Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/59 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 180/2024/0040

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                         Д.Чулуунпүрэв

Хохирогч                                                У.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                        Г.Анхбаяр

Шүүгдэгч                              О.О, М.Ш нарыг оролцуулан  шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Жавзандуламаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О, М.Ш нарт холбогдох 2339000000390  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.О, М.Ш нарыг бүлэглэж Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "............................." гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр У.Б-ийн эзэмшлийн адуунаас шунахайн сэдлээр 3 буюу олон тооны бүдүүн насны адууг машин механизм буюу ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж, У.Б д 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан.

Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг ................. гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Д.О-ын эзэмшлийн үхрээс шунахайн сэдлээр 4 буюу улаан охин шүдлэн, улаан халзан охин шүдлэн, хар зүсмийн охин шүдлэн, улаан халзан охин бяруу зэрэг олон тооны малыг машин механизм буюу ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж, Д.О-т 4.700.000 /дөрвөн сая долоон зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч О.О нь Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг .............. тоот хашаанаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн орчим Ц.Х-н эзэмшлийн цагаан, улаан өнгийн кросс "тс200рго” маркийн улсын дугааргүй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Хохирогч У.Б   нь ”хадлангийн үеэр О, Ш нартай тааралдаад морь уялуулсны хөлсөнд 3 тооны адуу аваарай гэж хэлсэн, Үүнээс хойш Ш  над руу яриад нөгөө 3 адуугаа авъя гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн, тухайн үед согтуу байсан болохоор яг сайн санахгүй байгаа юм, гэхдээ сүүлд  нь бодоод байхад зөвшөөрсөн санагдаад байгаа юм,  нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэжээ.

Шүүгдэгч нар нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо төлж барагдуулсан” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг Зүүн жаргалант гэх газар модонд 3 тооны адуу буюу сартай бэлэвсэн хонгор морь, буурал духтай хонгор халзан морь, хар голтой хул морины толгой, арьсыг  жижиглэж тасдсан  байдалтай, адууны шийр, сэвснүүд байсныг тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар баталгаажуулж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 17-21 хуу/

******* сумын 2 дугаар баг Зүүн жаргалант гэх газар цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 7 хэсэг газар, тээврийн хэрэгслийн мөр хэмжих боломжгүй, урд зүгт 15 орчим метр зайд мотоцикл, 3 ширхэг эмээл болон морины хэрэгслүүд зэрэг байсныг тэмдэглэл үйлдэж, баталгаажуулж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд   /хх-ийн 204-208 хуу/

 ******* сумын 2 дугаар багийн нутаг уулын энгэрт  хар үхрийн толгой, улаан халзан үхрийн толгой, ухаа халзан үхрийн толгой болон жижиг, жижиг болгож тасдсан үхрийн арьснууд мөн үхрийн гэдэс, сэвс байсныг тэмдэглэл үйлдэж, баталгаажуулж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 209-210 хуу/

шүүгдэгч О.О, М.Ш нарын мах хаясан гэх газар ******* сумын 2 дугаар багийн нутаг Шивэрт гэх нэртэй газар байх ба алдагдсан үхэр, адууны мах, бүгдийг нь хаа гуяаар нь салгаж газарт хаясан ба том шувуу идсэн, үнэр орсон байдалтай байсныг тэмдэглэл үйлдэж, баталгаажуулж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 11-16 хуу/

******* сумын 2 дугаар баг Зүүн жаргалант гэх газар жалганд улаан алаг өнгийн кросс маркийн улсын дугааргүй мотоциклийг орхисон, дугуй байхгүй, суудлыг авсан гаднах эд ангийг бүгдийн салгаж  мотор, кроп хэсгийг бүхлээр нь салгаж авсан байсныг  тэмдэглэл үйлдэж, баталгаажуулж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд   /хх-ийн 155-161 хуу/

