| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2015/0023/З |
| Дугаар | 128/ШШ2022/0019 |
| Огноо | 2022-06-23 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2022/0019
НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ
ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би “Ц” ХХК-нийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-ийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “Ц” ХХК-ны хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар компаний дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О, П.Д нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Ц" ХХК-ны нэхэмжлэлтэй Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг түдгэлзүүлсэн үндэслэл болох иргэний хэргийг Улсын дээд шүүхийн 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор “Ц” ХХК-ны хувьцаа эзэмшигч нар Компаны тухай хуульд нийцүүлэн хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой гэж үзсэн тул танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О, П.Д нар нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-ийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “Ц ХХК-ны хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар компаний дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхийг даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.О, П.Д нар нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ...” гэж заасан.
Нэхэмжлэлийн шаардлагаас үүссэн маргааны үйл баримтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээд байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.О, П.Д нарын Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-ийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “Ц” ХХК-ны хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар компаний дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