Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2024/0060

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                             Г.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч             Б.Болортунгалаг

Шүүгдэгч                                 Н.С нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Батсүрэнгээр хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-т холбогдох 2439000000059 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг ................................ тоот гэртээ Ц.Х-г хамтран амьдрагч ******* хэрүүл маргаан үүсгэлээ гэх шалтгааны улмаас түүний зүүн гарын тохой хэсэгт 2 удаа хутгалж хохирогч Ц.Х-г эрүүл мэндэд зүүн тохойн 2 хэсэг газарт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12 хуу/

Хохирогч Ц.Х-г өгсөн: ...2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой гэртээ нөхөр ******* хамтаар 1 шил Стандарт нэртэй 0,75 литрийн архи уугаад 20 цагийн үед ээж ******* нь манай хажуу талд байдаг хөрш ******* ороод явчихаар нь би араас нь ээжийгээ авах гээд ортол С , ******* 2 ээжийг явуулахгүй надтай хэрүүл маргаан үүсгээд намайг гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд ээж надаас түрүүлээд гэр рүүгээ орсон. Тэгээд би С  эгчийг гал тогооны тавиурнаасаа хутга аваад над руу ирээд миний зүүн гарын тохойн дотор талд нэг удаа гадна талд нь нэг удаа дүрсэн. Дүрчихээд миний толгойг үсдээд автал удахгүй цагдаа орж ирсэн. ******* ахын гэрт нэг танихгүй залуу байсан. Тэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх гэж бодож байна. Ингээд би цагдаагийн машинд суугаад нэгдсэн эмнэлэгт очоод 4 ширхэг оёдол тавиулсан...2023 оны 10 дугаар сард манай хажуу талд хөрш болж буусан...хар иштэй хутга байсан. Тэдний гэрт шүүгээнд байсан хутга...Зүүн гарын тохой хэсэгт 2 удаа хутгалсан үснээс зулгаасан өөр гэмтэл шарх учраагүй ээ...урьд нь маргалдаж муудсан асуудал байхгүй ээ...Би *******, С  эгч, нэг үл таних залуу бид нар л байсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Адилхан эмэгтэй хүмүүс болохоор надад энэ хүнээс аваад байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/

Гэрч ******* өгсөн: ...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байтал 18 цагийн үед танил ах ******* нь миний өөрийн 95505027 дугаар руу залгаад Эвт худалдааны төвд хүрээд ир гэж дуудахаар нь очсон. Тэгээд ******* ах, С  эгч нарын хамт 18 цаг өнгөрч байхад ******* ахын гэр рүү нь явах замдаа Хийдийн суурингийн Од маркет дэлгүүрээс 0,75 литрийн Стандарт нэртэй архи аваад ******* сумын 1 дүгээр баг .....................очсон. Гэрт нь очтол баруун айлын хөгшин хүүхдүүдтэй ******* ахынд байсан. Тэгээд бид нар дэлгүүрээс авсан архиа ууж байтал удалгүй Т  утсаар ярих гэж ******* ахынд орж ирсэн. Орж ирэхэд нь Т гийн ээж нь зөрөөд гараад явчихсан. Гэнэт ******* ах Т  хоёр яг юунаас болж муудсанг нь мэдэхгүй байна хоорондоо муудалцаад байсан чинь хажуунаас нь С  эгч Т  руу хутга бариад дайрахад нь би тухайн үед С  эгчийг болиулах гэтэл чадаагүй хар иштэй хутга бариад Т гийн зүүн гаранд тохой хэсгийн доод талд 2 удаа дүрсэн. Тэгээд хар хутгийг гэрийн хойд хэсэг рүү С  эгч шидсэн. Тэгээд Т  нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх удалгүй цагдаа нар ирсэн...Т  нь ******* ахынд орж ирээд ******* ахтай хэрэлдээд байхаар нь хажуунаас эхнэр С  эгч нөхрөө өмөөрч орж ирээд Т г зүүн гарны тохоо хэсгийн доод талд 2 удаа дүрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/

Гэрч Э.*******ын өгсөн: ... Очоод архиа уугаад байж байтал Т  орж ирээд С тай муудалцаад байсан. Би тухайн үед аяга угааж байсан мах хэрчиж байсан. С  тухайн үед сууж байсан. Т  гэнэт Од ахаа танай эхнэр намайг хутгалчихлаа ш дээ гэхээр нь би худлаа яриад бай гээд очтол гарнаас нь цус гараад нээрээ тийм байна ш дээ яаж байгаа юм бэ гэтэл С  уучилаарай ханиа би буруу юм хийчихлээ гэсэн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 01 дүгээр  сарын 22-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт:

1. Ц.Х-г биед зүүн тохойн 2 хэсэг газарт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-ийн 47-48 хуу /

Н.С ын яллагдагчаар өгсөн: ...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хамтран амьдрагч *******ын хамтаар Эвт худалдааны төв дээр байж байгаад *******ын найз яриад бид нар Эвтийн Хаан банкны тэнд уулзаад такси бариад гэр рүүгээ явж байх замдаа Од дэлгүүр ороод 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад гэртээ харьсан. Гэртээ ороод тэр архиа бид гурав хуваагаад ууж байтал Т гийн ээж ******* орж ирээд сууж байтал ардаас нь Т  орж ирээд ээж ******* манай нөхөр ******* нартай хэрэлдээд байсан. Тэгээд ******* нь гараад явчихсан. Тэгэхээр нь би уур хүрээд ээжийгээ битгий хэл амаар доромжлоод зодож бай гэж хэлснээ санаж байна. Тухайн үед би хоол хийх хар иштэй хутга бариад байж байсан байх. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Маргааш өглөө нь ******* болон цагдаагийн байгууллагад ирээд мэдсэн. Нэг санахад хутга авч байсан тэр хутгаараа Т г дүрчихсэн байх...би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуу/

Н.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 хуу/

Н.С ын иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 62 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 87-88 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.С т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг ...................... гэртээ хохирогч Ц.Х-тай согтуугаар маргалдан зүүн гарын тохой хэсэгт 2 удаа хутгалж, зүүн тохойн 2 хэсэг газарт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Х , гэрч Б., гэрч Э.*******, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Н.Н нь хохирогч Ц.Х-г хутгалсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн тохойн 2 хэсэг газарт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Ц. Т  нь эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэл, нотлох баримт гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Н.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Н энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Stainless Steel гэсэн бичигтэй хар өнгийн иштэй 24 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорьсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Stainless Steel гэсэн бичигтэй хар өнгийн иштэй 24 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