

Шүүгдэгч З.Бат-Эрдэнийн дээрх үйлдэл нь хүний амьд явах эрхийн эсрэг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, нийгэмд аюултай, хүнд хор уршиг учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын хэргийн зүйчлэл үндэслэлтэй, шүүгдэгч З.Б******* болон түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан ...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч З.Бат-Эрдэнийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч З.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц******* талийгаачийн оршуулгын зардалд баримттай 18.219.532 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч З.Б******* нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан баримттай зардал болох 18.219.532 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын тухайд,

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-дГэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан байна.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна.  

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснааас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэж ойлгохоор байна.

 Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцон шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч З.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч З.Бат-Эрдэнийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч З.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

1 дүгээр хавтаст хэргийн 181- 196 дахь талд авагдсан эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Булган аймгийн ******* сумын Бумбат багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч З.Б******* нь ам бүл 1, ганцаараа Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт  амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулах тооцуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн: Шүүгдэгч гэм буруугаа анхнаасаа хүлээж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалтад хамаарч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, хохирол төлбөрөө төлсөн. Болгоомжгүйгээр хүний амь нас хохирч юугаар ч нөхөж болшгүй хохирол учирсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн энэ хүний эрүүл мэндийн байдал, хувийн шалтгаан, эрүүл мэндийн хувьд уушгины буглаа эдгэх магадлал бага. Цаашид эмчлүүлэхгүй бол сүрьеэ болох магадлалтай. Хохирогчийн зүгээс ял эдлүүлэх нь биш сэтгэл санаан хохирол авах зорилготой байгаа байдал харагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү гэх саналыг

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж: Хохирогчийн зүгээс зүйлчлэл дээр маргаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл бол шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх зохицуулалт биш, хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.

 Шүүх шүүгдэгч З.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын  хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Шүүгдэгч З.Б*******эс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хангад овогт Зоригтбаатарын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З.Б*******д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч З.Б*******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч З.Б*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч З.Б******* нь цагдан хоригдсон 35 хоногтой болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч З.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