Хохирогч Ц.Х-н өгсөн: ...2023 оны 08 сарын 30-наас 31-нийг шилжих шөнө ******* сумын 6 дугаар баг ******* 1-108 тоот хашаанд байсан өөрийн эзэмшлийн улаан алаг өнгийн кросс маркийн улсын дугааргүй мотоциклоо алдсан юм. Тухайн үед бид гэр бүлийн хамт гэртээ унтаж байсан болохоор мэдээгүй байж байгаад өглөө сэрээд мэдсэн. Тэгээд дотроо нэг таньдаг хүн маань ирээд унаад явчихлаа гэж бодож байгаад хүн амьтнаас сураг гарахгүй өдийг хүртэл чимээ гарахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандаж байгаа юм. Тухайн өдөр бол манай хашаа бол цоожгүй хаалга нь онгорхой байсан...2022 оны 05 сард сумын төвөөс 3 сая 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мотоциклийн арлын дугаар болон бичиг баримт нь байгаа...Сэжиглэж байгаа хүн бол байхгүй... Алдсан мотоциклоо олоод авчихвал нэхэмжлэх зүйл байхгүй...Тухайн мотог би өөрийнхөө мөнгөөр хүү ******* авч өгсөн юм. Тэгээд манай хүү амралтаараа сумандаа ирэхээрээ унаж хэрэглэдэг юм. Тухайн О  манай мотог аваад явах үед бол миний хүү ******* нь Улаанбаатар хот руу сургуульдаа явчихсан байсан. Явсан үеэр нь бол тэр мотог би захиран зарцуулах эрхтэй гэсэн үг юм. О  тухайн мотог миний зөвшөөрөлгүй захиран зарцуулах эрх байхгүй...Одоо О д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 166-167, 171 хуу/

Гэрч Х.*******ын өгсөн: ...О.О  нь 09 дүгээр сарын 30-ны өдөр миний 94455167 утасны дугаар руу орой 18, 19 цагийн орчимд нууцлагдсан дугаараас залган О  /Одко/ ах нь байна, ахдаа мотоциклоо өгчих хадлан руу явах гэсэн юм гэж ярьсан. Тэгэхэд нь миний бие О д хандан та аавд хэлээ би мэдэхгүй гэж хэлсэн...Надад захиран зарцуулах эрх байхгүй. Би Кросс мотоциклыг унадаггүй. Манай аавын мэдлийн мотоцикл...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

Гэрч ******* өгсөн: ...Яг он сарыг нь бол санахгүй байна намайг сумын төв дээр байхад О тэй таараад байж байтал О  хөдөө эргээд явах гэсэн унаа олдохгүй байна гээд надаас унаа сурсан. Тэгээд унаа олдохгүй болохоор *******ын Мотог гуйя гээд утсаар *******тай яриад "хөдөө явах гэсэн унаа байдаггүй Мотогоо өгөөч" гэж бол ярьж байхыг нь би сонсож байсан. Тэрнээс утсаар ярьж байгаа *******ын юу гэж хэлснийг бол би сонсоогүй мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуу/

Хохирогч Ц.Х-н мотоциклийн үнэлгээг 3.500.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ий шинжээчийн дүгнэлт /хх-ийн 180-182 хуу/

