| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0067/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/68 |
| Огноо | 2024-03-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******ад холбогдох 2330003450065 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн .... сумын ... дугаар баг ... гэх газарт нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..., Б овогт Б-ы О
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Яллагдагч Б.******* нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 06-нд Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг “*******”-ийн 1-2 тоотод хохирогч Л.*******гийн өмчлөлийн Самсунг А54 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1,233,000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “******* нь 2 том пивоо ууж дууссаны дараа тасраад унтсан. Тэгэхэд тухайн хүний хажууд шалан дээр гар утас байхаар нь тэр гар утсыг хэнд ч хэлэлгүй аваад эхнэрийг сэрээгээд бид хоёр байрлаж байсан байрандаа очоод хоносон. 2023 оны 08 оны 06-ны өглөөний 09 цагийн үед *******, ******* нарын хүмүүс ирээд ******* нь “манай гэрт байсан манай эгч Л.*******гийн гар утас нь алга болсон байна, манайд та хоёроос өөр хүн ирээгүй. Эгчийнхээ гар утсыг авъя” гэхээр нь эхнэрээс санаа зовсондоо “би юу гэж хулгай хийх юм, намайг авсан гэж байгаа бол цагдаагийн байгууллагад ханд” гээд тухайн хүмүүсийг явуулсан. Эхнэр Б.******* нь хүмүүсийг явсны дараа надаас “*******ын гэрээс утсыг нь авсан юм уу, үнэнээ хэл” гэхээр нь эхнэрээс бас л санаа зовсондоо “аваагүй” гээд худлаа ярьсан. Би *******ын гэрээс хулгай хийсэн утсаа нууж байгаад Булган аймгийн Сайхан суманд байх гэртээ очоод өөрийнхөө ... дугаараа уг утсанд хийгээд гар утсыг ашигласан. Тэгж байгаад тэр гар утсыг сумандаа хаясан. Одоо надад миний хулгай хийсэн гар утас байхгүй. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа учраас өнөөдөр хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж ямар нэгэн хохиролгүй болгож өгнө. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ” гэх,
хохирогч “ О.*******тай уулзахад “таны надад үлдээсэн гар утсыг гэрээсээ хулгайд алдчихлаа” гэхээр нь яагаад хулгайд алдсан талаар нь асуухад “өчигдөр орой *******, манай суманд худгийн ажил хийхээр ирсэн Б.*******, Б.******* нартай архи уусан. Тэгэхдээ сүүлд Б.******* гэх хүнтэй архи ууж байгаад тасраад босоод ирэхэд таны гар утас байхгүй байна” гэхээр нь Б.*******, түүний эхнэр Б.*******тай очиж уулзаад “утсаа авъя” гэхэд Б.******* “таны гар утсыг авсан зүйл байхгүй, намайг хулгайд хардаж байгаа бол цагдаагийн байгууллагад ханд” гэсэн. Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр уг асуудлын талаар сумынхаа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нэлээн хэсэг хугацааны дараа манай сумын хэсгийн төлөөлөгч Б.Болдбаатар “таны гар утсыг Б.******* гэх хүн хулгай хийсэн нь тогтоогдсон” талаар хэлсэн. Өнөөдөр Б.******* нь цагдаагийн газрын гадаа тааралдаж “би таны гар утсыг хулгай хийсэн нь үнэн. Намайг уучлаарай, таны хохирлыг бүрэн барагдуулмаар байна” гэхээр нь өөрийнхөө дансыг өгөхөд 1,233,000 төгрөг миний данс руу орж ирсэн” гэх,
гэрч О.*******ын “ Бид сууж байхад *******ын эхнэр болон *******, эхнэр ******* нар “Дарьганга сум руу явж наадмын шоу үзье, бөөндөө явцгаая” гээд шөнө 22 цагийн үед *******ын машинтай бөөндөө явсан. Наран сум руу буцаад явахдаа замдаа худалдаж авсан пивоо ууж яваад шөнө 03 цагийн үед Наран сумын төвд орж ирээд *******ыг гэрт нь эхнэртэй нь буулгаж өгөөд ******* эхнэртэйгээ бид гурав манай сумын төвд байдаг гэрт ирээд нэг том пиво хувааж уусан. Би нэлээн согтуу байсан болохоор тасраад унтаад өгсөн байсан. Өглөө сэрэхэд гэртээ ганцаараа, энгэрт байсан ******* эгчийн үлдээсэн утас байхгүй, хайгаад олохгүй болохоор нь би ******* эгчид утас алга болсон талаар хэлсэн юм” гэх,
гэрч Л.*******ын “Маргааш өглөө нь ******* ах манай гэрт ирээд “миний гар утас алга болсон байна, дүү хараагүй биз” гэсээр ирсэн. Тэгээд би тухайн гар утас алга болсон асуудлыг мэдсэн.” гэх,
гэрч Б.*******ын “ 2023 оны 09 дүгээр сард Булган аймагт гэртээ очиход манай нөхөр ******* нь “Самсунг А54” загварын ногоон өнгөтэй, өмнө нь харагдаж байгаагүй гар утас гаргаж ирээд барьж байсан. Би тухайн үед нь *******ыг, *******ын гар утсыг хулгайлсан талаар мэдсэн.” Гэх,
гэрч Д.*******гийн “ ******* нь над руу 2023 оны 08 дугаар сарын 10-ны үеэр миний фейсбүүк “...” гэх хаяг руу “... гэсэн утасны дугаартай байгаа шүү” гэж чат бичиж байсан.” гэх,
“Юнител” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 05-01/7244 дугаартай “... имэй кодтой гар утас ашиглалт”-ын лавлагаа,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2301245 дугаартай “Samsung A54” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 1,233,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 61-72 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Л.*******гийн эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2301245 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Samsung A54” загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 1,233,000 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
4. Прокуророос шүүгдэгч Б.*******ын хохирогч Л.*******гийн эд хөрөнгөд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээр илэрч, хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
5. Хэргийн баримтаар, шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг “*******”-ийн 1-2 тоотод О.*******, Б.******* нарын хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн үед О.*******ын авч явсан хохирогч Л.*******гийн гар утсыг нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдын эд хөрөнгөд 1,233,000 төгрөгийн хохирол учруулсан нь хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч Б.*******ын, хохирогч Л.*******гийн “Samsung Galaxy А54” загварын гар утсыг хулгайлж, бусдад учруулсан 1,233,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй юм.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч Л.*******гийн эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч Б.******* түүний бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
7. Шүүх шүүгдэгч Б.*******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тухайн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор хохирогч Л.*******гийн “Самсунг Галакси А54” гар утсыг хулгайлж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.*******д 1,233,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс дээрх хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогч Л.*******гийн тус шүүхэд ирүүлсэн “Надад сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” (хх 24-25) гэх хүсэлтээр нотлогдох тул шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Б.*******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч Б.*******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-“оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусад:
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Шүүгдэгч Б.******* нь булган аймгийн Сайнхан сумын 6 дугаар багийн үндсэн харьяат иргэн тул түүнд оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтооно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ны О-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.*******ад таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт эх хувиараа авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Л.*******д учирсан 1,233,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН