Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2021/00681

 

 

 

 

 

 

 

 

 

2021          03           16                                               184/ШШ2021/00681

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: М.Ө

Нэхэмжлэгч: А.Г нар

 

Хариуцагч: НШШГГ

 

“ Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж Г/46-Б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэлтэй 156 м.кв талбайтай  2 давхар үйлчилгээний  зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  нэгж талбарын 1864 дугаартай 52 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай  эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг, Сүхбаатар дүүргийн 22 дүгээр хороо, Шарга морьтод байрлах 2 давхар хувийн сууцыг, нэгж   талбарын 2273 дугаартай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг  тус тус хүчингүй болгуулах “ тухай   нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Үүлэнсолонго, Ш.Ганцэцэг, шинжээч Н.Цолмонгэрэл, Б.Эрдэнэбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ө, А.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01096 дугаар шийдвэрээр М.Ө, А.Г нараас 106,605,461 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж М.Ө, А.Г нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2303 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж байршилтай 156 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн хаягт байрлах нэгж талбарын 1864 дугаартай 52 м.кв газрыг 31,870,800 төгрөгөөр үнэлсэн, мөн эрхийн улсын бүртгэлийн нэгж талбарын 2273 дугаартай Сүхбаатар дүүрэг 22 дүгээр хороо, Шарга морьтод байршилтай 700 м.кв талбайтай газар, гэрчилгээгүй 2 давхар хувийн сууцыг 54.912.500 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон боловч шинжээч нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо ойролцоо ижил түвшний газар, хувийн сууц, үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан гэх боловч тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн ашиглалт, хотын төвд ашигтай байршил болон газар төлөвлөлтөд орсон зэргийг харгалзалгүйгээр үнийг тогтоож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж Г/46Б-д байршилтай 156 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн хаягт байрлах нэгж талбарын 1864 дугаартай 52 м.кв газрыг 31,870,8000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон эрхийн улсын бүртгэлийн нэгж талбарын 2273 дугаартай Сүхбаатар дүүрэг 22 дүгээр хороо, Шарга морьтод байршилтай 700 м.кв талбайтай газар, гэрчилгээгүй 2 давхар хувийн сууцыг 54.912.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаатай холбоотой бус, хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Хөрөнгийн үнэлгээ нь яагаад бодит байдлаас доогуур үнэлж, нэхэмжлэгч нарын хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Цолмонгэрэлийн үнэлсэн үнэлгээний зорилго нь захиалагч зээлийн үнэ цэнийг тодорхойлох гэсэн боловч зах зээлийн 3 хандлагаар үнэлэхдээ орлогын, зах зээлийн, өртгийн гэх 3 хандлагаас зах зээлийн болон өртгийн хандлагаар үнэлсэн. Эцсийн дүгнэлтийг гаргахдаа зах зээл болон өртгийн хандлагын дундажаар үнэлж газрын үнэ цэнийг тодорхойлсон. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн болон өртгийн хандлагын дундажаар бодсон нь үндэслэлгүй юм. Файн- Эстимэйт ХХК-ийн гэрчилгээн дээр үйл ажиллагааны хувьд гадаад худалдааны чиглэлтэй ба хөрөнгийн үнэлгээ гаргаж байгаа нь эрх хэмжээний хүрээнд бус, компанийн  дүрмээс гадуур үнэлгээ хийсэн. Мөнх оргил трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар бол Сүхбаатар дүүргийн 21 дүгээр хороо, цагдаагийн гудамжинд байрлалтай, 156 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгө тус хаягт байрлалтай 52 м.кв талбайтай үнэлгээний хувьд 31,870,800 төгрөг. Анх дээрх хөрөнгүүдийг ХААН банканд барьцаанд тавьж зээл авсан боловч ХААН банкнаас дээрх хөрөнгүүдийг 65 сая төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн хандлагаар 61 сая төгрөг, өртгийн хандлагаар 31 сая төгрөг үнэлгээ гардаг. Үнэлгээ асар зөрүүтэй байгаа нь нэхэмжлэгч талын эрхийг хохироож байна. “Мөнх оргил трейд” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь  зах зээлийн ханшаас доогуур нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн дүгнэлт гаргасан. Үнэлгээ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Өртгийн хандлагаар үнэ цэнэд 100 хувь ач холбогдол өгсөн гэж ярьдаг. Газар болон үл хөдлөх эд хөрөнгийг ялгаагүй нь шинжээч амаар 40 сая, 20 сая төгрөг гэж хэлчихлээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол байхгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан зах зээлийн болон өртгийн хандлагыг тайланг харьцуулаад үзээч ээ гэж бодож байна. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн дүгнэлтүүд гараад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 2016.18.03-ны өдөр вакум цонхны зориулалтын үйл ажиллагаа явуулахаар түрээсэлж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хангаж өгнө үү гэв.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01096 дугаар захирамжаар Мөнхбаярын Өсөхбаяр, Адилбишийн Гэрэлмаа нараас 106.950.950 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч үүргийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаартай Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж Г/46Б-Д байршилтай 156 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1864 дугаартай 52 м.кв газар, нэгж талбарын 2273 дугаартай Сүхбаатар дүүрэг 22 дүгээр хороо, Шарга морьтод байршилтай 700 м.кв талбайтай газар, гэрчилгээгүй 2 давхар хувийн сууцыг албадан худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч М.Ө, А.Г төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаартай Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж Г/46Б-Д байршилтай 156 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1864 дугаартай 52 м.кв газрыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18270308/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 18270308/4 дугаар хураах тогтоолоор хураасан. Нэгж талбарын 2273 дугаартай Сүхбаатар дүүрэг 22 дүгээр хороо, Шарга морьтод байршилтай 700 м.кв талбайтай газар, гэрчилгээгүй 2 давхар хувийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18270308/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 18270308/5 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж Г/46Б-Д байршилтай 52 м.кв газар, 156 м.кв талбайтай ажлын байрыг 31.870.800 төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг 22 дүгээр хороо, Шарга морьтод байршилтай 700 м.кв талбайтай газар, 2 давхар сууцыг 54.912.500 төгрөгөөр үнэлсэн.Дээрх үнэлгээний тайланг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний тайлан мэдэгдлийг төлбөр төлөгч А.Гг дуудан ирүүлж, М.Өт дамжуулж мэдэгдэхээр хүлээн авсан. Мөн өмчлөгч Ж.Мөнхбаяр, М.Номин-Эрдэнэ нарын оршин суугаа хаягаар очиж өмчлөгч Ж.Мөнхбаярт гардуулж, өмчлөгч М.Номин-Эрдэнэд дамжуулж мэдэгдэхээр хүлээн авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүлэнсолонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Нэхэмжлэгч М.Ө, А.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.    Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.10-ны өдрийн 1096 дугаар захирамжаар М.Ө, А.Г нараас 106,950,950 төгрөгийг гаргуулж Хаан банканд олгож, хариуцагч үүргийг эс биелүүлбэл дараах үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах ёстой гээд манайд даалгаж шийдвэрлэсэн байдаг... Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас 2018.02.26-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөрийг сайн дураар биелүүлэх тухай хугацаатай мэдэгдэх хуудас төлбөр төлөгчид гардуулсан.Тогтоосон хугацаанд төлбөр төлөгч нар шийдвэрийг биелүүлээгүй. Шийдвэрт нэрлэн заасан барьцааны хөрөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаа явуулахдаа А.Гг байлцуулан, мөн М.Өт дамжуулан мэдэгдсэн, төлбөр төлөгч болон авагч нар харилцан тохиролцоогүй учраас хөрөнгөд тус тусад нь шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний тайланг гаргуулсан. 2020.10.02-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч А.Гд тайланг танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн.Нэхэмжлэгч талаас гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланд хэд хэдэн зүйлийг ярьж байна. Манайд авагдсан баримтаар шинжээчийн тусгай зөвшөөрлийг нотлох баримтаар авагдсан. Файн-Эстимэйт ХХК нь хөрөнгө үнэлэх, бизнесийн зөвлөгөө өгөх, баталгаа зориулалт болон үнэт цаасны зах зээлд үнэлгээ хийх зэрэг  үйл ажиллагааны чиглэлийг явуулдаг. Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээ авагдсан. Хаан банк анх барьцаанд авахдаа 65 сая төгрөгөөр үнэлсэн, барьцаат зээлийн гэрээ нь 2014 оных байдаг. Тухайн үе болон өнөөдрийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш өөр .Элэгдэл, хорогдол тооцогддог. Тайлан дээрээ дэлгэрэнгүй тусгагдсан. Дахин төлөвлөлтөд орсон үнэ ханш өсөх магадлалтай ч гэдэг юм уу тийм байдлаар шинжээч тайлан гаргаж манайд ирүүлээгүй. Одоо үүнийг амаар тодорхойлох боломж байхгүй. Ойр байршилтай, ижил м.кв талбайтай харьцуулж тогтоосон байдаг. Сая асуусан 2 шинжээч обьектуудын талаар шинжээчийн дүгнэлтийг хангалттай ярьсан учраас нэмж ярих шаардлагагүй. Нэхэмжлэгч талаас үйлдвэр үйлчилгээний зориулалттай, сарын 2 сая төгрөгийн түрээсийн төлбөр олж байсан гэж хэлээд байна. Магадгүй орлого олоод байсан бол шийдвэр гүйцэтгэлийн төлбөрөө тухайн үедээ төлөхгүй яасан юм бэ, 2021.03.16-ны өдөр хүртэл 106 сая төгрөгөөс 100 төгрөг ч төлөгдөөгүй. 100 айл гэдэг зүйл ярихаар юу буудаг вэ гэхээр барилгын материалын дэлгүүр байдаг. Яг байршлыг харахаар дэд бүтэц хөгжөөгүй газар байдаг. Жижиг талбайтай, 156 м.кв талбайд ийм зохион байгуулалттай ижилхэн  бариад харьцуулах обьект байхгүй. Шинжээч тайландаа маш сайн тусгаж өгсөн. 2014 онд ХААН банктай тохиролцоод, 2014 онд  өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байсан байж болно, гэтэл өнөөдөр 2020.10.02-ны өдрийн байдлаар ашиглалт байгаагүй, үйл ажиллагаа явуулаагүй учраас чанар муудаж,ус гоожсон байдалтай болсон байх.Хэрвээ хүн эзэмшээд, ашиглаад байсан бол  одоо шиг нар, сар гэрэлтээд байж байхгүй л байсан байх. Өмчлөгч өөрөө өмчлөлдөө хайхрамжгүй хандсан байна. Өөрийнхөө хайхрамжгүй хандсан байдалдаа гомдох хэрэгтэй. 2018.02.26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн боловч хаягтай байхгүй байсан учраас эрэн сурвалжилж байж олсон байдаг. Иймд хөрөнгийн үнэлгээ хуульд заасан журмаар, зах зээлийн ханштай нийцэж хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Ө, А.Г нараас  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “ Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж Г/46-Б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэлтэй 156 м.кв талбайтай  2 давхар үйлчилгээний  зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  нэгж талбарын 1864 дугаартай 52 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай  эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг, Сүхбаатар дүүргийн 22 дүгээр хороо, Шарга морьтод байрлах 2 давхар хувийн сууцыг, нэгж   талбарын 2273 дугаартай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг  тус тус хүчингүй болгуулах “ тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

          Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

              Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

          тус шүүхийн шүүгчийн 2017 оны  05 дугаар сарын 10-ны 184/ШШ2017/01096 дугаартай захирамжаар “ХААН банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Ө, А.Г нарт  холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт  106,605,461 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах” тухай иргэний хэрэгт Зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож

шийдвэрлэсэн ба   2018 оны 01 сарын 31-ны өдрийн 184/ШЗ2018/01403 дугаар захирамжаар  153  тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь нотлогджээ.

 

            Шүүхээс 153 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газраас 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж хувийн хэрэг нээж, тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс  2018.09.05, 12 сарын 24-ны өдөр төлбөр төлөгч М.Өтай уулзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар танилцуулж, тэмдэглэл үйлдсэн, шүүгчийн захирамжид заасан 107.130.950 төгрөгийн төлбөрийг  2022.01.02-нд Төрийн  банкны...тоот дансанд нэн даруй төлөх талаар мэдэгдэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан ба 

           барьцаа хөрөнгө болох  Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж Г/46-Б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэлтэй 156 м.кв талбайтай  2 давхар үйлчилгээний  зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  нэгж талбарын 1864 дугаартай 52 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай  эзэмших эрхтэй газар, Сүхбаатар дүүргийн 22 дүгээр хороо, Шарга морьтод байрлах 2 давхар хувийн сууцыг, нэгж   талбарын 2273 дугаартай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газрыг 2020.01.14-ны өдрийн 1827038/02 тоот  18270308/03 тоот тогтоолоор тус тус    битүүмжилж,  төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлсэн, 2020.09.16-нд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн 18270308/4 тоот,18240308/5 тогтоолоор хураах ажиллагаа хийж, тэмдэглэл үйлдэж, мэдэгдэл хүргүүлжээ. /хх 46-76/  

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ”Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэсэн,

        энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т ”Үнэлгээг талууд ,өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-д шинжээчээр үнэлүүлнэ гэж  тус тус заажээ.   

              Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  төлбөр авагч ХААН банкны хүсэлтээр  2020 оны 09 сарын 28-ны өдрийн  тогтоолоор  Сүхбаатар дүүргийн 22 дүгээр хороо, Шарга морьтод байрлах 2 давхар хувийн сууцыг, нэгж   талбарын 2273 дугаартай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газрын үнэлгээг тогтоолгохоор “Файн-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсноор тус компаниас   2020 оны 10 сарын 02-ны өдөр   газар эзэмших эрхийг 12.660.000 төгрөгөөр, хувийн сууцыг 42.252.500 төгрөгөөр нийт 54.912.500 төгрөгөөр үнэлгээ тогтоож, дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж,тайлан хүлээлцсэн баримт үйлдсэн /хх 79-106/,

             мөн 2020 оны 09 сарын 25-ны өдрийн  тоот тогтоолоор  Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж Г/46-Б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэлтэй 156 м.кв талбайтай  2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1864 дугаартай 52 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай  эзэмших эрхтэй газрын  үнэлгээг тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр  томилсноор тус компаниас   2020 оны 10 сарын 02-ны өдөр   газар эзэмших эрх болон  барилгыг нийтэд нь өртгийн хандлагын үнэлгээгээр 31.870.800 төгрөгөөр үнэлгээ тогтоож, дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж,тайлан хүлээлцсэн баримт үйлджээ.  /хх 107-142/,

          Тэрээр дээрх  үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс “Файн-Эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг нийт 54.912.500 төгрөгөөр, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн  31.870.800 төгрөгөөр  үнэлгээ тогтоосон тайланг  2020.10.02, 2020.10.05-нд төлбөр төлөгч М.Ө, А.Г, төлбөр авагч ХААН банкинд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт  тус тус  танилцуулан, 4-132/36040 тоот,4-132/36346, 4-132/36348,  4-132/36349  тоот  мэдэгдэл, тайланг гардуулан өгч, мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болох энэ талаар бичгээр хариу ирүүлэх тухай   мэдэгдсэн  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ. /хх146-145/

 

          Түүнчлэн төлбөр төлөгч М.Ө, А.Г нар хөрөнгө үнэлсэн тайлан, мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар  өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах  саналаа ирүүлээгүй, үнэлгээний талаарх гомдлыг  2020.10.09-ны өдөр хуульд заасан 7 хоногийн дотор шүүхэд гаргажээ.

    Нэхэмжлэгч талаас: иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгө битүүмжлэх, хураасан  ажиллагааны  талаар маргаагүй, зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн шинжээчийн үнэлгээнд маргаж гомдол гаргасан,

   хариуцагч талаас  хөрөнгийн үнэлгээ хуульд заасан журмаар, зах зээлийн ханштай нийцэж хийгдсэн гэж маргадаг.

                      

            Шинжээч “ Файн-Эстимэйт” ХХК-иас Сүхбаатар дүүргийн 22 дүгээр хороо, Шарга морьтод байрлах 2 давхар хувийн сууцыг, нэгж талбарын 2273 дугаартай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газрын үнэлгээг тогтоохдоо газар эзэмших эрхийг 12.660.000 төгрөгөөр, хувийн сууцыг  42.252.500 төгрөгөөр нийт 54.912.500 төгрөгөөр үнэлгээ тогтоосон,

           мөн  Мөнх-Оргил трейд” ХХК-иас  2020 оны 09 сарын 25-ны өдрийн  тоот тогтоолоор  Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж Г/46-Б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэлтэй 156 м.кв талбайтай  2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1864 дугаартай 52 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай  эзэмших эрхтэй газрын  үнэлгээг нийтэд нь өртгийн хандлагын үнэлгээгээр 31.870.800 төгрөгөөр  тус тус үнэлгээ тогтоожээ. /хх107-142/

         Шүүхээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Файн-Эстимэйт” ХХК болон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан, үнэлгээний тайланг төлбөр төлөгч,төлбөр авагч, эд хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдэж  иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

         Тухайлбал “Файн-Эстимэйт” ХХК болон “Мөнх-Оргил трейд” ХХК нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд  үнэлгээ тогтоохдоо  зах зээлийн харьцуулан жиших аргыг сонгож авахдаа ижил төсөөтэй хөрөнгө, эд зүйлс худалдаалах тухай мэдээллийг ашигласан, тоо, баримт, мэдээнд нарийвчлан судалгаа хийж зах зээлийн үнэ ханш, үнэлж буй газартай ойр байршилд, үнэлгээний өдрийн ойролцоо арилжаалсан байгаа арилжааны мэдээллийг жишиг үнийн мэдээллээр сонгон авсан болох нь үнэлгээний тайлан, тайланд хавсаргасан баримтууд болон шинжээч Б.Эрдэнэбаатар, Н.Цолмонгэрэл нарын  шүүх хуралдаанд тодорхой тайлбарлаж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдов.

          Дээрх шинжээч нарын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтүүд нь  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дах заалтад нийцсэн  байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шүүх үнэлэв.      

          Хавтаст хэрэгт  түрээсийн гэрээ авагдсан ба тус гэрээгээр Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж Г/46-Б тоот хаягт байрлах 156 м.кв талбайтай  2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015.02.20-ноос 2017.06.20-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай, вакум цонхны үйлдвэрлэлийн зорилгоор , сарын 2,000,000 төгрөгөөр  түрээслэхээр 2016.18.03-нд эд хөрөнгийн өмчлөгч гэх Ж.Мөнхбаяр нь Ц.Ганбаттай гэрээ байгуулсан ба уг гэрээг үндэслэн нэхэмжлэгч талаас тухайн эд хөрөнгийг 2017 онд түрээслэн ашиг болж байсан  гэж тайлбарладаг.

           Гэвч энэ үл хөдлөх эд хөрөнгөд  2020.10.02-нд “Мөнх-Оргил трейд” ХХК зах зээлийн үнэлгээ гаргахад тухайн объект нь вакум цонхны үйлдвэрлэл явуулах болон бусад ямар нэгэн байдлаар ашиглалт байгаагүй, үйл ажиллагаа явуулаагүй, барилгын дотор, гаднах байдлын чанар муудаж, ус гоожсон, хаалганы дээд талын тоосго, шавар ховхорч унасан зэргээс үзэхэд нэхэмжлэгч талын ашиг олж байсан гэх дээрх тайлбар няцаагдаж байна.

        Нэхэмжлэгч талаас “Файн-Эстимэйт” ХХК болон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн  үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ бодит байдлаас доогуур үнэлж, нэхэмжлэгч нарын хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч гомдлын үндэслэлээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно. 

          Иймд нэхэмжлэгч М.Ө, А.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

                  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч нараас   бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр  төлбөр авагч болох  ХААН банк  ХХК-ийг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хүсэлт  гаргаагүй болохыг дурдав.

         Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу  үнэлэхдээ   хэргийн 7-12 -р талд авагдсан нэхэмжлэгчийн ирүүлсэн нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй тул үнэлээгүй, бусад нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж  үнэлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ө, А.Г нарын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  70200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  185 дугаар зүйлийн 185.2.3, 186, 188, 122 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон                                                                                            

 ТОГТООХ нь:

 

           1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан М.Ө, А.Г нарын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “ Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Цагдаагийн гудамж Г/46-Б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэлтэй 156 м.кв талбайтай  2 давхар үйлчилгээний  зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  нэгж талбарын 1864 дугаартай 52 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай  эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг, Сүхбаатар дүүргийн 22 дүгээр хороо, Шарга морьтод байрлах 2 давхар хувийн сууцыг, нэгж   талбарын 2273 дугаартай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг  тус тус хүчингүй болгуулах “ тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  М.Ө, А.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 122 дүгээр зүйлийн 122.4,122.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОЮУНЖАРГАЛ