Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2021/00616

 

 

 

 

2021           03            11                                                   184/ШШ2021/00616

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: Г.Б

 “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баасанхүүгийн Э миний бие нь 2017 онд Ганхуягийн Бтай БНСАУ-д танилцаж 2017 оноос хамтран амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2018 оны 11 сарын 29-нд охин Бын Амин-Эрдэнэ төрсөн.Г.Б 2019 оны 02 сарын 22-ны өдөр охин бид хоёрыг орхин Монгол руу  явсан. Тэр үед миний аав Солонгос улсад ирээд байсан учир охиныг минь харж байсан. Ингээд Б Монгол явснаас хойш байнга мөнгө гуйх болсон. Удалгүй миний аав охиныг минь аван 2019 оны 05 дугаар сарын 07-нд Монгол буцсан. Энэ үеэр Г.Б нь манай гэр бүлтэй хамт амьдарч ирэн очин байсан. Удалгүй миний төрсөн ах Б.Пүрэвжаргал өөрийн компанидаа ажилд оруулж өгсөн. Энэ цагаас хойш байнгын архи дарс ууж хүүхэнтэй орооцолдож эхэлсэн. Ингээд гэр бүлийн болон бид хоёрын хооронд таагүй харилцаа үүсэж байнгын хэрүүлтэй байх болсон. Хэрүүл уруултай явсаар байгаад холбоо бараг барихаа больсон. 2019 оны 11 сараас нэг хүнтэй болсныг нь мэдсэнээр миний холбоо бүр тасарсан байгаа. Үүнээс өмнө бол байнгын холбоотой байж надаас мөнгө авч амьдарч байсан. Яагаад хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан шалтгаан нь хамт амьдарч байх хугацаандаа болон Монголд охинтойгоо ойр амьдрах хугацаандаа ямар ч эцгийн үүрэг хүлээгээгүй...Б болон Бын гэр бүлээс ганц дэм тусламж авч байгаагүй. Мөн охин минь өсч бойжих тусам миний биед их ачаа хариуцлага нэмэгдэж байгаа учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан тул  хариуцлага хүлээж тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Этай Солонгос Улсад ажиллаж байхдаа танилцаж бидний дундаас хүүхэд төрж тэнд байх хугацаандаа хамтран амьдарч байсан нь үнэн. Б.Эаас төрсөн хүүхэд миний хүүхэд мөн. Би түүнийг төрсөн хүүхэд мөн гэж хүлээн зөвшөөрнө. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд тодорхой болсон. Би хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлж тэжээн тэтгэнэ. Цаашид ч тэжээн тэтгэнэ. Хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Охин Б.Амин-Эрдэнэ 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяасүрэн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа, нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Г.Б нь өөрөө шүүхэд тайлбар гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй зүйл байхгүй. Сая нэхэмжлэгч Б.Э өөрөө ярилаа. Солонгос улсад хамтран ажиллаж амьдарч байгаад, охинтой болсон.Хариуцагч Г.Б нь өөрийн  төрсөн охин мөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Цаашид амьдрах боломжгүй тухайгаа хэлдэг. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа  гэв.

 

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Бт холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Г.Б, Б.Э нар нь 2017 онд танилцаж хамтран амьдарсан ба 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.Амин-Эрдэнийг төрүүлсэн болох нь: 408E1000512 дугаартай Б.Амин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд  эрүүл өсөн бойжиж байгаа эмчийн тодорхойлолт Б.Эын иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, зохигч нарын тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдов.

Тэрээр Г.Б, Б.Э нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй боловч хариуцагч Г.Б нь охин Б.Амин-Эрдэнийг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан, өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

        Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт  “ Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу хүүхдийн эцэг нь Ганхуягийн Б мөн болохыг захиргааны журмаар тогтоосон байна гэж шүүх үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”  гэж,

   21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт “ Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,

 энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2,  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон  хэдий ч эцэг, эх нь хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй байх тул эцэг Г.Бын хуулиар хүлээсэн  үүргээ хэрэгжүүлэхэд эх Б.Э саад болохгүй байхыг даалгав.

 

          Түүнчлэн  эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэдтэй хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.

 

            Иймд хариуцагчаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.         

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэв.

Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Эын хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж түүнд олгов. 

           

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлгийг  гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор  заасан.

Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт  зааснаар хариуцагч Г.Баас нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар  зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Амин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Буйна овогт Ганхуягийн Баар /регистрийн дугаар:0131/ сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.Баас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.       

           

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх

хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт зааснаар эцэг Г.Б, эх Б.Э нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                          

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОЮУНЖАРГАЛ