Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 


 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


            Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж, 
     Улсын яллагч:  П.Ганбаатар
     Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, Н.Энхжаргал   
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
              Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ёндонжамцын Отгонтөгс, Жонгоор овогт Дагвадоржийн Ганбат нарт холбогдох 201703000036 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багт хавирга гэх газар амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийгтэлгүй Боржигон овогт Ёндонжамцын Отгонтөгс РД:АН89011416

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэцэрэг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Жонгоор овогт Дагвадоржийн Ганбат РД:АН77022017

Шүүгдэгч Ё.Отгонтөгс, Д.Ганбат нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 31-ээс 2017 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл  хүндэтгэн Г.Мөнхбаатар, Ш.Баатархүү нарт хүч хэрэглэн зодож Г.Мөнхбаатарын биед хөнгөн гэмтэл учруулж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Ё:Отгонтөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч нараас өөрийн биеэр очиж уучлалт гуйсан. Хохирол төлбөрөө бэлэн мөнгө өгч барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  

Эрүүгийн 201703000036 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Г.Мөнхбаатарын өгсөн: 

“...2016 оны 12 дугаар сарын 31-ний орой Цэцэрлэг сумын төвд хөдөөнөөс орж ирээд сумын соёлын төвд тоглолт үзээд сумын төвд байдаг өөрийн төрсөн ах Содбаатарын гэрт ирж унд уугаад сууж байсан. Тэгээд Содбаатар гэр бүлийн хамт айлд очоод ирье гээд байсан би айлд очихгүй гээд гэрт нь ганцаараа үлдсэн. Тэгээд би нэг айлд очъё гэж бодоод орой 22 цагийн үед Содбаатар ахын гэрээс гараад явсан хашааны гадна талд Баатархүү ахтай тааралдаад гудамж уруудаад явж байтал гудамжний үзүүрт 4 эрэгтэй хүн зогсож байсан. Тэгснээ 2 эрэгтэй хүн цаашаа яваад өгсөн 2 эрэгтэй залуу нь миний шанаа руу гараараа нэг удаа цохиж аваад Баатархүү ахын нүүр рүү бас нэг удаа цохиж авсан. Би цохиулсандаа гайхаад яаж байгаа юм бэ гэж асуутал та 2 хаанахын хүмүүс юм бэ гэж Отгонтөгс асуусан. Баатархүү ах Өлзийт сумынх, би Цэцэрлэг сумынх гэж хэлтэл Отгонтөгс миний цээж рүү гэнэт гараа атгаж байгаад нэг удаа цохиж авахад нь би газарт уначихсан. Тэгтэл Баатархүү ах зугтаагаад гүйсэн. Араас нь Отгонтөгс гүйгээд гудамжний үзүүрт бариад авчихсан. Миний хажууд Ганбат зогсож байсан бөгөөд Отгонтөгс Баатархүү ахыг барьчихаад намайг хүрээд ир гэж дуудсан. Би яваад очтол Отгонтөгс миний цээж рүү гараараа нэг удаа шалтгаангүй цохиод авсан би халтираад газарт уначихаад босох гэтэл нүүр рүү нэг хүн өшиглөчихсөн. Би хэнд өшиглүүлсэнээ мэдээгүй. Нүдээ дараад толгойгоо бариад хэвтэж байтал хөмсөгнөөс цус ихээр гараад байсан. Тэгтэл Ганбат миний толгойны ар хэсэг, дагз орчимд хөлөөрөө нэг удаа хүчтэй өшиглөж авсан. Би газраас босч чадахгүй нүд болон дагзаа бариад хэвтээд байсан. Тэгтэл нэг хүн миний зүүн хавирга орчимд нэг удаа өшиглөж авсан. Би яг хэн өшиглөж байгааг нь хараагүй. Тэгээд би өөрөө арай гэж бостол Отгонтөгс намайг Баатархүү ахын хамт хашааны буланд очиж зогс та 2 цэрэгт явсан уу гээд номхон зогс, зэрэгц дундаа гээд командлаад байсан. Тэгээд Ганбатыг Баатархүү ахын урд зогсоож байгаад Отгонтөгс нь Баатархүү ах бид хоёрын цээж рүү гараараа ээлжлээд 4-5 удаа цохиж авсан. Тэгтэл Пүрэвсүрэн гарч ирээд Отгонтөгсийг болиоч наад 2 хүнээ аймар болгосон байна шдээ гэж хэлтэл Отгонтөгс Пүрэвсүрэн рүү дайрсан. Тэгтэл Пүрэвсүрэн Отгонтөгсийг нэг удаа хавирч унагаад Баатархүү ах бид хоёрыг гэртэй оруулсан. Би Пүрэвсүрэнгийн гэрт орж цусаа тогтоогоод маргааш өглөө нь сумын эмнэлэг орж хөмсгөн дээрээ 2 оёдол тавиулсан. Миний толгой дагз орчмийг халцартал өшиглөсөн байсан. Тэр гэмтлийг Ганбат учруулсан би Ганбатыг өшиглөж байхыг маш сайн харсан. Хөмсөг задарсан тэрийг Отгонтөгс намайг газарт унасан байхад өшилөж учруулсан байх гэж бодож байгаа. Баруун талын шанаа өвчин орж хүндүүр болсон байсан. Тэрийг Отгонтөгс цохиж учруулсан. Зүүн талын хавирганууд өвчтэй болсон байсан тэрийг Отгонтөгс, Ганбат хоёрын хэн ч учруулсан байж магадгүй. Би доошоо тонгойгоод хэвтчихсэн байсан. Одоо миний хөмсгөнд хийлгэсэн оёдол бүрэн эдгэрч өгөхгүй хатгаж өвдөөд байгаа. Бас толгой байнга шахам өвдөж байгаа. Намайг сумын эмч хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн боловч би хэвтэж чадахгүй бичиж өгсөн эмийг нь уугаад явж байгаа. Баатархүү ахыг Отгонтөгс цохиж аваад газарт унасан байхад нь Отгонтөгс өшиглөж толгойн орой хэсэгт нь халзалсан байсан. Бас Ганбат нь Баатархүү ахыг газарт унасан байхад нь толгой руу нь өшиглөж зодсон. Отгонтөгс нь Баатархүү ах бид хоёрыг ээлжлээд гараараа цохиж зодоод байсан. Тэгээд Отгонтөгс нь Баатархүү ах бид хоёрыг Ганбатаар ээлжлүүлэн цохиулаад байсан. Ганбат нь Отгонтөгсийн хэлснээр Баатархүү ах бид хоёрыг дуртай зодоод байсан. Би яагаад зодуулах болсоноо мэдэхгүй байна. Ямар ч шалтгаангүй явж байгаад шууд Отгонтөгс Баатархүү ах бид хоёрыг цохиод зодож эхэлсэн. Баатархүү ах бид 2 Отгонтөгсөөс айгаад ганц ч удаа урдаас нь эсэргүүцэж зодолдоогүй. Отгонтөгс, Ганбат нар хоёулаа тасарчихсан юугаач мэдэхгүй байсан. Маргааш өглөө нь би Отгонтөгсийн гэрт нь очиж уулзах гэтэл намайг зодсоноо мэдэхгүй байсан. Тийм болохоор би Отгонтөгс, Ганбат нарыг тасарчихсан байсан гэдгийг мэдсэн. Би тухайн үед эрүүл байсан. Баатархүү ахыг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Зүгээр явж байгаад зодуулсан. Одоо миний толгой өвдөж байгаа би хот руу явж толгойны нарийвчилсан зураг авахуулж оношлуулмаар байна. одоогоор мөнгөгүй байгаа болохоор зургаа авахуулж чадахгүй байна. Би 500.000 төгрөг нэхэмжлнэ. Уг мөнгөөр би хот явж нарийн шинжилгээ өгмөөр байна. Намайг газар нүүрээ дараад цустайгаа хутгалдаад хэвтэж байхад Отгонтөгс нь энэ хоёрыг буудчихъя чи яаваад винтов буу аваад ир гэж хэлсэн. Тэгтэл Ганбат нь гудамжний дээд хэсэг рүү гүйгээд буцаж ирсэн. Тэгтэл Отгонтөгс дахин буу аваад ир гэж хэлтэл Ганбат дахиж дээшээ гүйгээд буцаж ирж байсан. Би тухайн үед буу авч ирээд буудах байх гэж их айсан бөгөөд Отгонтөгст бид хоёр чамайг яасан юм бэ гэж асуутал буудахгүй хутгалж ална гээд заналхийлээд байсан.
Би сандарсандаа зарим нэг зүйлийг урд хойно нь оруулж мэдүүлсэн байсан. Отгонтөгс, Ганбат ах 2 надаас уучлалт гуйж миний эмчилгээний мөнгийг надад бүрэн өгсөн. Би одоо ямар нэгэн гомдол саналгүй болсон. Хэрэг болох үед Отгонтөгс нь Баатархүү бид хоёроос гал асуусан гэсэн би гал асууж байхыг нь сонсоогүй байсан бөгөөд Баатархүү ах гал гаргаж өгсөн гэсэн. Би Баатархүү ахын урд талд явж байсан бөгөөд Отгонтөгс нь Баатархүү ахаас хаанахынх юм бэ гэж асуухаар нь Өлзийт сумынх гэж хэлж байсан. Тэгээд надаас Отгонтөгс ах хаанахынх юм бэ гэж асуухаар нь Цэцэрлэг сумынх гэж хэлтэл Отгонтөгс ах Баатархүү ах бид хоёрыг цохиж зодсон. Би өмнө мэдүүлэг өгөхдөө тулгамдаад болсон үйл явдалаа урд хойно нь оруулаад ярьчихсан байсан. Баатархүү ахтай уулзаж ярилцаад болсон зүйлсээ санаж дахин мэдүүлэг өгч байна. Баатархүү ахын эхэлж цохиж авсан. Дараа нь намайг цохиж авсан. Отгонтөгс ах эхлээд миний шанаа руу цохиж авсан. Ганбат ахтай огт уулаагүй байж байгаад Отгонтөгстэй хамт явж байхад нь тааралдаж Баатархүү ах бид 2 зодуулсан.  Гадаа харанхуй байсан бөгөөд гадаа харанхуйд 4 хүн байж байгаад 2 нь цаашаа явчих шиг болсон. Отгонтөгс ах хэлэхдээ гурвуулаа байсан гэж яриад байсан. Баатархүү ах бид хоёрт цаашаа явсан хүн нь хоёр хүн байх шиг л харагдсан. Гэхдээ гадаа харанхуй байсан болохоор андуурсан байж магадгүй бараан юм цаашаа яваад алга болчихсон. Тийм болохоор Отгонтөгс ахын хэлснээр  3 хүн байсан байх гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 18 дугаар тал/

* Хохирогч Ш.Баатархүүгийн өгсөн: 

    “...2016 оны 12 сарын 31-ний орой Цэцэрлэг сумын соёлын төвд болсон концертыг үзэх гэж хөдөөнөөс орж ирээд зүс таних нэрийн мэдэхгүй ахтай тааралдаж 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад салсан тэгээд сумын соёлын төвд болсон тоглолтыг үзчихээд гартал миний найз Пүрэвдулам намайг гэртэй ирж цай уу гэж хэлсэн. Би сумын төвөөр явж байгаад Пүрэвдуламын гэрт очих гээд явж байгаад Мөнхбаатар гэх залуутай тааралдаж танилцсан. Тэгээд Пүрэвдуламын гэр рүү явж байтал 4 залуу гудамжинд байж байгаад 2 залуу нь цаашаа яваад 2 залуу нь Мөнхбаатар бид хоёртой тааралдсан. Тэгээд нэг залуу нь тамхи асаагаад өгчих гэж хэлсэн би галаа гаргаж ирээд тамхийг нь асааж өгөөд нэг тамхилчих гэж хэлтэл Отгонтөгс гэх залуу надаас тамхи авдаг хэн бэ чи хаанахынх юм бэ гэж хэлсэн. Би Өлзийт сумынх гэж хэлтэл Мөнхбаатарыг чи хаанахынх юм бэ гэж асуусан Мөнхбаатар би Цэцэрлэг сумынх гэж хэлтэл Цэцэрлэг суманд та 2 шиг ийм залуу байхгүй гэж хэлээд Ногоон өөлдүүд гэж хэлээд миний толгой руу хэд хэдэн удаа цохиж авсан тэгээд Мөнхбаатарыг бас цохиж аваад өшиглөж зодоод байх шиг байсан би эсэргүүцэх гээд дийлэхгүй болохоор зугтаагаад гүйсэн. Би найз Пүрэвдуламын хашааг өнгөрч яваад буланд ороод нуугдаж суутал Отгонтөгс гэх залуу миний араас гүйж ирээд намайг барьж аваад миний толгой руу нэг 2 удаа цохиж аваад хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Ганбат гэх залуутай хамт Мөнхбаатар хүрээд ир гэж дуудаад Пүрэвдуламын хашааны урд талд хоорондоо уулзсан. Тэгээд Отгонтөгс гэх залуу Мөнхбаатарыг зодож газарт унагаагаад нүүр рүү нь өшиглөж зодоод байсан. Мөнхбаатарыг зодож газарт унагаагаад нүүр рүү нь өшиглөж зодоод байсан. Мөнхбаатарыг зодож газарт унагаагаад нүүр рүү нь өшиглөж зодоод байсан. Мөнхбаатарын нүүрнээс цус гараад байсан. Бас Ганбат нь Мөнхбаатарыг өшиглөөд байсан. Би яг хаана нь өшиглөж байгааг хараагүй. Тэгээд бид хоёрыг хашаа руу шахаад номхон зогс цэрэгт явсан уу гэж асуугаад номхон зэрэгц дундаа гэж командлаад гараараа бид хоёрыг ээлжлэн цохиж зодоод байсан. Тэгээд хамт явсан Ганбатыгаа энэ хоёрыг зод гэж хэлээд бид хоёрыг зодуулсан. Ганбат нь миний цээж рүү 2-3 удаа цохиж авсан. Мөнхбаатарыг Ганбат бас цохиод байх шиг байсан би яг хаана нь цохиж байгааг анзаарч хараагүй. Тэгээд Пүрэвдулам хашаанаасаа гарч ирээд Отгонтөгсийг яаж байгаа юм бэ энэ хоёрыг ийм болтол зодож гээд Отгонтөгстэй маргалдсан. Отгонтөгс Пүрэвдуламыг бариад автал Пүрэвдулам Отгонтөгсийг  хавираад газарт унагаасан. Тэгтэл Отгонтөгс босч ирээд Пүрэвдуламыг нэг удаа Отгонтөгсийг барьж аваад хашаа руу шахсан. Тэгээд Мөнхбаатар бид хоёр Пүрэвдуламын гэрт орсон. Мөнхбаатарын хөмсөг нь задарсан байсан. Толгой өвдөөд байна толгойны ар тал руу өшиглөсөн гээд байсан. Миний дагз овоож хавдсан, шанаа халцарсан байсан, уруул жижиг язарсан байсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаад мэдэгдэж эмнэлэгт үзүүлсэн. Би хэрэг болох үед архи уусан байсан болохоор зарим зүйлээ мартаж санаад байгаа юм. Миний толгой шанаа хэсэгт халцарсан, уруул хавдсан гэмтэл учирсан. Уг гэмтийг Отгонтөгс, Ганбат хоёр хоёулаал цохиж зодож учруулсан. Дагз овоож хавдсан байсан тэр гэмтлийг намайг халтирч унасан байхад Отгонтөгс өшиглөж учруулсан. Одоо миний бие зүгээр болсон өвдөж зовиурлаж буй зүйл байхгүй. Мөнхбаатарыг эхлэж Отгонтөгс уулзсан газраа гараараа цохиж зодсон дараа нь намайг зугтаагаад гүйсний дараа Мөнхбаатарыг бас зодсон байх. Тэгээд миний хажууд Мөнхбаатарыг Отгонтөгс газарт унагаагаад хөлөөрөө нүүр рүү нь өшиглөж зодсон. Ганбат нь Мөнхбаатарыг газарт унасан байхад хөлөөрөө өшиглөж зодоод байх шиг байсан. Дараа нь Ганбат бас Мөнхбаатарыг гараараа цохиж зодоод байсан. Отгонтөгс нь бас гараараа цохиж зодоод байсан. Би яагаад зодуулах болсоноо мэдэхгүй байна. Отгонтөгс, Ганбат 2 хүн зодмоор санагдаад зодсон байх. Надад болон Мөнхбаатар бид хоёрын зүгээс Отгонтөгс, Ганбат хоёрт ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Өлзийт сумын хүмүүс болохоор нь зодсон байх гэж би бодож байгаа. Ганбат ах нилээн согтуу болсон хөл дээрээ тогтож чадахгүй шахам байсан Отгонтөгс нилээн согтуу байсан. Маргааш өдөр нь уулзахад би тасарчихсан байсан байна гэж Отгонтөгс яриад байсан. Мөнхбаатар тухайн үед эрүүл байсан. Би нилээн согтуу байсан. Ганбат зодоон эхлэх үед юуч дуугарахгүй хол байгаад байсан. Тэгээд Отгонтөгс нь бид хоёрт томорхож зодож байхад хүрч ирээд хажууд байгаад байсан. Тэгээд Отгонтөгс нь Ганбатыгаа наад хоёроо зод гэхээр Ганбат нь Мөнхбаатар бид хоёрыг гараараа цохиж зодоод байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас Отгонтөгс Ганбат нар ирж уучлалт гуйсан. Отгонтөгс Мөнхбаатар бид хоёрыг зодож байхдаа та хоёрыг буудаж ална гээд Ганбатыгаа хоёр ч удаа гэрээс очоод винтов буу аваад ир гэж  явуулсан. Ганбат нь 100 орчим метр яваад буцаж ирээд байсан. Бас Отгонтөгс хутгаар хутгална гэж заналхийлээд байсан. Отгонтөгс гэх залуу гэнэт цохиж аваагүй тамхи асаагаад өг гэж эхэлж яриа өдөөд тэгээд Өлзийт сумынх гэхээр зодсон. Би бодохдоо Отгонтөгс тамхи асаагууртай байж албаар бид хоёрыг зодох гэж яриа өдөж байгаад зодсон байх. Би зүгээр л тэгж бодсон. Яг тамхи асаагууртай байсан эсэхийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар тал/

* Гэрч Я.Доржжанцангийн өгсөн: 

    “...2016 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цаг өнгөрсөн байхад Анхбаяр намайг гэртэй орж ирээд цай уу гэж хэлсэн. Би Анхбаярын гэрт эхнэр, 2 хүүхдийн хамт ортол Анхбаяр гэр бүлийнхэнтэйгээ бас Отгонтөгс нь эхнэртэйгээ хамт ороод ирсэн байж байсан. Би Анхбаярын гэрт хоол унд идэж уугаад он гартал зүгээр байхаар гээд даалуу тоглосон. Тэр үед Анхбаяр архи гаргаж ирж задлаад Анхбаяр, Отгонтөгс бид 3 гадаад нэртэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд дахиж нэг шилтэй архи задлаад талд нь арай ороогүй байхад шинэ он гарах болж байна гээд гэр гэр рүүгээ явсан. Тэгээд би гэртэй орж шинэ оноо гаргасан бөгөөд гэртэй цай унд идэж уугаад унтаад өгсөн. Дараа нь Отгонтөгсийг хүн зодоод байна гэж сонссон. Өөр зүйл мэдэхгүй. Би Ганбаттай тухайн үед уулзаагүй. Анхбаярын гэрт Отгонтөгстэй тааралдсан. Манай гэр Анхбаярын гэрийн хашааны зүүн талд байдаг хөрш хашаанд байдаг. Би Анхбаярын гэрээс гарч ирээд эхнэр, 2 хүүхдийн хамт шууд гэр рүүгээ ороод буцаж гарч ирээгүй. Отгонтөгс их согтоогүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

* Гэрч Б.Пүрэвдуламын өгсөн: 

