Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2021/00959

 


 

 

2021 04 08

184/ШШ2021/00959

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, ... дугаар хороо, ... байр, ...тоот хаягт оршин суух, Б овогт Ц-ийн Ц /РД:................/,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, ... дугаар хороо, .... байр, .... тоот хаягт оршин суух, Б овогт Ц-ийн А /РД:.........../,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, ....... дугаар хороо, .........  байр, .........тоот хаягт оршин суух, Г овогт Б-ийн М /РД:…/,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, .. дугаар хороо, ... байр, .. тоот хаягт оршин суух, Г овогт Бйн Б /РД:.../,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, .. дугаар хороо, .... байр, ... тоот хаягт оршин суух, Г овогт Б-ийн А /РД:..../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, ... дүгээр хороо... дугаар байр, .. тоот хаягт оршин суух, Б овогт Ц-ийн А /РД: ЧЙ64081978/-д холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр байр, .. тоот хаягт оршин суух, Б овогт Д-ын М /РД: ..../-г оролцуулан 

 

Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Майнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2003 онд тус орон сууцаа барьцаалан И ББСБаас 13,000,000 төгрөгийн зээл авч байсан. Ц.Атэй 2006 онд танилцаж, 1,000,000 төгрөг зээлэхээр болсон ба Ц.А нь та надад байрныхаа ордерыг түр хэрэглүүлчих, би банкнаас зээл аваад 1,000,000 төгрөг гаргаж өгье гэж хэлсэн. Миниий болон өөрийн хүүхдүүд болох Ц.Ан, Б.Мягмарсүрэн, Б.Амаржаргал, Б.Бямбатүвшин нартай хамтран өмчилдөг Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол 34/А байр, 72 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж Ц.А нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Гэтэл Ц.А миний орон сууцыг буцааж өгөх нь битгий хэл цааш дамжуулж хэд хэдэн хүнд өгч залилсан байсан. Ингээд 2007, 2008 онуудад би цагдаа дээр дуудагдах болж гэрч болоод сэжигтнээр удаа дараа байцаалт өгч байсан бөгөөд 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн УМБГ-ын мөрдөгчийн тогтоолоор Ц.Атэй бүлэглэн бусдыг залилсан гэх эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл 148.3 дахь хэсэгт зааснаар ял сонсож, яллагдагчаар татагдсан. Уг эрүүгийн хэрэг арав гаран жил шалгагдсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 76 тоот тогтоолоор Ц.Ц надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.А, Л.Б нарт холбогдох уг эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1/Б дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр уг эрүүгийн хэрэг дууссан.

Ц.Ц намайг уг орон сууцтай холбоотойгоор эрүүгийн хэрэгт шалгаж байсан учир би өөрийн орон сууцаа залилуулж хохирсон хэргээ шалгуулах боломжгүй байсан бөгөөд надад холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа би Ц.Аэд залилуулсан талаар гомдлоо гаргасан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар миний орон сууцыг залилсан асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэж мэдэгдсэн.

Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1697 дугаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор уг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргасан. Би уг шийдвэрийг эс зөвшөөрч удаа дараа гомдол гаргасны эцэст 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ½... дугаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын тогтоолоор 1697 дугаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож 190.... дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг дахин шалгаж эхэлсэн.

Гэвч 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын тогтоолоор 1905... дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Уг тогтоолыг эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч 2020 оны 06 дугаар сарын 02-ны .... дугаар хариу мэдэгдэх хуудсаар иргэний эрх зүйн маргаан байх тул иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх үндэслэлээр миний гомдлыг хангахаас татгалзаж, прокурорын тогтоолыг хэвээр үлдээсэн.

Ингээд Нийслэлийн Прокурорын газарт эс зөвшөөрч гомдол гаргасан боловч 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/1... дугаар хариу мэдэгдэх хуудсаар уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэх үндэслэлээр мөн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг мэдэгдэх хуудсыг мөн эс зөвшөөрч Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан боловч 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/1... дугаар мэдэгдэх хуудсаар өмнөх прокуроруудын шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Ц.Ц би гэр бүлийн хамт 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Ц.Аэд шилжүүлэн өгөхөөс өмнө нь шилжүүлэн өгснөөс хойш ч уг Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... хороолол ... байр, .. тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцандаа амьдарч байна. Хэдийгээр би өөрийн орон сууцаа эзэмшиж, ашиглаж байгаа боловч Ц.А нь өнөөдрийг хүртэл надад буцаан шилжүүлэн өгөхгүй өнөөдрийг хүрч байна.

Ц.Ц би болон манай гэр бүлийн гишүүд бүгд Ц.Аэд өөрийн орон сууцаа бэлэглэх ямар ч хүсэл сонирхол байгаагүй бөгөөд Ц.Аийн 1,000,000 төгрөг өгье, түр орон сууцны чинь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хэрэглээд буцаагаад шилжүүлнэ гэсэн үгэнд нь итгэж залилуулсан.

Ц.А нь анхнаасаа намайг хууран мэхэлж Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, ... хороо, ... байр ...тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бэлэглэх бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн. Түүний энэ үйлдлээс болж би бүхэл бүтэн 14 жилийн турш цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар явж, өмчлөх эрх болоод сэтгэл зүйн хувьд асар их дарамттай амьдарч байна.

Иймд 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Ц, Ц.А, Б.М, Б.А.А Б.Б бидний Ц.Атэй байгуулсан Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... хороолол ... байр, ..тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Ц.Ц, Ц.А, Б.М, Б.А, Б.Б нарыг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ц.А нь Ц.Цгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... хороолол ... байр, ... тоот 3 өрөө 40 м.кв талбайтай орон сууцыг 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ хийж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь үнэн. Гэхдээ Ц.Ц нь тухайн үед өөрийн байраа банк бус санхүүгийн байгууллагад тавиад алдах гэж байсан бөгөөд Ц.А 17,000,000 төгрөгийг нь төлж тус байрыг суллаж өгсөн. Харин Ц.Ц байраа суллуулж авснаас хойш дахин Сувдаа гэх хүний нэр рүү шилжүүлсэн. Одоо тус байр нь Сувдаагаас 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн Майнбаяр гэдэг хүний нэр дээр байгаа.

Тиймээс тус орон сууц нь одоо Ц.Аийн нэр дээр байхгүй, түүнтэй холбоотой эрх үүрэг үүсээгүй, бусдын нэр дээр шилжин Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэнээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болдог тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .. хороолол ... байр, .. тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдөр С.С-аас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. Би Ц.Ц гэдэг хүнийг танихгүй. Ц.Ц нь энэ олон жилийн хугацаанд өөрийнхөө байранд амьдарч байгаа. Ц.Ц гэдэг хүн нь өөрөө тус асуудалд холбогдсон, 17,000,000 төгрөгийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Би уг байрыг 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр О ХЗХ-ны барьцаанд тавьж зээл авсан. Зээл авснаас хойш уг зээлийг төлж чадаагүйн улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Уг мөнгийг Б гэдэг хүн авсан учраас тэд нар төлж үлдэгдэл 20 гаруй сая төгрөг үлдсэн. Энэ мөнгийг Бат-Эрдэнэ хэлэхдээ 17,000,000 төгрөг байрны эзэн болох Ц.Ц төлөх ёстой. Би түүний өмнөөс худалдагдах гэж байсан байрыг нь шүүхийн шийдвэрт төлж Ц.Ц надад 3 жил ашиглахыг зөвшөөрч сайн дураараа төлүүлж өгсөн гэж ярьсан. Одоо Ц.Ц нь 17,000,000 төгрөгийг О ХЗХ-д төлчихвөл ямар ч асуудалгүй би тус орон сууцыг өөрийнх нь нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц, Ц.А, Б.М, Б.А, Б.Бя нар нь хариуцагч Ц.Аэд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ..., Шинэ ирээдүй .... байр, .. давхар, 1.... тоотын ..... м2 талбайтай орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд талуудын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.М-ыг оролцуулжээ.

 

Нэхэмжлэгч тал ...Бэлэглэх хүсэл зориг байхгүй, түр шилжүүлж өгч байгаач гэхээр нь тусалсан, гэтэл цааш дамжуулан худалдах, шилжүүлэх, бичиг баримтыг ашиглах барьцаанд тавих зэргээр миний өмчлөх эрхийг зөрчиж байна, цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өмчлөх эрхээ сэргээлгэнэ гэх, хариуцагч тал ...нэхэмжлэгч орон сууцаа бэлэглэснээр өмчлөх эрх дуусгавар болсон, одоо энэ байр хэд хэдэн өмчлөгч солигдоод явчихсан тул өмчлөлийн асуудлыг хариуцахгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гарган мэтгэлцдэг.

 

Талууд ямар агуулгатай хэлцэл байгуулсан, тэдний хүсэл зориг, тохиролцоо юу байсан, гэрээ байгуулснаас хойш хэн ямар үүрэг хүлээж байсныг тодруулах нь маргаан бүхий орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тогтооход ач холбогдолтой болно.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд Ц.Ц өөрөө болон Ц.А, Б.М, Б.Б, Б.А нарыг төлөөлөн Ц.Атэй байгуулсан 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол ... байр, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 2201... дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Орон сууц бэлэглэлийн гэрээ-ээр бусдад шилжүүлсэн хэлцэл нь Улсын бүртгэлийн газарт буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220...дугаарт бүртгэгдэж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000177997 тоот гэрчилгээгээр Ц.Аийн өмчлөлд шилжсэн, Ц.Ц нарын өмчлөлийн гэрчилгээ хүчингүй болсон, 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Ц.Аээс С.С-д, 2008 оны 02 сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр С.С-аас Д.М-т тухайн үл хөдлөх эд хөрөнгө шилжиж байсан үйл баримтын талаар талууд маргадаггүй. Энэ нь ч Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, тухайн орон сууцны хувийн хэрэг, талуудын тайлбараар тогтоогддог.

 

Бэлэглэлийн гэрээний мөн чанар бол нэг тал нь бэлэг өгөх, нөгөө тал нь үүнийг хариу төлбөргүй хүлээн авах буюу бэлэн хүлээн авагчид ямар нэгэн хариу үүрэг ногдуулаагүй байх явдал. Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчид үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэл зориггүй байсан, мөн хариуцагч нь хөрөнгийг буцаан шилжүүлэх амлалт өгсөн байгаа нь бэлэглэлийн гэрээний мөн чанарыг илэрхийлээгүй байна. Талуудын хүсэл зориг харилцан нийцэж, нийцсэн хүсэл зориг эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглэсэн бодит акт буюу гэрээ болж гарах учиртай бөгөөд Ц.Ц, Ц.А, Б.М, Б.Бя, Б.А болон хариуцагч Ц.А нар нь өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн, бэлгийг хүлээн авсан хэлцлийг байгуулаагүй, нөгөө талаар орон сууцны ордерыг түр шилжүүлэх хүсэл зоригоо бэлэглэл хэлбэрээр илэрхийлж хүссэн хэлцлээсээ өөр хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Ц өөрийнх нь зээлийг хааж, Хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байсан орон сууцыг чөлөөлсөн Л.Б, Ц.А нарт орон сууцны эрхийн бичгээ түр хугацаанд ашиглахыг хүлээн зөвшөөрсөн хэлцлийг үйлдэхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг буюу бэлэглэлийн гэрээ байгуулсан болох нь бэлэг хүлээн авагч Ц.Аийн хүсэл зориг, бэлэглэгч Ц.Цгийн хүсэл зориг, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан, яллагдагчаар татагдсан, хохирогчоор тогтоогдсон үйл баримтууд буюу шүүгчийн захирамжийн дагуу хэрэгт авагдсан

-       ...Бэлэглэгч Ц.Ц би бэлэг хүлээн авагч Ц.Аийн өмчлөлд өөрийн өмчлөлийн СХД-ийн ... хороо, 1-р хороолол, ... байрны ... тоот, 10 м2, 3 өрөө 4,140,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хариу төлбөргүй бэлэглэж байна гэсэн 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Ц.Ц, хамтран өмчлөгчид, Ц.А нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээ,

-       ...Ц.А, 1 хүний өмч, СХД-ийн ... дугаар хороо, .. хороолол, .. дугаар байрны ... тоот орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул Ү-220... дугаарт бүртгэв гэсэн 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-       ...С.С 1 хүний өмч, СХД-ийн ... хороо, .. хороолол, ... дугаар байрны ... тоот орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул Ү-22010... дугаарт бүртгэв гэсэн 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-       ...Д.М, 1 хүний өмч, СХД-ийн ... хороо, ... хороолол, ... дугаар байрны ...тоот орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул Ү-220100...дугаарт бүртгэв гэсэн 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-       ...С.С нь уг барьцаалагдсан орон сууцны ЭХЭУБ-н гэрчилгээг хууль бусаар шинээр гаргуулж аван бусдад худалдсан талаарх мэдээлэл банкинд ирсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх талаарх мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/21..дугаартай Капитал банкны албан бичиг,

-       ...нэг талаас Капитал банк, нөгөө талаас С.С, 15,000,000 төгрөгийн зээл, эргэлтийн хөрөнгийн зориулалттай гэсэн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 100 тоот зээлийн гэрээ,

-       ...барьцаалсан эд хөрөнгийн жагсаалт, СХД-ийн ... хороо, 1 дүгээр хороолол, ... дугаар байрны ...тоот орон сууц, барьцаалуулагчийн санал болгож буй үнэ 56,000,000, банкны санал болгож буй үнэ 35,000,000 төгрөг гэсэн 100 тоот барьцааны гэрээ,

-       ...нэг талаас О ХЗХ, нөгөө талаас Д.М, 45,000,000 төгрөгийн зээл, бизнесийн зориулалттай гэсэн 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 25 тоот зээлийн гэрээ,

-       ...барьцаалсан эд хөрөнгийн жагсаалт, СХД-ийн ... хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот орон сууц, хоршоотой тохиролцсон үнэлгээ 57,600,000 гэсэн 25 тоот гэрээний хавсралт болох барьцааны гэрээ,

-       ...Ц.Ц мэдүүлэхдээ Энэ байрны гэрчилгээ миний нэр дээр байдаг. Би байраа барьцаалаагүй. М гэдэг хүнийг танихгүй гэсэн 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

-       ...М-аас барьцаанд байгаа байраа дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй, зарж борлуулж байж төлбөрийг төлнө, би энэ байрыг өөрийнхөө мөнгөөр худалдаж авч байсан. Анх энэ байрыг авч байхад ийм будлиантай гэж мэдээгүй. 50 саяаар худалдаж авсан. Дунд нь би их хохирч байна гэсэн 2009 оны 07 дугаар сарын 20, 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

-       ...энэ байраа 2003 онд нэг ломбардад түр барьцаалж 1 сая төгрөг зээлээд түүнээ төлж чадаагүй явж байхад Б.Т гэдэг залуу надтай уулзаад өрийг чинь төлөөд байрыг чинь барьцаанаас чөлөөлөөд өгье байрныхаа ордерыг 1 сарын хугацаатай хэрэглүүлчих гэхээр нь түүнд итгэсэн. 2004 онд Т нь Д ХЗХ-д 17 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавиад сураггүй алга болсон. Дараа нь Л.Б гэдэг хүн манайхыг олж ирж уулзаад 17 сая төгрөгийн өрийг төлөөд байрны ордерыг чинь барьцаанаас чөлөөлөөд авчихлаа. 1 сар ордерыг чинь түр хэрэглээд буцаагаад өгье, түр зуурын асуудал, тань шиг олон хүүхэдтэй хүний байраар чинь тоглож хохироохгүй надад итгэ гэхээр нь бас итгэсэн. Б нь манай ордерыг барьцаанаас чөлөөлөнгүүтээ надад 1 сая төгрөг өгөөд бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Таны байрыг А гэдэг хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд тэгээд зээл авах юм гэж хэлж байсан. Гэтэл 2009 оны 10 сард О ХЗХ-оос над дээр хүмүүс ирээд танай байрыг шүүхийн шийдвэрээр битүүмжилнэ, М гэдэг хүний нэр дээр 56 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэсэн. Б, түүний эхнэр А нар та санаа зоволтгүй, удахгүй байрыг барьцаанаас суллаад өгнө гэж хэлээд өдий хүрсэн. Намайг сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан.Б--ийн үйлдэлд оролцоогүй. Миний байрыг чөлөөлж өгөх нэрийдлээр хууль мэдэхгүй ядарсан надаар тоглож байрыг минь барьцаалж их хэмжээний зээл авч байсан байна гэсэн хохирогч Ц.Цг байцаасан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл,

