Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 


        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: М.Батзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Архангай аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэрээнэнгийн Пүрэвсүрэнд холбогдох 129/2017/0032/Э/ индекстэй, эрүүгийн 201603000408 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 сарын 21-ний өдөр хэлэлцэхэд

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Цэцэрлэг хотын хот тохижилт үйлчилгээний газрын Бурхант цогцолборын сахиул ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Гандангийн арын задгай хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Сэрээнэнгийн Пүрэвсүрэн /РД:МБ75101219/ 
                   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Пүрэвсүрэн нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг, Өлт гэх газар 56-19 АРА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд Хөдөлгөөний чиглэл Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна. Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а, б, 5.11 а, б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтыг зөрчиж улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаж Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Д.Содномбалжирийн биед хүндэвтэр гэмтэл, зорчигч Ж.Мягмарсүрэнгийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
 
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Пүрэвсүрэнгийн өгсөн: Хийсэн хэргийнхээ гэм бурууг бүрэн хүлээж байна. Миний буруу, хуулийн мэдлэг байхгүй өмгөөлөгч аваагүй байсан учраас гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Одоо бол хийсэн хэргийнхээ гэм бурууг бүрэн ойлгож байна гэв.
    201603000408 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
* Хохирогч Д.Содномбалжирийн өгсөн: 
    “...Би өмгөөлөгчгүй ганцаараа байцаалт өгнө. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед би өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль унаад хадам ээж Мягмарсүрэнг ард талдаа сундалдаад аймгийн төвөөс Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн нутаг руу явсан. Тэгээд орой 22 цагийн үед Цэнхэр багийн Өлтийн ам гэх газарт явж байтал урд талаас нэг машин гэрлээ асаасан зам тавьж өгөхгүй чигээрээ яваад байсан. Би өөрийн зорчиж явсан замаас гараад тэр машины хажуугаар гарах гэтэл цагаан өнгийн Пронтер маркийн машинтай миний жолоодож явсан мотоциклиор зүүн гараар жолоодож явсан руль шүргэлцээд би мотоциклийнхоо доор орж дарагдаж унасан. Тэрнээс хойш зүүн талын хөл дунд чөмгөөрөө хугарч босч чадахгүй газар хэвтэж, цагдаа, эмнэлэг дуудсан. Намайг багийн эмч үзээд аймгийн төв рүү түргэн дуудаж явуулсан. Миний зүүн хөл дунд чөмгөөрөө хугарч 2 тийшээ цууралттай байгаа гэмтлийн эмнэлэгт үзүүлж 3 хадаас тавиулсан. Одоо миний хөл их өвдөж байна. Өвдөлтөндөө болж нойргүй хонож байгаа. Хадам ээж Мягмарсүрэнгийн аарцаг ясанд гэмтэл авсан байгаа. Цагаан машины жолооч Пүрэвээ гэдэг залуу миний биеийн байдлыг асууж нэг удаа утсаар ярьсан. Тэрнээс эмчилгээний зардал мөнгө гэж өгөөгүй байгаа. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал гэж 3.000.000 төгрөг нэхэмжилнэ. Би аймгийн төвөөс гарахаасаа өмнө ганцаараа Боргио нэртэй 0.5 граммын лаазтай пиво нэг савыг ууссан бөгөөд замдаа явж байгаад хадам ээж Мягмарсүрэнгээс нуугдаж 0.5 граммын Улаан касс нэртэй нэг лааз пиво ганцаараа уусан байсан. Би осол болох үед өөрийн хийж буй үйлдлээ мэдэж байсан бөгөөд урдаас ирж буй машиныг зам тавьчих байх гэж бодож явж байгаад замаас гарах гэтэл машины хажуу талыг мөргөөд уначихсан. Би өөрийн биед учирсан гэмтэл болон замын цагдаагийн байцаагийн гаргасан дүгнэлтүүдтэй танилцсан. Надад санал хүсэлт байхгүй. Мотоциклийн руль, мурийсан, зүүн талын урд дохио хагарсан, банк цөмөрсөн өөр эвдрэл байхгүй байсан. 
