Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

 

 

 

 

 

                             2024/ШЦТ/95

 

 

 

/


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгч: М.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Мн Хд холбогдох 2412000000035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн .. аймаг дахь Сум дундын шүүхийн 184 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .. аймаг дахь Сум дундын шүүхийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр .. аймаг дахь Сум дундын 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 1зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас мөн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 тоот шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан 05 cap 07 хоногийн ялыг сэргээж заримыг буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эдэлж дууссан С овогт Мн Х /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 05 дугаар сард А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “..” худалдааны төвийн гадна Л.Хын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу дунд гарын усан манан хөөргийг түүнд хадгалуулахаар үлдээснийг завшиж, хохирогч Л.Хт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2412000000035 дугаартай эрүүгийн хэргээс:

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Хын мэдүүлсэн: “...Би 2023 оны 05 дугаар сард А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг ”..” захын хажууд явж байгаад Хтэй таарсан. Тэгээд би тухайн үед жоохон уусан байсан учраас өөрт байсан хөөргөө хаячих байх гэж бодоод Хд өгөөд маргааш буцааж авъя гэж хэлээд өгөөд явуулсан. Тэгээд тухайн өдрийнхөө орой нь хөөргөө авах гээд очтол Х таксинд 20.000 төгрөгт өгсөн гэж хэлсэн. Тэгээд одоог хүртэл би хөөргөө олж авч чадаагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Хын дахин мэдүүлсэн: “...Би сэтгэцэд учирсан гэм хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор уршиг учраагүй гэж үзэж байна. Миний бие одоо зүгээр байгаа учир одоо надад ямар нэгэн асуудал байхгүй. Би хохирол болох хөөрөг эсвэл үнэлгээний дагуу 1.200.000 төгрөгөө хурдан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Уын мэдүүлсэн: “...Миний бие хувиараа такси үйлчилгээнд явдаг ажил хийдэг юм. Тэгээд 2023 оны 05 дугаар сард Х нь таксигаар үйлчлүүлээд буух үедээ таксины төлбөр болох 3.000 төгрөг надад өгөөд дараа нь өврөөсөө нэг хөөрөг гаргаж ирээд энийг авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би эхлээд авахгүй гэж хэлсэн чинь авчих гэж гуйгаад байхаар нь хэдэд өгөх юм гэсэн чинь 20.000 төгрөгт өгнө гэж хэлсэн. Тэгээд би 20.000 төгрөгөөр нь худалдаж авсан. Одоо надад тухайн хөөрөг нь байхгүй. Би 2023 оны 06 дугаар сард Эгэх залууд мөн 20.000 төгрөгөөр зарсан. Надад Х хөөргөө зарахдаа буцааж авна гэж огт хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Эын мэдүүлсэн: “...Би 2023 оны 06 дугаар сард А аймгийн Э сумын зах дээрээс мах худалдаж аваад гэртээ таксидаж харих гээд Уын машинд суугаад таксидсан юм. Тэгээд Уын машиных нь урд талд нэг хөөрөг байсан бөгөөд тэрийг У надад зарна гэж хэлсэн. Тэгээд би хэдэд өгөх юм гэж асуухад 20.000 төгрөгөөр өгнө гэж хэлэхээр нь би тоглоод байгаа юм уу гэж асуухад үгүй ээ 20.000 төгрөгт ав гэхээр нь би 20.000 төгрөгийг нь бэлэн өгөөд авсан. Одоо тухайн хөөрөг нь надад байхгүй. Би 2023 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Шижир гэх залуутай мөрийтэй тоглоод хөөргийг алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Хгийн мэдүүлсэн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа. Би үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хасу” худалдааны төвийн гадна М.Х нь хохирогч Л.Хын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу дунд гарын усан манан хөөргийг завшиж, хохирогч Л.Хт 1.200.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Х 2023 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хасу” худалдааны төвийн гадна Л.Хын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу дунд гарын усан манан хөөргийг түүнд хадгалуулахаар үлдээснийг завшиж, хохирогч Л.Хт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Л.Хын мэдүүлсэн “би тухайн үед жоохон уусан байсан учраас өөрт байсан хөөргөө хаячих байх гэж бодоод Хд өгөөд маргааш буцааж авъя гэж хэлээд өгөөд явуулсан. Тэгээд тухайн өдрийнхөө орой нь хөөргөө авах гээд очтол Х таксинд 20.000 төгрөгт өгсөн гэж хэлсэн. Тэгээд одоог хүртэл би хөөргөө олж авч чадаагүй байнагэх мэдүүлэг /хх-ийн 06-07, 92-93/,

гэрч М.Уын мэдүүлсэн “2023 оны 05 дугаар сард Х нь таксигаар үйлчлүүлээд буух үедээ таксины төлбөр болох 3.000 төгрөг надад өгөөд дараа нь өврөөсөө нэг хөөрөг гаргаж ирээд энийг авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би эхлээд авахгүй гэж хэлсэн чинь авчих гэж гуйгаад байхаар нь хэдэд өгөх юм гэсэн чинь 20.000 төгрөгт өгнө гэж хэлсэн. Тэгээд би 20.000 төгрөгөөр нь худалдаж авсан. Одоо надад тухайн хөөрөг нь байхгүй. Би 2023 оны 06 дугаар сард Эгэх залууд мөн 20.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

гэрч Э.Эын мэдүүлсэн “Би 2023 оны 06 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зах дээрээс мах худалдаж аваад гэртээ таксидаж харих гээд Уын машинд суугаад таксидсан юм. Тэгээд Уын машиных нь урд талд нэг хөөрөг байсан бөгөөд тэрийг У надад зарна гэж хэлсэн. Тэгээд би хэдэд өгөх юм гэж асуухад 20.000 төгрөгөөр өгнө гэж хэлэхээр нь би тоглоод байгаа юм уу гэж асуухад үгүй 20.000 төгрөгт ав гэхээр нь би 20.000 төгрөгийг нь бэлэн өгөөд авсан. Одоо тухайн хөөрөг нь надад байхгүй. Би 2023 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын залуу Шижир гэх залуутай мөрийтэй тоглоод хөөргийг алдсангэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд М.Хгийн яллагдагчаар мэдүүлсэн “Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/,

эд зүйлийн үнэлгээг тогтоосон 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч М.Хгийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч М.Х нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч М.Хг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Л.Хт 1.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээг тогтоосон 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/-ээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Х нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Л.Хын шүүхэд ирүүсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч М.Хг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч М.Х нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, шүүгдэгч М.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Хд торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Мн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хг 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд шүүхээс оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ДОНИДДОЛГОР