-       ...Манай байрны ордерыг хуурамчаар хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Намайг тус хэрэгт хохирогч болгож өгөөч гэж удаа дараа гуйж байна. Байр А гэдэг хүний нэр дээр байсан. Гэтэл байрны ордер М гэдэг хүний нэр дээр шилжсэн байсан. Би Б-д бэлэглэлийн гэрээ хийж өгсөн байдаг. Гэхдээ тухайн үедээ би юу ч ойлголгүйгээр тус гэрээг байгуулсан байдаг. Намайг тус хэрэгт хохирогчоор оролцуулж өгнө үү гэсэн Ц.Цгийн 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн яллагдагчаар, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл,

-       ...Тухайн үед би А-ийн жолооч ажилтай байсан, одоо ч жолоочийг нь хийж байгаа. Би дээрх банкуудад хуурамч ордер барьцаанд тавиад зээлээр авсан мөнгөө Л.Б-д өгдөг байсан, би өөрөө тэр мөнгөнөөс авдаггүй байсан гэсэн Ц.Аийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг,

-       ...Зээл чөлөөлнө гэсэн зараар би Сувдаатай 2004 онд танилцсан. Сувдаагийн нэр байсан ордероор хамтарч зээл авсан гэсэн Р.А-г 2009 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн сэжигтнээр байцаасан тэмдэглэл,

-       ...Ц.Цгийн СХД-ийн 17-р хороо, 1 хороолол, 34А байрны 72 тоот байрыг ХЗХ-д 13,000,000 төгрөгийн барьцаанд байхад нь суллаад авсан. Намайг хоригдож байхад байрны гэрчилгээг О ББСБ-д барьцаанд тавьсан гэсэн. Энэ талаар Аз... А нар сайн мэдэж байгаа гэсэн Л.Б-ийг яллагдагчаар байцаасан 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл зэрэг бичмэл баримтуудаар тогтоогдож байна.

 

Тоймловол, нэхэмжлэгч нарын өмчлөлд байсан СХД-ийн ... хороо, ... хороолол, ...дугаар байрны ...тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нэхэмжлэгчээс хариуцагч Ц.Аэд, хариуцагчаас С.С-д, түүнээс Д.М-т шилжсэн, улмаар нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Ц.А нар нь иргэн Л.Б, Р.Аз нартай бүлэглэн өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн зээл авч ашигласан гэх эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байсан үйл баримтаар бэлэглэх хүсэл зоригийн үндсэн дээр хэлцэл байгуулаагүй, ноцтой төөрөгдлийн улмаас хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, хамтран нэхэмжлэгчид, хариуцагч Ц.А нарын хооронд байгуулсан 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцох нь зүйтэй.

 

Нэгэнт хүчин төгөлдөр бусад дээрх хэлцлийг тооцох үндэслэлтэй тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Иймээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх буюу өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцэл хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч талаас өмчлөх эрх зөрчигдсөн талаарх шаардлагыг Ц.Аэд холбогдуулан гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч, эрх ашиг нь хөндөгдөж байгаа гэх Д.М--ыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Майнбаярыг татаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29, 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан, нэхэмжлэлийг гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг гаргадаг.

 

Харин хариуцагч талаас нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, шаардах эрхгүй гэх тайлбарыг гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг шаардсан бус зөрчигдөж буй өмчлөх эрхээ сэргээлгэх, хамгаалуулах агуулга бүхий байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилээр тооцох учиртай. Хэрэгт авагдсан

-       ...яллагдагч Л.Б, Р.Аз, Ц.А, Д.Э, Р.А, Ч.М, Л.Ч нар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлоо Л.Б, Р.А, Ц.А, Д.Э, Р.А, Ч.М, Л.Ч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай гэсэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/... дугаартай Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол,

-       ...Ц.Цд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан хэрэг үйлдсэн гэж ял сонсгож яллагдагчаар татсугай гэсэн 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн яллагдагчаар татах тухай тогтоол,

-       ...гэмт хэргийг шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаасугай, энэ тухай хохирогч Ц.Цд мэдэгдсүгэй гэсэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн .... дугаартай Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол,

-       ...гэмт хэргийг шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаасугай, энэ тухай хохирогч Ц.Цд мэдэгдсүгэй гэсэн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1... дугаартай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол

зэрэг бичмэл баримт болон нэхэмжлэгч талын тайлбар, үйл баримтаар тухайн маргааны зүйлийн талаар холбогдох байгууллагад хандаж байсан асуудлаас үзэхэд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулахаар, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заажээ.