Би осол гаргасан Пүрэвсүрэнтэй харилцан ярилцаад нэг сая төгрөг авч гомдол саналгүй болохоор тохирсон. Би цагдаа, прокурор гэж хуулийн байгууллагаар явмааргүй байна. миний хөл гадуур явахаар их өвдөж байгаа. Пүрэвсүрэн надад мөнгө өгнө гэж баталгаа гаргасан болохоор надад одоо гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 117 дугаар тал/

    * Хохирогч Ж.Мягмарсүрэнгийн өгсөн: 
“...2016 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө би хүргэн Содномбалжирийн хамт Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутгаас аймгийн төв ороод 21 цагийн үед аймгийн төвөөс гэр рүүгээ явсан. Хүргэн өөрийнхөө хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтойгоо явсан. Тэгээд шөнийн 11, 12 цагийн үед Цэнхэр сумын Цэнхэр багийн Өлтийн ам гэх газарт цагаан саадгүй тэгшхэн газарт мотоциклиороо явж байтал урдаас хурц гэрэлтэй машин явж байснаа зам тавьж өгөхгүй миний сууж явсан мотоцикльтой мөргөлдсөн. Би хэсэг ухаан алдаад сэртэл газарт хэвтэж байсан бөгөөд мөлхөж байгаад босох гэтэл толгой эргээд байсан. Хэсэг байж байгаад бостол Содномбалжир ухаангүй мотоциклийнхоо хажууд хэвтсэн, нэг хөлөө мотоцикльд даруулсан байдалтай байсан. Тэгтэл Содномбалжир хөл нь хугарсан байсан бөгөөд хэсэг байж байснаа хөл гэж ёолж орилож эхэлсэн. Би эхэн үедээ алхаж өвдөлтөө мэдрэхгүй байсан бөгөөд нэг удаа суугаад босох гэтэл аарцаг хугарсан бололтой явж чадахгүй болчихсон. Тэгээд багийн эмч ирээд машин дуудаж айлд очоод байж байтал аймгаас түргэн ирж хүргэн бид хоёрыг авч явсан. Миний толгой өвдөж, аарцаг яс хугарсан гэмтэл авсан бөгөөд хэвтрийн дэглэм сахиж ясны хугарлаа эдгээж байна. Би зөвхөн эгц дээшээ харж хэвтэж байгаа. Эмчилгээний зардал гэж ойролцоогоор нэг сая орчим төгрөг болсон. Одооноос ойрхон явж биеэ дааж явж байгаа. Би годмолтой байна. Өөрийнхөө эгнээгээр явж байхад урдаас явсан машин зам тавьж өгөхгүй мөргөчихсөн. Мөн машины жолооч тухайн үед хэлэхдээ миний дугуй хагарсан байсан болохоор зам тавьж өгөөгүй гэж ярьж байсан. Осол болсон зам тэгш саадгүй байсан бөгөөд машин явж байсан. Хэр хурдтай явж байсныг нь мэдэхгүй байна. Яасан ч зогсоогүй явж байгаад осол гаргасан. Хүргэн Содномбалжир нээх хурдтай яваагүй ойролцоогоор 50 орчим км цагийн хурдтай явсан байх. Би Содномбалжирын хойд талд сууж явсан бөгөөд надад архи, пиво уусан үнэр үнэртээгүй би Содномбалжирыг эрүүл байна гэж бодож байсан осол болсны дараа машины жолооч Содномбалжирыг согтуу байна гэж яриад байсан. Бас намайг ч гэсэн согтуу байна гээд байсан. Би эрүүл байсан. Би нэг сая төгрөг нэхэмжилнэ. Би гэрээрээ эмчилгээ хийсэн. Осол гаргасан жолооч хэлэхдээ миний машин хүнд ачаатай, дугуй муутай болохоор замаас гараагүй гэж ярьж байсан. Хэрэв тэр цагаан өнгийн Пронтер машин зам тавьж өгсөн бол осол гарахгүй байсан. Миний хүргэн Содномбалжир ухаангүй байж байгаад сэрээд хөлөө хугарсныг мэдээд их өвдөж байгаа бололтой ёо, ёо гээд орилоод байсан.
Осол гаргасан машины жолооч Пүрэвсүрэн нь надтай уулзаад эмчилгээний мөнгө гэж 500.000 төгрөг надад өгөхөөр тохирсон. Пүрэвсүрэн надад 21 хоногийн дараа мөнгө өгөх тухайн баталгаа бичиж өгсөн болохоор одоо надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38, 118 дугаар тал/

* Гэрч Х.Нарандуламын өгсөн: 
“...2016 оны 08 сарын 31-ний шөнийн 23 цагийн үед би Цэнхэр сумын Цэнхэр багийн Доод тээг гэх газарт оршин суух өөрийн гэртэй унтаж байтал багийн эмчийн гэр мөн үү гээд нэг мотоцикльтой танихгүй хүн ирсэн. Би юу болсон талаар асуутал Цэнхэр сумын Цэнхэр багийн Өлтийн гарамны ард машин, мотоцикль 2 мөргөлдчихлөө гэж хэлсэн. Би тэр мотоциклийн ард суугаад осол болсон гэх газарт очтол нутгийн танил Содномбалжир газар хэвтсэн байдалтай, түүний хадам ээж болох Ж.Мягмарсүрэн нь биеийн байдал хэвийн гээд алхаад байсан. Хэсэг хугацааны дараа гишгэж чадахгүй байна аарцаг өвдөөд байна гээд газарт суугаад байсан. Хэргийн газарт цагаан өнгийн Портер машин цэнхэр өнгийн мотоцикль 2 хоорондоо мөргөлдсөн байдалтай цагдаад дуудсан гээд хөдөлгөөгүй байсан. Би Содномбалжирыг үзээд өвчин намдаах тариа хийгээд машин гуйгаад Содномбалжир, Ж.Мягмарсүрэн хоёрыг айлд аваачиж хэвтүүлж, аймгаас түргэн тусламж дуудаад түргэний машинаар аймгийн төв рүү явуулсан. Содномбалжирийн зүүн талын хөл хугарсан байсан болохоор нь хөдөлгөөнгүй байлгасан, толгойн дух орчимдоо хагарсан бололтой цус гарсан байсан. Ж.Мягмарсүрэн гуай аарцаг руу өвдөөд байна гээд явж чадахгүй байсан ил харагдах өөр шарх сорви гэх зүйл ажиглагдаагүй. Содномбалжираас бага хэмжээний архи мэт зүйл үнэртэж байсан. Цагаан машины жолоочтой уулзаж ярилцахад архи үнэртэхгүй хэвийн байх шиг байсан. Содномбалжир намайг харчихаад намайг таниад байсан бөгөөд өвчин намдаах тариа хийгээд өгөөч гээд байсан. Содномбалжираас бага хэмжээний архи уусан бололтой үнэртэж байсан ч ухаан санаа яриа нь хэвийн байсан. Их өвдөж байгаа бололтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/
* Гэрч Д.Цэвэлмаагийн өгсөн: 
“...С.Пүрэвсүрэн бол миний нөхөр. Би Д.Содномбалжир, Ж.Мягмарсүрэн гэх хүмүүсийг танихгүй. Би нөхөр Пүрэвсүрэнтэй 2000 онд гэр бүл болж хамт амьдарч байгаа бөгөөд 2 хүүхдийн аав, ээж болсон. Миний нөхөр Пүрэвсүрэн нь 1975 ны 10 сарын 12-нд Дархан хотод төрсөн, 11 хүүхэдтэй айлын 7 дахь хүүхэд бөгөөд одоо хот тохижилтийн газрын сахиул ажил эрхэлж байгаа. Зан байдлын хувьд архи, тамхи хэрэглээд байдаггүй, хамт олондоо нийтэч, нэр хүнд сайтай, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүн. 2016 оны 09 сарын 13-14-нд шилжих шөнө намайг гэртэй байхад миний нөхөр Пүрэвсүрэн над руу утсаар яриад намайг машинаа жолоодоод явж байхад мотоцикль ирээд надтай мөргөлдчихлөө, хүмүүсийх нь биеийн байдал муухан байна, цагдаа, эмнэлэг дуудаад хэлээд өгөөч би хөдлөхгүй хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газар болон аймгийн эмнэлэгт дуудлага өгсөн. Надад өөр мэдэж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/
* Гэрч Г.Баасансүрэнгийн өгсөн: 
“...С.Пүрэвсүрэн ахтай төрөл садангийн холбоо харилцаагүй хадам талын хүн болохоор нь таньдаг. Би Д.Содномбалжир, Ж.Мягмарсүрэн гэх хүмүүсийг танихгүй. С.Пүрэвсүрэн миний хадам ээжийн төрсөн дүүгийнх нь нөхөр болох хүн бөгөөд төлөв даруу зантай, олон таван үггүй архи ууж, тамхи татдаггүй хүнтэй нийтэч харилцаатай хүн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би хадам талынхаа 6 хүнтэй хамт 2016 оны 08 сарын 08-ны үеэр 2 машин, 1 мотоцикльтой Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Олон нуурын эх гэх газар руу самарт явсан бөгөөд түүсэн самраа Цэнхэр сумын нутаг руу оруулж  цагаалсан. 2016 оны 09 сарын 31-ний өдөр цагаалсан самраа С.Пүрэвсүрэн ахын цагаан өнгийн пронтер маркийн машинд тээвэрлэж Архангай аймгийн төв рүү явсан. Би цагаан өнгийн амжиргаа нэртэй машинтай түрүүнд нь явсан бөгөөд миний араас Пүрэвсүрэн ах, хүүхэд Ренцэндоржийнхоо хамтаар явж байсан. Ар талаас мотоцикльтой Бүрэнбаяр явж байсан. Тэгтэл Цэнхэр сумын Цэнхэр багийн Өл гэх газарт шөнийн 23 цагийн үед явж байхад миний сууж явсан машины хажуугаар маш хурдтай ард талдаа хүн сундалсан нэг мотоцикль зөрсөн бөгөөд удалгүй түс тас хийсэн чимээ гарахаар нь буцаад яваад очтол Пүрэвсүрэн ахын жолоодож явсан машинтай, миний хажуугаар хурдтай зөрсөн мотоцикльтой хүн мөргөлдөөд мотоциклийн жолооч залуугийн хөл нь хугарсан, архи ууж согтсон бололтой уусан архиндаа юу ч мэдэхгүй байгаа бололтой байсан. Тэгээд багийн эмч рүү явж осолд орсон хүнд анхан шатны тусламж үзүүлсэн. Мотоциклийн жолоочийн хөл нь хугарч цээжин дээрээ гарчихсан байсан. Харин тэр залуу архиндаа болоод өвдөлт нээх мэдрэхгүй байгаа бололтой байсан. Мотоциклийн ард сууж явсан эмэгтэйн биеийн байдал хэвийн байгаа мэт босоод яваад байсан. Пүрэвсүрэн ахын жолоодож явсан машины урд талд би машинтайг явж байсан бөгөөд ойролцоогоор 500 метрийн өмнө явж байсан. Тэр мотоциклийн гэрэл нь их хурц цагаан өнгийн гэрэл байсан бөгөөд маш хурдтай хаазаа тултал нь атгасан явж байгаа болов уу гэмээр явж байсан. Мотоциклийн жолооч залуу намайг анх очиход тасарчихсан юм уу гэмээр маш их согтолттой, өвдөлтөө мэдэхгүй байсан. Тухайн үед бид нар самар ачсан ачаатай явж байсан болохоор удаан явж байсан бөгөөд 30, 40 км цагийн хурдтай явж байсан. Пүрэвсүрэн ахын машин миний ард яваад байсан болохоор хурд нь манай машины хурдтай адилхан явж байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/
* Гэрч Д.Гантөмөрийн өгсөн: 
“...2016 оны 09 сарын 13-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах уулын модонд самар түүгээд Пүрэвсүрэн ахын эзэмшлийн цагаан өнгийн пронтер макийн машинд цайруулсан самар нэг тонн орчимыг ачаад Өлзийбуян нь өөрийн эзэмшлийн амжиргаа цагаан маркийн машинаа унаад эхэлж уулнаас буусан. Араас нь Пүрэвсүрэн ах машинаа унаад хүү Рэгзэндоржийн хамт явсан. Хамгийн ар талд нь Бүрэнбаяр бид 2 явсан. Тэгээд явж байтал Пүрэвсүрэн ахын жолоодож явсан цагаан өнгийн пронтер маркийн машины хойд талын нэг дугуй хагарчихсан зам дээр зогсож байсан бөгөөд давхар дугуйтай машин болохоор нь нэг дугуйгаар нь явуулахаар болоод Пүрэвсүрэн ах машинаа өөрөө унаад явсан. Би Бүрэнбаяртай хамт машины тоосноос холдох гээд хэсэг хүлээж байгаад мотоцикльтойгоо араас нь явсан. Тэгээд явж байтал урд талаас хурц гэрэл гарч ирж байснаа түс тас хийсэн дуу гарч сонсогдсон яваад очтол Пүрэвсүрэн ахын жолоодож явсан машины жолооч талаас нэг мотоцикль мөргөөд мотоциклийн жолоочийн хөл нь хугарсан, согтуу өвдөлтөө мэдрэхгүй, тасарчихсан байдалтай, шал өөр,  өөр зүйл яриад байсан. Мотоциклийн хойд талд сууж явсан эгчийн биеийн байдал зүгээр гээд яваад байсан. Тэгээд Бүрэнбаяр мотоциклиороо явж багийн эмч дуудаад аймгийн төв рүү цагдаа, эмнэлэг дуудсан. Тухайн осол болох үед уулнаас бууж явсан болохоор хэн ч архи уугаагүй эрүүл байсан. Пүрэвсүрэн ах мөн адил эрүүл байсан. Мотоциклийн жолооч тухайн үед хөл нь хугарсан их эвгүй байдалтай харагдаж байсан. Тэгээд та нар амжихгүй шүү гэсэн утгатай юм яриад осолд орсон талаараа өөрөө мэдэхгүй байх шиг байсан. Миний бодлоор тасарсан байсан байх  гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/ 
* Гэрч Ц.Рэгзэндоржийн өгсөн: 
“...би хойд аав Пүрэвсүрэн болон ээжийн талын хүмүүсийн хамт Архангай аймгийн Цэнхэр, Булган сумын нутгаар самарт яваад 2016 оы 09 сарын 13-ны өдөр самраас буусан. Тэгээд самар түүгээд уулын модноос аавын эзэмшлийн цагаан өнгийн Пронтер маркийн машинд нэг тонн орчим цайруулсан самар ачсан, Өлзий ахын жолоодож явсан амжиргаа цагаан нэртэй машин дээр 500 орчим кг самар ачаад Төмрөө ах, Бор ах нар мотоцикльтой бид нарын араас явсан. Хамгийн түрүүнд амжиргаа цагаан маркийн машин, араас нь аав бид 2 машинтайгаа явсан хамгийн ар талд мотоцикльтой 2 ах явсан. Тэгээд миний сууж явсан машины дугуй хагарсан байсан болохоор их удаан явж байтал урд талаас нэг тод цэнхэр өнгийн гэрэлтэй мотоцикль гараад ирсэн. Тэгээд мотоцикль хурц гэрлээ шилжүүлэхгүй ойртоод ирэхээр нь аав машинаа зогсоотол тэр мотоцикль урдаас хүрч ирээд аав бид хоёрын сууж явсан машины жолооч талын хаалга орчимд мөргөөд тас хийсэн дуу гараад мотоцикльтой явж байсан хүмүүс уначихсан. Би машинаас буугаад хартал нэг эмэгтэй хүн газар уначихаад өөрөө босоод ирсэн. Мотоцикль жолоодож явсан бололтой нэг ах газар уначихсан нэг хөл нь их эвгүй хугарсан, нугараад цээжин дээрээ гараад ирсэн байсан. Тэр залуу маш их согтуу байсан бөгөөд нугарсан байсан хөлийг нь эвтэйхэн болгож тавиад цээжийг нь дээш нь болгож эвтэйхан байдалтай хэвтүүлсэн. Тэр залуу маш их согтуу байсан бөгөөд яасан андуудаа гэж орилоод осолд орсон байгаагаа мэдэхгүй байх шиг байсан. Тэгээд ар талаас явж байсан мотоцикльтой 2 ах нар мотоциклиороо багийн эмч болон цагдаа дуудсан. Осолд орсон мотоциклийн хойд талд сууж явсан эгч босч яваад байсан. Мотоциклийн гэрэл хэр холоос анх харагдаж эхэлснийг би санахгүй байна. Нэг мэдсэн урд талаас их хурдтай тод мотоциклийн гэрэл гараад ирсэн. Аав явж байсан замаараа их удаан явж байсан болохоор зам тавьж өгөөгүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/ 
* Гэрч Т.Долгорын өгсөн: 
“...2016 оны 09 сарын 13-ны өдөр миний хүү Содномбалжир өөрийнхөө мотоцикльтой хадам ээж Мягмарсүрэнгийнхээ хамтаар Цэнхэр сумын нутаг руу явсан. Тэгээд шөнийн 12 цагийн үед над руу утсаар Содномбалжирыг Цэнхэр сумын Цэнхэр багийн нутагт машинтай мөргөлдөж осолд орсон байна биеийн байдал нь муу байна гэж хэлсэн. Тэгхээр нь би эмнэлэг, цагдаад мэдэгдээд эмнэлгийн машинтай осол болсон газарт очсон. Тэгтэл миний хүү Содномбалжир хөл нь хугарчихсан нэг айлд оччихсон хэвтэж байсан бөгөөд эмч нар чиг барьж боогоод аймгийн төв рүү авч ирээд эмчилгээ хийлгэсэн. Хадам ээж Мягмарсүрэнгийнх нь аарцаг яс хугарсан гэмтэл авсан байсан. Би хүү Содномбалжирыг аймгийн эмнэлэгт үзүүлж оношлуулаад Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хөлний хугарлыг хадуулсан. Одоо миний хүү гэртэй шөнө тайван унтаж чадахгүй өвчиндөө зовиурлаж өвдөөд хэцүүхэн байдалтай байх болсон. Осол гаргасан машины хүмүүс ганц ч удаа миний хүү дээр ирж уулзаагүй учир их гомдолтой байна. Содномбалжир бол миний 5 хүүхдийн 2 дахь хүүхэд бөгөөд 1990 оны 06 сарын 02-нд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. Эрдэнэбулган сумын 2 сургуулийн 8 дугаар анги болон МСҮТ-ийн цахилгаанчины ангийг суралцаж төгссөн. 2015 онд эхнэртэй болж нэг хүүхдийн аав болсон. Миний хүү Содномбалжир нь Цэнхэр суманд хадмынхаа гэрт эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд осол болох үед хадам ээжийнхээ хамт аймгийн төв орчихоод буцаж яваад осолд орсон байсан. Зан байдлын хувьд хүүхдээрээ ааштай буруу зөрүү аашгүй хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/ 
* Гэрч Д.Даариймаагийн өгсөн: 
“...би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Урт булаг гэх газарт найз залуу Содномбалжирын хамт байсан бөгөөд 2016 оны 09 сарын 13-ны өглөө ээж Мягмарсүрэнтэй аймгийн төв рүү ажлаар явсан. Тэгээд маргааш өглөө 10 цагийн үед ээж над руу утсаар яриад замдаа машинтай мөргөлдөөд осолд орсон Содномбалжир бид 2 босч чадахгүй байна, аймгаас түргэний машин ирж авсан гэж ярьсан. Тэгээд ээжийн аарцаг яс хугарч, нөхөр Содномбалжирийн дунд чөмөг хугарч хот руу яаралтай явах ёстой гэхээр нь би нөхрийн хамт хот орж гэмтлийн эмнэлэгт үзүүлж Содномбалжирт хагалгаа хийлгэж хөлний хугаралыг хадуулж ясны үүрмэгийг нь түүлгэж цууралтыг нь төмөр утсаар хэрүүлсэн. Тэгээд би хотоос ирээд ээж Мягмарсүрэнг хөдөө гэртэй авч ирж асарсан бөгөөд аарцаг ясанд эмчилгээ байхгүй эм ууж хэвтрийн дэглэмээр эмчлэх ёстой гэсэн тул 2 сарын турш хэвэрт байж асарсан. Одоо ээж ганц нэг алхаж явж байгаа. Осол гаргасан жолооч нэг удаа утсаар ярьсан. Эмчилгээний зардал мөнгө гэж өгөөгүй. Миний ээж эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51- 52 дугаар тал/ 
* Шинжээч Б.Отгонжаргалын өгсөн: 
“...би 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 419 дугаартай дүгнэлтээ санаж байна. Уг дүгнэлтийг 2 дугаар шатлалын эмнэлгийн баримт болон рентгэн зураг болон хэсэг газрыг үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан. Дунд чөмөг яс хугарч гэмтэхэд тухайн хүн албадмал байдалд орж маш хүчтэй өвдөлт өгнө, хавдана, ясны хугарлын шинжүүд илэрнэ. Өвдөлтөөс болж шокод орж болно. Өвдөлт намдаах эм, тариа даруй хэрэглэхгүй бол өвдөлтөөс болж ёолох хашгирах, сүүлдээ бие суларч ухаан алдах, даралт унах зэрэг шинжүүд илэрнэ. Учир нь яс хугарах үед хоёр яс хоорондоо зөрнө, булчин хүчтэй агшиж, судас мэдрэл гэмтээдэг. Өвдөлтийн шокод орно. Хамгийн түрүүнд хашгирах ёолох, өвдөлтөө тэсвэрлэж чадахгүй бол ухаан алдах, дэмийрч болно. Энэ үед яаралтай анхны тусламж үзүүлэх хэрэгтэй. Би өөрийн гаргасан дүгнэлтээ санаж байна. Ж.Мягмарсүрэнгийн биед учирсан аарцаг яс, /мальгений хуграл/ гэмтэл буюу /Умдаг ба суудал ясны нэг болон хоёр талын хугарал нь олон яс уулзах үеэр салахтай хавсарсан хугарал/ гэмтлийг авсан даруйдаа хэсэгхэн ойрын хугацаанд явах, алхах үйлдэл хийж чадах боломжтой. Уг гэмтлийг авсан даруйдаа хүн мэдэхгүй бөгөөд хэсэг хугацаанд сууж, хэвтэх үйлдэл хийсний дараа уг хуграл гэмтэл нь мэдэгдэх боломжтой. Цээжин биеэр чөлөөтэй хөдөлгөөн хийх бөгөөд бөгс хэсгээс доош хөдөлгөөн хийх боломжгүй.
Миний гаргасан 419 дугаартай дүгнэлт болон шинжээчийн байцаалт үнэн зөв байсан. Би 2-р шатлалын эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас дээр бичигдсэн эмчийн үзлэг болон оношийг үндэслэн дүгнэлт гаргасан. Уг яаралтай тусламжийн хуудаст: Хэсэг газрын үзлэгт: ...умдаг орчимд хавдсан өвдөлтэй, 2 түнхний үеэр хөдөлгөж болхгүй өвднө. Урьдчилсан оношинд гэмтлийн гаралтай аарцаг ясны хугарал гээд рентгенд харсан байсан. Рентген зургийг мэс заслын эмч Чойжилжамба үзээд гэмтлийн гаралтай аарцаг ясны хугарал /Мальгений хугарал/ гэсэн онош тавьсан байсныг би үндэслэж дүгнэлтээ гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч Мягмарсүрэнгийн 2 ширхэг рентген зургаас харахад /2016 оны 09 сарын 17, 09 сарын 14-нд авахуулсан/ баруун талын суудал, умдаг яс, ууцны яс буюу ясанд 3 өөр ясанд буюу аарцгийн цагиргыг бүрдүүлж байгаа умдаг, суудал, ууц яс хугарсан байна гэсэн үг. Гурван удаа хугарсан биш юм. Хүний аарцаг яс нь тулгуур болж өгдөг. Умдаг, суудал, ташаа яс, сүүж, ууц яс зэрэг нь аарцгийн цагиргыг бүрдүүлж өгдөг. Тэр яснуудаас баруун талын умдаг, суудал, ууц ясны баруун талын буюу олон уулзах хэсгээр нэг дор хугарсан гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 62, 121 дүгээр тал/ 

* Шинжээч Б.Чулуунбаатарын өгсөн: 
“...Хэрэг бүртгэгч хошууч Цэрэнбатын шинжээч томилсон тогтоол болон хэргийн газрын үзлэг, зураг, бусад хүмүүсийн тайлбарын дагуу би дүгнэлт гаргасан бөгөөд шинжээч томилсон материал дээр буюу С.Пүрэвсүрэнгийн тайлбарт 56-19 АРА улсын дугаартай Пронтер маркийн машин хурд багатай явж байтал урдаас мотоцикльтой хүн ирж мөргөсөн гэсэн тайлбар, мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, замын байцаагчийн үйлдсэн схем зурагт Пронтер маркийн машины замын зүүн гар талыг шахсан, зүүн гар талынхаа үзүүр хэсгээр мотоцикльтой мөргөлдсөн байсан. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д зааснаар жолооч баруун гар талаа барьж явна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4.4 дэх хэсэгт зааснаар Монгол улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зорчих хэсгийн баруун гар талаар явуулна. Тусгаарлах зурвасгүй замд зорчих хэсгийн тэн хагасыг эсрэг урсгалд тооцно гэсэн заалтыг үндэслэж 56-19 АРА улсын дугаартай Пронтер маркийн авто машиныг осол гаргасан гэж дүгнэлт гаргасан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Содномбалжирын согтолтын зэргийг тогтоогоогүй байсан мөн замын зохицуулагч согтуурал шалгах багажаар согтолтын зэргийг шалгаагүй байсан. Хэрэв шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд зэргийн согтолттой өөрийгөө хаана явж байгаагаа мэдэхгүй байгаа тохиолдолд зам тээврийн ослын шалтгаан Содномбалжирын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл болох учиртай байсан. Энэ тохиолдолд шүүх эмнэлэг, болон замын зохицуулагчийн согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг баримт байхгүй байсан бөгөөд Содномбалжирыг хэр согтолттой байсныг тогтоогоогүй байсан. Содномбалжир нь өөрөө тайлбар өгч болсон явдлын талаар мэдэж байсан гэсэн тайлбар өгсөн болохоор Содномбалжир гаргасан үйлдэлд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж зөрчил гаргасан байна гэж үзэж дүгнэлт бичсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар тал/ 
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 422 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
Дүгнэлтэд: “...1. Ж.Мягмарсүрэнгийн биед аарцаг ясны хугарал /Мальгений хугарал/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-15-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% ба түүнээс дээш хувь алдагдуулна. Эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарч эргэн сэргэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 422 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт: 
Дүгнэлтэд: “...1. Урьд гаргасан 422 тоот дүгнэлт үнэн зөв. 2. Ж.Мягмарсүрэнгийн биед учирсан аарцаг, ясны хугарал нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ...” гэх дүгнэлт /хх-ийн 178 дугаар тал/ 
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 419 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт: 
Дүгнэлтэд: “...1. Урьд өмнө гаргасан 419 тоот дүгнэлт үнэн зөв. 2. Д.Содномбалжирийн биед зүүн дунд чөмөг ясны дунд хэгийн далд зөрөөтэй хугарал, дух, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн хурууны үенеед, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн дунд чөмөг ясны хугарлыг хагас ил аргаар түгжээт хадаасаар бэхлэх хагалгаа хийгджээ. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 182 дугаар тал/ 
* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 09 сарын 21-ний 84 дугаартай дүгнэлт: 
Дүгнэлтэд: “...1. Пронтейр маркийн 56-19 АРА улсын дугаартай автомашин жолооч С.Пүрэвсүрэн нь ЗХАБТХ-н 3 дугаар зүйл. Хөдөлгөөний чиглэл Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна. ЗХД-ийн 8.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а, б, 5.11.а, б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалт зөрчсөн байна. 
1.1 Мустанг-5 марктйн мотоциклийн жолооч Д.Содномбалжир нь жолооч ЗХД-ийн 2.1.А-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно, ЗХД-ийн 2.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдэмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтууд зөрчсөн. 2. Тус зам тээврийн осол нь Пронтейр маркийн 56-19 АРА улсын дугаартай автомашины жолооч С.Пүрэвсүрэн нь ЗХАБТХ-ийн 3 дугаар зүйл. Хөдөлгөөний чиглэл Сонгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна. ЗХД-ийн 8.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а, б, 5.11.а, б тэмдэгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалт зөрчсөнөөс гарсан гэж үзэж байна. 3. Теникийн нөхцөл байдал нөлөөлсөн зүйлгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар тал/ 

* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт: 
