Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 795

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогч Ё.Х,

шүүгдэгч Б.Х,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, Б.Энхтүвшин,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 890 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч А.Б гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Х, Э.Т, Н.Б, Б.Снарт холбогдох эрүүгийн 1908 05581 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. 

2. 

3.  

4.

Шүүгдэгч Н.Б, Э.Т нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20- ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны Зээлийн 3 дугаар гудамжны 15 тоотод найзындаа байсан Л.С “гараад ир, уулзах хэрэгтэй байна” гэж дуудан 76-49 УНЧ улсын дугаартай Тоёото приус-11 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байхад нь “архи уусангүй" гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, хүзүү, хамар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн утсаар ярих үед нь түүний гарт байсан Самсунг галакси эс-7 эджи гар утсыг нь хүч хэрэглэн дээрэмдэн авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Х, Б.Снар хохирогч Л.ССамсунг галакси эс-7 эджи маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр байрладаг гар утасны засварын газар ажиллуулдаг Т.Баатаржавд 70.000 төгрөгөөр худалдан борлуулж ашигласан,

Н.Б, Э.Т, Б.Х нар бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 31 дүгээр гудамжинд Ё.Хжолоодон явсан 58-63 УБК улсын дугаартай саарал өнгийн Приус-30 маркийн машинаар хүргүүлэн буух үедээ “таксины мөнгө болох 2000 төгрөгөө авъя” гэхэд нь “өгөхгүй” гэж хэлэн газарт хавирч унаган өшиглөж, хоолойг нь боож ухаан алдуулан гар утас, бугуйн цаг 2 ширхэг, мөнгөн гинж, ээмэг 2 ширхэг, хос гутал, үүргэвч, бэлэн 13.000 төгрөг зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн 393.000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Т, Б.Х нар бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 31 дүгээр гудамжинд Ё.Хжолоодон явсан машинаар хүргүүлэн буух үедээ “таксины мөнгө 2000 төгрөгөө авъя” гэхэд нь өгөхгүй гэж хэлэн газарт хавирч унаган өшиглөж, хоолойг нь боож ухаан алдуулан эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зулай, чамархай, зовхи, хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, духанд зулгаралт, уруулын дотор салстын язрал, цус хуралт, дээд үүдэн 2 шүдний ёзоорын хугарал, хүзүүнд цус хуралт, хоёр сарвууны зөөлөн эдийн няцрал, 2 чихний хэнгэргэн хальсны цус хуралт, бага зэргийн сонсгол бууралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Б, Э.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Н.Б, Э.Т, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Э.Т, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Х, Б.Снарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, мэдүүлгийг дүгнэн хэлэлцээд хэргийг прокурорт буцаан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь шаардлагатай гэж дүгнэжээ.

Тодруулбал, хохирогч Ё.Х нь мөрдөн байцаалтын шатанд “...би буугаад очтол дунд зэргийн нуруутай нь чи манай 2 найзад томроод байгаа юм уу гээд гараа атгаж байгаад миний нүүрний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиод намайг хавирч унагаасан. Тэгтэл хажууд байсан нь ирээд тэр хоёр намайг нийлээд зодсон. Цаана байсан залуу нь миний машин руу гүйж очоод эд зүйлс хайж байгаад эргэж ирээд гурвуулаа намайг зодсон. ...Тэр гурван залуу гурвуулаа намайг зодсон. Тэр нь ингэж цохисон, энэ хүн ингэж цохисон гэж хэлж мэдэхгүй. Намайг тэр дунд зэргийн нуруутай залуу цохиод хавирч унагаасны дараа бүгд нийлээд зодсон. Намхан залуу нь буухаасаа өмнө хэд цохиод буусан...” гэж мэдүүлсэн. /1хх 167/ Мөн хохирогч нь шүүх хуралдаанд оролцож шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нарыг гурвуулаа нийлж зодсонг эргэлзээгүй байдлаар давтан мэдүүлээд, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, үүдэн хоёр шүд хугарсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл хохирогч Ё.Хэрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч Э.Т, Б.Х нар бүлэглэн учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохироогүй гэж дүгнэлээ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”-г нотолбол байдлын хүрээнд гүйцэд нотлон тогтоогоогүй байна. Түүнчлэн прокурор нь гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэхийг нягтлан хянах үүргийг хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзлээ. Хэргийг прокурорт буцааж байгаатай холбоотой шүүх хуралдаанд хэлцэгдсэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлыг бүрэн тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлыг бүрэн хянаж үзсэний үндсэн дээр хэргийг шүүхээр шийдүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.” Иймд дээрх зөрчлийг арилгаж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж шүүх дүгнэн хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор М.Амарзаяа тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 890 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Үүнд:

            Хохирогч Е.Хайдав мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...намайг дуудахаар нь би буугаад очтол дунд зэргийн нуруутай нь “чи манай 2 найзад томроод байгаа юм уу” гэхээр нь би “үгүй, хэн томорсон юм бэ” гэсэн чинь гараа атгаж байгаад миний нүүрний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиод намайг хавирч унагаасан. Тэгтэл хажууд нь байсан залуу ирээд тэр хоёр намайг нийлээд зодсон. Цаана байсан залуу нь миний машин руу гүйж очоод эд зүйлс хайж байсан. Намайг зодохдоо нуруу болон нүүрний хэсэгт удаа дараа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байсан. Тэгж байгаад намайг өргөөд машины арын суудалд “суу” гэхээр нь би эсэргүүцэж “би суухгүй, цус гоожоод байна, хатахаар нь сууя” гэхэд намайг зодоод би манарсан. Тэгтэл машины ард суулгасан байсан. ...” гэх мэдүүлэг/ 1хх 166-167/,

шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Хосбаяр таксины жолоочийг унагаачихсан дээрээс нь гараараа цохиж байхаар нь би очоод толгойны арын хэсэгт 2 удаа дэвссэн. Болдбаатарыг таксины жолоочийг цохиж байхыг хараагүй. Би таксины жолоочийн толгой руу 2 удаа дэвсэж, 2 удаа тохойлдсон.” гэж,

шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад “... би таксины жолоочийн нүүрэн тус газар нь 1 удаа гараа атгаж байгаад цохисон чинь газар уначихсан. Тэмүүлэн хэд хэдэн удаа өшиглөж байгаад машинд суулгасан.” гэж,

шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Хосбаяр нь таксины жолоочийг хавирч унагаагаад нуруун тус газар нь 2-3 удаа өшиглөсөн. Тэмүүлэн цаанаас нь ирээд мөн 2-3 удаа толгой руу өшиглөсөн” гэж тус тус мэдүүлснээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нар гэм буруутай эсэх дээр маргаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасаны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоосон, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...Е.Хайдавын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг яллагдагч Э.Т, Б.Х нар бүлэглэн, олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгий аргаар үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Ё.Х нь шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нар намайг зодсон гэж мэдүүлсэн атлаа Н.Б гэж хэлээд Э.Тг заагаад байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.  

Хохирогч Ё.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Б зодоонд оролцоогүй гээд байдаг. Тухайн үед Б.Х миний урд зогсож байсан. Миний ард намхан гээд байгаа залуу Н.Б зогсож байсан. Б.Хын ард арай өндөр Э.Т зогсож байсан. Э.Тгийн цаана машин байсан. Б.Х эхлээд миний шанаа руу цохиод, хавирч унагаасан. Намайг унах үед Н.Б, Б.Х хоёр ирээд зодсон. Э.Т машин руу явсан. Машин дотор Э.Т нилээн удаж байснаа машинаас гарч ирээд надаас “утас чинь хаана байна. Утсаа гаргаад ир” гээд миний нуруу руу өшиглөсөн. Гурвуулаа нийлж зодчихоод, намайг машинд хүчээр суулгаж авч явсан.” гэв.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй боловч тус захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Хохирогч Ё.Хбиед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт шүүгдэгч Н.Быг холбогдуулан яллагдагчаар татах агуулга бүхий захирамж гаргасан бөгөөд тус захирамжийн Н.Бт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус хэргийн холбогдогч нар болох Б.Х, Э.Т нар нь Н.Б хохирогч Ё.Хыг зодоогүй талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд ч тодорхой мэдүүлдэг. Шүүгдэгч Н.Б хохирогч Ё.Хыг зодоогүй, харин зодооныг салгасан гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн мэдүүлдэг ба энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч мөн адил мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн заалт байгаа. Зөвхөн хохирогч Ё.Хтай холбоотой үйлдэл яригдаагүй. Мөн хоёр дээрмийн гэмт хэрэг яригдаж байгаа. Хохирогч Л.С анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Хохирогч Л.С яг аль шүүгдэгч нь өөрийг нь дээрэмдсэн болохыг хэлж чаддаггүй. Дээрмийн гэмт хэрэг болсон юм уу, үгүй юм уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ мэт олон эргэлзээтэй асуудлууд байгаа учраас хэргийг прокурорт буцаасан. Шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “Хосбаяр, Тэмүүлэн нарыг би болиулаагүй байсан бол хохирогч Ё.Хыг алах байсан” гэсэн байдаг. Хохирогч Ё.Х шүүгдэгч Н.Баас хохирлын мөнгө авах гээд “Болдбаатар зодсон” гэж мэдүүлээд байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Быг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлох үндэслэл бүхий баримт нотолгоо байхгүй байхад яллагдагчаар татаагүй байна гэсэн агуулга бүхий захирамж гаргаж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул уг захирамжийн Н.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв. 

Шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Шүүхээс прокурорын яллах дүгнэлт болон хэргийн нөхцөл байдал хоёр хоорондоо тохирохгүй байна. Мөн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй.” гэв.

Шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа таньж олуулах ажиллагаа хийгдээгүйгээс болж ийм асуудлууд үүссэн гэж үзэж байна. Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хийгдвэл зохих ажиллагааг хийх шаардлагатай гэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй.” гэв.

Шүүгдэгч Б.Х “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Э.Т “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Н.Б “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Х, Э.Т, Н.Б, Б.Снарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хохирогч Ё.Хгаргасан өргөдөл /1хх 152/, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хохирогч Ё.Хгаргасан хүсэлт /2хх 62/, хохирогч Ё.Х“. ...Цаана байсан залуу нь миний машин руу гүйж очоод эд зүйлс хайж байгаад эргэж ирээд гурвуулаа намайг зодсон. ...Тэр гурван залуу намайг гурвуулаа зодсон. Намайг тэр дунд зэргийн нуруутай залуу цохиод хавирч унагаасны дараа бүгд нийлээд зодсон учраас би хараагүй юм. Машин дотор өндөр болон дунд зэргийн нуруутай хоёр залуу нь намайг зодсон. Намхан залуу нь буухаасаа өмнө хоолойгоо бүдүүрүүлж байгаад хэд цохиод буусан. ...” гэх /1хх 166-168/, яллагдагч Э.Тгийн “...Болдбаатар таксины мөнгөнөөс болж маргалдсан. Харин Хосбаяр түрүүлж цохиж унагаасан. Надад таксины жолоочтой маргасан зүйл байхгүй. ...” гэх /2хх 90-94/, яллагдагч Б.Хын “...Н.Б таксины жолоочтой төлбөрөөс болж маргалдсан. Тэгээд Болдбаатар машинаас түрүүлж буугаад дараа нь би машинаас буусан. Тэгсэн араас таксины жолооч бууж ирэхээр нь би 1 удаа цохиод хавсраад унагаасан чинь Тэмүүлэн араас хүрч ирээд 2 удаа нүүр рүү нь өшиглөсөн. ...” гэх /2хх 107/, яллагдагч Н.Бын “...Би таксины жолоочийн мөр, хүзүү хэсэгт нь цохисон зүйл байхгүй. Тэмүүлэн, Хосбаяр бид гурав гурвуулаа ард сууж байсан. Надад таксины жолоочид халдсан зүйл байхгүй. ...” /2хх 96-99/ гэх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлэг тус бүрийн агуулгыг анхаарч, мэдүүлгийн зөрүүг арилгах талаар шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заажээ.

Прокурор шүүгдэгч Н.Б, Б.Х, Э.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн зарим мэдүүлгийг үндэслэж, хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг тогтоож, тэднийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа шүүгдэгчдийн зарим болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэгт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.  

Шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгаснаар хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой.

Гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрийн үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болно.

Хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамрласан байдаг бөгөөд оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй буюу эс үйлдэхүйгээр илэрдэг юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох нөхцөл байдал, оролцооны хэлбэрийг нэг бүрчлэн хуульчилж, гэмт хэрэгт оролцсон байдлаас шалтгаалан оногдуулах ял шийтгэл ялгамжтай байдаг.

Иймээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нарын гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон оролцоо тус бүрийг дахин нягтлан шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн тухайн хуулийн зорилгод нийцэх юм.

Иймд прокурор М.Амарзаяагийн бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг, шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч А.Буяндэлгэрийн “...Н.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.