Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар  2024/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2024/0028/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                           Д.Чулуунпүрэв, 

Шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгч                     Б.Энхтүвшин, А.Очбадрал

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч                             С.Нарангэрэл

Шүүгдэгч С.Э, Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Батсүрэнгээр хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э, Г.Э нарт холбогдох 2239000000320 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.Э нь Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг "******* толгойн энгэр" гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Г.Э-тай бүлэглэж, машин механизм буюу 70-37ХЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Н.Э-ийн эзэмшлийн хаваржааны хашаанаас 4 метрийн урттай 7 ширхэг малын төмөр хашааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж түүнд 882.000 /найман зуун наян хоёр мянган төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Э нь Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг "******* толгойн энгэр" гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр С.Э-тэй бүлэглэж, машин механизм буюу 70-37ХЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Н.Э-ийн эзэмшлийн хаваржааны хашаанаас 4 метрийн урттай 7 ширхэг малын төмөр хашааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж түүнд 882.000 /найман зуун наян хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Э нь “малын хашаа хулгайлж байгаа талаараа Э ад хэлээгүй, ахынхаа хашааг түр зуур хэрэглээд буцаагаад өгнө гэж хэлсэн, хохирлоо барагдуулсан байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Шүүгдэгч Г.Э нь “хулгай хийж байна гэж мэдээгүй, ахынхаа хашааг авч байна гэхээр нь итгэсэн” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Н.Э-ийн өгсөн: ...Би 2018 онд тус газар малын хашаа барьсан юм. Блокон хашааны нүүр тал нь 40 см-тэй нэг хашаандаа 5 труба орсон 5 метр урттай нийт 7 ширхэг хашаа барьсан. 2022 оны 08 дугаар сарын 08-наас 2022 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө манай малчин ******* над руу залгаад манай малын хашаа алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр очсон. Намайг очиход манай хашааны нүүр хэсэг байхгүй байсан... *******ын гэр нь хашаанаас 2 км зайд байдаг. Хамгийн сүүлд хашаа маань 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байсан гэж ******* хэлж байсан... одоогийн зах зээлийн ханшаар үнэлнэ... Би төмөр хашаагаа хайж олохоор эхнэр ******* хамт өөрийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй эрэлд явж байгаад 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* сумын Идэрмэг багийн "Цамхаг" гэх газар нутаглах айлын гадаа миний хулгайд алдсан төмөр хашааг хураалттай байхыг олсон. Тэгээд манай хашааг хулгайлсан Э  гэх хүнтэй утсаар яриад Хэнтий аймгийн төвд ирэхээр уулзахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Э  гэх залуутай уулзсан. Би Э эд хандаж би 2019, 2021 онд малын хашаа, халх болгож барьсан шургаагаа удаа дараа алдаж байсан. Би өөрөө эрэлд явж хашаагаа олоогүй бол хашаагаа алдсан миний хохь, чиний олз болоод л дуусах юм байна гэхэд Э  гэх залуу та цагдаагийн байгууллагад битгий хэлээч би өмнөх алдаж байсан хашааны чинь хохирлыг барагдуулаад, мөн төмөр хашааг чинь буцаагаад байсан газар нь бариад өгье гэж гуйсан. Тэгээд Э , Э ын хамт 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төмөр хашааг маань байсан газар нь барьж өгсөн. Төмөр хашааг барьж дууссаны дараа би эхнэр ******* хамт Э тэй уулзсан бөгөөд Э  2019, 2021 онд алдсан хашааны чинь хохирол болгож 3.000.000 төгрөг өгье, цагдаагийн байгууллагад битгий хэлээч гэж гуйхаар нь би зөвшөөрсөн юм... Миний зүгээс Э ээс авсан 3.000.000 төгрөгөө буцааж өгөхөд бэлэн байна. Би Э ийг цагдаагийн байгууллагад хэлнэ гэж дарамталж байгаад 3.000.000 төгрөг авсан асуудал огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 70-71 хуу/