Нэхэмжлэгч талын ...СХД-ийн ... хороо, 3... байрны 72 тоот, 3 өрөө орон сууцанд 1985 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд хүүхдүүдийн хамт амьдарч байгаа гэх тайлбар, цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бичмэл баримтууд, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр нэхэмжлэгч тал өмчлөлийн зүйл болох орон сууцдаа амьдарч, эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогддог ба энэ талаар талууд маргадаггүй, гуравдагч этгээдээс өмчлөх эрх зөрчигдсөн талаар нэхэмжлэгч талд холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй. Харин нэхэмжлэгч тал нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандсан байна.

 

Гуравдагч этгээд Д.М-аас нэхэмжлэгч болон хариуцагч талын шаардлага, татгалзалтай холбогдуулан ...Би энэ байрыг С гэж хүнээс худалдаж авсан, О ХЗХ-нд барьцаанд тавьж зээл авсан. Одоо зээлийн үлдэгдэл 20 гаруй сая төгрөг байгаа. Энэ зээлээс А багаханыг төлсөн. Асуудалтай байр юм байна би авахаа болилоо гэхэд за таны зээлийг төлөөд байрыг эзэнд нь өгөөд таныг хохиролгүй болгож өгнө гэдэг. Ц гуай өөрөө энэ бүх асуудалд оролцсон бас өөрөө буруутай л байгаа. Үнэндээ Сувдаагаас байрыг авахад А, Аз 2-той ярьж тохиролцсон, байр худалдаж авсан 45 сая төгрөгийг бэлэнээр Аз-д өгсөн. С гэж хүнийг хараагүй, уулзаж байгаагүй. Түүнтэй хэлцэл хийгээгүй гэх тайлбарыг гаргадаг бөгөөд өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар болон орон сууц худалдан авснаас учирсан хохирлын асуудлаар холбогдох хүмүүст хамаатуулан тусдаа өргөдөл гарган шийдвэрлүүлэх хүсэл зоригоо шүүх хуралдааны явцад илэрхийлдэг.

 

Мөн Л.Б, түүний эхнэр Р.Аз, Р.Аз-ийн жолооч Ц.А, Ц.Ц нараас Ц.А рүү, түүнээс С.С руу, түүнээс Д.М руу орон сууц бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлж байгаа үйл явдлыг зохион байгуулагч нь Л.Б, Р.Аз, Ц.А нар болохыг нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдээс мэдүүлдэг бөгөөд энэ үйл баримтын талаар маргаагүй. Энэ үйл баримт, хэрэгт авагдсан бусад баримтууд, Нэхэмжлэгч О ХЗХ-ны нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 56,598,180 төгрөгийг хариуцагч Д.М нь 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж зэргээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс эрх ашиг хөндөгдөж байгаа хэдий ч тэрээр хуулиар олгогдсон эрхийн хүрээнд энэ хэрэгт холбогдуулан шаардлага гаргаагүй. Тэрээр орон сууц худалдах худалдах авах харилцаа, зээлийн гэрээний харилцаанаас учирсан хохирлоо жич нэхэмжлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.

 

Дээрх үндэслэлээр шүүх Ц.А, Б.М, Б.Б, Б.А, Ц.Цнарын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх тухайнэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ц.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, Ц.А, Б.М, Б.Б, Б.А болон хариуцагч Ц.А нарын хооронд байгуулагдсан 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэхэмжлэгч Ц.Ц, Ц.А, Б.М, Б.Б, Б.А нарын Сонгинохайрхан дүүргийн ....угаар хороо, ... хороолол .... байр, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 22010... дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нар нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Аээс улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулан улсын

орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