Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/301

 

 

 

 

 

      2024          04          18                                       2024/ШЦТ/301   

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

иргэдийн төлөөлөгч Ж.Ойдовдулам,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан, 

шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Т.,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч С.,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

******* овогт *******ы *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200600000 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ******* ХХК-д Хөдөлмөр, аюулгүй байдлын мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эх, охины хамт амьдардаг, дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, хотхоны тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы ******* /*******/,

 

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ГССҮТ-н хүүхдийн тасагт их эмч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 59 дүгээр байрны 106 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******агийн ******* //

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, н 5 дугаар гудамжны 55 тоотод байрлах Монгол гэрт хамтран амьдрагч Г.тэй хардалтын улмаас маргалдаж, түүний ар нурууны дотор доод хэсэгт хутга буюу зэвсэг ашиглан хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч Г. нь нас барсан,

Шүүгдэгч Д.******* нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхдаа 2020 оны 6 дугаар сарын 08-ны шөнийн 03 цаг 30 минутаас 08 цаг 45 минут хүртэлх хугацаанд өвчтөн Г.д эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээ буюу хохирогчийг яаралтай дотуур цус алдаж байгааг даруй тогтоон, яаралтай мэс засал хийх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас өвчтөн Г. нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 08 цаг 45 минутын үед нас барж эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орой хотхонд байх гэртээ ээж болон нөхрийн хамт байж байсан. Манай нөхрийн утас дуугараад Баруун салаа руу ажил үзээд ирье гэхээр нь би хамт явах уу гэхэд чи хоолоо хийгээд байж байгаарай гэж хэлээд явсан. Удалгүй эгч миний утас руу залгаад манай нөхрийн дүү танай хажуу талын 515 дугаар байранд байр авсан би цэвэрлэгээ хийж байна чи завтай бол ороод ирэх үү гэж дуудахад би завгүй байгаагаа хэлж утсаа тасалсан. 18 цагийн үед залгахад нь би дахин завгүй байна гэж хэлсэн. Гурав дахь удаагаа залгахад нь орохоор болж хотхоны Мишээл дэлгүүрээс 2 ширхэг зайрмаг авч эгчийн байгаа 515 дугаар байрны 47 тоотод орсон. Намайг ороход эгч бага хүүтэйгээ хоёулаа байсан. Ороод сууж байтал эгч хөргөгчид пиво байгаа хоёулаа уух уу гэхээр тэгье гээд 2 лааз пиво бид хоёр хувааж уусан. Тэгсэн эгч хүмүүс рүү залгаад байхаар яах гэж байгааг нь асуусан чинь хүмүүсээс мөнгө зээлж дахиад пиво авч уух гэсэн юм гэхээр нь надад мөнгө байгаа байгаа хүмүүсээс асууж яах юм бэ би аваад өгье гээд пиво аваад ууж байхад манай нөхөр залгаад хаана байна юу хийж байна гэхээр нь хажуу талын 515 дугаар байрны 47 тоотод эгчтэй хамт байна гэж хэлээд ирж байна уу ирж байгаа бол би гэр лүүгээ ороод байж байх уу гэж асуухад наанаа байж бай хоёулаа хамт гэртээ оръё гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь манай нөхөр, эгчийн нөхөр хоёр гаднаас нэг шил архи нэг пиво барьж орж ирсэн. Тэр хэд ууж байгаа архи пивоноосоо хоёр удаа хийж өгөхөөр нь би ёслоод маргааш эрт ажилтай гэж хэлээд уугаагүй…Бие засчхаад гарч ирэхэд манай нөхөр байхгүй ах хүүхэдтэйгээ хоёулаа байсан. Би гайхаад манай нөхөр хаашаа явсан бэ гэхэд мэдэхгүй гэсэн. Би эргэж орж ирнэ гэж хүлээж байгаад ирэхгүй болохоор нь нөхрийгөө согтсон юм болов уу шатан дээр сууж байж магадгүй гэж бодоод шатаар уруудаж буугаад гэр лүүгээ орсон. Энэ хугацаанд нөхрийнхөө дугаар луу залгахад утсаа авахгүй байсан. Гэртээ орсон байна уу гэж үзэхэд манай нөхөр байхгүй ээж унтчихсан байсан. Миний утасны цэнэг дууссан байсан болохоор ээжийнхээ утсаар залгаад манай нөхөр утсаа авахаар нь хаашаа явсан юм бэ ирэх болж байна уу гэхэд би ойрхон байна одоо орлоо ямар сүртэй юм бэ гэж хэлээд утсаа тасалсан. Нэлээн хүлээж байгаад ахиж залгаад ирэх болж байна уу өглөө эрт ажилтай биз дээ гэж дуудтал ямар сүртэй пизда вэ гэж хэлээд утсаа дахин тасалсан. Нэлээн хүлээж байгаад ахиж архи уух гээд байгаа юм байх даа гэж бодоод нөхрийгөө авчрахаар хажуу талын байрны 47 тоотод дахин орсон байна уу гээд ортол ах хүүтэйгээ хоёулаа байсан. эгч манай нөхөр хоёрыг орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд хоёр удаа залгахад цаана нь нохой хуцаж байгаа чимээ гарсан болохоор эгчийн -н гэрт нь байгаа юм байна гэж ойлгоод нөхрийгөө авахаар араас нь очсон. Явж очоод хаалга түлхээд орсон чинь эгч манай нөхөр хоёр архи уугаад сууж байсан. Нялх хүүхдээ согтуу нөхөртэйгөө орхичхоод яагаад энд хүрээд ирсэн юм бэ гэж эгчид уурласан. Өглөө эрт ажилтай байж гэртээ орохгүй яагаад энд хүрээд ирсэн юм бэ гэж нөхөртөө бас уурласан. Би уурлаж маргаан болоод юунаас болж зодоон болсныг санахгүй байсан. 461 дүгээр хорих ангид хоригдож байхад хэргийн материалтай танилцуулна гэхэд би нүүрнийхээ гэмтлийн зургийг хараад нүүрээ маажуулсан байснаа гайхаад бодож байхдаа тухайн үед эгчтэй эхэлж маргалдсан байсан. эгч чи л болсон хойно бид хоёрыг хардсан биз чаддаг юм бол үрийн шингэний шинжилгээ ав гээд маргалдаж, миний нүүрийг базаж самардсаныг би сүүлд нь санасан. эгч бид хоёрыг барилцаж авч муудалцахад бид хоёрын дундуур гэнэт манай нөхрийн гар орж ирж намайг цохиж унагаасан. Юу болсныг сайн ойлгоогүй. Толгой аймар өвдөөд нүүр ам чимчигнээд нүдээ нээгээд харсан чинь гэрийн тооно руу дээшээ харсан хэвтэж байсан. Яагаад намайг тэгж байгаа юм бэ яагаад намайг зодож байгаа юм бэ гэж асуугаад босох гээд тэмцэлдээд тухайн үед яагаад хутга авч яагаад нөхрөө хутгалснаа санахгүй байсан. Сүүлд нь хавтаст хэрэгт авагдсан зургийг хараад босох гэж тэмцэлдэхэд манай нөхөр миний дээр өвдөглөж суусан байсан дүр зураг орж ирсэн. Нүүр лүүгээ цохиулснаас болоод оч манараад юу болоод байгааг ойлгохгүй. Яаж ийж байгаад босохгүй бол болохгүй юм байна гэж бодоод босоод харсан чинь манай нөхөр миний урдаас ташаагаа тулсан гараас нь цус гарсан зогсож байсан. Би ямар тэнэг зүйл хийчих вэ гэж бодоод өөрийгөө хартал хутга бариад зогсож байсан. Тэгээд сандраад түргэн тусламж, цагдаа дуудах ёстой гэсэн бодол л төрсөн. Яаж түргэн тусламж цагдаа дуудсанаа санадаггүй. Нэг л мэдэхэд гудамжны үзүүрт дүүгээ тосоод уйлаад гүйж байсан. Нэг мэдэхэд Хоёр цагдаа ирсэн. Түргэн тусламжийн эмч орж ирээд гэрийн хойморт манай нөхрийн даралтыг үзэж байсан. Манай нөхрийг түргэний эмч дагуулаад авч гарсан. Хоёр цагдаа намайг машин руугаа авч явсан. Машинд нь суугаад толинд нь өөрийгөө харсан чинь миний нэг талын нүд хавдсан хамар ам цус болсон байдалтай байсан. Цагдаагаас одоо хаашаа явах уу араас эмнэлэг рүү явах уу гэж асуухад цагдаагийн бүрэлдэхүүн ирсний дараа цагдаагийн хэлтэс рүү явна гэсэн. Удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн гээд 4 юм уу 5 цагдаа ирээд эгчийн гэр лүү буцаад ороход эгч шалан дээр тасраад унасан байсан. Цагдаагийн бүрэлдэхүүн намайг цагдаагийн хэлтэс рүү авч яваад мэдүүлэг авна өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч болно гэхээр нь би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр болсон. Манай ах орж ирээд намайг авч гарахаар хаашаа явах юм бэ эмнэлэг явах уу гэхэд гэмтлийн эмнэлэгт очиж ийг сахина гэж хэлсэн. Эмнэлэгт очиход тасаг руу хэвтүүлсэн гэсэн. Тасгийн үүдэнд нөхрийн дүү тай таараад орж уулзмаар байна гэхэд намайг оруулаагүй. Тэгээд яахаараа хутга шөвөг хэрэглэх дээрээ тулсан юм бэ нэг нь шороонд нөгөө нь шоронд орвол яах юм бэ гэж намайг зэмлэсэн. Тухайн үед нь намайг нөхөртэйгөө гэртээ архи ууж байгаад ийм зүйл болсон гэж ойлгох вий гэж бодоод танай ах чинь өөр хүүхэнтэй архи ууж явж байгаад ийм юм болсон гэж хэлээд юу болсон байна гэхэд хоёр гурван газар нь хутгалснаас болоод ахын даралт нь унаад сонин болсон байна гэж хэлсэн. Тэгээд манай ах намайг буцааж авч явж гэрт хүргэж ирээд удаагүй байтал ах залгаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст дуудаж байна яаралтай оч гэж хэлэхээр нь очиход мэдүүлэг авна өмгөөлөгчөө дууд гэхээр нь ахад хэлсэн чинь гаднаас нэг өмгөөлөгч ирсэн. Нэрийг нь сайн санахгүй байна. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн. Тухайн үед нөхөртөө санаа зовж байсан болохоос юу болоод байгааг ойлгоогүй. Юу ярьснаа санахгүй байна. мэдүүлэг өгч дуусахад гаднаас Болорчимэг өмгөөлөгч орж ирээд бид хоёрын харилцаатай байсан бэ өмнө нь ямар асуудал үүсэж байсан бэ гэхээр нь манай нөхөр яасан бэ бие нь ямар байгаа вэ гэж асуухад танай нөхөр өнгөрсөн гэж хэлсэн. Тэгж хэлэх үед би өнгөрсөн гэдэг үгийг ойлгохгүй өнгөрсөн гэж юу хэлээд байгаа юм бэ гэхэд танай нөхөр нас барсан гэж хэлсэн...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: “...2004 оноос хойш Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд ажиллаж байна. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 9 цагаас 21 цагийн хугацаатай 08-ны өдрийн 8 цаг хүртэл жижүүрийн ахлах эмчээр ажиллаж байсан. Жижүүр хийх хугацаанд шөнийн 3 цагийн үед манай эмнэлгийн хүлээн авах эмч над руу залгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өвчтөн цээжнийхээ зүүн доод талд биеийнхээ тодорхой хэсэг газарт зүсэгдсэн шархтай шархыг шалгахад гайгүй юм байна өвчтөнийг явуулчих уу гэж асууж зөвлөгөө авсан. Би хүлээн авахын эмчид явуулж болохгүй эхний ээлжид шинжилгээг нь бүрдүүлээд  нь өвчтөнийг хэвтүүлээ гэдэг зөвлөгөө өгсөн. Ингэж хэлээд 5 цаг өнгөрч байхад тасгийн сувилагч шинэ өвчтөн ирсэн үзүүлье гэсэн. Өвчтөнийг очиж үзэхэд өвчтөний биеийн байдал хүнд арьс салст нь цонхийсон асуусан асуултад бараг хариулахгүй цөөн үгээр хариулж байсан амин үзүүлэлт болох хүчин төрөгчийн хэмжээ 90 болж хүчин төрөгчийн дутагдалд орсон артерийн даралт 65 болон 40 болсон буюу шоконд орсон байдалтай байсан. Хэсэг газар зүүн далны ойролцоо зүсэгдсэн боолттой байсан. Өвчтөн шокийн байдалтай байсан учраас яаралтай сэхээн амьдруулах тасгийн эрчимт эмчилгээний эмчийг дуудан хамтарч өвчтөнийг үзэж зөвлөлдөн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн. Эрчимт эмчилгээний эмчид шилжүүлж эрчимт эмчилгээ хийж хажуугаар нь цээжний хөндийд хийх мэс ажилбар болох цээжний хөндийд гуурс тавих мэс ажилбараа хийсэн. Бүхий л үзлэг мэс ажилбараа хийгээд өвчтөний түүх дээр цээжний хөндийд гуурс тавьсан зэрэг зүйлсээ бичээд эрчимт эмчилгээний тасгийн эмчид өвчтөнийг шилжүүлсэн. Цаашид өвчтөний биеийн байдал хүнд артерийн даралт нь тодорхойлогдохгүй байсан болохоор эрчимт эмчилгээний эмч шокийн авах ёстой арга хэмжээ буюу яаралтай сэхээн амьдруулах эмчилгээгээ үргэлжлүүлэн хийсэн. Тэгээд би өглөө 8 цагт жижүүрийнхээ мэдээг албан ёсоор танилцуулсан...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед миний утас болохгүй байна та өглөө 8 цаг гээд хүрээд ирээрэй хоёулаа хамт ажилд явна шүү гэж ахтайгаа утсаар ярьсан. Шөнө 4 өнгөрч байхад дүү рүү гэмтлийн эмнэлгээс залгаж ахын чинь биеийн байдал хүнд байна гэж залгасан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очиход Цээжний хөндийн тасгийн коридорт хувцастайгаа хэвтэж байсан. Намайг очиход *******н дүү нь гээд залуу сахиж байсан. Ахтайгаа ойр зуурын юм яриад хаана юу болсон бэ гэж асуухад ******* намайг хутгалчихлаа гэсэн. Яаж байгаад ийм юм болсон гээд тодруулаад асууж байсан чинь ******* ахтайгаа ирсэн. Цээжний хөндийн тасаг руу гаднын хүн оруулдаггүй юм байна лээ. Тэгээд тасгийн үүдэнд *******тай уулзаад чи яаж байгаа юм бэ гэхэд ******* танай ах чинь өөр хүнтэй явалдаад байсан хогчин ш дээ гэж хэлсэн. *******г харахад нүд ам нь таглагдсан айхтар хөхөрсөн зүйл байгаагүй ч цохилт авсан байсан. Нүд нь солир болоод нүүр ам нь цонхийж ус ууя гээд байсан чинь сувилагч нь ус өгч болохгүй гэсэн. Эмч чинь хаана байна гэхэд Д.******* гэх энэ эмч орж ирээд нэг эмийг таллаж уулгаад тариа тарь гэсэн байдлаар сувилагчид үүрэг өгчихөөд гараад явсан. Энэ эмч нойрмог байсан. Удалгүй буржгар үстэй эмч орж ирээд наад өвчтөнөө манай эрчимт эмчилгээ рүү оруул гэж хэлээд сэхээн амьдруулах руу оруулаад тэнд 20-30 минут болсон уу үгүй юу бурхан болсон. *******н ар гэрээс 2020 онд ажил явдлын зардал гэж 4 сая төгрөг өгсөн. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдээсэй мөн албан үүрэг, ажлаа гүйцэтгэдэг байгаасай гэдэг үүднээс Д.******* эмчид гомдол гаргасан. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч яаралтай мэс засалд орсон байсан бол гэх хүн амь аврагдах боломжтой байсан гэсэн дүгнэлт гаргасан. Үүрээр намайг очиход энэ Д.******* эмч ажил үүргээ гүйцэтгэж байсан бол миний ах өнөөдөр амьд байх байсан. Даана ч харамсалтай нь байсангүй...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын өгсөн:

“...Тайлийгаач ах маань дээрээ нэг эгч, нэг ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй ба тэр дүү нь би байгаа юм…Талийгаач ах 2011 онд анхны эхнэр Болорцэцэг гэдэг эмэгтэйтэй танилцаад гэр бүл болж байсан. Болорцэцэг, ах хоёр дундаасаа Гэгээ гэдэг нэртэй нэг охинтой. 2013 онд ах маань Болорцэцэг гэдэг эхнэрээсээ салаад Гүндэгмаа гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч байсан. Манай ах Гүндэгмаа хоёр дундаасаа нэг хүүтэй / хүүгийнх нь нэрийг мэдэхгүй гэх/. Тэгтэл 2018 оны хавар талийгаач ах маань манай гэрт ирэхдээ ******* гэдэг эмэгтэйтэй хамт ирсэн. Ах маань надад *******г танилцуулахдаа манай эхнэр болох эмэгтэй байгаа юм гэж байсан. Ах маань *******тай Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо хотхонд амьдардаг байсан. Би талийгаачийн байрны хаяг болон орцны хаалганы дугаарыг нь мэдэхгүй. Талийгаач ах уг дуу цөөтэй, дөлгөөн тайван, ажилсаг хичээнгүй, хүнд тусархаг, халамжтай хүн байсан юм.

2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс залгаж байна. Танай эх Г. хутганы сорвитой ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээж хэвлий хөндийн тасагт очсон. Тэгээд талийгаач ахын хэвтэж байгаа тасаг руу ороход *******гийн дүү нь гээд туранхай өндөр цагаан залуу манай ахыг сахиж байсан. Би нөгөө залуутай ороход ах маань ухаантай байсан. Би тэгэхээр нь юу болсон талаар асуухад ******* миний гарыг хутгаар зүсэхээр нь зөрүүлээд цохиход намайг хутгалсан гэж хэлсэн. Тэгээд ахтай ярилцаж байхад нүд нь сонин болоод даралт нь буугаад эмч нар сэхээний тасаг руу аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн:

“...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо -н 5-55 тоот гэртээ ирээд байж байтал дугаараас миний дугаар луу залгаад чи хаана байна гэхээр нь би гэртээ байна гэсэн. Тэгтэл би одоо яваад очлоо гэхээр нь чи яасан юм гэтэл юм дуугарахгүй болохоор нь тэгвэл хүрээд ир гэсэн. Удалгүй өөрийнхөө дугаараас залгаад би ирчихлээ гэхээр нь би гэрээс гарч тосож авсан. бид хоёр манайд орж ирээд Соёрхол архинаас жижиг бор тагшаар хоёр, хоёр уугаад байж байсан. Тэгтэл ******* дугаараас миний дугаар луу залгаад та хаана байна гэхээр нь би гэртээ байна гэсэн. Тэгсэн ******* манай нөхөр байна уу гэж асуухаар нь сая манайд орж ирлээ гэсэн. ******* тэгтэл би танай гэрт яваад очлоо гэсэн. Удалгүй ******* залгаад би ирчихлээ гэхээр нь би гараад *******г тосож аваад гэртээ оруулсан. ******* манай гэрт орж ирээд яах гэж энд ирсэн юм гээд уурлаад байсан. Тэгтэл миний дотор муухайраад байсан учир гэрээс гарч 00 орчихоод байшингийн үүдэн дээр тамхи татаж сууж байгаад гэртээ орсон. Тэгтэл ******* гартаа хутга барьчихсан байсан. ийн гарын дотор талын хэсгээс цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/,

 

 Мөрдөн байцаалтад гэрч М.ын өгсөн:

“...Г. бид хоёрыг гаднаас орж ирэхэд Т. болон Т.******* хоёр 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй 1 ширхэг пиво уугаад дуусаж байсан. Тэгээд Г. 21 цаг өнгөрч байхад 22 цагаас өмнө буюу дэлгүүр хаахаас өмнө дэлгүүр орно гэж гараад 0.5 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй 1 шил архи авч орж ирэхэд би тэр архинаас нь ганц хундага уусан ба үлдэгдэлийг нь Г. болон Т.******* хоёр хувааж ууж байх үед би тагтан дээр тамхи татах гээд гарсан. Тэгээд би тамхи татчихаад буцаад орж ирэхэд манай эхнэр Т. гараад явсан байсан ба , ******* нарыг хаашаа явсныг нь асуухад мэдэхгүй байхаар нь би гийн дугаарын утас руу өөрийн дугаарын утаснаас 00 цаг 02 минутанд залгаж ярихад нь "би гэртээ ирчихсэн байна" гэж хэлсэн *******, нарт мөн г гэртээ харьсан байна гэдгийг хэлсэн. Энэ үед би хүү Э.Эрмүүнтэй хамт унтах гээд орондоо ороход Г., Т.******* нар уусан 1 шил архиа дуусгаад манай дүүгийн гэрээс гэрлүүгээ орно гээд гараад явсан. Ингээд би өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо н 5-55 тоот байрлах гэртээ очиход хүн байхгүй байсан ба гэртээ ороход орны урд хэсгээр бага зэргийн цус мэт зүйл дуссан, гэрийн зуух суурьнаасаа хөдөлсөн байхаар нь би гэрээ цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.цацралын өгсөн:

“...цагдаагийн хэлтэс дээр тай уулзахад *******, хоёр хоорондоо маргалдаж зодолдоод ******* нь ийг хутгалсны улмаас нас барчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-66 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг 30 минутанд манай ээж 3.цацралын дугаарын утаснаас миний дугаарын утас руу дуудлага ирэхээр нь аваад ярихад манай эгч ******* ээжийн утаснаас залгасан ба ******* эгч уйлчихсан " намайг хуурчихлаа, би түүнийг хаана байгааг нь мэдээд байна, чи намайг хотхоны гэрээс ирээд авчих" гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би босож хувцсаа өмсөж байхад ******* эгч дахин ээжийн утаснаас миний гар утас руу залгаад "чи ирж байна уу, хэрвээ ирэхгүй бол би такси бариад явлаа" гэж хэлэхээр нь би хариуд нь Зайсангаас эхнэр Номуулингийн гэрээс гарч байна, та над руу дөхөөд юм уу, эсхүл 100 айлын автобусны буудал дээр хүрээд ирэх үү гэж хэлэхэд ******* эгч таксинд суучихсан байна гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үед миний гар утасны цэнэг дуусах гэж байсан тул би эхнэр Номуулингийн дугаарын утсыг авч гарсан ба би 100 айлын замын хойд талын автобусны буудал дээр ирж ******* эгчийн утас руу залгахад ******* эгч Цайз руу явж байна гэж хэлсэн ба дөхөөд залгахаар чинь хаягийг нь зааж өгье гэж хэлсэн. Тэгээд би ******* эгчтэй утсаар ярьж байгаад өлгийн 6 дугаар гудамжинд яваад очиход ******* эгч уйлчихсан, зүүн шанааны хэсэг нь хавдчихсан бага зэрэг цус болсон, шоконд орсон мэт байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад " намайг цохиод унагаасан" гэж хэлсэн. Би ******* эгчээс ахыг хаана байгааг нь асуухад өлгийн 5 дугаар гудамжны 55 тоот хашааг зааж өгсөн ба ******* эгчтэй хамт уг хашаанд байх Монгол гэрт ороход ах гэрийн хойд хэсэгт сандал дээр суучихсан, баруун гар нь цус болсон байсан. Би юу болсон талаар ахаас асуухад "танай эгч намайг хутгалчихлаа" гэж хэлсэн. Харин ******* эгч надад хэлэхдээ ийг хардаж, түүнтэй маргалдаад намайг цохиж унагаасан тул санамсаргүйгээр хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд ******* эгч 102 дугаарт залгаж дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирсэн. Мөн цагдаа нарыг ирээд удаагүй байхад түргэн тусламж ирж ахын биеийн байдлыг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.ын өгсөн:

“...Зүүн талын далны шугамаар цээжний хөндийд нэвтэрч зүүн уушигны доод дэлбэнг гэмтээсэн шарх цээжний хөндийн цус алдалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн гуянд шарх гэмтлүүд нь цус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Г. нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэний дараагаар цээжний хөндийг нээж мэс засал хийсэн тохиолдолд амь аврагдах боломжтой байхыг үгүйсгэхгүй.

Дотор эрхтэний шинжилгээгээр цээжний зүүн хөндийд 2100 мл цусан бүлэн болон шингэн цус холилдсон шингэнтэй байсан. ГССҮТ-ийн тоот өвчний түүхээс харахад “...цээжний зүүн хөндийгөөс 2 литр орчим цус гарсан” гэж бичсэн байсан. Иймд Г.ийн биеийн цээжний хөндийд ойролцоогоор 4200 мл цус алдсан гэж дүгнэлтэнд тусгасан.

Амь хохирогч Г. нь хутгалуулсны дараа үедээ болон эмнэлгийн тусламж авах хүртэл хэр хэмжээний цус алдсаныг нь нарийвчлан тогтоох боломжгүй. Задлан шинжилгээгээр цээжний хөндийд 2100 м цусан бүлэн байсан ба уг цус нь ГССҮТ-д хүргэгдэн очоод аппаратаар соруулж авагдаагүй ба амь хохирогч нь эмнэлэгт хүргэгдэн очоод 2 литр цус аппаратаар соруулж авагдсан байсан. Тухайн хэрэг үйлдэгдэх үед буюу хутгалуулсны дараа эмнэлэгт хүргэгдсэн хүртэлх цаг хугацаанд хэр хэмжээний цус алдсаныг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145-148 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.гийн өгсөн:

“...Би 2020 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 24 цагийн хугацаатайгаар цагдаа жолооч, ахлах ахлагч О.баганы хамт Улиастай-112 чиглэлийн авто эргүүлд үүрэг гүйцэтгэж байх үед шөнийн 02 цаг 14 минутанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 5 гудамж 55 тоот хаяганд "эхнэр нь нөхрийнхөө бөөрөнд нь хутгалчихлаа" гэсэн дуудлагыг хүлээн авч гурван минутын дотор буюу 02 цаг 17 минутанд тус тоотод очиход хашаан дотор нэг байшин болон гэр байсан ба махлаг биетэй согтуу эмэгтэй хүн уйлчихсан гэрийн баруун талаар хашааны хаалга чиглээд өөдөөс алхаад ирсэн ба би тэр эмэгтэй хүний нэрийг нь асуухад өөрийгөө ******* гэж надад хэлсэн ба цагдаа жолооч, ахлах ахлагч О.багана бид хоёр ******* гэх тэр эмэгтэйг дагуулаад гэрлүү ороход гэрийн хоймор хэсэгт согтуу эрэгтэй хүн баруун гарын бугуй, баруун гарын бугалга, нуурууны хэсэгт болон зүүн гуяны хэсэгт хутгалуулж нилээн их цус гараад цус нь өмссөн хувцасандаа шингэсэн байдалтай тус эрэгтэй хүн орон дээр сууж байсан.

Ингээд би ******* гэх эмэгтэй хүнээс юу болсон талаар асуухад ******* нь нөхрөө хамт байсан эмэгтэй хүнтэй хардаад нөхөртэйгээ маргахад нөхөр нь цохисон гэж хэлж байсан ба ******* нь уурандаа нөхрөө дөрвөн удаа хутгалсан гэж хэлж байсан. Хутгалсан хутгаа хаанаас авсанаа хэлэхгүй, хаана байгаа талаар бас хэлэхгүй байсан. Ингээд удалгүй байж байтал 103 ирээд хутгалуулсан залуугийн шарханууд дээр нь боолт хийгээд аваад эмнэлэг рүү аваад явсан.

******* болон нөхөр нь гэх хутгалуулсан залуу хоёр бол дунд зэргийн согтолттой асуусан асуултанд хэвийн хариулж байсан. Харин гэр дотор байсан нөгөө эмэгтэй нь асуусан асуултанд хариулахгүй, согтолт ихтэй, буйдан дээр суугаад байсан ба хутгалуулсан гэх залууг 103-н эмчид өгч явуулаад ******* гэгчийг цагдаагийн албаны авто машиндаа суулгаад гэрт яваад ороход гэрт үлдсэн согтуу эмэгтэй нь сууж байсан буйдангийнхаа өмнө шалан дээр хэвтсэн тасраад унтаж байсан. Ингээд хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг хийхээр болсон.

Ингээд ******* гэх эмэгтэйг хэлтэс дээр авч ирээд мөрдөгч, цагдаагийн дэслэгч Асетад хүлээлгэн өгсөн. Хутгалуулсан гэх залуу нь далны хэсэгтээ нэг удаа хутгалуулсан гэсэн ба тухайн шархнаасаа болоод зовиурлаад ёолоод байсан ба асуусан асуултанд хариулж ухаан санаа нь хэвийн байсан…” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Р.гийн өгсөн:

“...Би 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 5 гудамж 55 тоот хаяганд "эхнэр нь нөхрийнхөө бөөр хавьцаа хутгалчихлаа" гэсэн дуудлагыг шөнийн 02 цаг 20 миунутын орчимд хүлээн аваад удалгүй тус тоот хаяганд нь очиход Монгол гэр дотор хоёр эмэгтэй болон хутгалуулсан гэх эрэгтэй хүн байсан ба мөн хоёр цагдаа байсан. Гэр дотор ороход хоёр эмэгтэй болон нэг эрэгтэй хүмүүс нь архи уусан байдалтай согтуу байсан ба эхнэр нь гээд эмэгтэй нь нүүр хэсэг нь хавдаж хөхөрсөн байдалтай, зодуулсан байдалтай байсан ба тухайн үед нөхөр рүүгээ "чи намайг байнга зоддог биз дээ" гээд бухимдсан байдалтай орилоод, мөн "би нялх хүүхэдтэй намайг аваад явбал яв" гээд тэнд байсан цагдаа руу бас орилоод байсан. Харин хутгалуулсан нөхөр гэх эрэгтэй нь гэрийн хоймор хэсэгт зогсож байсан ба би тухайн эрэгтэй хүний биед нь байх шархуудыг нь шалгахад нурууных нь хойно зүүн далны орчим, баруун гарын шуу орчимоор, зүүн гуя орчимд тус бүр нэг нэг удаа хутгалуулсан томоохон шархтай байхаар нь нурууны хэсэгт нь даралттай боолт хийгээд, баруун гарын болон зүүн гуяанд нь боолт хийсэн. Энэ шархнуудаас гадна биеийнх нь бусад хэсэгт шалбарсан жижиг шархнууд байсан. Улмаар уг эрэгтэй хүнийг авто машиндаа оруулан ГССҮТ-д хүргэн өгөөд эмнэлэгт бүртгэлийг нь хийлгүүлээд өвчтөнийг эмчид нь хүлээлгэн өгөөд дараа нь эмнэлэгт байдаг цагдаад бүртгүүлсэн.

Би хутгалуулсан өвчтөнийг үзээд эмнэлгийн тусламж үзүүлж байхад хажуунаас эхнэр нь бололтой хамт байсан эмэгтэй нь "би хутгалчихсан юм, чи намайг байнга зоддог биз дээ гээд" хутгалуулсан залуу руу бухимдаад орилоод байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 228-229 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Т.гийн өгсөн:

“...Талийгаачид цээжний рентген зураг, цээжийг гэрэлд харах, цээжний компьютер томографик шинжилгээг хийсэн тохиолдолд бүрэн оношлох боломжтой байсан. Мөн бүрэн оношилсон тохиолдолд яаралтай мэс ажилбар хийх шаардлагатай байсан байна. Цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шархны улмаас уушгийг гэмтээж, цээжний хөндийд цус алдаж нас барсан. Талийгаачид цаг алдалгүй мэс ажилбар хийсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой байжээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 234-235 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн:

“...Хэргийн 1 дүгээр хавтасны 190 дүгээр хуудасны ар хэсэгт бичигдсэн бичвэрийн хийгдэх шинжилгээ хэсгийн эхэнд бичигдсэн ОАК гэсэн товчлол нь "общие анализа кров" гэсэн үг ба энэ нь цусны ерөнхий шинжилгээ, хоёрт бичигдсэн ОАМ гэсэн товчлол нь "общие анализа мочевин" гэсэн үг ба энэ нь шээсний ерөнхий шинжилгээ, гурав дахь нь биохими гэсэн бичиг ба биохимийн шинжилгээ, дөрөв дэх нь коагулаграмм гэсэн үг ба энэ нь цусны бүлэгнэлтийн үзүүлэлт, хугацааг тогтоох шинжилгээг хэлж байгаа. Эдгээр шинжилгээнүүд хийгдсэн эсэхийг би одоо санахгүй байна. Хийгдэх шинжилгээ хэсгийн дараагийн хэсэгт байх яаралтай хийгдэх эмчилгээ хэсэгт гэмтлийн үеийн хоол, ципазолин гэдэг антибиотекийн төрлийн тариа, натрийн 09 хувийг 12 цагийн зайтайгаар биеийн булчин хэсэгт тарих, диклофинак натри-г /өвчин намдаах тариа/ биеийн булчин хэсэгт тарих гэсэн байгаа. Харин хэргийн 1 дүгээр хавтасны 191 дүгээр хуудасны баруун дээд буланд яаралтай хийгдэх эмчилгээний үргэлжлэлийг бичсэн бөгөөд энд "жижүүр эмч, сувилагчийн хяналт" гэж бичсэн байгаа.

Өвчтөний биеийн цээжний хэсгийн рентген зургийг манай яаралтай түргэн тусламжийн тасгийн рентгений өрөөнд хийсэн ба би өвчтөнийг би өөрөө тэргэнцэр дээр суулгаж авч яваад эхлээд амилахуйн өрөөнд оруулан өвчтөний артерийн даралт, пульс, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нь үзсэн эдгээр үзүүлэлтүүдийг мониторт холбож үзсэн. Дээрх үзүүлэлтүүдийг үзэх багажнууд нь монитор гэж нэрэлдэг төхөөрөмжинд холбоотой байдаг. Үүний дараагаар өвчтөнийг би рентгенд харуулахаар рентгений өрөөний үүдэнд аваачсан байгаа. Рентгений өрөөн дотор тусгай хамгаалалтын хувцастай ажилладаг тул би дотогш ороогүй рентгений техникч нар ажилласан.

Тухайн үед өвчтөнийг босоо байрлалд буюу зогсоож байгаад авсан рентген зурагт өвчтөний биеийн өрцний зүүн тал дээшилсэн, зүүн далны хэсэгт хатгагдсан шарх нь цээжний хөндийг нэвтэрсэн эсэхийг бататгах зорилгоор компьютер томографикийн зураг авхуулах шаардлагатай болоод өвчтөнийг дүрс оношлогооны тасаг руу явуулахад авхуулж чадаагүй ирсэн байсан.

Манай эмнэлэгийн Дүрс оношлогооны тасгийн компьютер томографикийн эмч, техникч нар хийдэг. Тухайн өдөр ямар эмч, техникч ажиллаж байсныг би мэдэхгүй байна. Өвчтөний биеийн аль хэсэгт нь компьютер томографикийн зураг авахыг болон өвчний овог, нэр, нас, хүйс зэргийг жижиг цаасан дээр үзсэн эмч нь бичиж өвчтөнд өгөөд дүрс оношилгооны тасаг руу явуулдаг. Харин ухаангүй өвчтөн, ар гэр нь тодорхойгүй өвчтөний толгойны хэсэгт компьютер томографикийн зураг авхуулахад цохолттой хуудсыг тухай өвчтөнийг үзсэн эмч нь бичиж, тэмдэг /тамга/ дарж өгдөг бөгөөд эмчийн бичсэн энэхүү хуудаснуудад ямар нэгэн бүртгэл, тэмдэглэл хөтөлдөггүй байгаа.

Тухайн өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 08-ны шөнө миний үзсэн өвчтөн д би жижиг цаасан дээр биеийн цээж хэсэгт компьютер томографикийн зураг авах болон түүний овог, нэр, нас, хүйс зэргийг бичиж өгөөд компьютер томографикийн зураг авхуулахаар явуулсан. Ямар шалтгааны улмаас өвчтөнд компьютер томографикийн зураг аваагүйг би одоо тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.ын өгсөн:

“...Талийгаачид учирсан цээжний зүүн хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус алдалт нь яаралтай мэс засал хийх онош. Яаралтай мэс заслыг 2 цагийн дотор хийх заалттай. Энэ гэмтэл нь хугацаа алдах тусам цус алдаж, хий хурж өвчтөний биеийн байдал хүндэрч улмаар үхэлд хүргэнэ. Иймээс мэргэжлийн эмнэлэгт мэргэжлийн эмч нар яаралтай мэс засал хийх ёстой байсан. Талийгаач нь ГССҮТ-д очоод 5 цаг болсон, биеийн байдал хүнд байсан ч хагалгаа хийж, хагалгааны явцад эмчилгээ давхар хийгддэг. Энэ нь биеийн байдал ямар байхаас үл хамаарч яаралтай хагалгаанд орох ёстой байсан. Цээжний хөндийд хатгалт хийж цус алдаж байгаа эсэхийг тогтоож байгаа мэс ажилбар юм. Үүнд тусгай зөвшөөрөл шаардахгүй, ямар ч эмч онош тодруулах эмчигээний зорилгоор хийнэ. Цус гарч л байвал дотуур цус алдаж байна гэсэн үг. Энгийнээр хэлэх юм бол цээжний хөндий рүү зүүгээр хатгалт хийж байгаа үйлдэл бөгөөд ямар ч эмч үүнийг хийнэ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1249 тоот: 1.Зүүн талын далны шугамаар цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус алдалт 4200мл, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.Зүүн талын далны шугамаар цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус алдалт 4200мл, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн гуянд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Талийгаач нь дээрх зүүн талын далны шугамаар цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас нас баржээ. 6.Талийгаачид шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх арxar цус алдаж хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 1.0 промилли спиртийн илэрч байх бөгөөд цусанд 1.0 промилли спиртийн зүйл илэрч согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-80 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 709 дугаартай 1.Т.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.******* нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.Т.******* нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож мэдэж удирдах чадвартай байна. 3.Т.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Т.******* нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 948 дугаартай материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.2.Талийгаачид гэмтэл согог судлалын үндэсний төвийн тоот өвчний түүхэнд бичигдсэнээр цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, дотор эрхтний гэмтэл, шингэн хуралдалт гэж оношийг зөв тогтоосон байна. 3.Тухайн эмнэлгийн байгууллагын нөхцөлд хийгдвэл зохих бүх шинжилгээ эмчилгээг бүрэн хийгээгүй байна. 4.5.6.Тогтоосон оноштой хийсэн эмчилгээ нь тохирч байгаа боловч яаралтай мэс засал эмчилгээ хийх шаардлагатай байжээ. 7.Талийгаачид яаралтай мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан байж болохоор байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 126-128 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ хийсэн 203 тоот: 1.Талийгаач Г.д цээжний зүүн хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралт, гэмтлийн шок, баруун бугалага, сарвуу, зүүн гуяны хатгагдсан шарх гэж зөв оношилж, цус алдалтын цус багадалт гэж үхлийн шалтгааныг зөв тогтоосон байна. 2.Талийгаачид бодит үзлэг хийх, цээжний хөндийн цусыг соруулах, гуурс тавих мэс ажилбарыг хийж шингэн сэлбэх зохих эмчилгээг хийсэн байна. Харин цээжний хөндийг нээх яаралтай мэс заслыг хийгээгүй байна. 3.Эмчийн бодит үзлэг, цээжний хатгалтаар цус алдаж байгаа эсэхийг тогтоож яаралтай мэс засал хийх заалтыг шууд тогтооно. 4.Цээжний хөндийн мэс заслыг яаралтай хийгээгүй, цаг хугацаа хожимдсоноос цээжний хөндийд цус алдалт нэмэгдэж нас барсан байна…” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 191-192 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 667 тоот: “...1. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн тоот өвчний түүхтэй танилцахад талийгаач нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 цаг 30 минутад өвчний түүх нээгдсэн байх ба тухайн үед биеийн байдал харьцангуй тогтвортой байсан бөгөөд 05 цаг 10 минутад жижүүр эмчийн үзлэг хийх үед биеийн байдал хүнд, орчиндоо харьцаа сул цочролд хариу урвал үзүүлнэ, арьс салст цайвар цонхигор, байрлал идэвхигүй, зүрхний авиа бүдэг хэм жигд, сулавтар, АД 65/40, мм муб байгаа нь цус алдалтын шоконд орж эхэлсэн байгааг харуулж байна. Цус алдалтын шоконд орсноор олон эрхтний дутагдалд орж эхэлнэ. 2.Цээжний хөндий рүү нэвтэрч, уушги гэмтээсэн шархнаас цус алдаж шоконд орсон, цус алдалтын шоконд орохоос сэргийлж амь насны заалтаар цээжний хөндийн мэс заслыг яаралтай цаг алдалгүй хийх ёстой байжээ. Цээжний хөндийд гуурс тавих мэс ажилбар нь стандартын дагуу хийгдсэн байна. 3.4.Хүлээн авах тасгийн эмч, цээжний хөндийн мэс заслын тасгийн эмч, эрчимт эмчилгээний тасгийн эмч, жижүүрийн эмч, ахлах эмч нарын ажил үүргийн хуваарь, дотоод журам, хийх эмчилгээний стандарт зэргийг шүүх эмнэлэг тогтоохгүй. 5.Талийгаачид цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх оношийг зөв оношилсон боловч хүлээн авах, эрчимт эмчилгээ, мэс засал эмчилгээг хугацаа алдаж хийсэн байна. Эмчийн бодит үзлэг, багажийн шинжилгээ, цээжний хатгалтаар цус алдаж байгаа эсэхийг тогтоож яаралтай мэс засал хийх заалтыг шууд тогтооно. 6.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1249 тоот дүгнэлт, Материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №948 тоот дүгнэлт, Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №203 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 88-93 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1062 тоот: “...1.Эмнэлэгт ирэх үедээ цус алдалтын улмаас шокын байдалтай байжээ. Шок нь олон эрхтний дутагдлаар үхэлд хүргэнэ.

2.3.4.5. Эмч нарын ажил үүргийн хуваарийг ГССҮТ-н дотоод журмаар зохицуулагддаг болно. Өвчний түүх нээгдэхээс тасагт шилжүүлэх хүртэл хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эмч өвчтөний биеийн байдлыг хариуцна, тасагт ирснээс өөр тасаг руу шилжүүлэх хүртэл тухайн тасгийн эмч өвчтний биеийн байдлыг хариуцна, тухайн тасгаас эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн тохиолдолд эрчимт эмчилгээний тасагт ирснээс хойш эрчимт эмчилгээний эмч өвчтөний биеийн байдлыг хариуцна. Хүлээн авах тасгийн эмч нь өвчтөний биеийн байдалд клиник үнэлгээ буруу өгсөн, өвчтөний биеийн байдал хүндрэх үе шатыг урьдчилан тооцоолоогүй, ахлах жижүүр эмчийг өвчтөний биеийн байдлын талаарх бодит мэдээллээр хангаагүй, цаг алдсан байна. Өвчтөн нь цээжний КТГ хийлгэхээр явах үед биеийн байдал муудаж ухаан алдаж дахин хүлээн авахын эмчид үзүүлэхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлээгүй нь тактикийн хувьд алдаа байжээ. Өвчтөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж бодит эрэмбэлэн ангилал хийхэд төвөгтэй байжээ. Мөн хүлээн авах тасгийн эмч, жижүүр эмч нь эрэмбэлэн ангилал хийхэд дадлага туршлага дутсаныг үгүйсгэхгүй. MNS 6104 цээжний хөндийн мэс заслын стандартаар мэс засал хийх заалттай байсан боловч тасагт ирэх үед шокын байдал гүнзгийрсэн байсан тул унтуулга өгөх, мэс засал хийхэд амь нас эрсдэх өндөр эрсдэлтэй байсан тул амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг дээшлүүлэх, тогтворжуулахын тулд эмийн эмчилгээ хийж мэс засалд бэлтгэж байсан нь тактикын хувьд алдаагүй болно. 6.Урьд гаргасан дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 126-131 дүгээр хуудас/,

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 7-13 дугаар хуудас/,

            - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,

            - Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 188-195 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 3, 11 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, н 5 дугаар гудамжны 55 тоотод байрлах Монгол гэрт хамтран амьдрагч Г.тэй хардалтын улмаас маргалдаж, түүний ар нурууны дотор доод хэсэгт хутга буюу зэвсэг ашиглан хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч Г. нь нас барсан,

Шүүгдэгч Д.******* нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхдаа 2020 оны 6 дугаар сарын 08-ны шөнийн 03 цаг 30 минутаас 08 цаг 45 минут хүртэлх хугацаанд өвчтөн Г.д эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээ буюу хохирогчийг яаралтай дотуур цус алдаж байгааг даруй тогтоон, яаралтай мэс засал хийх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас өвчтөн Г. нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 08 цаг 45 минутын үед нас барж эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

  Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болон 2.5 дахь заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барж эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Т.*******н өмгөөлөгч Т. шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.*******н хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Т.******* гэм буруу дээрээ маргахгүй байгаа ч гэм буруутай эсэх эргэлзээтэй нөхцөл байдал байна. Энэ хэргийг шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах журам зөрчсөн байна гэж үзэж байна. Улсын яллагчийн хэлснээр дахин шинжээч томилохтой холбоотой бус шинжээч томилж дүгнэлт гаргахтай холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээч томилсон тогтоолууд байхгүй учир шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу цуглуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд мөрдөгч, прокурор шинжээч томилж тогтоол гаргана гэж заасан. Үүнтэй холбоотойгоор үнэн зөв мэдүүлэг өгөх талаар шинжээчид хууль сануулсан байх ёстой байхад тогтоол байхгүй. Үнэхээр тогтоол гаргасан бол хууль сануулж ямар ямар асуулт шинжээчээс асуусан эсэх нь тодорхойгүй. Хавтаст хэргийн 106-110 дугаар хуудсанд авагдсан 2825 дугаартай шинжээчийн дүгнэлт, 3262 дугаартай хутганд биологийн шинжилгээ хийсэн дүгнэлтүүд, хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудсанд авагдсан 3758 дугаартай дүгнэлт, 3759 дугаартай дүгнэлтүүд тус бүр шинжээч томилсон тогтоолгүйгээр хэрэгт авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах журам зөрчсөн бол шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулна гэж заасан байдаг. Нотлох баримт цуглуулах журам зөрчсөн байх тул шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, хэргийг прокурорт буцаах тухай саналыг гаргаж байна. Гэм буруутай гэдэгтээ манай үйлчлүүлэгчийн зүгээс маргадаггүй...” гэх дүгнэлт,

шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч С.: “...Энэ гэмт хэргийн үндсэн шинж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй байхыг ойлгоно. Д.*******ын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон үйл баримтаар зохих эмчилгээг хийж байсан болох нь тогтоогдож байна. Огт эмчилгээ хийгээгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эдгээрээс дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцох зарчим эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь түүнчлэн энэ хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******д эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байна. Иймд шүүгдэгч Д.*******ыг 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1.Шүүгдэгч Д.*******д холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Энэ төрлийн гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлэгийн мэргэжилтэн эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзүүлэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй байх гипотез нөхцөлийг шаарддаг. Хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан авч үзвэл шүүгдэгч Д.*******ыг  “.... 7.Талийгаачид яаралтай мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан байж болохоор байна…” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр буруутгаж байгаа боловч энэхүү дүгнэлт нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1062 дугаартай дүгнэлтийн “...MNS 6104 цээжний хөндийн мэс заслын стандартаар мэс засал хийх заалттай байсан боловч тасагт ирэх үед шокын байдал гүнзгийрсэн байсан тул унтуулга өгөх, мэс засал хийхэд амь нас эрсдэх өндөр эрсдэлтэй байсан тул амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг дээшлүүлэх, тогтворжуулахын тулд эмийн эмчилгээ хийж мэс засалд бэлтгэж байсан нь тактикын хувьд алдаагүй болно...” гэх хэсэг нь тухайн цаг хугацаанд амь хохирогчид мэс засал хийх боломжгүй байсан гэж дүгнэжээ.  