Дүгнэлтэд: “...1. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Чулуунбаатарын 2016 оны 09 сарын 21-нд гаргасан 84 дугаарт дүгнэлт болон 2016 оны 10 сарын 26-ны өдөр өгсөн шинжээчийн байцаалт зэрэг нь үндэслэлтэй байна. 2. Пронтейр маркийн 56-19 АРА улсын дугаартай автомашин жолооч С.Пүрэвсүрэн нь ЗХАБТХ-н 3 дугаар зүйл. Хөдөлгөөний чиглэл Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна. ЗХД-ийн 8.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а, б, 5.11.а, б тэмдэгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалт зөрчсөн байна. 3. Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Д.Содномбалжир нь Монгол Улсын ЗХД-ийн 2.1.А-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно, Монгол Улсын ЗХД-ийн 2.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдэмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна. 4. Пронтер маркийн 56-19 АРА улсын дугаартай автомашины жолооч С.Пүрэвсүрэн нь ЗХАБТХ-ийн 3 дугаар зүйл. Хөдөлгөөний чиглэл Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна. ЗХД-ийн 8.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а, б, 5.11.а, б тэмдэгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалт зөрчсөнөөс гарсан гэж үзэж байна. 5. Мустанг-5 маркийн мотоцикль болон Бонго Пронтер маркийн 56-19 улсын дугаартай автомашинуудын хурдыг тогтоох боломжгүй. 6. Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Д.Содномбалжир нь Монгол Улсын ЗХД-н 2.1.А-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Тухайн жолооч Д.Содномбалжир Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх шалтгаан нөхцөл буруутай гэх тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 126-127 дугаар тал/ 

* Сэжигтэн, яллагдагчаар С.Пүрэвсүрэнгийн өгсөн: 

“...би сэжигтэнээр тооцох тогтоолтой танилцсан. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би машинаараа мотоцикльтой хүнийг мөргөөгүй. Өөрөө ирж миний машиныг мөргөж осол гаргасан. 2016 оны 08 сарын 10-ны үеэр би эхнэр Цэвэлмаа, хүү Рэгзэндорж, болон эхнэрийн хамаатнуудын хамтаар Архангай аймгийн Булган сумын нутаг руу самар түүхээр гарсан. Би өөрийнхөө эзэмшлийн 56-19 АРА улсын дугаартай цагаан өнгийн бонго пронтер маркийн тээврийн хэрэгслээ авч самарт явсан. Мөн эхнэрийн төрлийн нэг залуу цагаан өнгийн амжиргаа гэж нэрлэдэг нэг машинтай явсан. Бүрэнбаяр өөрийнхөө улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтойгоо явсан. Бид нар уулнаас самар түүгээд машин мотоциклиор цагаалж байгаад Цэнхэр сумаар дамжуулан түүсэн самраа аймгийн төв рүү оруулж ирэхээр 2016 оны 09 сарын 13-ны өдөр хөдөлсөн. Уулнаас буусаар байгаад орой болсон бөгөөд шөнийн 23 цагийн үед Цэнхэр сумын Цэнхэр багийн нутагт бага зэргийн алсуураа өгссөн шороон замаар явж байтал миний урдаас тод хөх туяатай гэрэлтэй, мотоцикль жолоодсон хүн их хурдтай тулж ирсэн. Би өөрөө өөрийнхөө машиныг жолоодож явсан бөгөөд өөрийн машиныхаа гэрлийг ойр дээр нь шилжүүлээд машинаа зогсоотол урдаас явж байсан мотоцикль шууд ирээд миний машины зүүн гар талын урд талын буланг мөргөөд газар унасан. Би тухайн үед машиныхаа хаалганы цонхыг нээсэн явсан болохоор мотоциклийг их хурдтай, хааз өндөр явж байна даа гэдгийг сонссон болохоор гэрэлд нь нүд гялбаад зогссон. Мотоцикль миний машиныг мөргөж зогссоны дараа би машинаасаа буугаад хартал мотоциклийн жолооч залуу ухаангүй, ард нь сууж явсан эмэгтэй мотоциклиос нэг метр орчим хол шидэгдсэн байснаа босч ирсэн. Мотоциклийн жолооч нэг минут орчимын дараа ухаан орсон. Би мотоциклийн жолоочийг босгох гээд очтол хөл нь хугарсан, архи их хэмжээгээр үнэртэж байсан. Би мотоциклийн жолоочийг хэвтэж байсан газраас нь өргөж холдуулаад хугарсан байсан хөл нь эргэсэн байсныг эргүүлж эвэнд нь оруулж тавьсан. Мотоциклийн жолооч залуу тасарсан гэмээр согтуу байсан бөгөөд өвчинөө мэдрэхгүй байсан. Тэгээд Бүрэнбаяр мотоцикльтой яваад эмнэлэг, цагдаад дуудлага өгч багийн эмчийг авч ирсэн. Мотоциклийн жолооч болон хойд талд нь сууж явсан эмэгтэй хоёрыг аймгийн түргэний машин аваад явсан. Би ослын газрыг хөдөлгөхгүй хамгаалж байгаад цагдаа нараар үзлэг хийлгүүлсэн. Би 10-20 км цагийн хурдтай явж байсан. Мотоциклийн гэрэл гялбаад хурдтай мотоцикль ороод ирэхээр нь би машинаа зогсоосон юм. Намайг машинаа зогсоосон байхад мотоцикль ирж мөргөөд осол гарсан. Би мотоциклийн жолооч Содномбалжир, зорчиж явсан Мягмарсүрэн нарыг өмнө нь таньдаггүй байсан. Осол гарсны дараагаас таньж мэддэг болсон. Миний машинд хүү Рэгзэндорж бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Харин миний машины урд талд 1 км орчим зайнд Бааснсүрэнгийн унаж явсан амжиргаа цагаан нэртэй машин, миний ард талд Бүрэнбаяр, Гантөмөр 2 мотоцикльтой явж байсан. Миний бодлоор урдаас ирж буй мотоциклийн жолооч согтуу, гэрлээ шилжүүлээгүй явж байгаад намайг гэрлээрээ гялбуудсан учир би машинаа зогсоосон. Харин мотоциклийн жолоооч мотоциклийн гэрлээ шилжүүлээгүй хурдтай явж ирээд миний зогсож байсан машиныг мөргөж осол гаргасан. Миний болон хүү Рэгзэндоржийн биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Миний машины урд салхин шил, урд гупер, зөв талын гэрэл, дохио, толь зэрэг зүйлс хагарсан, зөв талын хаалга хаагдахгүй болж хэлбэрээ алдсан байсан. Мөн машины кабен гажсан болохоор буруу талын хаалга бас хаагдахгүй болчихсон байсан. Өөр эвдрэл гэмтэлгүй байгаа. Дүгнэлттэй танилцсан. Замын цагдаагийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ослыг мотоцикль анх гаргасан. Би 10-20 км цагийн хурдтай явж байсан болохоор урдаас ирж байсан мотоциклийн гэрэлт цохиулаад машинаа зам дээр нь зогсоосон. Би алсаас мотоциклийн гэрэл ирж байхыг харсан. Тийм болохоор би жолоодож явсан машиныхаа гэрлийг ойр дээр нь тавиад хартал нөгөө мотоцикль гэнэт миний урд талд тулаад ирсэн болохоор би машинаа шууд зам дээр нь зогсоочихсон. Би Мягмарсүрэн гуайн биеийг асууж нэг удаа очиж 30.000 төгрөг өгсөн Содномбалжиртай утсаар ярьсан бөгөөд эмчилгээний зардал мөнгө гэж өгөөгүй. Надаас мөнгө нэхэмжилсэн зүйл байхгүй байгаа.