О.О гийн яллагдагчаар өгсөн: ...2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ойролцоогоор 19-20 цагийн орчимд би найз Ш ын хамтаар Хэнтий аймгийн ******* сумын төв рүү сэлбэг авахаар өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, хөх ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг унаад орсон. Тэгээд Ш ыг төвд үлдээгээд явах гэтэл миний мотоцикл эвдрээд тоггүй болчихсон. Тэгээд би тэр оройдоо яаралтай хөдөө хадлан руугаа явах хэрэгтэй байсан учраас өмнө нь туслах уяач хийж хамт амьдардаг байсан ******* гээд дүү рүүгээ өөрийнхөө 9860******* дугаарын утаснаас *******ын 94455167 дугаарын утас руу залгаад "миний мотоцикл эвдэрчхээд байна дугуйг чинь гуйж байна хөдөө яаралтай явах ажилтай болчхоод байна" гэж хэлэхэд ******* "миний дугуй гэрт байгаа аав байгаа байхаа аавд хэлээд очоод авчих аа" гэж хэлэхээр нь би *******ын гэрт буюу Хэнтий аймгийн ******* сумын наадмын талбайн арын хашаанд *******ын гэрт очиход хашаа нь онгорхой хашаан дотроо Cross маркийн мотоцикл түлхүүр нь зоолттой байсан. Тэгээд тэр үед *******ын аавынх нь машин хашаан дотроо байхгүй гэрийнх нь гэрэл унтраалттай байхаар нь тухайн Cross маркийн мотоциклийг нь унаад шууд хөдөө гэр лүгээ ганцаараа явсан. Тэгээд хөдөө очоод би *******ын мотоциклийг унаж явж байтал урд дугуйных нь шаариг дуусаад нам зуураад гацаад мотоцикл маань унаад эвдэрчихсэн. Тэгээд би 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр билүү 05-ны өдөр *******ын 94455167 дугаарын утас руу 9860******* дугаарын утаснаасаа яриад "дугуйг чинь онхолдоод эвдэлчихлээ” гэж хэлэхэд ******* дугуй төлж өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ын мотоциклийг төлж өгнө гэж бодоод өөрийнхөө дугуйнд *******ын мотоциклийн зарим эд ангийг авч хийсэн байсан. Тухайн үед намайг ******* руу сумын төв дээр ярихад ******* цуг байсан...Намайг хөдөө гэрээс сумын төв дээр цагдаагийн байранд дээр цагдаа, цагдаа хоёр "чи мотоцикл авсан чинь үнэн биз дээ писда минь гээд намайг тэр байрандаа 2 хонуулсан. Тэгэж хонуулахдаа надаар ажлынхаа өрөөг цэвэрлүүлээд ханын хуулга наалгасан, аяга тавгаа угаалгаад шалаа угаалгасан мөн байнга дэлгүүр явуулдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 195-196 хуу/

Хохирогч У.Б-ий өгсөн: ...2023 оны 09 сарын 25-наас 30-ны хооронд ******* сумын 3 дугаар багийн нутаг Зүүн жаргалант энгэр булаг гэх газраас өөрийн эзэмшлийн 46 тооны адуунаас 3 тооны сартай бэлэвсэн хонгор морь, буурал духтай хонгор халзан морь, хар голтой хул морь зэрэг 3 тооны адуу байсан хайгаад олохгүй байгаа юм. Тамга нь галтай дөл тамгатай байгаа. Хамгийн сүүлд 2023 оны 09 сарын 23, 24-нд тоолж үзэхэд бүрэн байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандах санаатай байж байхад сумын хэсгийн төлөөлөгч ирээд 3-н адууны толгойны зураг харуулахад миний алдсан адуу мөн байсан...сэжиглэж байгаа хүн бол байхгүй...Миний унаган адуу байгаа юм...Адууг маань ажилласан хүмүүсээр хохирлоо төлүүлж хохиролгүй болмоор байна... Ш  бол надтай манай ээж талаар хамаатан болдог юм. Ш  нь ер нь л морь сайн уядаг хүүхэд байгаа юм. Тэгээд яг хэзээ гэдгийг нь санахгүй байна хадлан дуусаад цуг байсан хүмүүстэйгээ жоохон юм уугаад явж байтал би О, Ш хоёртой таарсан юм. Тэгээд би Ш т хандаж морь уяж өгөөрэй тэгээд ахынхаа адуунаас өөртөө таалагдсан адуугаа авахгүй юу даа гэж хэлээд салсан. Тэгээд дараа нь намайг сумын төв дээр байхад Ш  залгасан юм шиг байна лээ би яг тэрийг нь бол сайн санахгүй байгаа юм. Тэгээд хөдөө гэртээ очиход миний адуунаас 3 тооны адуу дутчихсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 27, 31 хуу/

Хохирогч У.Б-ий алдсан 3 тооны адууны үнэлгээг 4.200.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ий шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШД-238 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-70 хуу/

О.О гийн яллагдагчаар өгсөн: ...Би ******* сумын 2 дугаар баг зүүн жаргалант гэх газарт мал маллан амьдардаг юм. Тухайн хэрэг болох үед манайх Зүүн жаргалант гэх газартаа хадлангаа хадаж байсан юм. Тухайн үед манайхтай ойролцоо Б ахынх мөн хадлангаа хадаж байсан. Тэгээд нэг өдөр яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 2023 оны 08 дугаар сарын 20-доор гэж санаж байна. Ш  бид хоёр миний эзэмшлийн ногоон өнгийн Даюун маркийн мотоциклтой явж байгаад Зүүн жаргалантын адагт Б ахтай хээр таарсан. Тэгтэл Б ахад Ш  морь уядаг талаараа хэлэхэд Б ах бид хоёрт хандаж "ахын 2 дүү ганц хоёр морь уяж өгөөч ах нь өөрөө уяж чадахгүй байна, бас хэдэн эмнэг үрээ байгаа хэдэн бүдүүн морьд ч байна сургаж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд та хоёр мөн морьдоо тэжээлд оруулах 3 машин өвс гаргачих ахад нь олигтой өвс байхгүй байна" хэрвээ та хоёр зөвшөөрч байвал би та хоёрт 3-н бүдүүн морь өгье ахынхаа адуунаас шилээд аваарай гэж хэлсэн. Тэгэхдээ яг хугацаа бол заагаагүй. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ш  нь Б ахтай би ярьчихлаа 3-н морио ав гэж хэлсэн. Тэгээд ард дээр нь бид хоёрыг найдвартай биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш тай хамт Б ахын өвөлжөөний тэнд явж байсан адуун дундаас нь 3-н бүдүүн морь буюу 2 хонгор халзан, 1 хул морь барьж аваад 2 морийг нь унаад 1 морийг нь хөтлөөд манай өвөлжөөний хажуу модонд аваачиж Ш  бид хоёр ажилласан. Мөн тухайн үед бид хоёр 3 адуугаа авчрахаасаа өмнө эмээгийнхээ үхрээс 4 ажиллах гэж Өргөн гэдэг газрын ард бэлчиж явсан үхрүүдийг эмээ Чулууны үхэр гэж тэнд явж байсан үхрээс 4 үхрийг тууж авчирсан байсан. Тэгээд эхлээд тууж ирсэн 4 үхэр сүүлд авчирсан 3 адуугаа цуг тэнд нь ажиллаад ажилласан малынхаа махыг бид хоёр миний эзэмшлийн 02-65 ХЭА улсын дугаартай пажеро маркийн тээврийн хэрэгсэлд ачаад явж байтал замд О  ахтай таараад юм асуух гэтэл О  ах өөдөөс 4 үхэр алга болчихлоо харсан уу гэж хэлэхээр нь хараагүй гэж хэлээд салсан. Тэгээд О  ахын явсны дараа Ш  бид хоёр бид хоёрын ажилласан 4 үхэр О  ахын үхэр юм биш биз дээ гэж айгаад тэр 3 адуу 4 үхрийн махаа бүгдийг нь модны захад оруулаад хаячихсан юм... Тухайн үед тэр мэдүүлгийг авах үед , цагдаа нар намайг авсан чинь үнэн биз дээ хулгайлсан чинь үнэн биз дээ гэж хэлээд хараагаад загнаад байсан. Тэгэхээр нь би тийм мэдүүлэг өгчихсөн юм. Би тухайн үед мэдүүлгээ хагас дутуу уншсан. Яг гүйцэд бол уншаагүй эхний хуудсыг уншсан...надад эрх үүргийг танилцуулаагүй, олон удаа гарын үсэг зуруулсан...Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 127-1гэх мэдүүлэг /хх-ийн 127-129 хуу/

М.Ш ын яллагдагчаар өгсөн: ...Би 2023 оны 08 дугаар сарын 20-доор гэж санаж байна би О тэй хамт ******* сумын Зүүн жаргалант гэх газраас О гийн гэр рүү очих гээд О гийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклтой Зүүн жаргалантын адагт явж байгаад Б ахтай таарсан. Тухайн үед Б ах жоохон халамцуу харагдаж байсан. Тэгээд бид гурав хэсэг юм ярьж сууж байтал Б ах намайг чи их давгүй морь уядаг залуу байна "ахынхаа морийг энэ өвөл тэжээгээд ирэх зун уяж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед үнэ хөлсөө тохироод сайн явбал болно ш дээ гэхэд тэр ах "өө тэр асуудалгүй ахдаа та хоёр 3 машин өвс өгөөд өвөл нь 2 адуу тэжээж өгөөд зун уяна шүү. Мөн ахынхаа хэдэн эмнэг морьдыг сургаж өгөөрэй" гэж хэлсэн. Тэгээд хөлсөндөө болохоор та хоёр миний адуунаас харж байгаад 3 морь шилээд аваарай гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би сүлжээнд ороод Б ах руу ярих гэхэд цаана нь нэлээн олон хүн шуугилдаад Б ах "ах нь ярих боломжгүй байна гэхээр нь би ах аа надад мөнгөний хэрэг байна би нөгөө авна гэсэн 3 морио ажиллачих уу гэхэд өө тэг тэг дараа нь тэгээд хийж өгөх юмаа хийгээд өгвөл асуудалгүй ш дээ өөрөө ахынхаа адуунаас харж байгаад аваарай" гэж хэлэхээр нь би маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дөрөөтийн дараа гэх газраас Б ахын азаргатай адууг тууж ирээд тэр дундаас нь 3 морийг барьж аваад өвөлжөөн дээрээ аваачиж ажилласан... Би өмнөх өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ тэр цагдаа нараас айгаад худлаа ярьчихсан юм. Тэр цагдаа ах өөрийгөө хэрэг илрүүлэхдээ улсдаа 2-т ордог мөрдөгчтэй таарчхаад, халхын хар Магнай гэж мэдэх үү гэж хэлээд хүзүүн дээрээс дарчхаад айлгаад байсан. Гэхдээ тэгж зодож цохисон зүйл байхгүй үг хэлээрээ айлгаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 138-140 хуу/

Хохирогч Д.О-ын өгсөн: ...2023 оны 10 сарын 01-ний орой манай үхэр бүрэн байсан ба маргааш нь буюу 10 сарын 02-ны өглөө үхрийн тал нь харагдахгүй байсан. Тэгээд тухайн өдөр 17 цагийн үед манай байхгүй байсан үхрүүд ирж байсан ба манай үхрээс 4 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд бид 4 үхрээ хайгаад олоогүй ба үхрээ хайж явж байгаад ******* сумын 3-р баг Шар хадны зүүн урд аманд 6 хэсэг газарт малын цус болсон байсан ба тэр газраас холгүй 3 эмээл, 4 хазаар, бугуйл, чөдөр, хутганы хуй, уяаны тасархай, мотоциклын арам зэргийг хаясан байсан. Ингээд бид үхрээ алдсанаа мэдсэн...Хар охин шүдлэн, улаан охин шүдлэн, улаан халзан охин шүдлэн, улаан халзан охин бяруу бүгдээрээ өрөөсөн ганзага имтэй...2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед манай өвөлжөөний араас гэрэл гарахаар нь би эхнэрийн хамт очиход чигээ буруулаад нэг машин яваад байхаар нь би яваад очтол цагаан өнгийн Пажеро маркийн машинтай манай нутгийн хүн болох Хашийн хүү машин барьчихсан түүний хажууд 1 бор залуу байсан ба арын суудал дээр нь хүн байсан эсэх нь харагдаагүй ба бид хоёр очоод харахад хойд тал нь их ачаа ачсан юм шиг байхаар нь асуутал машины пүрш хугарсан бид ан гэрэлтүүлж байгаад явж байна гэж хэлээд яваад өгсөн. Түүнийг сэжиглэж байна...Манайх А дансандаа 34 тооны үхэртэй...гэх мэдүүлэг /хх-ийн 217-219 хуу

Хохирогч Д.О-ын алдсан 4 тооны үхрийн үнэлгээг 4.700.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ий шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШД-240 дугаартай дүгнэлт /хх-ийн 232-234 хуу/

О.О гийн яллагдагчаар өгсөн: ...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би *******ын мотоциклийг эвдэлчхээд тэрний мөнгийг олох санаатай өөрийн эмээ Чулууны үхрээс үхэр авч ажиллаж өрөө төлөх санаатай өөрийн найз Ш ын хамтаар өөрийн эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй даюун маркийн мотоциклийг унаад Өргөний ар гэх газарт бэлчиж явсан үхрийн захаас 4 тооны зөв талын чих үзүүрээсээ ац имтэй, улаан голдуу зүсмийн үхрийг туугаад өвөлжөөнийхөө хажууд авчирч үлдээгээд араас нь 3 тооны адуу авчирч нийлүүлээд ажилласан...Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 246 хуу/

М.Ш ын яллагдагчаар өгсөн: ...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би О тэй хамт хадланд гарч байгаад О  хүний мотоцикл эвдэлчихсэн учраас тэр хүнийхээ хохирлыг барагдуулахаар эмээгийнхээ үхрээс авч ажиллаж зараад тэр хүнийхээ хохирлыг барагдуулах санаатай өргөний ар гэх газарт бэлчиж байсан зөв тал нь ардаасаа хайчилчихсан үхрээс 4 тооны үхрийг салгаж хойш нь тууж хадлан хадаж байсан өвөлжөөн дээрээ аваачиж үлдээгээд ажилласан. Тухайн үед мөн О  бид хоёр Оюун-Эрдэнэ ахын бид хоёрт өгөх ёстой байсан 3 тооны адууг цуг ажиллаад бүх махыг нь О гийн эзэмшлийн Пажеро маркийн тээврийн хэрэгсэлд ачаад урагшаа явж байтал О  гэдэг хүнтэй таарахад тэр ах 4 үхрээ алдсан талаар яриад явж байсан. Тэгээд бид хоёр тэр ахыг явсны дараа эмээгийнх нь үхэр биш хүний үхэр байсан талаар мэдээд айсандаа бүх махнуудаа шивэрт гэдэг газарт аваачиж жалганд ил хаясан... Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ худлаа мэдүүлэг өгсөн. Яагаад гэхээр мэдүүлэг авч байсан цагдаа нараас айгаад худлаа анхнаасаа хулгай хийсэн гэж хэлсэн. Уг нь О  бид хоёр тэр үед эмээгийнх нь үхрээс авах гэж байгаад хүний үхэр аваад ажилласан байна лээ гэдгээ хэлсэн боловч урдаас битгий худлаа яриад бай гээд уурлаад айлгаад байсан юм... гэх мэдүүлэг /2-хх-ийн 5-6 хуу/

Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэлгээг 400.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ий шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШД-268 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-78 хуу/

Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай тогтоол /хх-ийн 115-116 хуу/

М.Ш ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 хуу/

М.Ш  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 85 хуу/

О.О гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100 хуу/

О.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 98 хуу/

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирогч Д.О-т 4.600.000 төгрөгийг 5951016999 тоот /түүний эхнэрийн данс гэх/ дансанд шилжүүлсэн Хаан банкны 2023 оны 12 сарын 19-ний өдрийн орлогын баримт, мөн 100.000 төгрөгийг  5951016999 тоот дансанд шилжүүлсэн Хаан банкны 2024 оны 03 сарын 11-ний өдрийн  орлогын баримт /2-хх-ийн 83-84 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-хх-ийн 8-11 хуу / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч О.О, М.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.О нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг ................... тоот хашаанаас хохирогч Ц.Х-н эзэмшлийн  кросс "тс200рго” маркийн улсын дугааргүй 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч О.О, М.Ш нар нь бүлэглэж 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "Өргөний ар" гэх газраас хохирогч Д.О-ын өмчлөлийн улаан охин шүдлэн, улаан халзан охин шүдлэн, хар зүсмийн охин шүдлэн, улаан халзан охин бяруу зэрэг 4.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 тооны үхрийг Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

шүүгдэгч О.О, М.Ш нарын Д.О-ын 4 тооны үхрийг хулгайлсан болон шүүгдэгч О.О гийн хохирогч Ц.Х-н мотоциклийг хулгайлсан үйлдэлүүд нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй, дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч нар нь гэм буруутай, шүүгдэгч нарын мал хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар буюу мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 Харин шүүгдэгч О.О, М.Ш нар нь бүлэглэж 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "Дөрөөтийн даваа" гэх газраас хохирогч У.Б-ий адуунаас сартай бэлэвсэн хонгор морь, буурал духтай хонгор халзан морь, хар голтой хул морь зэрэг 3 тооны адууг  Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч нар нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Ханхарангуй, Д.О , гэрч Х.*******, Б.******* нарын мэдүүлэг, хэргийн гаүарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь гэм буруугийн дүгнэлт гаргахдаа шүүгдэгч нараас мөрдөн байцаалтын үед гэрчээр сэдүүлэг авахдаа цагдаагийн алба хаагч нар дарамталж мэдүүлэг авсан, хохирогч Ц.Х-н гэх мотоциклийн эзэмшигчийг нарийвчлан тогтоогоогүй, шүүгдэгч О.О нь эмээгийнхээ үхрээс авч байна гэж бодоод 4 үхэр авсан гэх  мэдүүлгийг нь эцэслэн шалгаагүй тул эдгээр асуудлыг шалгуулахаар шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  хойшлуулах хүсэлт гаргасан.

Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгч нь уг хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа буюу гэм буруугийн дүгнэлт гаргах үе шатанд гаргасан бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24, 35.25, 35.26, 35.27, 36.1 дүгээр зүйлд зааснаар улсын яллагч болон өмгөөлөгчийн дүгнэлтийг сонссоны дараа шүүгдэгчийн эцсийн үгийг сонсон шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж  шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, .шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр заасан байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй  гэж дүгнэлээ.

 Шүүх хуралдааны үед шүүгдэгч нар болон хохирогч У.Б-ий өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэч нар нь хохирогч У.Б-ий 3 тооны адууг түүнийг зөвшөөрсний дагуу авсан болох нь тогтоогдсон тул  шүүгдэгч О.О, М.Ш нар нь бүлэглэж 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "Дөрөөтийн даваа" гэх газраас хохирогч У.Б-ий адуунаас сартай бэлэвсэн хонгор морь, буурал духтай хонгор халзан морь, хар голтой хул морь зэрэг 3 тооны адууг  Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлсан гэх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Dayun болон кросс "тс200рго” маркийн мотоциклыг мал байгаа газарт очих, малыг туух зэргээр мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан болох нь тогтоогдсон  байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.О, М.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан буюу бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-т 4.700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь  түүний эхнэрийн гэх 5951016999 тоот дансанд  2023 оны 12 сарын 19-ний өдөр 4.600.000 төгрөг,  100.000 төгрөгийг  2024 оны 03 сарын 11-ний өдөр шилжүүлсэн ХААН банкны орлогын баримт /2-хх-ийн 83-84 хуу/ гаргаж өгсөн,  мөн хохирогч Ц.Ханхарангуй нь мөрдөн байцаалтын шатанд “О д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч О.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч М.Ш т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч нь шүүгдэгч О.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О, М.Ш нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт тус тус гаргасан.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  шүүгдэгч О.О гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан  хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь  учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, зэргийг харгалзан шүүгдэгч нарын  өмгөөлөгчийн гаргасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.О, М.Ш нарыг тус тус 1 жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч О.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.О д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил, 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл нь О.О гийн өмчлөлд байдаг болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан  мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.О, М.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  улсын дугааргүй  Даюун маркийн мотоциклийг  битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож  шийдвэрлэв.

Шүүгдэгч О.О, М.Ш нарт  хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Прокурорын газраас О.О, М.Ш нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “хохирогч У.Б-ий 3 тооны адууг хулгайлсан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч О.О , М.Ш  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан буюу бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч О.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.О, М.Ш нарыг тус тус 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч О.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч О.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. шүүгдэгч О.О д оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Ш т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.О д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 400.000 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч О.О, М.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мотоциклийг битүүмжилсэн  Хэнтий аймгийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч О.О, М.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О, М.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ОДХҮҮ