 

Мөн мөрдөн байцаалтад шинжээч Ц. нь өвчтөний биеийн байдал ямар байхаас үл хамаарч ажил үүргээ гүйцэтгэж байсан эмч цээжний хөндийд хатгалт хийж цус алдаж байгаа эсэхийг тогтоох мэс ажилбар хийх ёстой талаар мэдүүлсэн /3 дугаар хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/,

шинжээч Т. нь: “...Талийгаачид цээжний рентген зураг, цээжийг гэрэлд харах, цээжний компьютер томографик шинжилгээг хийсэн тохиолдолд бүрэн оношлох боломжтой байсан. Мөн бүрэн оношилсон тохиолдолд яаралтай мэс ажилбар хийх шаардлагатай байсан байна. Цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шархны улмаас уушгийг гэмтээж, цээжний хөндийд цус алдаж нас барсан. Талийгаачид цаг алдалгүй мэс ажилбар хийсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой байжээ...” гэж мэдүүлдэг боловч /1 дүгээр хавтаст хэргийн 234-235 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ хийсэн 203 тоот дүгнэлтийн “...2.Цээжний хөндий рүү нэвтэрч, уушги гэмтээсэн шархнаас цус алдаж шоконд орсон, цус алдалтын шоконд орохоос сэргийлж амь насны заалтаар цээжний хөндийн мэс заслыг яаралтай цаг алдалгүй хийх ёстой байжээ. Цээжний хөндийд гуурс тавих мэс ажилбар нь стандартын дагуу хийгдсэн байна...” гэснээс үзвэл мэс шүүгдэгч Д.******* нь цээжний хөндийд хатгалт хийх мэс ажилбар хийсэн талаар дүгнэсэн шүүгдэгчийн Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт зохих мэс ажилбарыг хийсэн талаар мэдүүлснийг мөн нотлож байна.  

2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ хийсэн 203 тоот дүгнэлтийн  “...3.4.Хүлээн авах тасгийн эмч, цээжний хөндийн мэс заслын тасгийн эмч, эрчимт эмчилгээний тасгийн эмч, жижүүрийн эмч, ахлах эмч нарын ажил үүргийн хуваарь, дотоод журам, хийх эмчилгээний стандарт зэргийг шүүх эмнэлэг тогтоохгүй. 5.Талийгаачид цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх оношийг зөв оношилсон боловч хүлээн авах, эрчимт эмчилгээ, мэс засал эмчилгээг хугацаа алдаж хийсэн байна...” гэж амь хохирогчид эмчилгээ, үйлчилгээг цаг алдаж үзүүлсэн талаар дүгнэжээ.

 Эмч нарын ажил үүргийн хуваарийг ГССҮТ-н дотоод журмаар зохицуулагддаг бөгөөд энэ талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1062 тоот дүгнэлтэд: “...2.3.4.5. ...Хүлээн авах тасгийн эмч нь өвчтөний биеийн байдалд клиник үнэлгээ буруу өгсөн, өвчтөний биеийн байдал хүндрэх үе шатыг урьдчилан тооцоолоогүй, ахлах жижүүр эмчийг өвчтөний биеийн байдлын талаарх бодит мэдээллээр хангаагүй, цаг алдсан байна. Өвчтөн нь цээжний КТГ хийлгэхээр явах үед биеийн байдал муудаж ухаан алдаж дахин хүлээн авахын эмчид үзүүлэхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлээгүй нь тактикийн хувьд алдаа байжээ... MNS 6104 цээжний хөндийн мэс заслын стандартаар мэс засал хийх заалттай байсан боловч тасагт ирэх үед шокын байдал гүнзгийрсэн байсан тул унтуулга өгөх, мэс засал хийхэд амь нас эрсдэх өндөр эрсдэлтэй байсан тул амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг дээшлүүлэх, тогтворжуулахын тулд эмийн эмчилгээ хийж мэс засалд бэлтгэж байсан нь тактикын хувьд алдаагүй болно...” гэх дүгнэлт нь тасгийн жижүүр эмч шүүгдэгч Д.*******ыг буруутгах боломжгүй нөхцөлийг бий болгож байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “... Эмч чинь хаана байна гэхэд Д.******* гэх энэ эмч орж ирээд нэг эмийг таллаж уулгаад тариа тарь гэсэн байдлаар сувилагчид үүрэг өгчихөөд гараад явсан...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн нь  шүүгдэгч Д.******* нь амь хохирогчид эмийн эмчилгээ хийж байсныг нотлож байна.

Дээр дурдсан нотлох болон үгүйсгэх талын хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн шалгасан боловч шүүгдэгч Д.*******ын гэм буруутай эсэхэд эргэлзээг бий болгож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ын үйлдэлийг эмнэлэгийн мэргэжилтэн эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзүүлэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, н 5 дугаар гудамжны 55 тоотод байрлах Монгол гэрт хамтран амьдрагч Г.тэй хардалтын улмаас маргалдаж, түүний ар нурууны дотор доод хэсэгт хутга буюу зэвсэг ашиглан хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч Г. нь нас барсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын: “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс залгаж байна. Танай эх Г. хутганы сорвитой ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээж хэвлий хөндийн тасагт очсон. Тэгээд талийгаач ахын хэвтэж байгаа тасаг руу ороход *******гийн дүү нь гээд туранхай өндөр цагаан залуу манай ахыг сахиж байсан. Би нөгөө залуутай ороход ах маань ухаантай байсан. Би тэгэхээр нь юу болсон талаар асуухад ******* миний гарыг хутгаар зүсэхээр нь зөрүүлээд цохиход намайг хутгалсан гэж хэлсэн. Тэгээд ахтай ярилцаж байхад нүд нь сонин болоод даралт нь буугаад эмч нар сэхээний тасаг руу аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/,

 

гэрч Т.гийн: “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо -н 5-55 тоот гэртээ ирээд байж байтал дугаараас миний дугаар луу залгаад чи хаана байна гэхээр нь би гэртээ байна гэсэн. Тэгтэл би одоо яваад очлоо гэхээр нь чи яасан юм гэтэл юм дуугарахгүй болохоор нь тэгвэл хүрээд ир гэсэн. Удалгүй өөрийнхөө дугаараас залгаад би ирчихлээ гэхээр нь би гэрээс гарч тосож авсан. бид хоёр манайд орж ирээд Соёрхол архинаас жижиг бор тагшаар хоёр, хоёр уугаад байж байсан. Тэгтэл ******* дугаараас миний дугаар луу залгаад та хаана байна гэхээр нь би гэртээ байна гэсэн. Тэгсэн ******* манай нөхөр байна уу гэж асуухаар нь сая манайд орж ирлээ гэсэн. ******* тэгтэл би танай гэрт яваад очлоо гэсэн. Удалгүй ******* залгаад би ирчихлээ гэхээр нь би гараад *******г тосож аваад гэртээ оруулсан. ******* манай гэрт орж ирээд яах гэж энд ирсэн юм гээд уурлаад байсан. Тэгтэл миний дотор муухайраад байсан учир гэрээс гарч 00 орчихоод байшингийн үүдэн дээр тамхи татаж сууж байгаад гэртээ орсон. Тэгтэл ******* гартаа хутга барьчихсан байсан. ийн гарын дотор талын хэсгээс цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/,

 

 гэрч М.ын өгсөн: “...Г. бид хоёрыг гаднаас орж ирэхэд Т. болон Т.******* хоёр 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй 1 ширхэг пиво уугаад дуусаж байсан...Тэгээд би тамхи татчихаад буцаад орж ирэхэд манай эхнэр Т. гараад явсан байсан ба , ******* нарыг хаашаа явсныг нь асуухад мэдэхгүй байхаар нь би гийн дугаарын утас руу өөрийн дугаарын утаснаас 00 цаг 02 минутанд залгаж ярихад нь "би гэртээ ирчихсэн байна" гэж хэлсэн *******, нарт мөн г гэртээ харьсан байна гэдгийг хэлсэн. Энэ үед би хүү Э.Эрмүүнтэй хамт унтах гээд орондоо ороход Г., Т.******* нар уусан 1 шил архиа дуусгаад манай дүүгийн гэрээс гэрлүүгээ орно гээд гараад явсан. Ингээд би өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо н 5-55 тоот байрлах гэртээ очиход хүн байхгүй байсан ба гэртээ ороход орны урд хэсгээр бага зэргийн цус мэт зүйл дуссан, гэрийн зуух суурьнаасаа хөдөлсөн байхаар нь би гэрээ цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас/,

 

гэрч З.цацралын өгсөн: “...цагдаагийн хэлтэс дээр тай уулзахад *******, хоёр хоорондоо маргалдаж зодолдоод ******* нь ийг хутгалсны улмаас нас барчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-66 дугаар хуудас/,

 

гэрч Т.гийн өгсөн: “...******* эгчтэй утсаар ярьж байгаад өлгийн 6 дугаар гудамжинд яваад очиход ******* эгч уйлчихсан, зүүн шанааны хэсэг нь хавдчихсан бага зэрэг цус болсон, шоконд орсон мэт байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад " намайг цохиод унагаасан" гэж хэлсэн. Би ******* эгчээс ахыг хаана байгааг нь асуухад өлгийн 5 дугаар гудамжны 55 тоот хашааг зааж өгсөн ба ******* эгчтэй хамт уг хашаанд байх Монгол гэрт ороход ах гэрийн хойд хэсэгт сандал дээр суучихсан, баруун гар нь цус болсон байсан. Би юу болсон талаар ахаас асуухад "танай эгч намайг хутгалчихлаа" гэж хэлсэн. Харин ******* эгч надад хэлэхдээ ийг хардаж, түүнтэй маргалдаад намайг цохиж унагаасан тул санамсаргүйгээр хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас/,

 

шинжээч эмч Т.ын өгсөн: “...Зүүн талын далны шугамаар цээжний хөндийд нэвтэрч зүүн уушигны доод дэлбэнг гэмтээсэн шарх цээжний хөндийн цус алдалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн гуянд шарх гэмтлүүд нь цус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Г. нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэний дараагаар цээжний хөндийг нээж мэс засал хийсэн тохиолдолд амь аврагдах боломжтой байхыг үгүйсгэхгүй.

Дотор эрхтэний шинжилгээгээр цээжний зүүн хөндийд 2100 мл цусан бүлэн болон шингэн цус холилдсон шингэнтэй байсан. ГССҮТ-ийн тоот өвчний түүхээс харахад “...цээжний зүүн хөндийгөөс 2 литр орчим цус гарсан” гэж бичсэн байсан. Иймд Г.ийн биеийн цээжний хөндийд ойролцоогоор 4200 мл цус алдсан гэж дүгнэлтэнд тусгасан.

Амь хохирогч Г. нь хутгалуулсны дараа үедээ болон эмнэлгийн тусламж авах хүртэл хэр хэмжээний цус алдсаныг нь нарийвчлан тогтоох боломжгүй. Задлан шинжилгээгээр цээжний хөндийд 2100 м цусан бүлэн байсан ба уг цус нь ГССҮТ-д хүргэгдэн очоод аппаратаар соруулж авагдаагүй ба амь хохирогч нь эмнэлэгт хүргэгдэн очоод 2 лит цус аппаратаар соруулж авагдсан байсан. Тухайн хэрэг үйлдэгдэх үед буюу хутгалуулсны дараа эмнэлэгт хүргэгдсэн хүртэлх цаг хугацаанд хэр хэмжээний цус алдсаныг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145-148 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас/,

 

гэрч Ж.гийн өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 24 цагийн хугацаатайгаар цагдаа жолооч, ахлах ахлагч О.баганы хамт Улиастай-112 чиглэлийн авто эргүүлд үүрэг гүйцэтгэж байх үед шөнийн 02 цаг 14 минутанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 5 гудамж 55 тоот хаяганд "эхнэр нь нөхрийнхөө бөөрөнд нь хутгалчихлаа" гэсэн дуудлагыг хүлээн авч гурван минутын дотор буюу 02 цаг 17 минутанд тус тоотод очиход хашаан дотор нэг байшин болон гэр байсан ба махлаг биетэй согтуу эмэгтэй хүн уйлчихсан гэрийн баруун талаар хашааны хаалга чиглээд өөдөөс алхаад ирсэн ба би тэр эмэгтэй хүний нэрийг нь асуухад өөрийгөө ******* гэж надад хэлсэн ба цагдаа жолооч, ахлах ахлагч О.багана бид хоёр ******* гэх тэр эмэгтэйг дагуулаад гэрлүү ороход гэрийн хоймор хэсэгт согтуу эрэгтэй хүн баруун гарын бугуй, баруун гарын бугалга, нуурууны хэсэгт болон зүүн гуяны хэсэгт хутгалуулж нилээн их цус гараад цус нь өмссөн хувцасандаа шингэсэн байдалтай тус эрэгтэй хүн орон дээр сууж байсан.

Ингээд би ******* гэх эмэгтэй хүнээс юу болсон талаар асуухад ******* нь нөхрөө хамт байсан эмэгтэй хүнтэй хардаад нөхөртэйгээ маргахад нөхөр нь цохисон гэж хэлж байсан ба ******* нь уурандаа нөхрөө дөрвөн удаа хутгалсан гэж хэлж байсан. Хутгалсан хутгаа хаанаас авсанаа хэлэхгүй, хаана байгаа талаар бас хэлэхгүй байсан. Ингээд удалгүй байж байтал 103 ирээд хутгалуулсан залуугийн шарханууд дээр нь боолт хийгээд аваад эмнэлэг рүү аваад явсан.

******* болон нөхөр нь гэх хутгалуулсан залуу хоёр бол дунд зэргийн согтолттой асуусан асуултанд хэвийн хариулж байсан. Харин гэр дотор байсан нөгөө эмэгтэй нь асуусан асуултанд хариулахгүй, согтолт ихтэй, буйдан дээр суугаад байсан ба хутгалуулсан гэх залууг 103-н эмчид өгч явуулаад ******* гэгчийг цагдаагийн албаны авто машиндаа суулгаад гэрт яваад ороход гэрт үлдсэн согтуу эмэгтэй нь сууж байсан буйдангийнхаа өмнө шалан дээр хэвтсэн тасраад унтаж байсан. Ингээд хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг хийхээр болсон.

Ингээд ******* гэх эмэгтэйг хэлтэс дээр авч ирээд мөрдөгч, цагдаагийн дэслэгч Асетад хүлээлгэн өгсөн. Хутгалуулсан гэх залуу нь далны хэсэгтээ нэг удаа хутгалуулсан гэсэн ба тухайн шархнаасаа болоод зовиурлаад ёолоод байсан ба асуусан асуултанд хариулж ухаан санаа нь хэвийн байсан…” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

гэрч Р.гийн өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 5 гудамж 55 тоот хаяганд "эхнэр нь нөхрийнхөө бөөр хавьцаа хутгалчихлаа" гэсэн дуудлагыг шөнийн 02 цаг 20 миунутын орчимд хүлээн аваад удалгүй тус тоот хаяганд нь очиход Монгол гэр дотор хоёр эмэгтэй болон хутгалуулсан гэх эрэгтэй хүн байсан ба мөн хоёр цагдаа байсан. Гэр дотор ороход хоёр эмэгтэй болон нэг эрэгтэй хүмүүс нь архи уусан байдалтай согтуу байсан ба эхнэр нь гээд эмэгтэй нь нүүр хэсэг нь хавдаж хөхөрсөн байдалтай, зодуулсан байдалтай байсан ба тухайн үед нөхөр рүүгээ "чи намайг байнга зоддог биз дээ" гээд бухимдсан байдалтай орилоод, мөн "би нялх хүүхэдтэй намайг аваад явбал яв" гээд тэнд байсан цагдаа руу бас орилоод байсан. Харин хутгалуулсан нөхөр гэх эрэгтэй нь гэрийн хоймор хэсэгт зогсож байсан ба би тухайн эрэгтэй хүний биед нь байх шархуудыг нь шалгахад нурууных нь хойно зүүн далны орчим, баруун гарын шуу орчимоор, зүүн гуя орчимд тус бүр нэг нэг удаа хутгалуулсан томоохон шархтай байхаар нь нурууны хэсэгт нь даралттай боолт хийгээд, баруун гарын болон зүүн гуяанд нь боолт хийсэн. Энэ шархнуудаас гадна биеийнх нь бусад хэсэгт шалбарсан жижиг шархнууд байсан. Улмаар уг эрэгтэй хүнийг авто машиндаа оруулан ГССҮТ-д хүргэн өгөөд эмнэлэгт бүртгэлийг нь хийлгүүлээд өвчтөнийг эмчид нь хүлээлгэн өгөөд дараа нь эмнэлэгт байдаг цагдаад бүртгүүлсэн.

Би хутгалуулсан өвчтөнийг үзээд эмнэлгийн тусламж үзүүлж байхад хажуунаас эхнэр нь бололтой хамт байсан эмэгтэй нь "би хутгалчихсан юм, чи намайг байнга зоддог биз дээ гээд" хутгалуулсан залуу руу бухимдаад орилоод байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 228-229 дүгээр хуудас/,

 

гэрч Г.ийн өгсөн: “...Хэргийн 1 дүгээр хавтасны 190 дүгээр хуудасны ар хэсэгт бичигдсэн бичвэрийн хийгдэх шинжилгээ хэсгийн эхэнд бичигдсэн ОАК гэсэн товчлол нь "общие анализа кров" гэсэн үг ба энэ нь цусны ерөнхий шинжилгээ, хоёрт бичигдсэн ОАМ гэсэн товчлол нь "общие анализа мочевин" гэсэн үг ба энэ нь шээсний ерөнхий шинжилгээ, гурав дахь нь биохими гэсэн бичиг ба биохимийн шинжилгээ, дөрөв дэх нь коагулаграмм гэсэн үг ба энэ нь цусны бүлэгнэлтийн үзүүлэлт, хугацааг тогтоох шинжилгээг хэлж байгаа. Эдгээр шинжилгээнүүд хийгдсэн эсэхийг би одоо санахгүй байна. Хийгдэх шинжилгээ хэсгийн дараагийн хэсэгт байх яаралтай хийгдэх эмчилгээ хэсэгт гэмтлийн үеийн хоол, ципазолин гэдэг антибиотекийн төрлийн тариа, натрийн 09 хувийг 12 цагийн зайтайгаар биеийн булчин хэсэгт тарих, диклофинак натри-г /өвчин намдаах тариа/ биеийн булчин хэсэгт тарих гэсэн байгаа. Харин хэргийн 1 дүгээр хавтасны 191 дүгээр хуудасны баруун дээд буланд яаралтай хийгдэх эмчилгээний үргэлжлэлийг бичсэн бөгөөд энд "жижүүр эмч, сувилагчийн хяналт" гэж бичсэн байгаа.

Өвчтөний биеийн цээжний хэсгийн рентген зургийг манай яаралтай түргэн тусламжийн тасгийн рентгений өрөөнд хийсэн ба би өвчтөнийг би өөрөө тэргэнцэр дээр суулгаж авч яваад эхлээд амилахуйн өрөөнд оруулан өвчтөний артерийн даралт, пульс, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нь үзсэн эдгээр үзүүлэлтүүдийг мониторт холбож үзсэн. Дээрх үзүүлэлтүүдийг үзэх багажнууд нь монитор гэж нэрэлдэг төхөөрөмжинд холбоотой байдаг. Үүний дараагаар өвчтөнийг би рентгенд харуулахаар рентгений өрөөний үүдэнд аваачсан байгаа. Рентгений өрөөн дотор тусгай халгаалалтын хувцастай ажилладаг тул би дотогш ороогүй рентгений техникч нар ажилласан.

Тухайн үед өвчтөнийг босоо байрлалд буюу зогсоож байгаад авсан рентген зурагт өвчтөний биеийн өрцний зүүн тал дээшилсэн, зүүн далны хэсэгт хатгагдсан шарх нь цээжний хөндийг нэвтэрсэн эсэхийг бататгах зорилгоор компьютер томографикийн зураг авхуулах шаардлагатай болоод өвчтөнийг дүрс оношлогооны тасаг руу явуулахад авхуулж чадаагүй ирсэн байсан.

Манай эмнэлэгийн Дүрс оношлогооны тасгийн компьютер томографикийн эмч, техникч нар хийдэг. Тухайн өдөр ямар эмч, техникч ажиллаж байсныг би мэдэхгүй байна. Өвчтөний биеийн аль хэсэгт нь компьютер томографикийн зураг авахыг болон өвчний овог, нэр, нас, хүйс зэргийг жижиг цаасан дээр үзсэн эмч нь бичиж өвчтөнд өгөөд дүрс оношилгооны тасаг руу явуулдаг. Харин ухаангүй өвчтөн, ар гэр нь тодорхойгүй өвчтөний толгойны хэсэгт компьютер томографикийн зураг авхуулахад цохолттой хуудсыг тухай өвчтөнийг үзсэн эмч нь бичиж, тэмдэг /тамга/ дарж өгдөг бөгөөд эмчийн бичсэн энэхүү хуудаснуудад ямар нэгэн бүртгэл, тэмдэглэл хөтөлдөггүй байгаа.

Тухайн өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 08-ны шөнө миний үзсэн өвчтөн д би жижиг цаасан дээр биеийн цээж хэсэгт компьютер томографикийн зураг авах болон түүний овог, нэр, нас, хүйс зэргийг бичиж өгөөд компьютер томографикийн зураг авхуулахаар явуулсан. Ямар шалтгааны улмаас өвчтөнд компьютер томографикийн зураг аваагүйг би одоо тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1249 тоот: 1.Зүүн талын далны шугамаар цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус алдалт 4200мл, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.Зүүн талын далны шугамаар цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус алдалт 4200мл, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн гуянд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Талийгаач нь дээрх зүүн талын далны шугамаар цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас нас баржээ. 6.Талийгаачид шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх арxar цус алдаж хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 1.0 промилли спиртийн илэрч байх бөгөөд цусанд 1.0 промилли спиртийн зүйл илэрч согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-80 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 709 дугаартай 1.Т.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.******* нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.Т.******* нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож мэдэж удирдах чадвартай байна. 3.Т.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Т.******* нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 667 тоот: “...1. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн тоот өвчний түүхтэй танилцахад талийгаач нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 цаг 30 минутад өвчний түүх нээгдсэн байх ба тухайн үед биеийн байдал харьцангуй тогтвортой байсан бөгөөд 05 цаг 10 минутад жижүүр эмчийн үзлэг хийх үед биеийн байдал хүнд, орчиндоо харьцаа сул цочролд хариу урвал үзүүлнэ, арьс салст цайвар цонхигор, байрлал идэвхигүй, зүрхний авиа бүдэг хэм жигд, сулавтар, АД 65/40, мм муб байгаа нь цус алдалтын шоконд орж эхэлсэн байгааг харуулж байна. Цус алдалтын шоконд орсноор олон эрхтний дутагдалд орж эхэлнэ. 2.Цээжний хөндий рүү нэвтэрч, уушги гэмтээсэн шархнаас цус алдаж шоконд орсон, цус алдалтын шоконд орохоос сэргийлж амь насны заалтаар цээжний хөндийн мэс заслыг яаралтай цаг алдалгүй хийх ёстой байжээ. Цээжний хөндийд гуурс тавих мэс ажилбар нь стандартын дагуу хийгдсэн байна. 3.4.Хүлээн авах тасгийн эмч, цээжний хөндийн мэс заслын тасгийн эмч, эрчимт эмчилгээний тасгийн эмч, жижүүрийн эмч, ахлах эмч нарын ажил үүргийн хуваарь, дотоод журам, хийх эмчилгээний стандарт зэргийг шүүх эмнэлэг тогтоохгүй. 5.Талийгаачид цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх оношийг зөв оношилсон боловч хүлээн авах, эрчимт эмчилгээ, мэс засал эмчилгээг хугацаа алдаж хийсэн байна. Эмчийн бодит үзлэг, багажийн шинжилгээ, цээжний хатгалтаар цус алдаж байгаа эсэхийг тогтоож яаралтай мэс засал хийх заалтыг шууд тогтооно. 6.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1249 тоот дүгнэлт, Материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №948 тоот дүгнэлт, Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №203 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 88-93 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1062 тоот: “...1.Эмнэлэгт ирэх үедээ цус алдалтын улмаас шокын байдалтай байжээ. Шок нь олон эрхтний дутагдлаар үхэлд хүргэнэ. 2.3.4.5.Эмч нарын ажил үүргийн хуваарийг ГССҮТ-н дотоод журмаар зохицуулагддаг болно. Өвчний түүх нээгдэхээс тасагт шилжүүлэх хүртэл хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эмч өвчтөний биеийн байдлыг хариуцна, тасагт ирснээс өөр тасаг руу шилжүүлэх хүртэл тухайн тасгийн эмч өвчтний биеийн байдлыг хариуцна, тухайн тасгаас эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн тохиолдолд эрчимт эмчилгээний тасагт ирснээс хойш эрчимт эмчилгээний эмч өвчтөний биеийн байдлыг хариуцна. Хүлээн авах тасгийн эмч нь өвчтөний биеийн байдалд клиник үнэлгээ буруу өгсөн, өвчтөний биеийн байдал хүндрэх үе шатыг урьдчилан тооцоолоогүй, ахлах жижүүр эмчийг өвчтөний биеийн байдлын талаарх бодит мэдээллээр хангаагүй, цаг алдсан байна. Өвчтөн нь цээжний КТГ хийлгэхээр явах үед биеийн байдал муудаж ухаан алдаж дахин хүлээн авахын эмчид үзүүлэхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлээгүй нь тактикийн хувьд алдаа байжээ. Өвчтөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж бодит эрэмбэлэн ангилал хийхэд төвөгтэй байжээ. Мөн хүлээн авах тасгийн эмч жижүүр эмч нь эрэмбэлэн ангилал хийхэд дадлага туршлага дутсаныг үгүйсгэхгүй. MNS 6104 цээжний хөндийн мэс заслын стандартаар мэс засал хийх заалттай байсан боловч тасагт ирэх үед шокын байдал гүнзгийрсэн байсан тул унтуулга өгөх, мэс засал хийхэд амь нас эрсдэх өндөр эрсдэлтэй байсан тул амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг дээшлүүлэх, тогтворжуулахын тулд эмийн эмчилгээ хийж мэс засалд бэлтгэж байсан нь тактикын хувьд алдаагүй болно. 6.Урьд гаргасан дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 126-131 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

           Хохирлын талаар

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Т.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

   Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болон 2.5 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх саналыг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Саналгүй...” гэх,

  Шүүгдэгч Т.*******н өмгөөлөгч Т.: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу улсын яллагчийн дурдсанчлан энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл байгааг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байдлыг харгалзан ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад зааснаар 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 6 дугаар сарын 08-нд үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлд заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Т.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 /долоон/ жилийн хорих ялаас 02 /хоёр/ жилийг өршөөн хасах нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Т.*******н бага насны хүүхдүүд болох ******* овогт *******н Дүүрэнбаяр //, овогт ын // нарыг асран хамгаалахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгав.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******н нарын цагдан хоригдсон 185 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******агийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барж эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.*******ыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад зааснаар 07 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлд заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Т.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 /долоон/ жилийн хорих ялаас 02 /хоёр/ жилийг өршөөн хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.*******д оногдуулсан 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Шүүгдэгч Т.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. Шүүгдэгч Т.*******н бага насны хүүхдүүд болох ******* овогт *******н Дүүрэнбаяр //, овогт ын // нарт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******гийн цагдан хоригдсон 185 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, М.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

 

                        ШҮҮГЧ                                   М.ДАЛАЙХҮҮ