Би өмнө мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би ял сонсгож яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад ямарч буруу байхгүй. Би машинаа жолоодоод мөрөөрөө явж байхад миний урдаас согтуу мотоцикльтой их хурдтай ирэхээр нь би машинаа бүрэн зогсоосон байхад гэрлээ шилжүүлэхгүй мотоцикль ирээд миний машиныг мөргөж осол болсон. Би бүрэн зогсчихсон байсан. Гэрэлд гялбуулсан жолооч эгнээ байраа хадгалж шууд зогсох ёстой байдаг. Тийм болохоор би шууд зам дээрээ зогссон. Миний буруутай зүйл байхгүй. Би учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87, 91 дүгээр тал/

* Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/ 
* Ослын газрын схем зураг /хх-ийн 9 дүгээр тал/
* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8,25-26, 29 дүгээр тал/
* Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 78 дугаар тал/
* С.Пүрэвсүрэнгийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95-96 дугаар тал/, 
* Архангай аймгийн Цэцэрлэг хотын хот тохижилт үйлчилгээний газрын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 46 дугаартай тодорхойлолт /хх-ийн 97 дугаар тал/,
* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 1248 дугаартай тодорхойлолт /хх-ийн 98 дугаар тал/, эд мөрийн баримт зэрэг болно. 

Шүүгдэгч С.Пүрэвсүрэн нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг, Өлт гэх газар 56-19 АРА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол гарган Д.Содномбалжирын бие махбодид хүндэвтэр зэргийн, Ж.Мягмарсүрэнгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Д.Содномбалжирын “...цагаан өнгийн Пронтер маркийн машинтай миний жолоодож явсан мотоциклиор зүүн гараар жолоодож явсан руль шүргэлцээд би мотоциклийнхоо доор орж дарагдаж унасан. Тэрнээс хойш зүүн талын хөл дунд чөмгөөрөө хугарч босч чадахгүй газар хэвтэж, цагдаа, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Мягмарсүрэнгийн “...шөнийн 11, 12 цагийн үед Цэнхэр сумын Цэнхэр багийн Өлтийн ам гэх газарт цагаан саадгүй тэгшхэн газарт мотоциклиороо явж байтал урдаас хурц гэрэлтэй машин явж байснаа зам тавьж өгөхгүй миний сууж явсан мотоцикльтой мөргөлдсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Рэгзэндоржийн миний сууж явсан машины дугуй хагарсан байсан болохоор их удаан явж байтал урд талаас нэг тод цэнхэр өнгийн гэрэлтэй мотоцикль гараад ирсэн. Тэгээд мотоцикль хурц гэрлээ шилжүүлэхгүй ойртоод ирэхээр нь аав машинаа зогсоотол тэр мотоцикль урдаас хүрч ирээд аав бид хоёрын сууж явсан машины жолооч талын хаалга орчимд мөргөөд тас хийсэн дуу гараад мотоцикльтой явж байсан хүмүүс уначихсан...” гэх мэдүүлэг, осол болсон газар ирсэн гэрч Г.Баасансүрэн, Д.Гантөмөр, Х.Нарандулам нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч С.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судалсаны үндсэн дээр шүүгдэгч С.Пүрэвсүрэн нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Д.Содномбалжирын бие махбодид хүндэвтэр гэмтэл, Ж.Мягмарсүрэнгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Пүрэвсүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.Пүрэвсүрэн нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хохирогч нарт төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж болон түүний хувийн байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 56-19 АРА улсын дугаартай Пронтер маркийн машиныг эзэмшигч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Гандангийн арын задгай хашаанд оршин суух С.Пүрэвсүрэнд буцаан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч Ж.Мягмарсүрэн, Д.Содномбалжир нарын эмчилгээний зардлыг шүүгдэгч С.Пүрэвсүрэн нь нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй гэсэн болох нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хэргийн материалтай танилцсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг рентген зургийг  хохирогч нар нь авах хүсэлтэй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Мягмарсүрэн, Д.Содномбалжир нарт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч С.Пүрэвсүрэнд тус тус эгүүлэн өгөх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч С.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, хэрэгт хураагдан ирсэн С.Пүрэвсүрэнгийн №671293 дугаартай “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 


Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сэрээнэнгийн Пүрэвсүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч С.Пүрэвсүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч С.Пүрэвсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 56-19 АРА улсын дугаартай Пронтер маркийн машиныг эзэмшигч С.Пүрэвсүрэнд олгосугай.
5. Шүүгдэгч С.Пүрэвсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан №00738714 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч С.Пүрэвсүрэнд, 5 ширхэг рентген зургийг хохирогч Д.Содномбалжир, Ж.Мягмарсүрэн нарт тус тус буцаан олгосугай.
    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч С.Пүрэвсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн №671293 дугаартай С.Пүрэвсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах үүргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пүрэвсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР