| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2020/04318/И |
| Дугаар | 184/ШШ2021/00678 |
| Огноо | 2021-03-16 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2021/00678
2021 03 16 184/ШШ2021/00678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Г.М
Хариуцагч: НШШГГ
“Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн эрхийн улсын бүртгэлийн Г-3868 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрын үнэлгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Үүлэнсолонго, Ш.Ганцэцэг, шинжээч О.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар "М нь “Ашид түвшин ББСБ” ХХК-д 75.000.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15.000 төгрөгийн хамт төлж барагдуулахаар, уг төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Мийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн Г-3868 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус худалдан борлуулж үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.
Дээрх төлбөрөөс Г.М нь 18.200.000 төгрөгийг төлж барагдуулсан ба одоо үлдэгдэл төлбөр нь 56.800.000 төгрөг болно. Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17271419/02 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хайрхан б-р гудамж 26 тоотод байрлах, 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрыг тус тус битүүмжилж, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17271419/04 тоот тогтоолоор хураасан. Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож чадаагүй ба, хөрөнгийн үнэлгээний “Баянмодот” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч дээрх 240 м.кв хувийн сууц, 700 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 120.159.770 төгрөгөөр тогтоосон. Дээрх хөрөнгийн үнэлгээг өмчлөгч талаас хүчингүй болгуулахаар хүсэлт, нэхэмжлэл гаргасныг шүүхээс ханган шийдвэрлэсэн ба, үндэслэлээ “тус хувийн сууцны барилга зоорийн давхар, мансардын хамт 3 давхар .. гэж тусгагдсан ба анх улсын бүртгэлд бүртгүүлсэн 240 м.кв талбай нэмэгдсэн эсэх нь тайланд тодорхой тусгагдаагүй нь үнэлгээ үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй байна” гэж үзэн үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдпыг хангаж шийдвэрлэсэн болно. Дэлгэрүүлбэл, Г.М миний бие “Ашид түвшин ББСБ” ХХК-иас 50, 000.000 төгрөгийн зээл авч, уг зээлээр барьцаа хөрөнгө болох 240 м.кв хувийн сууцыг өргөтгөн мансардын давхар нэмж бий болгосон байдаг. Одоо бодит байдал дээр барьцаа хөрөнгийн хэмжээ 240 м.кв бус харин барилгын зураг төсөл зохиох эрх бүхий “Өлзий-Иш” ХХК-ийн хэмжилтээр нийт талбайн хэмжээ 444,69 м.кв (1-р давхар 167.88 м.кв, 2-р давхар 138.81 м.кв, зоорийн давхар 138.81 м.кв) болсныг удаа дараа тайлбарлан, холбогдох зураг төслийг хөрөнгийн үнэлгээний компанид гаргаж өгсөөр байтал улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хэмжээг үндэслэж үнэлгээ гаргаж байгаа нь хууль бус юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгын дагуу томилогдсон хөрөнгийн үнэлгээний “Виннер Вэй” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээний тайлан газар дээрх бодит хэмжээнд үндэслэгдээгүй, завхөн барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хэмжээг үндэслэж хийгдсэн, мөн ийнхүү үнэлсэн үнэлгээний дүн болох 204.300.000 (хоёр зуун дөрвөн зая гурван зуун мянга) төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон үнэлгээнд нэг төгрөгийн өөрчлөлт оруулалгүйгээр дахин тогтоож байгаа нь өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэж байна. Уг үнэлгээний асуудлаар НШШГГ-ын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ерөнхий шийдвэр гүйцэгчид гомдол гарсан ч гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг...НШШГ-с миний ХААН банкинд байдаг харилцах данс,тэтгэврийн дансыг бүгдийг хааж ямар ч орлого олох боломжгүй болгосон ч миний бие дээрх зээлийг төлсөөр нийт 38.000.000 төгрөг төлөгдсөн.Үндсэн зээлийн дүг 50.000.000 төгрөг байсан ба нийт төлөгдсөн нь 91.000.000 төгрөг болж байна. Гэтэл НШШГ надад байгаа ганц үл хөдлөх хөрөнгө болох орон байрыг маань дахин дахин үнэлгээ хийлгэн тэр үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй байгаад гомдолтой байна. Миний байшин 7-н давхар барилгын даац бүхий суурьтай, нийт 449.5 м.кв талбайтай,80 м гүнийн худагтай,380 вт-ийн цахилгааны холболттой, халаалт,сантехникийн бүрэн шийдэл хийгдсэн, халуун, хүйтэн устай тохилог орон сууцнаас ялгагдах зүйлгүй, харин ч гадна тохижилт зай талбайгаараа давуу талтай. Гадаа тохижилт гэхэд л жил бүр үр жимсээ өгдөг төрөл бүрийн 100 гаруй жимсний модтой,ногооны талбайтай,миний амьдралын олон жилийн хөдөлмөр шингэсэн юм.Иймд тус үнэлгээ нь эд хөрөнгийг дэндүү үнэгүйдүүлж,зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн байгаа тул үнэлгээг хүчингүй болгох хүсэлт гаргасан.Миний байшин нь сайн чанарын материалаар баригдсан цутгамал карказтай, одоогийн зах зээлийн бодит үнэлгээгээр материалын орц,хийцийн үнийг хамгийн багаар батлагдсан үнээр тооцож үзэхэд 1 м.кв нь 2130,000 төгрөг дээр нь газрын үнэ нэмэгдээд 800.000.000 төгрөг болно. 1 давхрын ажил дуусаагүй байсан учраас тухай үед 240 м.кв гэж хэмжээг нь гаргасан байсан Виннэр вэй" ХХК-аар, намайг байхад хүн ирсэн, зураг аваад, би барилгын зургаа канондаж авсан. Надаас зургийн талаар асуусан. Тухайн үнэлгээчинд их талбайтай байдлаа тайлбарлаж хэлсэн. Өөрсдөө багажаар хэмжсэн. Тухайн үед нэг хүн ирсэн Эхлээд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаад, хүлээн аваад хэвээр үлдээхээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаад, түүний хариу ирсний дараагаар шүүхэд гомдол гаргана гэж заасны дагуу гомдол гаргасан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хариу шуудангаар ирсэн. Тэр шуудангаар хариу авсан өдрөө шүүхэд өгсөн.Хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалтай өмчлөх эрхтэй газрын үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Мийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар захирамжаар Г.Мээс 75.000.000 төгрөгийг гаргуулж "Ашид түвшин” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Г.Мт төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр 01-ний өдөр гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хайрхан 6 дугаар гудамжны 26 тоотод байрлах 244 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-3868 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17271419/07 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17271419/11 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 204.300.000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2020 оны 09 дүгээр дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний тайлан мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Мт 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4-132/32030 албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Мийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Үүлэнсолонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэр анх хэзээ гарсан, шийдвэр гүйцэтгэх газарт хэзээ ирсэн эсэх, төлбөр төлөгчид хэзээ мэдэгдсэн талаар тодорхой ойлгомжтой байдал нь нэхэмжлэлийн шаардлага танилцуулахад харагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.26-ны өдрийн 107 дугаар захирамжаар Г.Мээс 75 сая төгрөг гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017.10.28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Нэхэмжлэгчид сайн дураараа төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргэсэн. Г.Мийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, хайрхан 6 дугаар гудамж, обьектыг битүүмжилж, хураагаад үнэлгээг тогтоосон. Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ тогтоогоод 2020.09.07-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг хуулбарлаж өгөөд, мэдэгдлийг хавсаргаад, тайланг танилцуулсан. Хуульд заасан эрхийг танилцуулахад 2020.09.07-ны өдөр гарын үсэг зурсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хөрөнгийн үнэлгээг талууд зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байхад шүүхэд гомдол гаргасан байгаа. Шүүхээс 2020 оны 10 сарын 26-ны өдрийн огноотой нэхэмжлэлийг 27-ны өдөр дардас дарж авсан, хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тухай бүр нэхэмжлэгчид танилцуулж байсан. Үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхээр шийдвэрлүүлдэг. Нэхэмжлэгчийн яриад байгаагаар процесс ажиллагаатай холбоотой гомдлыг хольж яриад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол, хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол шийдвэрлэхийг хуулиар ялгамжтай зохицуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гэж, 55.7-р болохоор хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн тусгайлсан зохицуулалт байгаа, гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байна. Шүүхэд 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Удлаа гэхэд 3 хонодог, баталгаат шуудангаас бол Улаанбаатар хот дотор бол 24-48 цагийн хооронд бүрэн хүргэгддэг. Баталгаат шуудангаар бол 10 хоногийн дотор хүлээн авна гэж байхгүй. Энэ талаар хэргийн баримтад ямар нэгэн нотлох баримт байхгүй, энэ талаар баримтаар нэхэмжлэгч талаас нотлоогүй. Надад хувийн хэрэг эх хувиар байгаа учраас Баян модот ХХК-аар үнэлгээг хийж тайлан гаргахдаа 240 м кв гээд гэрчилгээний тайланг үнэлэхэд шүүх дээр ирээд хүчингүй болгосон. 2019 оны үнэлгээ өөр, одоогийн үнэлгээ нь 2020 оны 9 дүгээр сарын үнэлгээгээр өөр байдаг. "Виннэр вэй" ХХК-аар 380 гаруй м кв талбайтай үнэлсэн гэж би харсан. 2019 оны зах зээлийн ханш өөр байдаг. Талбайн хэмжилт хийлгээгүй. Мэргэшсэн учраас зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Зах зээлийн хөрөнгийн үнэлгээг хэн нэгэн өмчлөгч шийдээд байдаг зүйл биш. Гэр хороололд байрладаг. Олон нийтийн газарт ойрхон обьект биш юм. Мэргэжлийн шинжээч бас өөрөө хэлэх байх. 1-рт, байршил, 2-рт барилгад орсон материалыг хардаг байх, 2019 оны зах зээлийн үнэлгээг 2020 онтой харьцуулж болох зүйл бишээ гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хайрхан 6 дугаар гудамж 26 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-3868 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талаас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хайрхан 6 дугаар гудамж 26 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-3868 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газарт 204.300.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон тайлан нь газар дээрх бодит хэмжээнд үндэслэгдээгүй, зөвхөн барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хэмжээг үндэслэж хийгдсэн, үнэлгээний дүн 204.300.000 (хоёр зуун дөрвөн зая гурван зуун мянга) төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон үнэлгээнд 1 ч төгрөгийн өөрчлөлт оруулалгүйгээр дахин тогтоосон нь миний эд хөрөнгийг дэндүү үнэгүйдүүлж, зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн гэж үнэлгээг эс зөвшөөрч,
эхлээд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад хэвээр үлдээхээр нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаад түүний хариуг шуудангаар авсан өдрөө шүүхэд 2020 оны 10 сарын 27-нд “Виннэр Вэй” ХХК-ийн 2020 оны 09 сарын 04-ны өдрийн Ш-9/1 тоот үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан хэмээн тайлбарлаж,
хариуцагч талаас эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хөрөнгийн үнэлгээг талууд зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд 7 хоногийн дотор гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тухай бүр нэхэмжлэгчид танилцуулж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол, хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол шийдвэрлэхийг хуулиар ялгамжтай зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гэж, 55.7-р болохоор хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах хуулийн тусгайлсан зохицуулалт байгаа, гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны 184/ШЗ2016/00107 дугаартай захирамжаар “Ашидтүвшин” ББСБ ХХКомпанийн өргөдөлтэй уригдсан тал Г.Мт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 102.508.240 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай хэрэгт өргөдөл гаргагч тал шаардлагаасаа 22.000.000 төгрөгийг татгалзаж,
талууд 75.000.000 төгрөгт эвлэрч, Г.Мт нар нь төлбөрийг, улсын тэмдэгтийн хураамж 15.000 төгрөгийн хамт 2017 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 264 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэсэн ба 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2017/10176 дугаар захирамжаар 184/ГХ2017/01145 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдож байна./хх 44-48/
Шүүхээс 01145 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж хувийн хэрэг нээж тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлбөр төлөгч Г.Мтэй уулзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар танилцуулж, шүүгчийн захирамжид заасан 75,000,000 төгрөгийн төлбөрөөс 72.315.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг мэдэгдэж, төлбөрийг 2017.11.07-нд УБ хотын банкны...тоот дансанд нэн даруй төлөх талаар танилцуулж тэмдэглэл үйлджээ./хх 49-52-54/
Хавтас хэргийн 176-178-р талд авагдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1454 дугаар магадлалаар...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/01033 дугаар шийдвэрээр Г.Мийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн үнэлгээ хийгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн гадаад орчны боломж гэдэгт үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой гэж тусгасан атлаа ижил төстэй байрлал бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгөд харьцуулалт хийхдээ энэ боломжийг харьцуулан үзээгүй нь үндэслэл муутай болжээ гэж дүгнэж, “Баянмодот” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2018-08 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Нийслэлийн Иргэний хэрэг давж заалдах шатны шүүхээс “Баянмодот” ХХК-иас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин ажиллагаа хийж, 2020 оны 08 сарын 26-ны 8/383 тоот тогтоолоор “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилсноор тус компаниас төлбөр төлөгч Г.Мийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хайрхан 6 дугаар гудамж 26 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-3868 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газарт 2020 оны 09 сарын 04-ний өдөр 204.300.000 төгрөгөөр үнэлгээ тогтоож, Ш-9/1 тоот дүгнэлтийг 2020.09.04-нд шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж, тайлан хүлээлцсэн баримт үйлдсэн,
тус үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгөд 204.300.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон болохыг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2020.09.07-ны өдөр танилцуулж тайлан, мэдэгдлийг гардуулан өгч, мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болох, энэ талаар бичгээр хариу ирүүлэх тухай мэдэгдсэн болох нь 4-132/32029, 4-132/32030 тоот мэдэгдлүүд, уг мэдэгдэлд төлбөр төлөгч, төлбөр авагч нар гарын үсэг зурсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ. /хх 52-109 /
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ”Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэсэн,
энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-д шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулж, үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч нар мөн хуулийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу ажиллагаа явуулахдаа хариуцагч тал хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.
Түүнчлэн төлбөр төлөгч Г.Мээс хөрөнгө үнэлсэн тайлан, мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах саналаа ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй,
Харин Г.Мээс 2020.09.07-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4-132/32030 тоот мэдэгдлийг хүлээн авч энэ үнэлгээ тогтоосон дүгнэлтэд гомдол гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2020.09.17-ны өдрийн 73 тоот тогтоолоор түүний гомдлыг хангахаас татгалзжээ. /хх110-111/
Нэхэмжлэгч Г.Мээс үнэлгээний тайлан мэдэгдэл хүлээн аваад эхлээд ахлах шийдвэр гүйцэтгэгчид, дараа нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаад түүний хариуг шуудангаар авсан өдрөө шүүхэд гомдол гаргасан гэж, түүний өмгөөлөгчөөс мэдэгдлийг шуудангаар 2020.10.19-ний өдөр гардаж аваад шүүхэд 26-ны өдөр хүргүүлсэн. Баталгаат шуудан 24-48 цагийн дотор өгдөг гэдгийг бид мэдэхгүй. Шүүх хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байгаа бол 38.6-р авах байхаа гэж тайлбарлав.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.М нь 2020.09.07-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4-132/32030 тоот мэдэгдлийг хүлээн аваад, үнэлгээг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2020.09.17-ны өдрийн 73 тоот тогтоолоор түүний гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн баримтууд хэргийн 110,111-р талд авагдсан боловч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлын хариуг 2020.10.19-нд авсан гэх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, тус шүүхэд 2020.10.27-ны өдрийн 09 цаг 32 минутад “үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” гомдлыг гаргасан байх тул нэхэмжлэгч талын дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл Г.М нь тухайн үед буюу 2021.09.17-нд үнэлгээний тайлантай танилцаж, өөрийнх нь өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн 204,300,000 төгрөг үнэлсэн байгааг мэдсэн хирнээ 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй сүүлд 2020.10.26-нд гомдол гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байгаа нь хууль зөрчжээ гэж шүүх дүгнэв.
Мөн мэдэгдлийг шуудангаар 2020.10.19-ний өдөр гардаж аваад шүүхэд 26-ны өдөр хүргүүлсэн. Баталгаат шуудан 24-48 цагийн дотор өгдөг гэдгийг бид мэдэхгүй.шүүх хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байгаа бол баримтуудыг 38.6-р авах байхаа гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх өөрийн санаачилгаар ажиллагаа хийхгүй, талуудын хүсэлтээр шийдвэрлэхийг хуулиар зохицуулсан.
Тэрээр Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ,түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар бол ахлах шийдвэр гүйцэтгэгч,ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж, үнэлгээний тайланг эс зөвшөөрвөл мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж тус тус зохицуулсан.
Дээрх хуулийн заалтаар бол эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо талууд үнэлгээтэй танилцсанаас хойш ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шууд 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар байна.
Иймд хариуцагч талын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол, хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол шийдвэрлэхийг хуулиар ялгамжтай зохицуулсан. хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах хуулийн хугацаа өнгөрсөн гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс нэхэмжлэгчийн үнэлгээний талаарх гомдол нь хуульд заасан 7 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэж ,гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгч Г.Мийн “Виннэр Вэй” ХХК-ийн 2020 оны 09 сарын 04-ны өдрийн Ш-9/1 тоот үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг 204.300.000 төгрөгөөр үнэлсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон үнэлгээнд 1 ч төгрөгийн өөрчлөлт оруулалгүйгээр дахин тогтоосон нь миний эд хөрөнгийг дэндүү үнэгүйдүүлж, зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлд тодорхой дүгнэлт өгөөгүй болно.
Нэхэмжлэгч талаас үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.
Иймээс нэхэмжлэгч Г.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШЗ2021/00579дугаар захирамжаар төлбөр төлөгч Г.Мт холбогдуулан гүйцэтгэгдэж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болохыг дурдав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч нараас үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр төлбөр авагч болох “ Ашидтүвшин“ ББСБ ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу шүүх үнэлэхдээ хэргийн 11-36-р талд нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй тул үнэлээгүй, бусад нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, гэж үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Мийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Г.Мийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хайрхан 6 дугаар гудамж 26 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-3868 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.