Гэрч П.*******ын өгсөн: ...Би ******* сумын 8 дугаар багийн нутаг ******* уулын ар гэх газар Э  гэх хүний мал маллан эхнэртэйгээ хамт амьдардаг. 2022 оны 08 дугаар сарын 08-нд хаваржаан дээр очиход хаваржааны маань төмөр хашаа байсан юм. Маргааш өглөө нь харахад бетоныг нь цохиж ховхолоод ачаад явсан байсан. Тэр хавьд портерийн мөр гарсан байсан. Тиймээс мэдсэн өглөө нь буюу 08 дугаар сарын 10-ны өглөө Э д утсаар мэдэгдэж цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Удалгүй Э  ачиж явсан хүмүүсийг нь олсон гэж надад хэлж байсан. 2022 оны 08 сарын 19-ний өдөр цэнхэр өнгийн ачааны машинтай 2 залуу ирээд хашааг нь буцааж барьж янзалчихаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Гэрч ******* өгсөн: ...Манай багт Э  гэх малчин байдаг. ******* сумын 5-р багийн Цамхаг гэх газар нутагладаг... Малчин Э ийнх нийт хонь, ямаа, адуу, үхэр нийлсэн 1000 гаран тооны малтай би бүртгэл харахгүй бол малын тоог нь нарийн хэлж мэдэхгүй байна. Үүнээс 100 гаран тооны адуутай. С.Э-ийн өвөлжөө 5-р багийн нутаг Поошиг толгой гэх газар байдаг. Хаваржаа нь Цамхаг гэх газар байдаг. Э ийнх өвөлжөөн дээрээ малын том саравч хашаатай. Хаваржаан дээрээ саравч малын хашаа байдаг үгүйг сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2-хх-ийн 142-147 хуу/

Гэрч Э.*******баатарын өгсөн: ... 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Э  ах өөрийнхөө цэнхэр өнгийн Портер-2 маркийн машинтайгаа ганцаараа малын төмөр хашаа ачаад ирсэн. Би энэ үед хаанаас юун хашаа авчирсан талаар асуугаагүй. Хүнээс төмөр хашаа авсан юм байхдаа л гэж бодсон. Э  ах ч надад хаанаас юун хашаа авчирсан талаараа хэлээгүй. Э  ахыг малын төмөр хашаа авчрах үед би хэдэн мал борлуулах гээд машин дээрээ хонь, ямаа ачаад хөдлөх гэж байсан юм. Тэгээд би аймгийн төв явж малаа борлуулаад ирэхэд Э  ах машинаараа ачиж авчирсан төмөр хашаагаа шар өнгийн вагончикнийхоо хойд талд буулгаад хураачихсан байсан. Уг төмөр хашааг Э  ах машинаараа авчирсанаас хойш 8-9 хоногийн дараа манай гэрийн гадаа Приус-20 маркийн машинтай танихгүй, ах эгч хоёр ирээд надтай уулзаад ах нь хэд хоногийн өмнө малын төмөр хашаагаа хулгайд алдсан юм. Хулгайд алдсан хашаа маань танай гадаа хураалттай байна гэж хэлсэн. Би хариуд нь би мэдэхгүй манай хүргэн Э  хэд хоногийн өмнө энэ төмөр хашааг авчирч буулгасан өөртэй нь ярь гээд хүргэн Э ийн утасны дугаарыг өгөөд Э тэй утсаар яриулсан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 163-165 хуу/

Хохирогч Н.Э-ийн алдсан 7 ширхэг  хашааны үнэлгээг 882.000 төгрөгөөр  тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШД-286 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-49 хуу/ Шинжээч өгсөн: ...Мөрдөгчийн тогтоолд заасан мэдээллийн дагуу 40 трубагаар хийсэн 7 ширхэг хашааны үнэлгээг гаргасан. Үнэлгээ гаргасан цаг хугацаанд зах зээл дээр зарагдаж байсан малын шинэ төмөр хашаа дунджаар 140.000 төгрөгөөр зарагдаж байсан. Уг хашаа нь хуучин хашаа байсан учир 10 хувийн элэгдэл тооцоод нэг хашааны үнэлгээг 126.000 төгрөг буюу 7 ширхэг хашааны нийт үнэлгээ 882.000 төгрөг гэж үнэлсэн дүгнэлт гарсан. Тухайн хашааг зах зээл дээр элбэг байх 40 трубагаар хийсэн тул малын төмөр хашааны зах зээлийн дундаж үнэлгээг харгалзан үнэлгээ гаргасан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 92-93 хуу/

Hyundai Porter-2 маркийн 7037ХЭА улсын дугаартай автомашины үнэлгээг 9.200.000 /есөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШД338 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-60 хуу/

Hyundai Porter-2 маркийн 7037ХЭА улсын дугаартай автомашины эзэмшигчээр С.Э бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 144 хуу/

С.Э-ийн яллагдагчаар  өгсөн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* сумын 5 дугаар багийн нутаг "Цамхаг" гэх газраас өөрийн эзэмшлийн 70-37ХЭА улсын дугаартай Портер маркийн машинтай ганцаараа Хэнтий аймгийн сум руу модонд явсан. Замаараа Бэрх тосгоноос найз Э ыг авч явсан. Тэгээд замд явж байхад мод өгөх байсан хүний маань утас нь холбогдохоо больсон. Тэгээд оройтоод буцахдаа Э ад ахын хашаа байгаа юм гэж хэлээд "******* толгой" гэх газраас айлын саравч дээрээс 7 ширхэг төмөр хашаа ачаад буцсан. Замаараа Бэрх тосгонд Э ыг буулгаад "Цамхаг" гэх газар байх гэртээ хариад 7 ширхэг төмөр хашаагаа гэрийнхээ гадаа буулгасан. Би уг хашааг адуу тамгалчихаад буцааж өгөх бодолтой байсан юм..гэх мэдүүлэг /2-хх-ийн 83 хуу/

Г.Э-ын яллагдагчаар  өгсөн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Бэрх тосгонд гэртээ байж байхад найз Э  өөрийнхөө цэнхэр өнгийн Портер маркийн машинтайгаа ирээд намайг сум руу модонд хамт явж өгөөч гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. сум руу замдаа явж байхад мод өгнө гэсэн хүнийх нь утас холбогдохгүй бид буцсан. Буцах замдаа Э  манай ахын хашаа байгаа юм. Ахад унага тамгалчихаад өгнө гээд хэлчихсэн гээд айлын малын саравчнаас 7 ширхэг төмөр хашаа ачаад авч явсан. Тэгээд замаараа би Бэрх тосгонд гэртээ бууж үлдсэн. Э  гэр  рүүгээ явсан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 79 хуу/

 7037ХЭА улсын дугаартай портер маркийн автомашиныг  битүүмжилсэн Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 5-8 хуу/

С.Э-ийн  иргэний үнэмлэхийн лавлагаа  / хх-ийн  85 хуу/

С.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 хуу/

Г.Э-ын  иргэний үнэмлэхийн лавлагаа  / хх-ийн 113 хуу/

Г.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 хуу/

Хохирогч Н.Э-ийн гаргасан “Э , Э  гэх этгээдүүдээр хашаагаа буцаан хүргүүлж, суурилуулж авсан. Миний хохирлыг барагдуулсан тул манай зүгээс гомдолгүй” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 101 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 147-149, 2-хх-ийн 94-96, 170, 173 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Э, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Э нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг "******* толгойн энгэр" гэх газраас хохирогч Н.Э-ийн хаваржааны хашаанаас 4 метрийн урттай 7 ширхэг төмөр хашааг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүн болох Г.Э ыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшлийн 7037ХЭА Hyundai Porter маркийн автомашинд ачиж яван, хохирогч Н.Э д  882.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Э нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хүлээн зөвшөөрөөгүй гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй, найз С.Э-ийн гуйсны дагуу хамт явсан гэж дурдсан бөгөөд түүний өмгөөлөгч нь энэ үндэслэлээр түүнийг гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргасан.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Г.Э , С.Э нарын мөрдөн байцаалтын үед гэрчээр /1 хх-ийн 21-22, 25-26 хуудас/ өгсөн мэдүүлгүүдийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Гэрч өөрийн... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэснийг зөрчиж, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж өөрсдийх нь эсрэг мэдүүлэг авсан гэсэн үндэслэлээр нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг нь хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааны үед шинжлэн судлаагүй  болно.

Шүүгдэгч С.Э-ийн хувьд мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед хулгай хийж байгаа талаараа Г.Э ад хэлээгүй гэж мэдүүлэг өгсөн, харин хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн талаар гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн. Түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Н.Э , гэрч П.*******, гэрч Э.*******баатар, шинжээч Э.Одхүү нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч С.Э болон түүний өмгөөлөгч нар нь С.Э нь ганцаараа гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Дээрх байдлуудаас үзэхэд шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй гэсэн шүүгдэгч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Г.Э-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Э нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг "******* толгойн энгэр" гэх газраас хохирогч Н.Э-ийн эзэмшлийн хаваржааны хашаанаас 4 метрийн урттай 7 ширхэг төмөр хашааг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүн болох Г.Э ыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшлийн 7037ХЭА Hyundai Porter маркийн автомашинд ачиж яван, хохирогч Н.Э д  882.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэсэн шинжийг хангаж байгаа шүүгдэгч С.Э ийг уг гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э д 882.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Э  нь “Э , Э  гэх этгээдүүдээр хашаагаа буцаан хүргүүлж, суурилуулж авсан. Миний хохирлыг барагдуулсан тул манай зүгээс гомдолгүй” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 101 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч С.Э эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар  5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт тус тус гаргасан.

 Шүүгдэгч С.Э-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9.200.000 /есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 7037ХЭА дугаартай Hyundai Porter маркийн автомашиныг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э, Г.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7037ХЭА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Э эд хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Э ыг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Э ийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Э ийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч С.Э эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Э эд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9.200.000 /есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 7037ХЭА дугаартай Hyundai Porter маркийн авто машиныг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч С.Э, Г.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7037ХЭА улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашиныг битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч С.Э эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э ад авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч С.Э эд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