Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2024/0027

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Улсын яллагч                                          Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          С.Нарангэрэл

Шүүгдэгч                                      Ц.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Жавзандуламаар хөтлүүлж, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б-т холбогдох 2339002690461 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Toyota vanguard маркийн 2840БРА улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.11 дэх хэсэгт заасан  энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явахыг...хориглоно. мөн дүрмийн 3.7а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж,   замын хөвөө хэсэгт  зогсож байсан 22-98 ДГН улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины араас мөргөж, уг автомашин дотор зорчиж явсан Н.Т-ийн биед хүзүүний 4 дүгээр нугалмын их бие, баруун хөндлөн сэртэн, үений сэртэнгийн хугарал, доод уруулд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол, Э.Ч биед цээжний баруун хөндийд цусан хураа, зүүн эгэм ясны хугарал, зүүн шанаанд шарх, нурууны зүүн доод хэсэгт цус хуралт бүхий хүнд хохирол, М.Б биед дэлүүний урагдал, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн няцрал, хэвлийн хөндий дэх цусан хураа, баруун суудал ясны хугарал, зүүн гуяны дотор дунд хэсэг, шилбэ, баруун гуяны гадна дунд хэсэг, баруун бугалганы гадна доод хэсэгт цус хуралт бүхий  хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны үед өгсөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-19 хуу/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэт нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 20 хуу/ жолоочийн лавлагаа /хх-ийн 168/ хохирогч М.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27, 216-217 хуу/  хохирогч Н.Т-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43  хуу/ хохирогч Э.Ч өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48, 212-213 хуу/ иргэний нэхэмжлэгч ******* өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/  Н.Т-ийн биед хүзүүний 4-р нугалмын их бие, баруун хөндлөн сэртэн үений сэртэнгийн хугарал, доод уруулд язарсан шарх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах тухай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8237 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-67 хуу/ хохирогч Э.Ч биед цээжний баруун хөндийд цусан хураа, зүүн эгэм ясны хугарал, зүүн шанаанд шарх, нурууны зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тухай ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73 хуу/ хохирогч М.Б биед дэлүүний урагдал, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн няцрал, хэвлийн хөндий дэх цусан хураа, баруун суудал ясны хугарал, зүүн гуяны дотор дунд хэсэг, шилбэ, баруун гуяны гадна дунд хэсэг, баруун бугалганы гадна доод хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тухай ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79 хуу/,  Pruis 20 маркийн 28-40 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 12.900.000 төгрөг тухай хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Ц-545 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104-107 хуу/ ******* аймгийн Политехникийн коллежийн авто онол, замын хөдөлгөөний дүрмийн багш Г.Пүрэвдоржийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112-113  хуу/ авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 145, 232 хуу/ хохирогч Э.Ч, М.Б нарын гаргасан “эмчилгээний зардал 7.050.000 төгрөгөөс 4.050.000 төгрөгийг 2023 оны 06-р сард үлдэх 3.000.000 төгрөгийг 2023 оны 08-р сарын 24-ний өдөр тус тус төлж барагдуулсан учир талууд харилцан тохиролцож эвлэрсэн болно. Э.Ч, М.Б нарт өөр ямар нэгэн гомдол санал байхгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй болно ” гэх хүсэлт /хх-ийн 150 хуу/ хохирогч Н.Т-ийн гаргасан “авто  машинд учирсан хохирол болох 12.900.000 төгрөг, авто машины үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 150.000 төгрөг, нийт 13.050.000 төгрөгийг 2023 оны 08-р сарын 25-ны өдөр төлж барагдуулсан, ямар нэгэн гомдол санал байхгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй болно гэх хүсэлт /хх-ийн 153 хуу/ 2298 ДГН улсын дугаартай Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгсэл  2022.07.01-ний өдөр зээлийн үлдэгдлийг хааж зээлийн гэрээ үүрэг дууссан нь үнэн болно. Манай байгууллагаас ямар нэгэн санал нэхэмжлэх зүйл байхгүй тухай  Бэрс Финанс ББСБ-ын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 51/03/1000 дугаартай албан тоот /хх-ийн 235 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

 Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Т нь “авто  машинд учирсан хохирол болох 12.900.000 төгрөг, авто машины үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 150.000 төгрөг, нийт 13.050.000 төгрөгийг 2023 оны 08-р сарын 25-ны өдөр төлж барагдуулсан, ямар нэгэн гомдол санал байхгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй болно гэх хүсэлт /хх-ийн 153 хуу/ гаргасан,

Хохирогч Э.Ч,  М.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Ч,  М.Б нар нь “эмчилгээний зардал 7.050.000 төгрөгөөс 4.050.000 төгрөгийг 2023 оны 06-р сард үлдэх 3.000.000 төгрөгийг 2023 оны 08-р сарын 24-ний өдөр тус тус төлж барагдуулсан учир талууд харилцан тохиролцож эвлэрсэн болно. Э.Ч, М.Б нарт өөр ямар нэгэн гомдол санал байхгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй болно ” гэх хүсэлт /хх-ийн 150 хуу/ гаргасан,

2298 ДГН улсын дугаартай Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгсэл  2022.07.01-ний өдөр зээлийн үлдэгдлийг хааж зээлийн гэрээ үүрэг дууссан нь үнэн болно. Манай байгууллагаас ямар нэгэн санал нэхэмжлэх зүйл байхгүй тухай  Бэрс Финанс ББСБ-ын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 51/03/1000 дугаартай албан тоот /хх-ийн 235 хуу/ гаргасан  байх тул шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Б нь хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх  прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны  өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байна.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Б-ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2339007690461 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй  болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч Ц.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад  заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй

5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээс бусад тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