“...2016 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 22-23 цагийн хооронд санагдаж байна би найз Мөнхбаатар, Баатархүү нарыг манай гэрт ирж цай уу гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаатар, Баатархүү 2 манай гэрт ирэхгүй удаад байхаар нь гайхаад гэртэй кино үзээд хэвтэж байтал манай хашааны гадна талд хүмүүс чанга, чанга яриад байхаар нь гараад хартал манай хашааны урд талын хашааны ар талд Мөнхбаатар, Баатархүү хоёрыг Отгонтөгс, Ганбат 2 нилээн зодсон байдалтай хашаа налуулсан зогсож байсан. Мөнхбаатарын урд талд Отгонтөгс зогсчихсон томроод байсан Баатархүүгийн урд Ганбат зогссон нилээн даарсан байдалтай зогсож байсан. Би Отгонтөгсийн хажууд ирээд чи Мөнхбаатар, Баатархүү хоёрыг яаж байгаа юм хангалттай зодсон байна ш дээ гэж хэлсэн. Мөнхбаатарын хөмсөг задарч цус урсаж гарсан, Баатархүүгийн гадна талд ил шарх бэртэл гэмтэл харагдахгүй байсан. Тэр 2 хашааны буланд номхон зогсчихсон байсан. Отгонтөгс надад хэлэхдээ Мөнхбаатар, Баатархүү хоёр хэлгүй Ганбатыг зодчихсон байна гэж хэлсэн. Тухайн үед Ганбат хэлгүй болж жүжиглэсэн байсан бөгөөд Отгонтөгсөөс хэлгүй хүн гэж хэн юм бэ гэж асуутал Ганбатыг хэлсэн. Би Отгонтөгст Ганбат гэдэг хүнийг сайн мэднэ наад хүн чинь манай гэрт ирж очдог аав, ээжийн найз хүн гэж хэлээд Ганбат ахыг та зөнөж үхэх гэж байж хүн дээрэлхэж явахаа болимоор юм та намайг таниж байна уу гэж хэлтэл Ганбат ах юм дуугарахгүй байгаад байсан. Би Ганбат ахад та намайг танихгүй байна уу би Батсүхийн банди байна гэж хэлтэл Ганбат ах намайг таниад болио ахын дүү гэж надад хэлсэн. Тэгээд Отгонтөгсөд би Мөнхбаатар, Баатархүү хоёрыг аваад гэртэй орлоо гэж хэлтэл Отгонтөгст намайг зодно гээд байсан. Би Отгонтөгст чи намайг зод, зод харин Мөнхбаатар, Баатархүү хоёрыг манай гэрт оруулна шүү гэж хэлтэл намайг заамдаж аваад цохих гээд надтай зууралдахаар нь би нэг удаа хавсартал Отгонтөгс газарт уначихсан. Тэгээд Отгонтөгс босч ирсэнээ би чамайг зодохоо болилоо чамайг би ганцхан л цохино гэсэн. Би Отгонтөгсд чи намайг нэг удаа цохиж болно харин Мөнхбаатар, Баатархүү хоёрыг манай гэрт оруулна шүү гэж хэлсэн. Тэгээд Отгонтөгс намайг цохих гэж байсанаа миний баруун хөл рүү нэг удаа өшиглөж авсанаа миний миний хажууд зогсож байсан Баатархүүг хөлөөрөө өшиглөж аваад гараараа нуруу орчимд нь цохиж авсан. Би Отгонтөгсийг барьж аваад заамдаад хашаа руу түлхээд Мөнхбаатар, Баатархүү хоёрыг манай хашаа руу ор гэж хэлээд Отгонтөгсийг үлдээгээд би ганцаараа гэртэй орсон. Тэгээд Отгонтөгс, Ганбат 2 яваад өгсөн. Би гэртэй ороод Мөнхбаатарын биенээс гарсан цусыг нь цэвэрлэж өгтөл хөмсөг нь задарсан сумын цагдаад хэлээд Мөнхбаатар, Баатархүү хоёр сумын эмнэлэг орж үзүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө босоод хартал Мөнхбаатарын хөмсөг хагарсан толгой өвдөж байна  гэж ярьж байсан. Өөр гэмтлийг нь би мэдэхгүй байна. Отгонтөгс нилээн согтуу байсан. Ганбат дунд зэргийн согтуу байсан. Мөнхтбаатар эрүүл байсан. Баатархүү бага зэрэг халаалттай байсан. Маргааш өглөө нь Отгонтөгстэй уулзахад би тасарчихсан байсан юугаа ч мэдэхгүй байна гэж хэлсэн. Миний нэрийг Пүрэв-Очир гэдэг. Иргэний үнэмлэх дээр Пүрэвдулам гэдэг нэр гарч ирсэн болохоор хүмүүс намайг Пүрэв-Очир, Пүрэвдулам, Пүрвээ гэж янз бүрээр дууддаг. 2017 оны 01 сарын 01-ний өглөө би Ганбат ахын гэрт Мөнхбаатар, Баатархүү хоёрыг дагуулж ороод та Мөнхбаатар, Баатархүү хоёрыг зодсон байна. Цагдаа дээр очиж учраа олдоо гэж хэлтэл Ганбат харин тиймээ балай юм болсон, ах нь уул нь зодоогүй ш дээ гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбаатар, Баатархүү хоёр Ганбат ахыг та бид хоёрыг Отгонтөгстэй хамт зодсон шдээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 дүгээр тал/

* Гэрч Д.Цэнд-Аюушийн өгсөн: 

“...Ганбат бол миний хүүхэд. Мөнхбатаар, Баатархүү, Отгонтөгс гэх хүмүүсийг танихгүй. Миний хүү Ганбат 1977 оны 02 сарын 20-нд Чулуут сумын нутагт 8 хүүхдийн 4 дэх хүүхэд болж төрсөн. Сургууль соёлд суралцаагүй, нүдний хараа маш муутай хүн. Нүдний хараагаараа группэд байж байгаад 6 орчим жилийн өмнөөс группээ сунгуулж чадаагүй групээсээ хасагдсан. Ганбат хааяа цочир уурладаг, хүнтэй маргаан үүсгээд зодоон хийгээд байдаггүй мөрөөрөө хүн. Ганбат 2010 онд Тэгшжаргалтай гэр бүл болсон. Ганбат нүд муутай, толгой эргэж өвддөг байсан. Сүүлийн үед толгой нь эргэж өвдөхөө болчихсон гэсэн. Нүдний хараа нь муу хэвээрээ байгаа. Би болсон хэргийн талаар мэдэхгүй байна. хүнээс сонсоход архи уусан байхдаа Ганбат хүнтэй зодоон хийсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

* Гэрч Б.Отгонбаярын өгсөн: 

“...Отгонтөгс бол миний нөхөр, Ганбат ахыг нутгийн хүн болохоор нь таньдаг. Мөнхбаатар, Баатархүү нарыг танихгүй. Отгонтөгс бид хоёр 2010 оны 09 сарын 03-ны өдөр Цэцэрлэг сумандаа гэр бүл болсон. Одоо 2 хүүхэдтэй том хүүхэд 5 настай, бага хүүхэд 1 нас 8 сартай. Миний нөхөр Отгонтөгс нь 1989 оны 01 сарын 14-нд Цэцэрлэг сумандаа төрсөн. 10 хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд. Хувиараа арьс, нэхий авдаг ажил хийдэг бөгөөд сүүлийн үед гэртэй хүүхдээ харж байгаа. Отгонтөгс зан байдлын хувьд буруу зөрүү зан аашгүй, хүнтэй нийцтэй байдаг хүн. 2010 онд Улаанбаатар хотод цэргийн алба хааж байсан. Архи хааяа уучихдаг. Уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй. 2016 оны 12 сарын 31-ний өдөр манай хажуу талын айл болох Анхбаяр ахынх нөхөр бид хоёрыг цай уулгасан. Тэгээд шинэ он гарахаас өмнө нөхөр бид хоёр гэртэй орсон. Тэгээд Анхбаяр гэртэй оноо гаргачихаад гэрээсээ гарч Анхбаяр ахтай хамт салют буудуулна, даалуу тоглоно гээд гарсан. Тэгээд хэдэн цагийн үед гэртэй орж ирсэнийг мэдэхгүй байна. Шөнө унтаж байхад үүд нүдэж нөхөр Отгонтөгс гэрт орж ирээд шууд гал тогооны өрөөнд хувцастайгаа бүхлээрээ унтаад өгсөн. Би яг хэдэн цагт орж ирсэнийг нь мэдэхгүй байна. өглөө Отгонтөгсийг цагдаа орж ирээд аваад явсан. Дараа нь Отгонтөгс надад хэлэхдээ согтуу байхдаа Ганбат ах намайг айлд хүргээд өг гэхээр нь би хамт явсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байгаа гэж ярьж байсан. Би хамт яваагүй болохоор хэнтэй явсан талаар нь мэдэхгүй. Миний нөхөр Отгонтөгс гэртэй байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Орой болсон байхад Анхбаяр ахынд л архи уусан байх. Би архи уух үед нь байгаагүй болохоор хэр их архи уусныг мэдэхгүй байна. Шөнө орж ирэхдээ хэр их согтуу байсныг нь мэдээгүй. Үүдээ их хүчтэй нүдээд байсан мөн хувцастайгаа унтаад өгсөн болохоор нилээн согтуу байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/

* Гэрч З.Шинэдэнсэлийн өгсөн:

“...Баатархүү бол миний хүүхэд, Мөнхбаатар, Отгонтөгс нарыг танихгүй. Ганбатыг нутгийн хүн болохоор нь зүс таньдаг. Миний хүү Баатархүү 1988 онд Өлзийт суманд миний 3 дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ 2 эгчтэй, доороо нэг дүүтэй. Баатархүү Өлзийт суманд 8 дугаар анги төгссөн. Эхнэр хүүхэдгүй. Цэцэрлэг суманд мал маллаж амьдардаг. 2012 онд Өлзийт сумаас Цэцэрлэг суманд гэр бүлийн хамт нүүж ирээд одоог хүртэл энд амьдарч байгаа. Манай мал Цэцэрлэг сумын төвөөс холгүй ойрхон байдаг. Би болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Баатархүү надад хэлэхдээ шинэ жилийн өмнө Ганбат, Отгонтөгс гэх 2 хүнд зодуулсан гэж ярьж байсан. Өөр зүйл би мэдэхгүй Баатархүүгийн нэг нүд бага зэрэг хөхөрсөн гэмээр харагдаж байсан. Өөр гэмтэл бэртэл аваагүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/

* Гэрч С.Тэгшжаргалын өгсөн: 

“...Ганбат бол миний нөхөр, Мөнхбаатар, Баатархүү нарыг танихгүй. Отгонтөгс сумын төвийн хүн болохоор танина. Ганбат бид хоёр 2011 оны 08 сарын 25-нд гэр бүл болсон. Одоогоор хүүхэдтэй болоогүй байгаа. Миний нөхөр Ганбат архи, тамхи хэрэглээд байдаггүй. Хааяа баяр ёслолын үеэр найз нөхөдтэйгөө ганц нэг архи уучихдаг. Архи уухаараа агсам согтуу тавиад байдаггүй. Зан байдлын хувьд даруухан, төлөв томоотой, бичиг үсэг мэдэхгүй хүн. Ганбат дээрээ 2 эгч, 1 ах, 2 дүүтэй айлын 4 дэх хүүхэд. Ганбат мэдрэл талаараа өмнө нь группэд байдаг байсан бөгөөд аймгийн төв рүү явж группээ сунгуулж чадахгүй байсаар байгаад хасагдчихсан. Одоо зан байдал сэтгэц нь нэгэн хэвийн байдаг бөгөөд мэдрэл талаараа ямар нэгэн өөрчлөлт гарч байгаагүй. Би бодохдоо мэдрэл талынх нь өвчин нь зүгээр болчихсон байгаа байх гэж бодож байна. Надтай хамт амьдарч байх хугацаандаа мэдрэл талд нь ямар нэгэн өөрчлөлт гарч байгаагүй. Миний үгнээс гардаггүй хүн. 2016 оны 12 сарын 31-ний шөнө он гарахын өмнөхөн Ганбат гэрээсээ гарч айлд очно гээд гараад явсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед намайг унтаж байхад Ганбат Отгонтгөстэй хамт манай гэрт орж ирээд бид 2 хүн зодчихсон гэж яриад байсан. Би Отгонтөгсд идээ авч өгчихөөд буцаад орондоо орсон. Удалгүй Отгонтөгс, Ганбат 2 манай гэрээс гарч явсан. Удалгүй Ганбат буцаж орж ирээд Отгонтөгс сая намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд хартал Ганбатын баруун талынх нь нүд хөхөрсөн байсан. Тэгээд би Ганбатыг гэрээс нь гаргалгүй унтуулсан. Тэгтэл Ганбат, Отгонтөгстэй хамт Мөнхбаатар, Баатархүү гэх 2 хүнийг зодчихсон байсан. Маргааш өглөө нь цагдаа манай гэрт ирээд Ганбатыг авч явахаар нь мэдсэн. Ганбат бид 2 шинэ жилийн орой байсан болохоор айлд цай уусан бөгөөд Ганбат айлд пиво уугаад байсан бөгөөд бага зэрэг согтуу байхдаа гэрээсээ гарч яваад ийм асуудалд орсон. Отгонтөгс манай гэрт нилээн согтуу байдалтай орж ирсэн. Отгонтөгс, Ганбат 2 манай гэрт шөнө орж ирээд хүн зодчихсон л гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Ганбат дараа нь надад хэлэхдээ гудамжинд явж байгаад Отгонтөгстэй тааралдсан. Ганбат, Отгонтөгстэй хамт байж байгаад Мөнхбаатар, Баатархүү нартай тааралдсан тэгээд зодчихсон гэж ярьж байсан. Эхлээд Ганбат гэртэй орж ирэхдээ хүнд зодуулаагүй нүд, нүүр нь зүгээр байсан. Отгонтөгстэй хамт гэрээс гарч яваад удаагүй буцаж орж ирсэн тэгэхдээ зодуулчихлаа гэсээр орж ирсэн бөгөөд нүд нь хөхөрсөн байсан. Бас сандалаар цохиулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/   

* Гэрч Г.Содбаатарын өгсөн:

“...2016 оны 12 сары 31-ний өдөр миний төрсөн дүү Мөнхбаатар хөдөөнөөс орж ирээд манай гэрт байж байгаад сумын соёлын төвд болж байсан концертыг үзээд 22 цаг өнгөрсөн байх үед манай гэрт орж ирээд хоол идсэн. Би эхнэр хүүхдүүдийн хамт айлд очиж цай уух гээд явсан Мөнхбаатар манай гэрт ганцаараа үлдсэн бөгөөд найзындаа очино гэж ярьж байсан. Би эхнэр, хүүхдүүдийн хамт он гарахаас өмнө гэртэй ирсэн бөгөөд гэр цоожтой байсан. Тэр шөнө Мөнхбаатар манай гэрт ирж хоноогүй гадуур хоночихсон байсан. Өглөө нь Мөнхбаатар манайд иртэл Отгонтөгс, Ганбат нарт зодуулсан гээд хөмсөг нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/

* Гэрч П.Галбадрахын өгсөн: 

“...2016 оны 12 сарын 31-ний өдөр миний хүү Мөнхбаатар сумын төв орж шинэ оноо гаргана гээд явсан бөгөөд 2017 оны 01 сарын 02-ны өдөр гэртэй ирэхдээ нүдээ юмаар боочихсон ирсэн. Би гайхаад юу болсон талаар асуутал Отгонтөгс, Ганбат хоёрт зодуулсан гэж хэлсэн. Одоо Мөнхбаатарын толгой өвдөж байна гэж зовиурлаж байгаа. Эмчийн бичиж өгсөн эмийг уугаад нүднийх нь хавдар буурсан. Хөмсөг, нүд орчмоор нь их том хавдар үүссэн байсан. Цаашид нарийн шинжилгээ хийлгэж толгойн өвчинөө оношлуулах шаардлагатай болсон. Мөнхбаатар дээр 1 ах, 2 эчтэй айлын бага хүүхэд, гэр орноосоо нэг их гарч гадуур яваад байдаггүй мал маллаж эхнэр хүүхэдтэйгээ манай хаяанд амьдардаг. Мөнхбаатар архи тамхи хэрэглээд байдаггүй. Буруу зан аашгүй хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/ 

* Гэрч О.Төмөрмагнайгийн өгсөн: 

“...2017 оны 01 сарын 01-ний өглөө 10 цагийн үед Цэцэрлэг сумын эмнэлгээс үзүүлэх гэж хүн ирлээ гэхээр нь иртэл Мөнхбаатар гэх залуу шинэ жилийн орой хүнд зодуулсан гэж надад үзүүлсэн. Мөнхбаатарын биед үзлэг хийхэд зүүн хөмсөг 3 см орчим язарсан. Толгой оройнд шалбарсан шархтай, зүүн хавирганы доод хэсгээр эмзэглэлтэй, толгой өвдөнө гэсэн зовиуртай байсан. Би хөмсөг хэсгийн шархыг цэвэрлэж оёдол тавьж байсан. Мөн Баатархүү гэж хүн Мөнхбаатартай хамт зодуулсан гэж надад үзүүлсэн. Баатархүүгийн биед үзлэг хийхэд баруун шанаа зулгарсан, дагз хэсэгт овоож хавдсан, дээд уруул дотор талдаа язарсан, толгой өвдөнө гэсэн зовиуртай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/ 

* Гэрч С.Анхбаярын өгсөн: 

“...2016 оны 12 сарын 31-ний өдөр буюу шинэ жилийн орой манайх Отгонтөгс, Отгонбаяр, Доржжанцан нарыг цай уулгасан. Тэгээд он солигдохоос өмнө 23 цаг 30 минутын үед Отгонбаяр, Отгонтөгс, Доржжанцан нар гэртэй харьж оноо гаргана гээд явсан. Би гэрээс гарч хашаан дотроо солиут буудуултал Отгонтөгс буцаад ирчихсэн байж байсан. Тэгээд би солиутаа буудуулчихаад гэртэй орох гэтэл Отгонтөгс хашаанаас гарч яваад хашааны гадна талд Ганбаттай хамт тамхи татаад зогсож байсан. Би Отгонтөгсийг гэртэй хариарай гэж хэлээд хашааны гаднаас гэртэй орсон. Доржжанцан, Отгонтөгс бид 3 нэг 0.5 литрийн Абсолиут нэртэй архи бүтнээр нь уугаад дараа нь 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг талд нь ортол уусан. Өөр хүн архинаас уугаагүй бөгөөд бид 3 тэр архийг хувааж уусан. Отгонтөгс тухайн үед нилээн согтчихсон байх шиг байсан. Би Ганбаттай шинэ оны мэнд гэж үгийн зөрүү хийсэн. Ганбат надад халамцуу согтуу байгаа бололтой харагдаж байсан.
Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би он гарсаны дараачаар үлдсэн солиутаа буудуулж байтал Отгонтөгс буцаад  хүрээд ирсэн тэгээд манай гэрт надтай хамт ороод үлдсэн байсан Соёрхол нэртэй 0.75 литрийн тал шил архийг хувааж уусан. Би тэр үед тал шил архинаас нэг хундага уусан. Бусдыг нь Отгонтөгс ганцаараа уучихсан. Тэгээд Отгонтөгс гэртэй харих гээд явсан. Би хашааны үүдэн дээрээ Отгонтөгсийг гаргаж өгчихөөд гэртэй орсн. Хашааны гадна Ганбат Отгонтөгстэй тааралдаад үлдсэн. Би тэгээд гэртэй орж унтсан. Өөр зүйл мэдэхгүй. Өмнө мэдүүлэг өгөхдөө Отгонтөгсийг дараа нь ганцаараа орж ирээд үлдсэн байсан тал шил архийг надтай хамт уусан гэдгийг хэлэхээ мартчихсан байсан. Сая асуулт тавихаар нь санаж мэдүүлэг өгч байна. Отгонтөгс манай гэрт нилээн удаан суусан шөнийн 01-02 цагийн орчимд гарсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50, 51 дүгээр тал/  

* Гэрч Д.Пүрэвжаргалын өгсөн: 

“...Ганбат ах миний төрсөн ах. Отгонтөгсийг нутгийн хүн болохоор нь таньдаг. Би эрх үүргээ ойлгосон. Ганбат ах шинэ жилийн орой манай гэрт ирж эхнэрийнхээ хамт цай уугаад он гараагүй байхад 22 цагийн үед явсан. Манай гэрт ирэхдээ бага зэрэг халаалттай байсан. Би нэг аяга л пиво Ганбат ахад өгсөн. Ганбат ах манай гэрт буцаж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тад/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 46 дугаартай дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...1.Г.Мөнхбаатарын биед зүүн хөмсөг, толгойн оройд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Шинжлүүлэгчийн зүүн хавирганы доод хэмгээр эмзэглэлтэй гэсэн тул 2, 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргаж болно...” гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 07-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...1.Ш.Баатархүүгийн биед баруун шанаанд зулгаралт, дээд уруулын дотор салстанд язарсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Эмч хэсэг газрын үзлэгт гэмтлүүдийн хэмжээ, шинж чанарыг тодорхой бичээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар тал/

* Шүүх, сэтгэц гэм судлалын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 03 дугаартай магадлагаа: 

“...1. Шинжлүүлэгч Д.Ганбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол өвчтэй байсан. Ийм өвчтэй боловч өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай. 2. Одоо сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээрх өвчтэй байсан. 3. Оюуны хөнгөн хомсдол өвчтэй боловч алдбадан эмчилгээ шаардлагагүй. 4. Д.Ганбат нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Д.Ганбат хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр тал/ 

* Сэжигтэн, яллагдагчаар Д.Ганбатын өгсөн: 

“...2016 оны 12 сарын 31-ний шөнө би гэртэй байж байгаад айлд оччихоод буцаад
харих гээд явж байгаад гудамжинд Анхбаярын гэрийн гадна талд Отгонтөгстэй
тааралдсан. Анхбаяр гэр рүүгээ яваад орчихсон юм. Тухайн үед би бага зэрэг согтуу байсан бөгөөд пиво уусан байсан юм. Шинэ жилийн орой байсан болохоор 4-н аягаар пиво
уусан байсан. Отгонтөгс бас архи уусан байгаа бололтой согтуу харагдаж байсан. Би
Отгонтөгст гадаа харанхуй болчихсон байна ахын нь нүдний хараа муу болохоор гэрт
хүргээд өгөөч гэж хэлсэн. Отгонтөгс намайг гэрт хүргэж өгье гээд хамт явсан. Тэгээд юу
болсныг сайн мэдэхгүй байна нэг мэдсэн Отгонтөгс 2 залуутай зодоон хийгээд байсан. Би
Отгонтөгсийг болиулах гээд Отгонтөгсөөс татсан. Би болсон зүйлийг орон гаран санаад
байгаа бөгөөд Отгонтөгс тэр 2 залуутай яагаад маргалдаж яагаад зодолдох болсныг
мэдэхгүй байгаа. Тэгээд Отгонтөгс намайг гэртэй харь гэж хөөгөөд байсан би Отгонтөгсөөр
хүргүүлэнэ гээд явахгүй байгаад байсан. Тэгээд хэсэг байж байгаад Отгонтөгс бид 2 манай
гэрт ирсэн бөгөөд Отгонтөгс манай гэрээс гарахдаа манай модон сандлыг аваад
явчихаар нь Отгонтөгсөөс сандлаа авах гээд гартал май энэ сандлаа ав гээд миний
урдаас шидчихсэн. Би хараа муутай болохоор сандлаас бултаж чадаагүй бөгөөд сандал
миний нүд орчимд оноод өнхөрүүлж мөрөн дээр цохиод газарт унасан. Тэгээд би сандлаа
аваад гэртэй орж унтсан. Отгонтөгс намайг цохиё гэж бодож сандал шидээгүй бөгөөд
сандлаа ав гээд над руу шидтэл би хараа муутай болохоороо сандлыг нь бариж авч чадаагүй. Надад гэмтэл учираагүй бөгөөд Отгонтөгст гомдол саналгүй. Отгонтөгс намайг Г.Мөнхбаатар, Ш.Баатархүү нарыг зод гэж хэлээгүй. Би  Мөнхбаатар, Ш.Баатархүү нарын биед ганц ч удаа гар хүрч зодоогүй. Мөнхбаатарыг газарт унасан байхад нь би өшиглөж зодоогүй. Би Отгонтөгсийг тэр 2 залуугаас салгах гэж л дундуур нь орсон. Би Отгонтөгсөөс тэр 2 залууг салгаж өөрийгөө хүргүүлэх бодолтой байсан. Би тэрийг мэдэхгүй байна нэг мэдсэн Отгонтөгс Мөнхбаатар, Баатархүү хоёртой зодолдоод эхэлсэн. Би хэн нь хэнийгээ цохиж байгааг үнэхээр хараагүй гадаа харанхуй байсан бөгөөд миний нүдний хараа муу болохоор би юу ч хараагүй байсан. Миний нүдний хараа муу болохоор би юу ч хараагүй. Хэрэг болсоны дараа сонсоход Отгонтөгс тамхи татах гээд Ш.Баатархүүгээс тамхи асуусан гэсэн тэгээд хоорондоо маргалдаж зодолдох болсон гэсэн. Отгонтөгс нь Г.Мөнхбаатар, Ш.Баатархүү нарыг зодчихсон л гэж өргөдөл гаргаад цагдаа дээр шалгагдаж байгаа. Би хамт байсан болохоор шалгагдаж байгаа. Би Г.Мөнхбаатар, Ш.Баатархүү нарыг цохиж зодоогүй. Отгонтөгс надад буу, хутга аваад ир гэж хэлээгүй. Би буу хута авч ирэх гэж яваагүй. Би бичиг үсэг мэдэхгүй. Өмнө нүдний хараа муутай гэдгээрээ группэд байдаг байсан. Сүүлийн хэдэн жилүүдэд сунгуулж чадаагүй байж байгаад группээсаа хасагдсан. Хэрэг болохын өмнө Пүрэвжаргалын гэрт пиво уугаад гэртэй харих гэж яваад ийм зүйл болсон.
Би сонсгож байгаа ял болон зүйл ангийн ойлгосон. Би сонсгож байгаа зүйл ангийн зөвшөөрөхгүй байна. Би Мөнхбаатар, Баатархүү нарыг цохиж зодоогүй. Би өмнө мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Мөнхбаатар, Баатархүү нар гомдолгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83, 85-86 дугаар тал/ 

* Сэжигтэн, яллагдагчаар Ё.Отгонтөгсийн өгсөн:

“...Би 2016 оны 12 сарын 31-ний шөнө хажуу айлын Анхбаяр ахынд орж цай уусан юм. Анхбаяр ах гэртэй архи задлаад Доржжанцан ах Анхбаяр ах бид 3 нэг нэрийн мэдэхгүй шил архи хувааж уусан. Дараа нь дахиж Соёрхол нэртэй архи задлаад тэр архийг бид 3 хувааж уугаад дунд оруулсан. тэгээд он гарлаа гээд гэр гэрлүүгээ явсан. би гэртэй шинэ оноо гаргачихаад Анхбаяр ахынд байсан солиутыг буудуулах гээд буцаж ирээд солиут буудуулаад гэрт нь үлдсэн Соёрхол нэртэй тал архийг Анхбаяр ахтай хувааж уугаад гэртэй харих гээд гарсан. Тэгээд Анхбаяр ах бид 2 хашааны гадна талд зогсож тамхи татаад зогсож байтал Ганбат ах ганцаараа хүрээд ирсэн. Удалгүй Ганбат ах гэртэй харих гэж яваад буцаад хүрээд ирсэн. Тэгээд Анхбаяр ах гэртэй орсон. Ганбат ах намайг гэрт хүргээд өг гэж хэлэхээр нь би гэрт нь хүргэж өгөх гээд хамт явсан. Тэгээд 2 залуутай тааралдсан. Би тэр 2 залууг та 2 яахаараа хэл муутай хүн дээрэлэхдэг юм бэ гэж хэлээд шанаа хэсэгт нь нэг нэг цохиж авсан. тэгтэл Баатархүү гэх залуу нь надтай харилцан зодолдож миний гуя руу өшиглөж авсан Ганбат ах бид хоёрыг салгатал Баатархүү гэх залуу зугтаагаад гүйсэн. Тэр залуу миний дээд хэсэг рүү цохиж чадаагүй бөгөөд хөл рүү л ганц нэг өшиглөж авсан юм. Би Мөнхбаатарыг цохиж аваад Баатархүү чинь хаачив гэж асуутал Мөнхбаатар мэдэхгүй гээд байсан тэгэхээр нь би Мөнхбаатарын нүүрэнд хэд хэд удаа цохиж аваад Баатархүүгийн араас явсан. Тэгтэл Баатархүү гудамжний үзүүрт байж байхаар нь уулзаад Мөнхбаатар, Ганбат ах хоёрыг дуудсан. Тэгээд Мөнхбаатар, Баатархүү хоёрын урд Ганбат ах бид 2 зогсож байтал хашаан дотроос нэг залуу гарч ирээд Мөнхбаатар, Баатархүү хоёрыг өмөөрч намайг хавсарч унагаад нэг удаа өшиглөж авсан. Тэгээд тэр залуу Мөнхбаатар, Баатархүү хоёрыг аваад гэр рүүгээ орсон. Тэр залууг Пүрэвдулам гэдэг байсан. Би тэгээд Ганбат ахыг гэрт нь хүргэж өгсөн. Ганбат ахын гэрт сууж байгаад модон сандлыг нь би бариад гэрээс нь гарсан гэсэн. Тэгтэл Ганбат ах миний араас гарч ирээд сандалаа авъя гэхээр нь би урд талаас нь сандлыг нь  шидчихсэн гэсэн тэгээд миний шидсэн сандал Ганбат ахын мөр, толгой орчимд нь цохьсон гэсэн. Би Ганбат ахын урдаас сандал шидсэнээ санахгүй уусан архиндаа тасарчихсан байсан. Ганбат ах маргааш нь надад миний урдаас сандал шидсэн гэж хэлсэн. Маргааш өдөр нь Мөнхбаатар, Баатархүү 2 надтай ирж уулзаад зодсон гэж хэлэхээр нь хамт эмнэлэг орж үзүүлээд уучлалт гуйсан. Мөнхбаатарын хөмсөг хагарсан байсан. Баатархүүгийн уруул орчимд жижиг домбоосон байсан. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа. Баатархүүг би гомдолгүй болгосон. Мөнхбаатарыг би удахгүй гомдолгүй болгоно. Би 2016 оны 12 сарын 31-ний орой хоёр истакан пиво уусан байсан дараа нь Анхбаяр, Доржжанцан ах хоёртой 2 шил архи хувааж уусан байсан. Өөр архи пиво уугаагүй. Би тухайн үед нилээн их согтуу байсан гэхдээ болж байсан үйл явдлыг мэдээд байгаа юм. Мөнхбаатар, Баатархүү хоёртой маргалдаж зодолдсноос хойш юу болснийг санахгүй байгаа. Ганбат ахыг би Мөнхбаатар, Баатархүү хоёрыг дээрлэхсэн байх гэж бодоод Мөнхбаатар, Баатархүү хоёртой тааралдаад хэл муутай хүнийг дээрлэхлээ гэж хэлээд үгийн зөрөөгүй шууд Мөнхбаатар, Баатархүү 2-ыг цохиод зодсон. Би эхлээд Баатархүүг толгой хэсэгт нь цохиод дараа нь Мөнхбаатарын толгойруу цохиж авсан. Би Баатархүүг өмнө Цэцэрлэг суманд явж байхад нэг удаа харж байсан. Мөнхбаатарыг таньдаггүй байсан. Тухайн үед л анх удаа харсан. Би Анхбаяр ахтай хамт байсан тэгээд Ганбат ах ирсэн бид гурав л байсан. Мөнхбаатар, Баатархүү 2 гадаа харанхуй байсан болохоор бид гурвыг байж байхыг харчихаад 4 хүн гэж андуурсан байх гэж би бодож байна. Би өөрөө тамхитай галтайгаа явсан болохоор Мөнхбаатар, Баатархүү хоёроос тамхи, гал асуугаагүй. Харин хааных юм бэ гэж асуусан Баатархүү нь хэлэхдээ Өлзийт сумын гэхдээ манайх энд ирчихсэн гэсэн утгатай юм яриад байсан санагдаж байна бас Мөнхбаатараас чи хаанахынх юм бэ гэж асуутал би Хужиртынх гэж хариулж байсан санагдаж байна. Тэгээд удалгүй зодоон эхэлсэн. Баатархүүг би эхлээд цохиод автал миний урдаас надтай зодолдож миний хөлрүү нэг удаа өшиглөөд гараараа мөрлүү цохиод байх шиг байсан тэгснээ Баатархүү зугтаагаад гүйчихсэн. Миний урдаас Мөнхбаатар гар хөдлөөгүй. Пүрэвдулам намайг нэг удаа хавсарч газар унагаад гуя руу нэг удаа өшиглөж авсан. Намайг харж байхад Ганбат ах Мөнхбаатар, Баатархүү 2-ыг цохиж зодоогүй. Ганбат ах намайг тэр хоёрыг зодож байхад салгаж байсан санагдаж байна. Би Мөнхбаатар, Баатархүү хоёрт буудна хутгална гэж хэлээгүй байх гэж бодож байна. Гэхдээ тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлээ санаад зарим зүйлээ санахгүй байгаа. Надад винтов буу байдаггүй. Би Ганбатыг нутгийн хүн болохоор нь таньдаг. Өөр төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Би Мөнхбаатар, Баатархүү нарыг цохиж нэг, нэг удаа газарт унагаасан. Эхлээд Баатархүүг газар унагааж байгаад гуя орчимд нь нэг удаа өшиглөж зодсон. Мөнхбаатарыг дараа нь цохиж унагаагаад нуруу орчимд нь нэг удаа өшиглөж зодсон. Өөр Мөнхбат, Баатархүү нарыг газар унасан байхад нь цохиж зодоогүй. Би Мөнхбаатарын хөмсөгийг зад цохисон байх. Гэхдээ яг яаж цохиж зодож хөмсгийг нь задлах болсноо санахгүй. Би Ганбат ахыг зодоогүй. Яагаад Ганбат ахын сандлыг гэрээс нь авч гараад Ганбат ах руу шидэх болсноо мэдэхгүй байна. 
Би сонсгож байгаа ял болон зүйл ангийг ойлгосон. Би сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар бүгдийг нь ярьсан. Одоо надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч нарыг гомдолгүй болгосон. Дахин хэрэгт холбогдохгүй байж чадна. Мөрдөн байцаалтын шатанд байхдаа ийм зүйлийг ухаарсан, дахин архи уухгүй байя гэж бодож байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90, 92-93 дугаар тал/

    * Д.Ганбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97, 98 дугаар тал/
    * Ё.Отгонтөгсийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101, 102 дугаар тал/
* Ё.Отгонтөгсийн багийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 99 дүгээр тал/ зэрэг болно.  

             Шүүгдэгч Ё.Отгонтөгс, Д.Ганбат нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 31-ээс 2017 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл  хүндэтгэн Г.Мөнхбаатар, Ш.Баатархүү нарт хүч хэрэглэн зодож Г.Мөнхбаатарын биед хөнгөн гэмтэл учруулж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Г.Мөнхбаатарын “...Содбаатар ахын гэрээс гараад хашааны гадна талд Баатархүү ахтай тааралдаад гудамж уруудаад явж байтал гудамжний үзүүрт 4 эрэгтэй хүн зогсож байсан. Тэгснээ 2 эрэгтэй хүн цаашаа яваад өгсөн 2 эрэгтэй залуу нь миний шанаа руу гараараа нэг удаа цохиж аваад Баатархүү ахын нүүр рүү бас нэг удаа цохиж авсан. Би цохиулсандаа гайхаад яаж байгаа юм бэ гэж асуутал та 2 хаанахын хүмүүс юм бэ гэж Отгонтөгс асуусан. Баатархүү ах Өлзийт сумынх, би Цэцэрлэг сумынх гэж хэлтэл Отгонтөгс миний цээж рүү гэнэт гараа атгаж байгаад нэг удаа цохиж авахад нь би газарт уначихсан....Ё.Отгонтөгс нь Ш.Баатархүү ах бид хоёрыг Д.Ганбатаар ээлжлүүлэн цохиулаад байсан. Д.Ганбат нь Ё.Отгонтөгсийн хэлснээр Баатархүү ах бид хоёрыг дуртай зодоод байсан. Би яагаад зодуулах болсоноо мэдэхгүй байна. Ямар ч шалтгаангүй явж байгаад шууд Ё.Отгонтөгс Ш.Баатархүү ах бид хоёрыг цохиод зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Ш.Баатархүүгийн “...Тэгээд Пүрэвдуламын гэр рүү явж байтал 4 залуу гудамжинд байж байгаад 2 залуу нь цаашаа яваад 2 залуу нь Мөнхбаатар бид хоёртой тааралдсан. Тэгээд нэг залуу нь тамхи асаагаад өгчих гэж хэлсэн би галаа гаргаж ирээд тамхийг нь асааж өгөөд нэг тамхилчих гэж хэлтэл Ё.Отгонтөгс гэх залуу надаас тамхи авдаг хэн бэ чи хаанахынх юм бэ гэж хэлсэн. Би Өлзийт сумынх гэж хэлтэл Г.Мөнхбаатарыг чи хаанахынх юм бэ гэж асуусан Г.Мөнхбаатар би Цэцэрлэг сумынх гэж хэлтэл Цэцэрлэг суманд та 2 шиг ийм залуу байхгүй гэж хэлээд Ногоон өөлдүүд гэж хэлээд миний толгой руу хэд хэдэн удаа цохиж авсан тэгээд Г.Мөнхбаатарыг бас цохиж аваад өшиглөж зодоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Пүрэвдуламын “...Г.Мөнхбаатар, Ш.Баатархүү хоёрыг Ё.Отгонтөгс, Д.Ганбат 2 нилээн зодсон байдалтай хашаа налуулсан зогсож байсан. Г.Мөнхбаатарын урд талд Ё.Отгонтөгс зогсчихсон томроод байсан Ш.Баатархүүгийн урд Д.Ганбат зогссон нилээн даарсан байдалтай зогсож байсан. Би Ё.Отгонтөгсийн хажууд ирээд чи Г.Мөнхбаатар, Ш.Баатархүү хоёрыг яаж байгаа юм хангалттай зодсон байна ш дээ гэж хэлсэн. Г.Мөнхбаатарын хөмсөг задарч цус урсаж гарсан, Ш.Баатархүүгийн гадна талд ил шарх бэртэл гэмтэл харагдахгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Мөнхбаатар, Ш.Баатархүү нарыг бусдад зодуулж биедээ гэмтэл авсан байхыг харсан гэрч С.Анхбаяр, О.Төмөрмагнай, П.Галбадрах, Г.Содбаатар, С.Тэгшжаргал, З.Шинэдэнсэл, Б.Отгонбаяр, Д.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг болон нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Ё.Отгонтөгс, Д.Ганбат нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэднийг гэмт хэрэг оролцсон байдлыг харгалзан хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Г.Мөнхбаатар, Ш.Баатархүү нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч Ё.Отгонтөгс, Д.Ганбат нар нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлийг нөхөн төлсөн болон тэдний хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв:  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

            Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                          
      

ТОГТООХ нь:
    

1.    Шүүгдэгч Боржигон овогт Ёндонжамцын Отгонтөгс, Жонгоор овогт Дагвадоржийн Ганбат нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.    Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар шүүгдэгч Ё.Отгонтөгсийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Ганбатыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ё.Отгонтөгсөд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Ганбатад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ё.Отгонтөгс, Д.Ганбат нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  61  дүгээр  зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ё.Отгонтөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д  зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Отгонтөгс, Д.Ганбат нарт  урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ГАНДОЛГОР