Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 817

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/424 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн С.Бд холбогдох эрүүгийн 2005 00488 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Б, 

1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

2000 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгөөс 5000 төгрөгийг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 910 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 713 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 825 дугаатай прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон;

С.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.У эзэмшлийн 67-83 УНП улсын дугаартай “поробокс” маркийн автомашинаас гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.149.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.Бг 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг нэг ширхэг, флаш нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бгийн цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн урд байсан “поробокс” маркийн автомашинаас гар цүнх хулгай хийж авсан. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн гэм буруугаа ойлгож, хулгай хийсэн эд зүйлээ Нийслэлийн цагдаагийн газар аваачиж өгсөн. Надад Баянгол дүүргийн шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа тул ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцож, ...агуулахад нэвтэрч...хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж  дүгнэжээ. Болсон үйл явдал нь тээврийн хэрэгсэл болох машин дотроос бусдын эд зүйлсийг хулгайлсан болох нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй байхаас гадна хуулинд хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэж тодорхой заасан байна. Харин шүүх дүгнэхдээ миний үйлчлүүлэгчийн үйлдлийг “агуулах сав” гэдэгт хамааруулан тайлбарлаж байгаа боловч Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 570 дугаар тогтоолд “Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.” гэж тайлбарласан байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

С.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.Уянгамаагийн эзэмшлийн 67-83 УНП улсын дугаартай “поробокс” маркийн автомашинаас гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.149.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Уянгамаагийн “... Поробокс маркийн машинаас гүрмэл боорцог буулгаад хүнд өгч байх хооронд миний машины урд суудлын голд нь байсан бор цүнхтэй бичиг баримт болон бэлэн 400.000 төгрөг, түрийвчинд байсан 200 ам.доллар хамт хулгайд алдагдсан. ...” /хх 24-25/,

гэрч Б.Эрдэнэсувдын “...2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед намайг таксинд явж байхад найз Батхүү явж байгаад таараад...манай найз хүүхэн Цоожийн утас холбогдохгүй байна. Энэ ууттай цүнхийг машиндаа байлгаж байгаарай гэж хэлээд орхиод машинаас буугаад явсан. ...” /хх 32/,

яллагдагч С.Бгийн “...2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Барс худалдааны төвийн машины зогсоол дээрээс поробокс маркийн машины жолооч талын хаалгыг онгойлгож улаан өнгийн эмэгтэй хүний цүнхийг авсан. ...” /хх 57/ гэсэн мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-19/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-39/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 6-8/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн Арвандолдугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг  тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Барс” худалдааны төвийн авто зогсоолд байрлуулсан байсан хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгө болох иргэн Б.Уянгамаагийн эзэмшлийн 67-83 УНП улсын дугаартай “поробокс” маркийн автомашинд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, түүний гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.149.800 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь “...тээврийн хэрэгслийн кабиныг агуулах сав гэж үзэхгүй...” гэсэн давж заалдах гомдол гаргаж байгаа боловч шүүгдэгчийн хувьд бусдын өмч хөрөнгөнд нэвтрэхийг зөвшөөрөөгүй байхад дураараа нэвтрэх эрхгүй бөгөөд тухайн орон зайд хадгалагдаж байсан эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Б нь Б.Уянгамаагийн автомашинд хүнгүй байгааг мэдмэгцээ түүний хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд хаалгыг нь онгойлгон дотогш орж эд зүйл авсныг хууль бус нэвтрэлт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь, “Агуулах сав” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг,

мөн “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдэгт түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсон байхыг тус тус хамааруулан ойлгох хууль зүйн үндэслэлтэй.  

Өөрөөр хэлбэл, хүний хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...С.Б нь гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн үндэслэлийг давж заалдах гомдолдоо заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэхэд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирлыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс С.Бд оногдуулсан хорих ял шийтгэлийн хэмжээ, ял эдлүүлэх дэглэм нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул түүнд оногдуулсан хорих ялыг багасгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд С.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд  тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.